Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/00741

 

*******гийн нэхэмжлэлтэй

                  иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00453 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1085 дугаар магадлалтай, 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох, 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн шийдвэрээр Цэцгээгээс 50,511,392 төгрөгийг гаргуулахаар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад манай байрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Манай Жаргалан хотхоны байр болон цахим сүлжээнд Жаргалан хотхонд байр зарна гэсэн заруудтай манай байрыг үнэлсэн үнэлгээтэй харьцуулахад маш багаар үнэлсэн тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1327 дугаар магадлалаар *******гээс 50,921,889 төгрөгийг гаргуулж Бид финанс ББСБ ХХК-д олгож, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байр, 5 тоот хаягт байрлах 129,17 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц болон 18 мкв талбайтай 19 тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч *******д шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч төлбөр бүрэн төлөгдөөгүй. Төлбөр төлөгч *******гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 19290171/01, 19290171/02 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1929017/03 тоот тогтоолоор орон сууц, автозогсоолыг хурааж талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/25251 дүгээр албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул дахин 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/25875 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч Бид финанс ББСБ ХХК нь шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 401 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Сэлэнгэ эстимэйт ХХК нь 292 сая төгрөгөөр үнэлсэн болохыг *******д 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр баталгаат шуудангаар гэрийн хаягаар нь хүргүүлж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр биечлэн гэрийн хаягаар нь очин тус тус мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяандорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид төлбөр авагчийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд *******гээс шийдвэр гарснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 жил өнгөрсөн. Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээ хуульд нийцсэн үнэн бодитоор дүгнэлтээ гаргасан. Нөгөө талаас үзэхэд ******* Монгол улсын шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлэхгүй саад учруулж байна. Хэргийн гол нөхцөл байдал буюу Сэлэнгэ эстимэйт ХХК үнэлгээний компанийн үнэлгээ хууль зөрчөөгүй бодит үнэлгээ байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00453 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар *******т холбогдох Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн2019.11.29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1085 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 1085 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна .

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг хөрөнгийн үнэлгээ хийх байгууллагаар 2019 оны 11 сарын 20 - ны өдрийн 401 дүгээр тогтоолоор томилж, улмаар хөрөнгийн үнэлгээ хийх байгууллагын төлөөлөгчид хууль сануулсан эсэх нь эргэлзээтэй, мөн шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтлаагүй байхад шүүх дүгнэлт хууль ёсны гэж үзсэн нь ойлгомжгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Түүнчлэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ний тусгай зөвшөөрөл хавтаст хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгийн үнэлгээний хуулийн этгээдийг томилсноос үнэлгээчин Г.Отгонбаярыг томилоогүй бөгөөд Сэлэнгэ эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй бол шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээ гаргахаас татгалзах эрхтэй байх байсан юм. Анхан шатны шүүхэд бид үзлэг хийлгэх, мөн Жаргалан хотхонд орон сууц зарна гэсэн зар бүхий сонинг эх хувиар гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтыг ч хүлээн аваагүй, үзлэг хийлгэх хүсэлтийг ч хангаагүй байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөлийг тогтооход шүүх зохигчийн хүсэлтээр холбогдох ажиллагааг хийх үүргээ хэрэгжүүлээгүй юм. Энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэхдээ анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал мэтээр тайлбарлаж, түүнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй гэж үзэн бидний гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

******* нь *******т холбогдуулан барьцааны зүйл болох Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байр, 5 тоотын 129.17 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай 19 тоот гаражийг 292,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ. 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, *******гээс 50,511,392 төгрөг гаргуулж Бид финанс ББСБ ХХК олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байр, 5 тоотод байрлах, 129.17 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай 19 тоот гаражийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчинтэй байна.  

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагджээ. 

Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй, шийдвэр гүйцэтгэгч 2019.08.20-ны өдрийн 01 тоот тогтоолоор барьцааны зүйл болох  орон сууц, гаражийг битүүмжилж, 2019.11.06-ны өдрийн 03 тоот тогтоолоор хураасан байх ба үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах, шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 53, 54 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг зөрчөөгүй, шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан, нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргажээ.  

Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимейт ХХК нь үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ тухайн хөрөнгө байрлаж буй дүүрэг дотор харьцуулалт хийж, зах зээлийн жишиг үнийн, орлогын болон өртгийн аргаар тодорхойлж, энэ тухайгаа хөрөнгийн үнэлгээний тайланд тодорхой дурдсан ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэх үндэслэл, баримт хэрэгт авагдаагүй байна.  

Шүүх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.  

Үнэлгээчин Г.Отгонбаяр нь Сэлэнгэ эстимейт ХХК-ийн үнэлгээчин бөгөөд түүнд хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл олгогдсон, мөн шинжээчид хууль сануулж, эрх үүрэг танилцуулсан баримт хэрэгт авагдсан талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...фейсбүүк группт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үндэслэлгүй гэж үзэж, шүүгчийн 2020.02.17-ны өдрийн 02664 дүгээр захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэжээ.  

Нотлох баримт бүрдүүлэх зохигчийн эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл бий болоогүй байх тул  шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.     

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотолж чадаагүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 116 дугаар зүйлийн 116.2,116.3-т нийцсэн байна.         

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00453 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1085 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД Б.УНДРАХ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ 

  Д.ЦОЛМОН