Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 183/2020/01157/И |
Дугаар | 001/ХТ2021/00743 |
Огноо | 2021-06-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2021/00743
А.Бямбадэлгэрийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01134 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1276 дугаар магадлалтай,
А.Бямбадэлгэрийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж, албадан дуудлага худалдааг дахин явуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Даваахүү, Б.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч А.Бямбадэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00400 шүүхийн шийдвэрийн дагуу худалдан авсан бүхий л үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхүүдийг Ж.Алтанцэцэг, Л.Удбалжаргал нарт буцаан шижлүүлж өгсөн ч Ж.Алтанцэцэг, Л.Удбалжаргал нар нь тус шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тул Ж.Алтанцэцэг, Л.Удбалжаргал нараас 120,174,950 төгрөг гаргуулж А.Бямбадэлгэрт олгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Гэтэл НШШГГазрын Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч н.Золжаргал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа А.Бямбадэлгэрээс шүүхийн шийдвэрийн дагуу Ж.Алтанцэцэг, Л.Удбалжаргал нарт буцаан шилжүүлсэн 6 үл хөдлөх хөрөнгөнөөс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 5 үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, БЗД, 5 хороо, 15-р хороолол, 48-р байрны 96 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204069262 дугаартай 2 өрөө орон сууцыг орхигдуулсан байна. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад дараах процессийн алдаанууд гарсан. 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 4/6233 дугаар албан бичгээр 6 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар Удбалжаргалд мэдэгдэл хүргүүлсэн ба хувийг төлбөр авагч А.Бямбадэлгэрт гэжээ. Гэтэл тэр хувийг Бямбадэлгэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгч аваагүй. Мөн хөндлөнгийн ямар шинжээч зах зээлийн үнэлгээ тогтоосон нь тодорхойгүй, мөн иргэн Бямбадэлгэрт огт мэдэгдээгүй болно. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 06 сарын 07-ны өдөр зохион байгуулсан шүүхийн шийдвэрт дурдсан 5 үл хөдлөх хөрөнгүүдийг 2 дахь албадан дуудлага худалдаагаар оруулсан ажиллагааг хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгох, БЗД, 5 хороо, 15-р хороолол, 48в-р байрны 81 тоотод орших, 2 өрөө орон сууцыг дээрх 5 үл хөдлөх хөрөнгийн хамт 2 дахь албадан дуудлага худалдаагаар дахин оруулахыг НШШГГазарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 486 байрны зоорийн давхарт байрлах 11, 12, 13 тоот автозогсоол, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48д байрны 96 тоот орон сууц, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48а байрны 22 тоот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 48в байрны 81 тоот орон сууцыг орон сууцыг Ж.Алтанцэцэг, М.Удбалжаргал нарын өмчлөлд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4/18826 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан шилжүүлсэн. Төлбөр төлөгч нарын өмчлөлд дээрх үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэний дараагаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр битүүмжлэн хурааж талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч М.Удбалжаргал, Ж.Аптанцэцэг нар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 486 байрны зоорийн давхарт байрлах 11, 12, 13 тоот автозогсоолыг тус бүр 25,000,000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48д байрны 96 тоот орон сууцыг 92,800,000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48а байрны 22 тоот орон сууцыг 85,550,000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 48в байрны 81 тоот орон сууцыг 197,200,000 төгрөгөөр тус бүр үнэлснийг төлбөр авагч А.Бямбадэлгэрийн зүгээс тусгайлан үнийн санал өгөхгүй бөгөөд төлбөр төлөгч нарын өгсөн үнийн саналаар анхны албадан дуудлага худалдаанд оруулахад татгалзах зүйлгүй талаар үнийн саналыг өгсөн. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгийн нийт үнэ 450,550,000 төгрөг болсон учраас Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 48в байрны 81 тоот орон сууцыг 197,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн байрыг дуудлага худалдаанд оруулалгүйгээр хасч 253,350,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, грашуудыг анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд нийтэд мэдээлэхэд худалдан борлогдоогүй.
