Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00778

 

 

******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/03203 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00434 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: ******* капитал ББСБ ХХК

Хариуцагч:*******

Хариуцагч:*******

 

нэхэмжлэл: 443,184,024 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч*******ий хяналтын журмаар 2021.04.06-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одонтөр, хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа, хариуцагч*******ий өмгөөлөгч Б.Баясгалан, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь******* Э.Цэлмүүн нараас үндсэн зээлийн үлдэгдэл 433,600,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 8,972,648 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 611,376 төгрөг нийт 443,184,024 төгрөг гаргуулах, барьцааны Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил Их Монгол улс гудамж, 126 байр, 160 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардаж 2020.07.30-ны өдөр шүүхэд хандсан байна.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч 2018.09.19-ний өдөр гэрээ байгуулж нийт 433,600,000 төрөг зээлсэн ч тодорхой шалтгааны улмаас хугацаандаа төлөөгүй. Гэрээний хугацаа дуусаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 183/ШШ2020/03203 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг үндэслэн ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...гэрээний үнийн дүнгийн 25 хүртэлх үүргийн зөрчлийг хариуцагч нар гаргасан байна.... хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй боловч үүнээс улбаалан нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд хохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй... хариуцагч нар нь орон сууцгүй болох сөрөг үр дагавар үүсч болзошгүй байна.... гэрээний 7.2.1 нь хүчин төгөлдөр бус байна.... гэрээний үүргийг зөрчих, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл нь үүрэг гүйцэтгэгч нарын гэм буруугаас болоогүй ялимгүй зөрчил байна... гэсэн дүгнэлт хийсэн байна.

3.2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах дүгнэлт хийхдээ ...хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснээс хойш ...шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан..нь шүүхийн хууль ёсны ажиллагааг шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэл болгосон....мөн шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэхээр байна... шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай болно.... шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй..харин шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой... дэгийн дагуу шүүгчээс татгалзах татгалзан гаргах үе шат дуусаж хэргийг хэлэлцэж эхэлснээс хойш шүүгчийг татгалзан гарсан хүсэлтийг шүүх дэгийн дагуу хүлээн авахгүй... гэжээ.

 

4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00434 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/03203 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1., 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан*******,******* нараас нийт 443,184,024 төгрөг гаргуулах,шийдвэрийг эс биелүүлвэл Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Их монгол улс гудамж 126 дугаар байр, 160 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, улсын тэмдэгтийн хураамжид*******,******* нараас 2,373,870 гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заасан байна.

 

4.1. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ...С.Оргилмаа,******* нар төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн... зээл төлөх мэдэгдлийг нэхэмжлэгч хүргүүлж байсан ч үүргээ биелүүлээгүй бөгөөд мэдэгдэл хүргүүлээгүй гэх татгалзлаа хариуцагч нотлоогүй...шүүхэд нэхэмжлэл гаргасан ..өдрийг хүртэл хугацаанд 205,949,160 төгрөг төлөхөөс 20,536,000 төгрөг төлсөн буюу уг хугацаанд гүйцэтгэвэл зохих үүргээс 10 хүрэхгүй хувийг гүйцэтгэсэн байгааг ялимгүй зөрчил гэж үзэхгүй... гэжээ.

 

5. Хариуцагч******* хяналтын гомдолдоо дараах үндэслэл заасан байна. Үүнд:

5.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Өмгөөлөгч Б.Баясгалан нь шүүгчийг тус хэргийг шударгаар шийдвэрлэж чадах үндэслэл бүхий эргэлзээ төрсөн гэж татгалзан гаргах хүсэлтийг шүүх хуралдааны шатанд гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.2-т ...Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу шүүгчийг татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдсон учраас тухайн үед нь шүүгчид мэдэгдэж, хүсэлтээ гаргасан. Хэрэв хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг шүүх хуралдааны явцад татгалзан гаргах тухай хүсэлт гарвал мөн зүйлийн 92.6-д заасны дагуу татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргах ёстой. Гэтэл шүүгч нь ...өмгөөлөгчийг шүүх хуралдааны дундуур шүүгчээс татгалзах эрхгүй... гэж үзээд шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Өмгөөлөгч Б.Баясгалан,*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа нар шүүгчид хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэсний дараа шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаарх хүсэлтийг удаа дараа гаргаад байхад огт тоогоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6-7 дугаар талд шүүгч өөрөөс нь татгалзах хүсэлтийг өөрөө шийдвэрлэж, хангалгүй орхисон үндэслэлээ бичсэн байна.

Татгалзан гарах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулан ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт дараах байдлаар нөлөөлсөн. Үүнд:

Өмгөөлөгч Б.Баясгалангийн шүүгчээс татгалзах хүсэлт үндэслэлтэй эсэхийг Ерөнхий шүүгч шийдвэрлэж хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд...хэргийг өөр шүүгч шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл тухайн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх ёсгүй, хууль бус бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн.

Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс зээлийн хувийн хэргийг бүхэлд нь, зээлийн дансны хуулгын хамт гаргуулахаар захирамжилсан. 2020.12.16-ны өдрийн байдлаар зээлийн дансны хуулга хэрэгт авагдаагүй, зээлийн хувийн хэрэг дутуу, зарим баримт нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр /хариуцагч миний нэхэмжлэгчид өгч байсан зээлийн төлөлттэй холбоотой хүсэлтүүд хувийн хэргээс шүүхэд ирээгүй байсан/ ирсэн байсан тул миний өмгөөлөгч захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хувийн хэрэгт байгаа бүх баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэсэн боловч өмгөөлөгчийг хүсэлтээ гаргасны дагуу хувийн хэргээсээ шүүхэд огт гаргаж өгч байгаагүй хүсэлтийг нэмж нотлох баримтаар өгч бид хэрэгт ач холбогдол бүхий баримтаа өгч байгаа гэх тайлбарыг хийсэн байдаг. Өмгөөлөгч Б.Баясгалангийн зүгээс шүүгчийн захирамжинд зээлийн хувийн хэргийг бүхэлд нь гаргуулахаар заасан, нэхэмжлэгч зориудаар зарим хэсгийг гаргаж өгөхгүй байгаа тул зээлийн хувийн хэрэгт үзлэг хийлгүүлэх хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс ч үзлэг хийлгэх өмгөөлөгчийн хүсэлтийг дэмжиж, шүүх хуралдааны явцад үзлэг хийлгээд явчих бүрэн боломжтой гэсэн саналыг илэрхийлсэн. Гэтэл шүүгч хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзаж хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлэлгүйгээр, хэргийг шийдвэрлэхээр улайран дайрч шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт шууд ноцтой нөлөөлсөн.

Шүүх хуралдаан болдог өдөр буюу 2020.12.16-ны өдөр Улаанбаатар хотод хөл хорио тогтоосны улмаас нэр бүхий байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байсан. Үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн аж ахуй нэгжээс бусад энгийн иргэд гадуур явах эрхгүй байсан учраас******* би болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд очиж чадаагүй. Нийтэд илэрхий нөхцөл байдал үүсчихээд байхад шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй байна гэх үндэслэлээр шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг хангаагүй.

Шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар, татгалзлаа хангалттай илэрхийлж тэгш мэтгэлцэж чадалгүй нотлох баримт дутуу бүрдүүлүүлсэн. Үүнээс шалтгаалан давж заалдах шатны шүүхэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж шүүхийн шийдвэрт шууд ноцтой нөлөөлсөн.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй гэж дүгнээд ...талуудын байгуулсан зээлийн гэрээний зориулалт, түүнийг эргэн төлөх хугацаа зэргээс тус тус үзвэл тухайн гэрээ нь хиймэгц биелэх бус, харин урт хугацааны туршид үргэлжлэх гэрээ байх тул зохигчид гэрээг цуцлахдаа ИХ-н 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн 221.3-д гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцалж болно гэж заасныг тус тус зайлшгүй харгалзах шаардлагатай юм гэх үндэслэлээр гэрээний зөрчлийн хэмжээ ялимгүй байна гээд Иргэний хуулийн 25.4.1-г хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Өөрөөр хэлбэл, шүүх зээлийн гэрээний үүрэгт нийт 482,954,520 төгрөгийг гэрээний хугацаанд төлөхөөр ба 2020.01 сард зээлийн гэрээний үндсэн үүрэгт 152,904,000 төгрөгийг төлөөгүй зээлийн гэрээний үүргийн зөрчил нийт гэрээний үнийн дүнгийн 25 хувь буюу дөрөвний нэгд тооцогдохоор үүргийг төлөөгүй гэсэн үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь зээлдэгчийн эрх ашигт нийцэхгүй, хариуцагч нар орон сууцгүй болох сөрөг үр дагавар үүсч болзошгүй байна гэж үзсэн.

Харин Зээлийн гэрээний 7.2.1 зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг хуваарьт заасан хугацаанд төлөөгүй бол гэх заалтыг ИХ-н 202.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй...хуульд зааснаар үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх, үүргийн ноцтой зөрчил байгаа эсэх, үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хугацаа, үүрэг гүйцэтгэх талаар шаардлага хүргэгдсэн эсэх нөхцөл байдлын талаар хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэхэд эргэлзээтэй... гэх үндэслэлээр гэрээний зөрчлийн хэмжээг ялимгүй зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна гээд Иргэний хуулийн 225.1-р хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нарыг 2020.07.30-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний хавсралт 1-д заасны дагуу нийт 205,949,160 төгрөг төлөхөөс 20,536,000 төгрөг төлж, үлдэгдэл 185,413,160 төгрөг төлөгдөөгүй буюу уг хугацаанд гүйцэтгэвэл зохих үүргээс 10 хүрэхгүй хувийг гүйцэтгэсэн байгааг ялимгүй зөрчил гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн.

