Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/00453

 


 

 

2020 оны 02 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2020/00453 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, .............. тоотод оршин суух, Ц /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Н /РД:.........../-т холбогдох,

 

хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , түүний өмгөөлөгч Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Га , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн шийдвэрээр Цгээс 50,511,392 төгрөгийг гаргуулахаар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад манай байрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Манай Жаргалан хотхоны байр болон цахим сүлжээнд Жаргалан хотхонд байр зарна гэсэн заруудтай манай байрыг үнэлсэн үнэлгээтэй харьцуулахад маш багаар үнэлсэн тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сэ ХХК үнэлгээ гаргахдаа 2016 оны зах зээлийн ханштай харьцуулсан үнэлгээ гаргасан. Нэгдүгээрт Сэ ХХК өнөөдрийн борлуулагдаж байгаа Жаргалан хотхоны орон сууцнуудтай харьцуулж чадаагүй, ямарч хамааралгүй Хурд хотхоны байрыг харьцуулсан. Жаргалан хотхонтой ганц харьцуулсан нь 2016 оны зартай харьцуулсан. Тэгэхээр 2016 оны болон Хурд хорооллын байртай харьцуулж гаргасан үнэлгээ зах зээлийн үнэлгээ гаргасан гэж үзэхгүй. Хоёрдугаарт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.3-д заасан журмыг зөрчсөн. Сэ ХХК тусгай зөвшөөрөлтэй гэсэн баримтуудаа ирүүлсэн боловч шинжээчийн дүгнэлт гаргахад эрх үүрэг, хүлээх хариуцлага, сануулсан баримт огт байхгүй. Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.3-д заасан ажиллагааг хийгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.3-ыг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа баримтаар тогтоогдохгүй байна. Хавтаст хэргийн 113-д шинжээчид эрх үүрэг тайлбарласан гэж байгаа боловч энэ нь шинжээчийн боловсролтой холбоотой мэдээлүүдийг авсан. Шинжээчийн ажлын туршлагын талаар мэдээлэл авсан болохоос биш Эрүүгийн хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журам, шинжээчийн ажиллах эрх үүрэг, татгалзах, худал дүгнэлт гаргахаас татгалзах, зайлсхийх, хүлээх хариуцлага талаар огт тусгаагүй учраас шинжээч хаа хамаагүй баримт үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Шинжээчийн энэ дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмаа зөрчсөн үнэлгээний баримт байгаа учраас үнийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Га  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1327 дугаар магадлалаар Цгээс 50,921,889 төгрөгийг гаргуулж Б ББСБ ХХК-д олгож, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байр, 5 тоот хаягт байрлах 129,17 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц болон 18 мкв талбайтай 19 тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 19290171 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Ж.Цд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч төлбөр бүрэн төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Ж.Цгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 19290171/01, 19290171/02 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1929017/03 тоот тогтоолоор орон сууц, автозогсоолыг хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/25251 дүгээр албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул дахин 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/25875 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч Б ББСБ ХХК нь шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 401 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Сэ ХХК нь 292 сая төгрөгөөр үнэлсэн болохыг Ж.Цд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр баталгаат шуудангаар гэрийн хаягаар нь хүргүүлж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр биечлэн гэрийн хаягаар нь очин тус тус мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид төлбөр авагчийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Цгээс шийдвэр гарснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 жил өнгөрсөн. Сэ ХХК-ийн үнэлгээ хуульд нийцсэн үнэн бодитоор дүгнэлтээ гаргасан. Нөгөө талаас үзэхэд Ж.Ц Монгол улсын шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлэхгүй саад учруулж байна. Хэргийн гол нөхцөл байдал буюу Сэ ХХК үнэлгээний компанийн үнэлгээ хууль зөрчөөгүй бодит үнэлгээ байна гэв.

 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Ж.Цгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч 2019.12.09-ний өдрийн нэхэмжлэлдээ ...зах зээлийн судалгаагүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой, албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг 292,000,000 төгрөгөөр тогтоосныг хүчингүй болгох гэх боловч нэхэмжлэлийн агуулга нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн байна.

 

Хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд Ж.Цгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 50.511.392 төгрөгийг гаргуулж Б ББСБ ХХК-д олгож, тэрээр үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ...........тоотод байрлах, ........... улсын бүртгэлийн дугаартай, 129.17 м.кв талбай, 4 өрөө бүхий хувийн сууц, зоорийн давхрын 18 м.кв талбайтай 19 тоот автозогсоолыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.27-ны өдрийн 00465 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2018.06.08-ны өдрийн 1327 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018.11.15-ны өдрийн 1650 дугаар тогтоол тус тус гарсан байна.

 

Дээрх шүүхийн шийдвэр, 2018.12.17-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Ж.Цд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2018.12.27-ны өдрийн 19290171 дүгээр тогтоол гарсан, 2019.08.20-ны өдрийн 19290171/01, 19290171/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2019.11.06-ны өдрийн 19290171/03 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол гарсан байна.

 

Улмаар төлбөр авагчтай харилцан тохиролцож, үнийн санал ирүүлэх тухай 2019.11.11-ний өдрийн 4/25251, 2019.11.18-ны өдрийн 4/25875 тоот мэдэгдлүүдийг хүргүүлсэн байх боловч төлбөр төлөгч Ж.Ц нь тухайн орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн талаар үнийн санал ирүүлээгүй, харин төлбөр авагч Б ББСБ ХХК шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтэй буйгаа 2019.11.20-ны өдөр бичгээр ирүүлжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.11.20-ны өдрийн 401 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор Сэ ХХК-ийг томилсон, түүнчлэн тухайн үл хөдлөх хөрөнгийг 292.000.000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдэлийг тайлангийн хамт төлбөр төлөгчид 2019.12.04-нд хүргүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно.

 

Төлбөр төлөгч нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч дээрх хугацаанд шүүхэд гомдол гаргасан, үнэлгээг хүчингүй болгох нэг үндэслэлийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шинжээчид эрх, үүрэг тайлбарлаагүй гэх боловч хөрөнгийн үнэлгээчин О олгосон Сэ ХХК-ийн итгэмжлэл, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан 2019.11.20-ний өдрийн баримт хэрэгт авагдсан, танилцсан шинжээчийн гарын үсэг зурагдсан байна.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасан шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.27-ны өдрийн 00465 дугаар шийдвэртэй иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн 2019.12.19-ний өдрийн 15093 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нт холбогдох Сэ ХХК-ийн 2019.11.29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ж.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.19-ний өдрийн 15093 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсоныг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