2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 4/6233 дугаар албан бичгээр 6 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр авагч А.Бямбадэлгэр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн бөгөөд шүүхэд үнэлгээний талаар гомдол гараагүй. Албадан дуудлага худалдаанд оруулахаар зарын мөнгийг төлбөр авагч тал төлсөн байна. Төлбөр төлөгч нарын өгсөн үнийн саналыг төлбөр авагч тал танилцаж хүлээн зөвшөөрч санал өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4/10170, 4/10171 дугаар албан бичгүүдээр талуудад анхны албадан дуудлага худалдаагаар оруулах болсныг шуудангаар хүргүүлж, зар сурталчилгаа сонины 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нүүрт хэвлэгдсэн. Мөн төлбөр авагч тал танилцаж хоёр дахь дуудлага худалдааны зарын үнийг тушааж дуудлага худалдаанд оруулсан. Төлбөрт хураасан 6 үл хөдлөх хөрөнгөөс 5 үл хөдлөх хөрөнгийг 253,350,000 төгрөгөөр талууд харилцан тохиролцож үнэлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01134 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/18 дугаар тогтоолоор 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Анхны дуудлага худалдаа явуулсан ажиллагааг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6/8 дугаар тогтоолоор 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Хоёрдахь дуудлага худалдаа явуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Бямбадэлгэрт олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1276 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01134 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, албадан дуудлага худалдааг дахин явуулахыг даалгах тухай А.Бямбадэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 1276 тоот магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хариу тайлбарыг 2020/06/15-ны өдөр шүүх хуралдаанаас өмнө хүргүүлсэн байсан боловч давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарыг огт тусгаагүй байна. 2 дахь албадан дуудлага худалдааг хойшлуулах, хүсэлт шийдвэрлүүлэх талаар гомдол гаргасан боловч гомдлын хариуг өгөлгүйгээр 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулсан, гомдлын хариуг нэхэмжлэгч талд амаар мэдэгдсэн гэх худал тайлбар хэлдэг, 6 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 450,550,000 байхаар талууд тохиролцсон гэх боловч үүнээс хамгийн их үнэлгээ бүхий /197,200,000/ үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанаас авч үлдсэн шалтгаанаа хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй уг үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахгүй байх талаар талуудаас гаргасан хүсэлт байхгүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэр байхгүй, Бямбадэлгэр нь 2019/05/30-нд ахлах шийдвэр гүйцэтгэгчид, 2019/12/05-нд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, 2020/01/13-нд шийдвэр гүйцэтгэх тасгийн даргад тус тус гомдол гаргасны дүнд 2020/02/12-нд ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албанаас " үлдсэн 1 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явуулж, борлогдоогүй хөрөнгийг төлбөрт санал болгох нь зүйтэй" гэсэн албан тоотыг шийдвэр гүйцэтгэгчид явуулж байсан ч шийдвэр гүйцэтэгч биелүүлээгүй, Шийдвэр гүйцэтэгч нь хууль бусаар 2 өрөө орон сууцыг /197,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн/ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас гадуур авч үлдсэнийхээ дараа /450,550,000 - 197,200,000 = 253,350,000/ 2 ширхэг 1 өрөө байр, 3 ширхэг зогсоолыг 253,350,000 төгрөгөөр төлбөрт санал болгох хурал хийхээр санаархаж байна. Төлбөр төлөгч нь 2 ширхэг 1 өрөө орон сууцыг 3 зогсоолын хамт төлбөр авагчид 253,350,000 төгрөгөөр буюу хэт өндөр үнээр албан хүчээр худалдаж байгаагаас өөрцгүй зүйл болоод байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллагын ажилтныхаа хувьд хуульд захирагдаж ажиллах, хуулийг дээдлэх, хуулийг хэрэгжүүлж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх ёстой болохоос биш барьцаа хөрөнгийн үнэлгээг хангалттай эсэхийг шийддэг, тодорхойлдог, мөн төлбөр төлөхөд барьцаа хөрөнгө хүрэлцэхүйц хэмжээний байгааг тогтоодог албан тушаалтан биш юм. Талууд албадан дуудлага худалдаа нь хуульд нийцсэн эсэх талаар маргалддаг ба 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахын тулд анхны дуудлага худалдаа нь хуульд нийцсэн байх ёстой юм. Гэвч шийдвэр гүйцэтгэгч нь анхны дуудлага худалдааг хууль зөрчиж явуулсан тул 2 дахь дуудлага худалдааг дахин явуулах хууль зүйн үндэслэл байхгүй болсон.