6. Хяналтын шатны шүүх хариуцагч*******ий гомдлоос ...шүүгчийг.. татгалзан гаргах хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлэсэн нь...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил ... болно... гэсэн агуулга бүхий үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт хамаарч байна гэж үзэж хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр гомдлыг авсан болно.

 

ХЯНАВАЛ:

1. Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч*******ий гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Хариуцагч******* хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо ...шүүгчийг.. татгалзан гаргах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.2 дахь хэсэгт заасан байна...бид шүүх хуралдаан дээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг гаргахад шүүгч хангахаас татгалзсан...иймд шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байна гэж үзэж шүүгчийг татгалзан гарах хүсэлт гаргасан боловч ..хүлээн аваагүй буюу Ерөнхий шүүгч шийдвэрлэх асуудлыг өөрөө шийдсэн...энэ нь хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдсэн гэж үзэх нөхцөл болно... гэсэн агуулга бүхий үндэслэл заасан байна.

3. Шүүгчийг татгалзан гаргах тухай хариуцагчийн өмгөөлөгчийг хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ ...шүүх хуралдааны явцад хариуцагчийн гаргасан хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснээс хойш ...шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан нь ... шүүхийн хууль ёсны ажиллагааг шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэл болгосон гэж үзэж байна... мөн энэ нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэхээр байна... шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай болно.... шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй..харин шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой... дэгийн дагуу шүүгчээс татгалзах татгалзан гаргах үе шат дуусаж хэргийг хэлэлцэж эхэлснээс хойш шүүгчийг татгалзан гарсан хүсэлтийг шүүх дэгийн дагуу хүлээн авахгүй... гэсэн дүгнэлт хийжээ.

4. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч тал гомдол гаргаагүй тул шүүгчийг татгалзан гаргах хүсэлттэй холбоотой ямар нэг дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийгээгүй байна.

5. Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч*******ий гомдолд заасан нөхцөл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан нь анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзсан бөгөөд шалтгаанаа тайлбарлахдаа ...хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ шүүх хуралдааны явцад тогтоогдсон... гэжээ. Хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзсэн шалтгаанаа ...шүүх хуралдаан хойшлуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүгч хангаагүй.. гэж тайлбарлажээ.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх хангаагүй нь шүүгчийг татгалзах нөхцөл болох эсэх, шүүгчийг татгалзсан асуудлыг шүүгч өөрөө шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийнэ.

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг шүүгч шийдвэрлэсэн байдал нь шүүгчийг татгалзах үндэслэл биш байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх зарим ажиллагаатай холбоотой шүүгчийн бүрэн эрх-ийн талаар, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй үндэслэлийн талаар тус тус зохицуулжээ.

Шүүх хуралдааныг хойшлуулах эрхийг шүүх эдэлнэ. Өөрөөр хэлвэл, шүүх хуралдаан хойшлуулах эсэх буюу хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хангах эсэх нь шүүгчийн бүрэн эрх байна.

Анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх хангасан, хангаагүй нь шүүгчийг татгалзах бус, харин давж заалдах гомдол гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарна.

Иймд шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг хуульд нийцсэн, нийцээгүй гэх нөхцөл байдлаар шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй тохиолдолд хамааруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийг зөрчинө.

5.3. ...шүүгчийг татгалзсан асуудлыг шүүгч өөрөө шийдвэрлэсэн гэх... хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

а\. Шүүгчийг татгалзах тухай хүсэлт нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болж байвал шүүгч энэ тухай захирамж гаргаж, татгалзан гаргах хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий шүүгчид шилжүүлнэ.

Харин шүүгчийг татгалзах тухай хүсэлт нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж шүүгч үзвэл, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт нийцнэ.

б\. Өмгөөлөгч Б.Баясгалан нь өөрийн хүсэлтийг шүүгчийг татгалзан гаргах гэж нэрлэсэн хэдий ч энэ нь нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүгч хангаагүйг эс зөвшөөрсөн агуулгатай байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй нөхцөл байдлаа өмгөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гэж тайлбарласныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт хамааруулах нь мөн зүйлийн 91.2 дахь хэсэгт нийцэхгүй.

в\. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан шүүгчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй асуудлаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн нь гэж үзэхгүй.

5.4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул хариуцагч*******ий гомдлыг хангахгүй орхив.

6. ...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.. гэх гомдлыг хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

7.******* нь хяналтын шүүхэд гомдол гаргахдаа хүсэлтийг шүүх хангаагүй... хоёр шатны шүүх Иргэний хуулийн 225.4.1 дэх хэсгийг зөрүүтэй хэрэглэсэн гэх боловч энэ нь хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болоогүй учир дүгнэлт хийгээгүй болно. Түүнчлэн, энэ талаарх хяналтын шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т хамаарахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00434 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч*******ий гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 200,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 2,173,870 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧИД, П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Х.ЭРДЭНЭСУВД