Иймд иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 1276 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
А.Бямбадэлгэр нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж, ...орон сууцыг 5 үл хөдлөх хөрөнгийн хамт 2 дахь албадан дуудлага худалдаагаар дахин оруулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.
Анхан шатны шүүх ...48в байрны 81 тоот орон сууцыг дуудлага худалдаанд оруулахгүй талаар талуудаас гаргасан хүсэлтгүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон хуульд заасан ямар үндэслэлээр уг үл хөдлөх эд хөрөнгийг ажиллагаанд оруулаагүй талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч энэ талаараа нотлоогүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/400 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг, хариуцагч А.Бямбадэлгэр нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5080, 5081 тоот, 2015 оны 8 дугаар сарын 13-ны 5333, 5332 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч М.Удбалжаргал, хариуцагч А.Бямбадэлгэр нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5335, 5334 дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч А.Бямбадэлгэрт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48в байрны 81 тоот хаягт байрлах, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байр зоорийн давхарт 11, 12, 13 тоот хаягт байрлах, авто зогсоолыг нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолоол, 48д байр 96 тоот хаягт байрлах 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянзүрх дуурэг, 5 дугаар хороо, Сэлэнгэ-888 хороолол, 48а байр 22 тоот хаягт байрлах 29.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч М.Удбалжаргал нарт тус тус буцаан шилжүүлэхийг даалгаж, Ж.Алтанцэцэг, М.Удбалжаргал нараас 120,000,000 төгрөгийг гаргуулж А.Бямбадэлгэрт олгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчинтэй байна /хэргийн 27-31 дүгээр тал/
Ж.Алтанцэцэг, М.Удбалжаргал нар төлбөрийг төлөөгүй, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Ж.Алтанцэцэг, М.Удбалжаргал нарын нэр дээр шилжсэн дээрх 6 үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан, улмаар үнийн санал авахад төлбөр төлөгч нь 11, 12, 13 тоот авто зогсоолыг тус бүр 25,000,000 төгрөгөөр, 48д байрны 96 тоот орон сууцыг 92,800,000 төгрөгөөр, 48а байрны 22 тоот орон сууцыг 85,550,000 төгрөгөөр, 48в байрны 81 тоот орон сууцыг 197,200,000 төгрөгөөр тус тус, нийт 450,550,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч А.Бямбадэлгэр хүлээн зөвшөөрсөн байна /хэргийн 40-41, 44-57, 59-62 дугаар тал/.
Өөрөөр хэлбэл, төлбөр авагч болон төлбөр төлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-г зөрчөөгүй байна.
Дээрх хөрөнгүүд барьцааны хөрөнгө биш бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна.
Иймд хариуцагч нь албадан дуудлага худалдаа явуулахдаа 6 үл хөдлөх хөрөнгөөс төлбөрийн хэмжээг харгалзан 5 үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Төлбөр төлөгч нарын төлбөрийн хэмжээ 120,000,000 төгрөг бөгөөд дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон 5 үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ 450,550,000 төгрөг байх тул эдгээрийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн хариуцагчийн үйл ажиллагаа төлбөр авагчийн эрх ашгийг зөрчөөгүй байна.
Тодруулбал, хариуцагч нь төлбөр төлөгчийн төлбөрийн хэмжээг харгалзан хураасан 6 эд хөрөнгөөс 5-ийг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Үүргийн гүйцэтгэлийг хангахад хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд шаардлага хангах барьцааны зүйлийг барьцаалагч сонгох эрхтэй талаар Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т заасан.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь барьцааны зүйл биш, энэ тохиолдолд төлбөр авагч нь дуудлага худалдаанд оруулах зүйлийг сонгох эрхгүй болно.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр явуулахаар 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/18 дугаар тогтоол гарч, уг дуудлага худалдаагаар дээрх эд хөрөнгүүд борлогдоогүй тул 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6/8 дугаар хоёрдахь дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, дуудлага худалдааг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр явуулсан нь хууль зөрчөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т нийцжээ.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 5 үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа хууль зөрчсөн, нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1276 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Б.УНДРАХ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН