Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/269

 

2022         08            01                                  2022/ШЦТ/269

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,   

улсын яллагч Г.А, 

шүүгдэгч Т.Г, Х.Ч, тэдний өмгөөлөгч Б.Б ,

хохирогч Н.С , түүний өмгөөлөгч А.А  , Б.Ц , З.М,

иргэний хариуцагч Д.М-н өмгөөлөгч Х.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.И-с 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар Т.Г д,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Х.Ч-т тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201714000333 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 19** оны * дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, ашигт малтмалын баяжуулалтын технологич мэргэжилтэй, “*******” ХХК-д менежер ажилтай, одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг * дугаар хороо Содон хорооллын **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б  овогт Т-н Г

Монгол Улсын иргэн, 19** оны * дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “****” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг * дугаар хороо Содон хорооллын **** тоотод оршин суух, урьд;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 846 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсгүүдэд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,

Ү  овогт Х-н  Ч  

 

Шүүгдэгч Т.Г  нь ганцаараа давтан үйлдлээр,

1.А.А-тай 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” 082 дугаартай гэрээ байгуулан, Орхон аймаг Баян-Өндөр сум 7А хорооллын 9 давхрын 901 тоот 71.8м.кв орон сууцыг 118.470.000 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа, “Их хаадын цуваа” ХХК-д дээрх 71.8м.кв орон сууцыг 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “Их хаадын цуваа” ХХК-ийн орлогод орвол зохих 3.554.100 төгрөгийг залилсан,

2.Б.Б , Т.Б нартай 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” 083 дугаартай гэрээ байгуулан, Орхон аймаг Баян-Өндөр сум 7А хорооллын 9 давхрын 902 тоот 57.63м.кв орон сууцыг 95.089.500 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа, “Их хаадын цуваа” ХХК-д дээрх 57.63м.кв орон сууцыг 92.236.815 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “Их хаадын цуваа” ХХК-ийн орлогод орвол зохих 2.852.685 төгрөгийг залилсан,

3.“Их хаадын цуваа” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Д.М-с “Их хаадын цуваа” ХХК-ийн худалдан борлуулж байсан орон сууцнаас “...“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилладаг Б.Г ийн байранд оруулж, зөрүү мөнгийг нь Б.Г-т өгнө.” гэж хуурч 5.700.000 төгрөгийг залилсан,

4.Давтан үйлдлээр хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох зорилгоор “Их хаадын цуваа” ХХК-ийн борлуулалтын менежер гэх албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Д.М-д  2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 64.9м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж “Их хаадын цуваа” ХХК-д 12.850.200 төгрөгийн хохирол учруулсан,

5.Э.Б-д  2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 68.8м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтнуудад борлуулах үнэ болох 1м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж “Их хаадын цуваа” ХХК-д 13.622.400 төгрөгийн хохирол учруулсан,

6.Х.Чт /“Их хаадын цуваа” ХХК-д маркетингийн менежер ажилтай/ 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 68.8м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж “Их хаадын цуваа” ХХК-д 10.182.400 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Х.Ч Т.Г  нар нь бүлэглэн,

2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С.М-д 76.87м.кв орон сууцыг 122.992.000 төгрөгөөр зарж борлуулахдаа таван хувийн хөнгөлөлт эдлүүлэхээс гурван хувийн хөнгөлөлт эдлүүлж, С.М-н эдэлбэл зохих хоёр хувийн хөнгөлөлт болох 2.498.275 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Т.Г  мэдүүлэхдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй, энэ талаар мэдүүлэг өгөхгүй. Харин орон сууц захиалан бариулах гэрээг ямар үнээр байгуулах болон гэрээ байгуулах эсэхийг захирал Н.С  шийддэг, захиалагчтай гарын үсэг зуралцсан гэрээг захирал тамга дарж баталгаажуулдаг, гэрээнд захиалагчийн овог нэр, үнийн дүн, метрквадрат зэрэг бүх зүйл тодорхой бичигддэг, гэрээний дагуу төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан тохиолдолд албан бичгийн дагуу захиалагчийн өмчлөх эрхийг захирал С  шилжүүлж өгдөг байсан. Гэрээ байгуулахаас эхлээд банкны зээлд хамрагдах, өмчлөх эрхийг шилжүүлж өгөх хүртэл доод тал нь 6 сар, түүнээс дээш хугацаа шаардагдах бөгөөд орон сууц бүр захирал Н.С ын оролцоотой борлуулагдаж дуусдаг, Б , Д, М , Ч  нарын оронд сууцнууд ч дээрх зарчмаар л бүгд хийгдэж дууссан. Б ийн орон сууц Д гэсэн хоёр өмчлөгчтэй, Д нь ГОК-д ажилладаг 1.452.000 төгрөгөөр авах эрхтэй, захирал Н.С тай уулзаж зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээ байгуулсан. Захиалагч Д.М-н хувьд, ГОК-д ажилладаг Г  гэдэг хүний м.кв нь 1.452.000 төгрөгөөр, 5.000.000 төгрөг төлөөд гэрээ байгуулж авсан ч 9 сар төлбөрөө төлж чадахгүй удаасан байрыг төлбөрийг нь зуун хувь төлөх нөхцөлтэйгээр Н.С  захирлын зөвшөөрлийн үндсэн дээр гэрээг шилжүүлж авсан. Х.Ч-ын хувьд ах дүүгийн хувиар, тухайн компанид хоёр ажилтан нь ажилладаг гэдэг үүднээс захирал өөрөө санал тавьсны үндсэн дээр энэ үнээр гэрээ байгуулж, Ч  захиалагч, би ажилтны хувиар хоорондоо гэрээ байгуулж захиалгаа өгсөн, энэ гэрээг захирал Н.С  тамгаа дарж баталгаажуулсан байгаа. Нийт борлуулагдсан орон сууцны бүх мэдээлэл, метрквадратын үнийн дүнг, он сар өдөртэй нь нягтлан О-тай  өдөр бүр тулгалт хийж, тайлан мэдээ нь 7 хоног бүр захирал Н.С  болон хөрөнгө оруулагч Чех тал руу цахимаар илгээгддэг байсан, дээрх гурван орон сууцны мэдээлэл үнэн зөвөөрөө, цахимаар хүргэгдсэн. Өөрөөр хэлбэл компанийн удирдлагуудыг үнэн зөв мэдээллээр хангадаг байсан. Компанийн ТУЗ-н талаар, ямар хүмүүс байдаг гэдгийг мэдэхгүй, гаргасан тогтоол зэрэгтэй танилцаж байгаагүй, энэ хавтаст хэргээс л олж харсан.” гэв.

шүүгдэгч Х.Ч мэдүүлэхдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй, энэ талаар мэдүүлэг өгөхгүй. Би анх 2013 онд энэ компанид ажилд ороод, энэ төслийг газар шорооны ажлаас нь эхлээд хариуцан ажиллах болсон, эхнэр Т.Г  борлуулалтын менежерээр ажиллаж байсан. Бид хоёр бага насны хүүхэдтэй, хөлсний байранд амьдардаг байсан. Н.С  гэдэг хүн бол төрсөн аавын минь бага дүү байгаа юм, тухайн үед биднийг ажилгүй байхад ажилд оруулсан нь үнэн. Эхний хоёр блок ашиглалтад орох үед Н.С  өөрөө санал тавьсан, “та хоёр орон сууц худалдаж аваач, ипотекийн зээлд оруулах арга хэмжээг нь компанийн зүгээс дэмжлэг болгож өгнө” гэсэн. Байр авахад мөнгөний болон бидний нийгмийн даатгал төлөлт асуудал болж зээл авах боломжгүй байсан. Би нэг жил гаруй ажилласан, Т.Г  ажилд ороод дөнгөж 6 сар болж байсан үе юм. Ипотекийн зээлийн журам нь үндсэн зээлдэгч нэг байгууллагад дор хаяж хоёр жил, хамтран зээлдэгч нэг жил ажиллаж нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай байсан. Тухайн үед би захиралтай “хоёр өрөө байр авах уу, гурван өрөө байр авах уу” гэж зөвлөлдөж байгаад эхний блокын 3 дугаар байрны 805 тоот гурван өрөө байрыг авахаар болж, гучин хувийн төлбөрөө бид хувиасаа төлж банкны зээлд хамрагдах гэсэн боловч “нийгмийн даатгалын хугацаа болоогүй” гээд зээл гарах боломжгүй байсан тэр үед компанийн зүгээс бидэнд дэмжлэг болгож “манай ажилтнуудад зээл гаргаж өгнө үү, бид батлан дааж байна” гэсэн албан бичгийг Худалдаа хөгжлийн банкинд өгсний үндсэн дээр бидний зээл бүтэж, “Их хаадын цуваа” компани руу байрны төлбөр зуун хувь орж, өмчлөх эрхийг шилжүүлж өгснөөр гэрчилгээ банкинд тавигдаж энэ байрыг авсан. Энэ асуудал 2017 оноос хойш өдийг хүртэл зургаан жил гаран маргаантай, бид хоёрыг “энэ байрыг 1.600.000 төгрөгөөр авах ёстой байтал 1.452.000 төгрөгөөр хоорондоо гэрээ хийгээд авчихлаа” гэдэг байдлаар гомдол яваад байгаа. Миний зүгээс энэ компаниас байр худалдаж авч байгаа худалдан авагч гэдэг талаасаа, хэдий бид гэр бүлийн хүмүүс боловч Г   энэ компанийг төлөөлж байрны борлуулалтыг хийж байгаа гэдэг талаас гэрээ хийгдээд, компани өөрөө банк руу зээл гаргаж өгөх хүсэлтээ гаргаад, банк нь компани батлан дааж байгаа учраас зээл гаргаад, цаашлаад өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлт болон орон сууц захиалан бариулах гэрээг компаниас явуулж ипотекийн зээлээр авсан байр байгаа юм. Тухайн үед “энэ байрыг 1.600.000 төгрөгөөр ав” гэсэн бол мэдээж бид хоёр авахгүй байсан, 2013 оны үед ижил төстэй барилга барьж буй компаниудын барилгын 1м.кв үнэ 1.000.000 төгрөг байсан, урд талын 7 дугаар хорооллын байр 1.000.000 төгрөгөөр борлуулагдаж байсан. Намайг хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй, компанийн зүгээс “батлан даана, зээлийг нь гаргаж өгөөч” гээд өөрсдөө зээлд хамруулаад, байрны төлбөрийг нь 100 хувьд аваад энэ гэрээ дуусгавар болоод, бид хоёр 2 жил ипотекийн зээлээ төлөөд амьдарч байсан л байр. Бас ТУЗ-н тогтоол яриад байгаа, биднийг амьдарч байх хоёр жилд энэ гомдлоо гаргахгүй яасан юм бэ, тухайн үед банкны зээлд хамруулж зуун хувь мөнгөө авсан шүү дээ. ТУЗ-н тогтоол огт харж байгаагүй, би энэ компанид гурван жил гаруй ажилласан, Эрдэнэт хотод эхнэр бид хоёр энэ компанийн үйл ажиллагааг явуулдаг байсан, захирал, удирдлагууд 7-14 хоногтоо нэг ирдэг, нягтлан давхар хянадаг, хөрөнгө оруулагч талаас инженер нь байдаг гээд бүх зүйл ил тод явагдаж байсан. Тэгээд дээр нь энэ 3-4 янзын тамга тэмдэг гэх зэрэг ойлгомжгүй зүйл яваад байгаа. Ямар ч байсан би энэ нэхэмжлээд байгаа төлбөр мөнгийг төлж дууссан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

хохирогч Н.С  мэдүүлэхдээ “...Шүүгдэгч Х.Ч гэж хүн манай том ахын төрсөн хүүхэд учраас би Х.Ч, Т.Г  нарыг ажилд авсан. Гэхдээ Чука итгэл эвдсэн, анх манай компанид орохдоо анкет бөглөхдөө л хуураад эхэлсэн, би тэрийг нь мэдээгүй. Энэ хоёр хоёулаа л “С    захирлын хэлснээр хийсэн” гэж хэлээд байна, хэрвээ миний хэлснээр хийсэн бол энд ингээд сууж байхгүй, ажлаа хийгээд л байж байх ёстой, энэ нөхдүүд өөрсдөө бүх зүйлийг гардаж хийчихээд “хоёр жил шалгаж байхгүй юу хийж байсан юм” гэдэг, энэ хоёр жилд бид нар мэдээгүй байсан юм. Орхон аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С   , нөхөр нь тэр үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байсан М  гэх хүмүүс ирээд л бид энэ талаар мэдсэн, Чехээс надад “бүх гэрээгээ шалга” гэсэн үүрэг өгсөн дагуу шалгахад 6 гэрээ хуурамчаар хийсэн байсан. ...Нийслэлээс манайхыг “гадаадын хөрөнгө оруулалттай” гээд шалгалт хийгээд “бүх гэрээгээ явуул” гэхэд энэ нөхдүүд бүгдийг нь өөрчлөөд явуулсан байсан. Манай дансанд орсон мөнгө, хуурамчаар хийсэн гэрээний үнийн дүн яг таарч байгаа учир татварынхан мэдэх боломжгүй, татвар дээр асуудал үүсээгүй. ...Манай дээр байгаа гэрээнд Б ийн гарын үсэг байхгүй, зөвхөн Г  гийн гарын үсэг байгаа, гэрээг 1.452.000 төгрөгөөр хийсэн, ...М  ч ялгаагүй, хэрэв би зөвшөөрсөн бол ГОК-той хийсэн гэрээ цуцлагдсанаас хойш яагаад хийж болоогүй юм, цуцлагдсаныг мэдэж байгаа учир 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэрээ хийсэн байна. Манайх гэрээ цуцалсан тохиолдолд шинэ он, сар өдрөөр хийдэг. Хөнгөлөлтийг энэ хоёр сайн мэдэж байгаа, ...тамгыг бол би Гэрэлээд өгчихдөг байсан, Гэрэлээ гарын үсэг зурж, тамгаа дардаг. ...Манайх захиалагчдаас бэлэн мөнгө авдаггүй, дансаар авдаг. Хэрэв би Г  д тамга өгдөггүй байсан бол манайхтай гэрээ байгуулсан хүмүүст мэдээж компанийн тамгатай албан тоот байхгүй л байх байсан. ...Би Эрдэнэтэд байдаггүй учраас эд нарын хэлснээр л байдаг, яагаад гэвэл хамаатан учраас итгэж байсан. ...Чехүүд хүртэл “шүүхээр ямар удаан яваад байна, чамд асуудал байна” гээд надад эргэлзэж байна. “Их хаадын цуваа” ХХК-д учирсан хохирол 36.655.000 төгрөгийг буруутай этгээдүүд болох иргэний хариуцагч Д.М , Э.Б , Х.Ч, Т.Г  нараас гаргуулна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Н.С ын “...иргэн Д.М-д  1м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр борлуулах ёстой байсан атал Т.Г  дур мэдэн 1.452.000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан, Д.М  64.9м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг хөнгөлөлттэй үнээр авснаар “Их хаадын цуваа” ХХК-д 12.850.200 төгрөгийн хохирол,

иргэн Э.Б-д  1м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр борлуулах ёстой байсан атал Т.Г  нь дур мэдэн 1.452.000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан, Э.Б  68.8м.кв орон сууцыг хөнгөлөлттэй үнээр авснаар “Их хаадын цуваа” ХХК-д 13.622.400 төгрөгийн хохирол,

иргэн Х.Чт 1м.кв орон сууцыг 1.600.000 төгрөгөөр борлуулах ёстой байсан атал Т.Г  дур мэдэн 1.452.000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан, Х.Ч 68.8м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг хөнгөлөлттэй үнээр авснаар “Их хаадын цуваа” ХХК-д 10.182.400 төгрөгийн хохирол учирсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 91-92 дахь тал/,

          “...Захиалагч нарт орон сууцыг борлуулахын тулд марктенгийн хувьд төлбөрийг зуун хувь төлсөн тохиолдолд таван хувийн хөнгөлөлт үзүүлэх, Чех улс руу аялалаар явуулах, телевизор, угаалгын машин, хөргөгч гэх мэт бэлэг өгөх зэрэг урамшууллыг компанийн зүгээс өгч байгаа, ТУЗ-ийн тогтоолд дурьдагдаагүй байдаг, дээрх урамшууллыг өгөх эрхийг зөвхөн компанийн гүйцэтгэх захирлын хувьд миний бие эдэлж байгаа. Харин 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 124/2015 дугаартай компанийн ТУЗ-ийн тогтоолын 3 дугаар зүйлд “Захиалга авч байгаа орон сууцны 1 болон 9 давхрын орон сууцны борлуулалт, захиалгыг дараагийн ээлжийн орон сууц ашиглалтад ороход захиалагдаагүй буюу худалдагдаагүй байгаа 1 болон 9 давхрын орон сууцны үнийг гурван хувийн дүнгээр бууруулсан хөнгөлөлттэй үнийг худалдан авагч захиалагч нар санал болгон гэрээ байгуулах” гэж заасан. Уг эрхийг борлуулалтын менежер Т.Г  ажил үүргийн хуваарийн дагуу эдэлж байсан. Б.Б , А.А  нар нь 9 дүгээр давхарт байр захиалсан хэдий боловч дараагийн ээлжийн орон сууц ашиглалтад ороход захиалагдаагүй буюу худалдагдаагүй гэдэг шаардлагыг хангаагүй байсан. ...Б.Б , А.А  нар гурван хувийн хөнгөлөлт эдлэх боломжгүй захиалагч нар байсан. Захиалагч С.М-н хувьд орон сууцны төлбөрийг зуун хувь төлсөн учраас таван хувийн урамшуулалд хамрагдах боломжтой байсан. ...Х.Ч байр захиалах үедээ “Их хаадын цуваа” ХХК-ийн ажилтан байсан учраас ТУЗ-ийн тогтоолын дагуу 1.600.000 төгрөгөөр орон сууц захиалах ёстой байсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 147-149 дэх тал/,

          “...Манай компанийн зүгээс Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү Х.Ч, Э.Б , Д.М  нарын худалдан авсан орон сууцны төлбөр тооцоо дууссан тул өмчлөлийн нэр шилжүүлэх албан бичиг хүргүүлсэн. ... Х.Ч, Э.Б , Д.М  нарын нэр дээр орон сууцны өмчлөлийн эрх шилжээд гэрчилгээ авсны дараа буюу 2017 оны үед Т.Г гийн хийсэн хууль бус үйлдлийг мэдсэн.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

          хохирогч “Их хаадын цуваа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-н  “...2017 оны 3 сарын сүүлчээр Д.М  манай байгууллага дээр ирээд Х.Ч, Т.Г  нарыг асуухаар нь “одоо ажиллахгүй байгаа” гэсэн чинь “надад хоёр хүсэлт байна, нэгдүгээрт, танай байрны м.кв дутуу байна, хоёрдугаарт, танай байранд орох гэж Х.Ч гэх хүнд 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн, хэрвээ танай байрны м.кв дутаагүй бол 5.000.000 төгрөгийн асуудлыг ярихгүй байсан.” гэсэн. Би энэ тухай захирал С т хандаж, Д.М-н тухай хэлэхэд захирал “гэрээг шалгаад үзээч, яагаад зөрөөтэй байдаг юм” гээд тухайн байрны “худалдах, худалдан авах гэрээ”-г шалгахад 1м.кв 1.452.000 төгрөгөөр хийсэн байсан, уул нь Д.М тай 1м.кв нь 1.650.000 төгрөгийн гэрээ хийх ёстой байсан. Манай компани “Эрдэнэт үйлдвэр”-тэй гэрээ байгуулаад орон сууцыг үйлдвэрийн ажилчдад 1м.кв 1.452.000 төгрөгөөр, энгийн иргэдэд 1м.кв 1.650.000 төгрөгөөр худалдах ёстой. Д.М  “Эрдэнэт үйлдвэр”-т ажилладаггүй, мөн шалгалтаар Э.Б  1м.кв 1.452.000 төгрөгөөр, Х.Ч нь 1м.кв 1.452.000 төгрөгөөр бодсон байсан. С..М   гэж хүн зуун хувь мөнгөө төлөөд таван хувийн урамшуулал авах байсан чинь Ч , Г   нар гэрээ байгуулахдаа гурван хувийн хөнгөлөлтийг буцаан олгож, хоёр хувийг нь өөрсдөө хувьдаа ашигласан, ...М  , С   нарын гарын үсгийг дуурайлгаж зурсан. ...А.А , Т.Б гэх хоёр хүн манай байрны 9 давхарт оршин суудаг, эдгээр хоёр хүнтэй Х.Ч, Т.Г  нар хөнгөлөлтгүй гэрээ байгуулаад, уг гэрээг гурван хувийн хөнгөлөлттэй хэлбэрээр бичээд өгсөн юм.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

          гэрч Н.С ын “...Д.М  гэж хүний байр худалдан авсан баримтыг судлан үзсэн, Д.М  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, эхнэр нь шүүхэд ажилладаг байж манай компани болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр байр худалдан борлуулах үнээр байраа худалдан авсан байсан. Ингээд байр худалдан авсан болон худалдсан баримтуудаа шалгаад байсан чинь Х.Ч, Т.Г  нар нь 3 дугаар байрны 705 тоотод оршин суух Э.Б  гэж хүнд 68.8м.кв байрыг 1м.кв 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, манай байгууллагад 13.662.400 төгрөгийн хохирол, Х.Ч 3 дугаар байрны 805 тоот 68.8м.кв байрыг мөн 1м.кв 1.452.000 төгрөгөөр худалдан авч, байгууллагад 10.182.400 төгрөгийн хохирол учруулсан. 5 дугаар байрны 901 тоот байр худалдан авсан А.А д гурван хувийн хөнгөлөлт эдлүүлсэн мэтээр гэрээ хийж...ямар нэг хөнгөлөлт үзүүлээгүй байрыг худалдсан болох нь А.А гийн Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан гэрээгээр харагдаж байна, ...Х.Ч, Т.Г  нар нь 5 дугаар байрны 902 тоот байр авсан Б.Б д хөнгөлөлт эдлүүлсэн мэтээр баримтыг үйлдэж байгууллагад 2.852.685 төгрөгийн хохирол учруулсан. Б.Б д байр худалдан борлуулах гэрээ үйлдэх үедээ хөнгөлөлт үзүүлээгүй, дараа нь өөрсдөө гурван хувийн хөнгөлөлт үзүүлсэн мэтээр хуурамч гэрээ хийсэн байсан. А.А , Б.Б  нар ямар нэгэн хөнгөлөлт эдлэхгүй, энэ 5 дугаар байр нь 2016 оны 1 дүгээр сард улсын комисс хүлээн авсан учир дээрх иргэд хөнгөлөлт эдлэхгүй. 5 дугаар байрны 304 тоот байр авсан иргэн С.М   нь төлбөрийг зуун хувь бүрэн төлсөн бөгөөд энэ үндэслэлээр таван хувийн хөнгөлөлт эдлэх ёстой байсан. Гэтэл С.М   гэж хүнд гурван хувийн хөнгөлөлт эдлүүлсэн гэрээ хийж байгууллагад үлдэх хувийг таван хувийн хөнгөлөлт эдлүүлсэн мэтээр хуурамч гэрээ үйлдэж дундаас нь хоёр хувийн мөнгийг завшиж С.М   гэх иргэнийг 2.498.275 төгрөгөөр хохироосон. Хямдралтай үнээр байр борлуулснаас Д.М  12.850.200 төгрөгийн, Э.Б  13.622.400 төгрөгийн, Х.Ч өөрөө дур мэдэн хямдралтай үнээр байр авснаас 10.182.400 төгрөгийн, А.А д гурван хувийн хөнгөлөлт үзүүлсэн гэж 3.554.100 төгрөгийн, Б.Б д гурван хувийн хөнгөлөлт үзүүлсэн гэж 2.852.685 төгрөгийн, иргэн С.М   гэж хүнд 2.468.275 төгрөгийн хохирол учруулсан. ...Г   зөвхөн гэрээ л хийх ёстой.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 122-123 дахь тал/,

          “...Орхон аймаг Баян-Өндөр сум 7А хороололд баригдаж байгаа Евро эко төгөл хорооллын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Их хаадын цуваа” ХХК ажилласан. Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тухайн орон сууцны 1м.кв талбайтай холбоотойгоор ТУЗ-ийн хурал болсон, би энэ хуралд оролцож тухайн орон сууцны 1м.кв үнийг баталж, миний бие гарын үсгээ зурсан. ... ТУЗ-ийн тогтоол дээр заагдсан үнийн дүнгээр орон сууцыг борлуулах ёстой.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

          гэрч А.А гийн “...2016 оны 5 дугаар сард...5 дугаар байрны 901 тоот гурван өрөө орон сууцыг сонирхоод авахаар болсон. Банкнаас зээл авч байгаад төлбөрөө зуун хувь төлсөн. 2017 оны 5 сард “Их хаадын цуваа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.С  утсаар яриад “танайх төлбөрийн үлдэгдэлтэй байна, ирж уулзаарай” гэсэн, уулзахад надад гэрээ үзүүлээд “энэ чиний гарын үсэг мөн үү” гэсэн, тухайн гарын үсэг минийх биш байсан. Би Т.Г тай гэрээ байгуулсан. ...байр худалдан авахдаа ямар нэг хөнгөлөлт эдлээгүй, ...Т.Г д бэлнээр 3.554.100 төгрөг өгсөн, надад хүлээн авсан баримт бичиж өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119, 120 дахь тал/,

          гэрч Э.Б ийн “...би 2014 оны хавар “Их хаадын цуваа” ХХК-аас байр худалдан авахаар гэр бүлийн хүрээнд ярилцсан, “манай хадам аав “Эрдэнэт үйлдвэр”-т ажилладаг хүн байгаа, нэр дээр нь авч болох уу” гэсэн чинь “болно” гэж хэлсэн. Тэгээд Голомт банкинд очоод хадам аав найман хувийн зээл авах гэсэн чинь “тэтгэвэрт гарах гэж байгаа юм байна, зээл олгохгүй” гэхээр нь би өөрөө үндсэн зээлдэгчээр орсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/,

          “...1м.кв 1.452.000 төгрөгөөр худалдан авсан, би өөрөө урьдчилгаа мөнгөө төлсөн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 54 дэх тал/,

          гэрч Д.М-н “...2015 оны 4 сард 7А хорооллын 3 дугаар байрны 303 тоот 64.9м.кв хоёр өрөө орон сууцыг 1м.кв 1.452.000 төгрөгөөр бодож авсан. Ингээд байрандаа амьдарч байгаад хэмжүүлж үзсэн чинь тав орчим м.кв дутуу байсан. ...Т.Г  гэж хүнтэй “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Байр үзээд явж байхад Т.Г  303 тоот орон сууцыг үзүүлээд “энэ байрыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилладаг хүн авах гээд урьдчилгаа 5.000.000 төгрөг өгсөн, тэгээд авч чадахгүй болсон, би энэ байрны талаар дарга нараас асуугаад өгье, хэрэв болно гэвэл та хоёр 5.000.000 төгрөгийг нь төлөөд энэ байрыг авч болох юм” гэхэд нь нэг удаа Т.Г д 5.000.000 төгрөг өгөөд байрныхаа нийт үнээс хасуулж тооцоод байраа авсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 125-126 дахь тал,

          “...Би байрны төлбөр хийхдээ банкнаас 89.000.000 төгрөг зээлж байгаад компанид өгсөн, нийт 94.000.000 төгрөгөөр уг байрыг худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 56 дахь тал,

          “...Т.Г  гэдэг хүн эхнэр бид хоёрт “1м.кв 1.650.000 төгрөг” гэж хэлж байсан, “үйлдвэрт ажилладаг нэг хүн энэ хоёр өрөө байрыг 5.000.000 төгрөг төлөөд захиалсан байгаа, одоо авахаа больсон, захирлаас асуугаад авч болно гэвэл өгье” гэсэн. “5.000.000 төгрөгийг тэр хүнд өгнө” гэж авсан, “Их хаадын цуваа” ХХК-ийн захирал Н.С  гэдэн хүн дансаа шалгаад “5.000.000 төгрөг орчихсон байна” гэж 2017 онд хэлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 95 дахь тал/,

          “...5.700.000 төгрөгийг Т.Г  “гэрээгээ шилжүүлэх гэж байгаа хүнд өгнө” гэхээр нь би бэлнээр аваачиж өгсөн. Тэгээд сүүлд 2017 онд Т.Г  надтай ирж уулзаад “танаас гэрээ шилжүүлэх хүнд өгнө гэж авсан 5.700.000 төгрөгийг би худлаа хэлж авсан юм, гэрээ шилжүүлсэн тухайн хүнд өгөөгүй, өөрөө авсан, намайг уучлаарай, та битгий гомдол гаргаарай” гэж хэлээд 5.700.000 төгрөгийг хоёр хувааж миний эхнэрийн данс руу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 3.200.000 төгрөгийг шилжүүлж буцаан өгсөн. ...Тухайн үед Т.Г гаас “гэрээ шилжүүлэх хүнтэй уулзъя” гэхэд “хөдөө явсан гэсэн” гээд огт уулзуулахгүй байсан.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 80-82 дахь тал/,

          хохирогч Д.М-н “...Т.Г гийн санал болгосноор тухайн байрыг худалдаж авахаар болж би урьдчилгаа 5.000.000 төгрөгийг Т.Г д бэлнээр өгсөн, тэр мөнгийг “байр авах гэж байгаад больсон хүний өгсөн урьдчилгаанд өгнө” гэж авсан, дараа нь 5.700.000 төгрөгийг Т.Г  “гэрээгээ шилжүүлэх гэж байгаа хүнд өгнө” гэхээр нь би бэлнээр 5.700.000 төгрөгийг Т.Г д аваачиж өгсөн.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 103 дахь тал/,

          гэрч Д.С   ийн “...“Их хаадын цуваа” ХХК-ийн борлуулалтын менежер Т.Г  гэх эмэгтэйтэй уулзаж байр сонирхож үнийг нь асуухад “1м.кв-ийг 1.650.000 төгрөгөөр борлуулж байгаа” гэсэн. ...Т.Г  “та 303 тоот байрыг сонирхох юм бол 1м.кв нь 1.452.000 төгрөгөөр орж болно, хэрэв 303-т орох юм бол “надад 5.000.000 төгрөг өгөх шаардлагатай, яагаад гэвэл 303-т өмнө нь ГОК-ийн ажилтан 5.000.000 төгрөг байршуулсан, тэр мөнгийг нь гаргах шаардлагатай” гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр Т.Г д 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн, дараа нь 89.000.000 төгрөг өгөөд нийт 94.000.000 төгрөг болсон. ...шан харамж өгсөн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 200-201 дэх тал/,

          “...Т.Г  гэдэн хүн “манайх оны өмнө 1.452.000 төгрөг байсан, он гараад 1.650.000 төгрөг болчихсон байгаа, гэхдээ хоёр өрөө байрыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилладаг нэг хүн 5.000.000 төгрөгийн урьдчилгаа төлөөд гэрээ хийсэн, гэхдээ байраа авахаа больсон, энэ байрыг захирлаас асуугаад эргээд танд хэлнэ” гэж хэлсэн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа залгаад “нөгөө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчны гэрээ хийсэн хоёр өрөө байрыг л 1.452.000 төгрөгөөр авч болно, бусад байрны үнийг буулгахгүй гэж байна, та нар өөрсдөө л мэд” гэж хэлсэн. Орон сууцны хөнгөлөлт эдлүүлэх талаар яриагүй. ...Бэлнээр Т.Г д 5.000.000 төгрөг өгч байсан. Нөхөр бид хоёрын худалдаж авсан гэх хоёр өрөө байрыг “...өмнө нь захиалсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчин 5.000.000 төгрөг өгөөд гэрээ хийчихсэн байна, уг мөнгийг та хоёр гаргаж бэлнээр өгөөрэй” гэж хэлсэн. Т.Г д 5.000.000 төгрөгийг бэлнээр өгөхөд мөнгө хүлээн авсан баримт хийж өгч байсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 96 дахь тал/, 

          “...Т.Г  “гэрээ шилжүүлж өгч байгаа хүнд өгнө” гэж 5.700.000 төгрөгийг нөхөр Д.М-с бэлнээр авсан. Тэгсэн сүүлд 2017 онд Т.Г  нь миний нөхрийг дуудаж уулзаад “танайх битгий гомдол гаргаарай, би та нарыг хохироосон, таны худалдан авсан орон сууцны гэрээ шилжүүлэх мөнгө гэж 5.700.000 төгрөгийг танаас авчихаад би өөрөө авсан, 303 дугаартай орон сууцыг худалдан авах гэж байсан хүнд өгнө гэж худлаа хэлж авсан юм, би тэр хүнд өгөөгүй, таны хохирлыг барагдуулъя, битгий гомдол гаргаач” гэж гуйж 2017 оны 5 билүү 6 дугаар сард миний Хаан банкны 5890516499 дугаартай данс руу хоёр удаа хувааж 5.700.000 төгрөг шилжүүлж өгсөн.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 75-76 дахь тал/, 

          гэрч Б.Г ийн “...“Их хаадын цуваа” ХХК-ийн 3 дугаар байрны 4 давхарт хоёр өрөө байр худалдан авахаар гэрээ хийж урьдчилгаа 5.000.000 төгрөг тушаасан, энэ байр арай томдоод 30 хувийн төлөлт хүрэхгүй байхаар нь Т.Г тай уулзаад “дараагийн байрнаас бага хэмжээтэй байранд ормоор байна” гээд 6 дугаар байрны 503 тоотод орох болсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 127 дахь тал/,

          “...Урьдчилгаанд өгсөн 5.000.000 төгрөгөө сүүлд байр авах үедээ “Их хаадын цуваа” ХХК-иас авсан, гэхдээ бэлнээр нь эргүүлж аваагүй, шууд дансаар шилжээд манай байрны үнээс хасагдаж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал/,

          “...ямар учиртай 5.700.000 төгрөгийн талаар яриад байгааг ойлгохгүй байна, би 3-303 тоот байрыг захиалан бариулах гэрээгээ бусдад шилжүүлээд 5.700.000 төгрөг авах талаар “Их хаадын цуваа” ХХК-ийн борлуулалтын менежер Т.Г  гэж хүнд хэлж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

          гэрч Б.Б ийн “...Би өөрийн төрсөн эх Б-ны   хамт зээлийн гэрээ байгуулан “Их хаадын цуваа” ХХК-ийн барьсан 7А хорооллын 5 дугаар байрны 902 тоот хоёр өрөө 57.63м.кв байрыг м.кв-ийг 1.650.000 төгрөгөөр бодож 95.089.500 төгрөгөөр худалдан авч, гэрээг тухайн байгууллагын борлуулалтын менежер Т.Г  гэдэг эгчтэй байгуулж байсан. Ээж бид хоёрыг 30 хувийн мөнгөө төлж байхад Т.Г  хажууд байж байгаад “манай байгууллагад мөнгө хэрэгтэй байна” гээд 2.850.000 төгрөг бэлнээр аваад баримт өгсөн. Тэгтэл саяхан “Их хаадын цуваа” ХХК-ийн ажилтан дуудаад “танайх байр авах үедээ гурван хувийн хөнгөлөлт эдэлсэн юм уу” гэж асуусан, “манайх эдлээгүй” гэдгээ хэлсэн. Тэгтэл манайх гурван хувийн хөнгөлөлт эдлээд байраа 92.236.815 төгрөгөөр худалдаж авсан мэт гэрээ байгуулсан байсан. Тухайн гэрээн дээрх гарын үсгийг үзсэн чинь ээж бид хоёрын гарын үсгийг дуурайлгаж зурсан байна лээ.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 129-130 дахь тал/,

          “...ээж бид хоёр байр авахдаа ямар нэгэн хөнгөлөлт эдлээгүй, ...“Их хаадын цуваа” ХХК-аас гурван хувийн хөнгөлөлтийн мөнгийг эргүүлж өгөх юм бол мөнгөө авах хүсэлтэй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 93-94 дэх тал/,

          гэрч Т.Б-ны   “...Би А  гэх хүнийг танина, ...би орон сууц худалдан авахдаа охин Б-н    хамт очиж үзээд худалдан авсан, орон сууц худалдан авах ажилдА  зуучилж, Г   гэх эмэгтэйтэй уулзуулж, зуучилсан явдал огт болоогүй.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 83 дахь тал/,

          гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-н “...Би 2016 оны 4 сарын сүүлээр байр худалдаж авах гээд “Их хаадын цуваа” ХХК руу очоод борлуулалтын менежер Т.Г гаас “танай байр 1м.кв нь хэд вэ” гэхэд “1м.кв нь 1.650.000 төгрөгөөр зарагдана” гэсэн. ...“бэлэн мөнгө төлбөл хямдрал байхгүй юу” гэхэд “маргааш захирал Улаанбаатараас ирнэ, уулзаарай” гэсэн. Тэгээд уулзахаар ирэхэд Т.Г  нь нэг хаалга заагаад “энэ хүнтэй уулз” гэсэн, зааж өгсөн өрөө рүү ороход нэг намхан залуу сууж байсан, “танай байрыг сонирхож байна, 100% төлбөрөө төлбөл хямдрал байгаа юу” гэхэд “1м.кв-аас 50.000 төгрөг хасаад өгөх бололцоо байгаа” гэсэн, би саналыг хүлээн зөвшөөрөөд 122.992.000 төгрөгөөр авах болсон. Тэр залуу надад дансны дугаар өгсөн, гараад явж байтал утсаар залгаад “та 107.492.000 төгрөгийг “Их хаадын цуваа” ХХК-ийн дансанд хийгээд үлдэгдэл мөнгийг надад бэлнээр авч ирж өгнө шүү” гэхээр нь эхнэр бид хоёр гайхаад хэлэлцэж байгаад...үлдсэн мөнгийг бэлнээр захирал болох Ч т өгсөн. ...Т.Г гийн “захирал” гэж танилцуулсан хүн бол Н.С  биш Х.Ч гэж хүн байсан. ...надад таван хувийн хөнгөлөлт үзүүлэхээс гурван хувийн хөнгөлөлт үзүүлж өөрсдөө хоёр хувь болох 2.498.275 төгрөгийг завшсан байна. Иймд 2.498.275 төгрөгийг Т.Г , Х.Ч нараас нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 102-103 дахь тал/,          

          “...Би “Их хаадын цуваа” ХХК орон сууц борлуулж байгаа талаар зараас мэдээлэл авч, борлуулалтын ажилтан Т.Г  гэх эмэгтэйтэй уулзаж орон сууц худалдан авах гэрээ хийсэн. Хэн нэгэн зуучилж, би очоод байр худалдан авсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 84 дэх тал/,

          гэрч Д.Б-н    “...Би Х.Ч, Т.Г  нарт 1м.кв 1.452.000 төгрөгөөр орон сууц бариулах тухай гэрээ хийх зөвшөөрөл өгөөгүй, надад энэ хэмжээний эрх мэдэл байхгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 49 дэх тал/,

          яллагдагч Т.Г гийн “...Хөнгөлөлтийг Н.С  захирал өөрөө “нэг болон есөн давхрын борлогдохгүй байрыг гурван хувийн хөнгөлөлтөөр зарж борлуул, зарагдаж байвал хөнгөлөлт үзүүлсэн гурван хувь нь хэнд, хаашаа, яаж зарцуулагдах нь хамаагүй” гэсэн. ...Би Б.Б , А.А  нараас авсан мөнгө нь тус бүрийнх нь гурван хувийн хөнгөлөлт, С.М  аас авсан мөнгө нь хоёр хувийн хөнгөлөлтийн мөнгө байгаа юм. Тухайн хүмүүс хөнгөлөлт эдэлж байгаа гэдгээ мэдээгүй, байр худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг зарж байсан үнээр нь хийж, цааш нь “Их хаадын цуваа” ХХК-д шилжүүлэх үедээ дундаас нь хөнгөлөлтийг нь аваад мөнгийг нь шилжүүлсэн. ...Тухайн гэрээнүүдийг хуурамчаар үйлдээд гарын үсгийг би өөрөө зурсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 4-5 дахь тал/, 

          “...Компани байрыг борлуулж болох нөхцөл, худалдан авагчийн худалдан авах боломж хоёрын дундаас ашиг гаргасан нь үнэн. ...Ер нь бол С.М   нь 2016 оны 4-5 дугаар сард орон сууц худалдан авахдаа 2015 оны 11 дүгээр сард гэрээ байгуулсан хэлбэрээр худалдан авсан, гэрээ байгуулахдаа гэрээний үнийн дүн дээр маргаагүй, сэтгэл ханамжийн баталгаа нь зуун хувь байсан учраас би өөрийгөө залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Мөнгийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулаад үрээд дуусгасан. Энэ талаар Х.Ч мэдээгүй. ...Х.Чыг С.М  тай танилцуулаагүй, Х.Ч С.М  тай уулзаж мөнгө авч байсан, тухайн үед би Н.С  захирлын гар утас руу залгаад “С.М   гэж хүн зуун хувь мөнгөө төлөөд байр авья гэсэн хүсэлт гаргалаа” гэсэн чинь “наад хүнээсээ 13.000.000 төгрөг бэлнээр авч буцаалт хийх хүмүүст тараагаад өгөөрэй, үлдсэнийг нь компанийн дансанд хийлгэ” гэж хэлсэн. С.М-д таван хувийн хөнгөлөлт үзүүлэхээс гурван хувийн хөнгөлөлт үзүүлж, хоёр хувийн хөнгөлөлт болох 2.500.000 төгрөгийг 13.000.000 төгрөгийн хамт С.М  аас бэлнээр авсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 111-112 дахь тал/,

          “...Тухайн үед байгуулсан орон сууцны гэрээ, үнийн дүн, данс руу орсон мөнгө зэргийг бүгдийг Н.С  мэдэж байсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

          “...Д.М  “урьд хийгдсэн гэрээнийх нь дагуу хөнгөлөлттэй үнээр авч болох уу” гэж асуухаар нь би захирал Н.С т утсаар танилцуулсан. Захирал Н.С  “нэгэнт гэрээ хийгдчихсэн байгаа учир үнээр нь борлуулчих” гэсэн. Э.Б ийн хадам аав захирал Н.С тай уулзаж зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээг байгуулсан. Х.Ч бид хоёр хоёулаа компанид ажилладаг, байр түрээслэн амьдардаг нөхцөл байдлыг харгалзан үзээд “...“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулдаг хөнгөлөлттэй үнээр орон сууц авч, зээлэнд хамрагдахгүй юу даа” гэж захирал өөрөө санал болгосон, биднийг дээрх үнээр байр худалдаж авч байгаа гэдгийг компанийн удирдлагууд бүгд мэдэж байсан. Б.Б , А.А  нарын орон сууц захиалах гэрээний эхний нүүр буюу үнийн дүнг бичсэн нүүрийг сольж гарын үсгийг нь өөрөө зураад хөнгөлөлт эдлүүлээгүй байдлаар гэрээг өгсөн нь үнэн, улмаар дээрх хоёр захиалагчаас хөнгөлөлтийн мөнгийг нь өөртөө бэлнээр гаргуулж авсан, мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь үнэн. Захиалагч С.М-н гэрээний эхний нүүр буюу мөнгөн дүн бичигдсэн нүүрийг сольж, өөрөө гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж, компанид гурван хувийн хөнгөлөлт эдэлсэн мэт гэрээг өгсөн нь үнэн, зөрүү хоёр хувийн хөнгөлөлтийг би өөртөө зарцуулсан. Захиалагч С.М   “байрны төлбөрийг зуун хувь төлж, гэрээ байгуулна” гэсэн асуудлыг би захирал Н.С т утсаар хэлж танилцуулж байсан, “компаниас буцаалт хийж 20 гаруй сая төгрөгийг бусад захиалагч нарт өгөх шаардлагатай, бэлнээр гаргуулж аваад үлдэгдэл төлбөрийг дансаар хийлгэчих” гэсэн юм. Ингээд захирал Н.С аас өгсөн чиглэлийн дагуу Х.Ч захиалагч С.М  тай явж банкнаас бэлэн мөнгө гаргуулж аваад надад өгснийг би захирал Н.С ын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хүмүүст тарааж өгсөн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 150-152 дахь тал/,

          “...“Их хаадын цуваа” ХХК-ийн 2014 оны 07/2014 тогтоолын талаар мэдэхгүй, энэ тогтоолыг өмнө нь харж байгаагүй, тогтоолыг надад танилцуулаагүй, иргэн С.М-д таван хувийн хөнгөлөлт эдлүүлэх байснаас гурван хувийн хөнгөлөлт эдлүүлсэн. А.А гийн эдлэх ёстой байсан гурван хувийг Ц  гэх хүүхэн аваад надад 1.000.000 төгрөг өгсөн.А  гэж хүн Б.Б-ны  г зуучилж ирээд эдлэх ёстой хөнгөлөлт гэж гурван хувийн мөнгийг нь аваад надад 500.000 гаруй төгрөг өгсөн. Н.С  захирал хэн нэгэн хүн орон сууц авах хүн олж ирвэл орон сууц авах иргэний хөнгөлөлтийг нь зуучилж ирсэн хүнд нь өг гэсэн.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

          “...2014 оны 7 дугаар сард Д.Г ийн манай компанитай хийсэн “Орон сууц захиалан бариулах гэрээ” дээр он, сар өдрийг нь солихгүйгээр Д.М тай гэрээ хийсэн. Би Д.С   , Д.М  нарт “та хоёрын авах гэж байгаа байрыг урьд өмнө нь захиалсан хүн нь гэрээ шилжүүлэх юм бол 5.700.000 төгрөг авна” гэж худлаа хэлээд 5.700.000 төгрөгийг Д.М-с бэлнээр Евро эко төгөл хороололд байх 3-103 тоот ажлын өрөөндөө авсан. Гэхдээ 2017 оны 6 дугаар сард худлаа хэлж мөнгө авсан талаараа Д.С   д хэлж, уучлалт гуйгаад Д.С   ийн данс руу хоёр хувааж 5.700.000 төгрөгийг нь өгсөн.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

          яллагдагч Х.Ч-ын “...Би урьд нь С.М  тай уулзаж байсан, гэхдээ “Их хаадын цуваа” ХХК дээр уулзаагүй, С.М  аас 15.500.000 төгрөгийг аваад Т.Г д бэлнээр өгч байсан, мөнгөний учрыг ойлгоогүй, С.М-д өөрийгөө захирал гэж хэлээгүй, байрны хөнгөлөлтийн талаар яриагүй. Т.Г гийн гаргаж өгсөн баримт дээр “15.500.000 төгрөг хүлээн авлаа” гэсэн гарын үсэг зурж хүлээн авсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 114-115 дахь тал/,

          Б.Т-н  болон “Их хаадын цуваа” ХХК-ийн захирал Н.С ын Орхон аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 9-12 дахь тал/,

          Х.Ч болон “Их хаадын цуваа” ХХК-ийн захирал Н.С  нарын хооронд байгуулагдсан 2013, 2014 онуудын хөдөлмөрийн гэрээ, Т.Г  “Их хаадын цуваа” ХХК-ийн захирал Н.С  нарын хооронд байгуулагдсан 2014 оны хөдөлмөрийн гэрээ, “Их хаадын цуваа” ХХК-ийн захирал Н.С ын хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалууд /1 дэх хавтаст хэргийн 13-20/,

          “Их хаадын цуваа” ХХК-ийг төлөөлөн борлуулалтын менежер Т.Г г  “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” захиалагч нартай байгуулахыг зөвшөөрсөн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тушаал /1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал/, 

          “Их хаадын цуваа” ХХК болон “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 01/2013 дугаартай, “Евро Эко Төгөл” төслийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажиллагсдыг орон сууцаар ханган ажиллах ерөнхий гэрээ /1 дэх хавтаст хэргийн 26-28 дахь тал/, 

          “Их хаадын цуваа” ХХК-ийн “Орон сууц борлуулалтын үнэ тогтоох тухай” ТУЗ-ийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 37-39, 228 дахь тал/,

          “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” /1 дэх хавтаст хэргийн 41-55, 59-62, 66-69, 72-75, 80-81, 84-85, 87-90, 232-233, 235-238, 243-246 дахь тал/,

          Бэлэн мөнгөний орлогын баримт /1 дэх хавтаст хэргийн 56-58, 96 дахь тал/,

Т.Г гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 136, 137 дахь тал/,      

Х.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 147, 148 дахь тал/,      

          “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэл, хурлын тогтоол /1 дэх хавтаст хэргийн 224-226, 227, 228, 231, 233 дахь тал/,

          “Их хаадын цуваа” ХХК-ийн эзэмшлийн 5091293436 тоот ХААН банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 241-242 дахь тал/,

          “Их хаадын цуваа” ХХК-ийн эзэмшлийн 8125001738 тоот Голомт банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 247-250, 2 дахь хавтаст хэргийн 1-37 дахь тал/,

          Х.Чт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /2 дахь хавтаст хэргийн 218-229 дэх тал/,

          “Их хаадын цуваа” ХХК-д орон сууцны урьдчилгаа мөнгө төлсөн баримтууд болон дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 194-202 дахь тал/,

          Хохирол төлсөн баримтууд /4 дэх хавтаст хэргийн 89-95 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрчүүдээс мөн Т.Г , Х.Ч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч Т.Г , Х.Ч нарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Т.Г  нь “Их хаадын цуваа” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэн А.А тай,

2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Б , Т.Б нартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан орон сууц худалдан борлуулсан атлаа уг гэрээнд зааснаас өөр үнээр буюу 1.650.000 төгрөгөөр худалдан борлуулсан мэтээр хуурамч гэрээ үйлдэн, компанийн орлогод орвол зохих 6.406.785 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Н.С ын “...Б.Б , А.А  нар гурван хувийн хөнгөлөлт эдлэх боломжгүй захиалагч нар байсан.” гэх,

гэрч А.А гийн “...2017 оны 5 сард “Их хаадын цуваа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.С  утсаар яриад “танайх төлбөрийн үлдэгдэлтэй байна, ирж уулзаарай” гэсэн, уулзахад надад гэрээ үзүүлээд “энэ чиний гарын үсэг мөн үү” гэсэн, тухайн гарын үсэг минийх биш байсан. Би Т.Г тай гэрээ байгуулсан. ...байр худалдан авахдаа ямар нэг хөнгөлөлт эдлээгүй.” гэх мэдүүлэг,

          А.А-тай байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 082 дугаартай /жинхэнэ/, “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” /1 дэх хавтаст хэргийн 54-55/,

          А.А  байрны төлбөр төлсөн талаарх “Бэлэн мөнгөний орлогын баримт” /1 дэх хавтаст хэргийн 56-58, 63/,

А.А-тай байгуулсан гэх 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 082 дугаартай /хуурамч/, “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” /1 дэх хавтаст хэргийн 59-62/,

          гэрч Б.Б ийн “...Ээж бид хоёрыг 30 хувийн мөнгөө төлж байхад Т.Г  хажууд байж байгаад “манай байгууллагад мөнгө хэрэгтэй байна” гээд 2.850.000 төгрөг бэлнээр аваад баримт өгсөн. ...манайх гурван хувийн хөнгөлөлт эдлээд байраа 92.236.815 төгрөгөөр худалдаж авсан мэт гэрээ байгуулсан байсан. Тухайн гэрээн дээрх гарын үсгийг үзсэн чинь ээж бид хоёрын гарын үсгийг дуурайлгаж зурсан байна лээ.” гэх мэдүүлэг,

          Б.Б тэй байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 083 дугаартай /жинхэнэ/, “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” /1 дэх хавтаст хэргийн 84-85/,

          Б.Б  байрны төлбөр төлсөн талаарх “Бэлэн мөнгөний орлогын баримт” /1 дэх хавтаст хэргийн 82, 83, 91/,

          Б.Б тэй байгуулсан гэх 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 083 дугаартай /хуурамч/, “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” /1 дэх хавтаст хэргийн 87-90/ зэрэг баримтуудаар,

шүүгдэгч Т.Г  нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Мөнхсайханыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтан Б.Г ийн захиалсан байранд оруулж, зөрүү мөнгийг нь Б.Г-т өгнө гэж хуурч 5.700.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

гэрч Д.М-н “...5.700.000 төгрөгийг Т.Г  “гэрээгээ шилжүүлэх гэж байгаа хүнд өгнө” гэхээр нь би бэлнээр аваачиж өгсөн. Тэгээд сүүлд 2017 онд Т.Г  надтай ирж уулзаад “танаас гэрээ шилжүүлэх хүнд өгнө гэж авсан 5.700.000 төгрөгийг би худлаа хэлж авсан юм, гэрээ шилжүүлсэн тухайн хүнд өгөөгүй, өөрөө авсан, намайг уучлаарай, та битгий гомдол гаргаарай” гэж хэлээд 5.700.000 төгрөгийг хоёр хувааж миний эхнэрийн данс руу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 3.200.000 төгрөгийг шилжүүлж буцаан өгсөн.” гэх,

хохирогч Д.М-н “...5.700.000 төгрөгийг Т.Г  “гэрээгээ шилжүүлэх гэж байгаа хүнд өгнө” гэхээр нь би бэлнээр 5.700.000 төгрөгийг Т.Г д аваачиж өгсөн.” гэх,

гэрч Д.С   ийн “...Т.Г  “гэрээ шилжүүлж өгч байгаа хүнд өгнө” гэж 5.700.000 төгрөгийг нөхөр Д.М-с бэлнээр авсан. Тэгсэн сүүлд 2017 онд Т.Г  нь миний нөхрийг дуудаж уулзаад “танайх битгий гомдол гаргаарай, би та нарыг хохироосон, таны худалдан авсан орон сууцны гэрээ шилжүүлэх мөнгө гэж 5.700.000 төгрөгийг танаас авчихаад би өөрөө авсан, 303 дугаартай орон сууцыг худалдан авах гэж байсан хүнд өгнө гэж худлаа хэлж авсан юм, би тэр хүнд өгөөгүй, таны хохирлыг барагдуулъя, битгий гомдол гаргаач” гэж гуйж 2017 оны 5 билүү 6 дугаар сард миний Хаан банкны 5890516499 дугаартай данс руу хоёр удаа хувааж 5.700.000 төгрөг шилжүүлж өгсөн.” гэх,

гэрч Б.Г ийн “...ямар учиртай 5.700.000 төгрөгийн талаар яриад байгааг ойлгохгүй байна, би 3-303 тоот байрыг захиалан бариулах гэрээгээ бусдад шилжүүлээд 5.700.000 төгрөг авах талаар “Их хаадын цуваа” ХХК-ийн борлуулалтын менежер Т.Г  гэж хүнд хэлж байгаагүй.” гэх мэдүүлгүүдээр,

Д.М тай байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 042 дугаартай, “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” /1 дэх хавтаст хэргийн 41-42/ зэрэг баримтуудаар,

шүүгдэгч Т.Г  нь өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэн Д.М , Э.Б  нарт “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж “Их хаадын цуваа” ХХК-д 26.472.600 төгрөгийн,

мөн өөрийн нөхөр Х.Чт “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1м.кв орон сууцыг 1.600.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж “Их хаадын цуваа” ХХК-д 10.182.400 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Н.С ын “...иргэн Д.М-д  1м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр борлуулах ёстой байсан атал Т.Г  дур мэдэн 1.452.000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан, ...иргэн Э.Б-д  1м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр борлуулах ёстой байсан атал Т.Г  нь дур мэдэн 1.452.000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан, ...иргэн Х.Чт 1м.кв орон сууцыг 1.600.000 төгрөгөөр борлуулах ёстой байсан атал Т.Г  дур мэдэн 1.452.000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан.” гэх,

хохирогч “Их хаадын цуваа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-н  “...Д.М тай 1м.кв нь 1.650.000 төгрөгийн гэрээ хийх ёстой байсан. Манай компани “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай гэрээ байгуулаад орон сууцыг үйлдвэрийн ажилчдад 1м.кв 1.452.000 төгрөгөөр, энгийн иргэдэд 1м.кв 1.650.000 төгрөгөөр худалдах ёстой. Д.М  “Эрдэнэт үйлдвэр”-т ажилладаггүй, мөн шалгалтаар Э.Б  1м.кв 1.452.000 төгрөгөөр, Х.Ч нь 1м.кв 1.452.000 төгрөгөөр бодсон байсан.” гэх,

гэрч Э.Б ийн “...1м.кв 1.452.000 төгрөгөөр худалдан авсан.” гэх,

гэрч Д.М-н “...2015 оны 4 сард 7А хорооллын 3 дугаар байрны 303 тоот 64.9м.кв хоёр өрөө орон сууцыг 1м.кв 1.452.000 төгрөгөөр бодож авсан.” гэх,

гэрч Д.С   ийн “...Т.Г  “та 303 тоот байрыг сонирхох юм бол 1м.кв нь 1.452.000 төгрөгөөр орж болно, хэрэв 303-т орох юм бол “надад 5.000.000 төгрөг өгөх шаардлагатай, яагаад гэвэл 303-т өмнө нь ГОК-ийн ажилтан 5.000.000 төгрөг байршуулсан байгаа, тэр мөнгийг гаргах шаардлагатай” гэсэн.” гэх,

гэрч Д.Б-н    “...Би Х.Ч, Т.Г  нарт 1м.кв 1.452.000 төгрөгөөр орон сууц бариулах тухай гэрээ хийх зөвшөөрөл өгөөгүй, надад энэ хэмжээний эрх мэдэл байхгүй.” гэх мэдүүлгүүдээр,

          Э.Б тэй байгуулсан гэх 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 045 дугаартай /хуурамч/, “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” /1 дэх хавтаст хэргийн 235-238/,

          Э.Б тэй байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 045 дугаартай /жинхэнэ/, “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” /1 дэх хавтаст хэргийн 232-233/,

          Х.Чтай байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 055 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” /1 дэх хавтаст хэргийн 47-50/,

Д.М тай байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 042 дугаартай, “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” /1 дэх хавтаст хэргийн 41-42/ зэрэг баримтуудаар,

          шүүгдэгч Х.Ч Т.Г  нар нь бүлэглэн,

2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С.М-д 76.87м.кв орон сууцыг 122.992.000 төгрөгөөр зарж борлуулахдаа таван хувийн хөнгөлөлт эдлүүлэхээс гурван хувийн хөнгөлөлт эдлүүлж, С.М-н эдэлбэл зохих хоёр хувийн хөнгөлөлт болох 2.498.275 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Н.С ын “...5 дугаар байрны 304 тоот байр авсан иргэн С.М   нь төлбөрийг зуун хувь бүрэн төлсөн бөгөөд энэ үндэслэлээр таван хувийн хөнгөлөлт эдлэх ёстой байсан. Гэтэл С.М   гэж хүнд гурван хувийн хөнгөлөлт эдлүүлэн гэрээ хийж байгууллагад үлдэх хувийг таван хувийн хөнгөлөлт эдлүүлсэн мэтээр хуурамч гэрээ үйлдэж дундаас нь хоёр хувийн мөнгийг завшиж С.М   гэх иргэнийг 2.498.275 төгрөгөөр хохироосон.” гэх,

          хохирогч “Их хаадын цуваа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-н  “...С.М   гэж хүн зуун хувь мөнгөө төлөөд таван хувийн урамшуулал авах байсан чинь Ч , Г   нар гэрээ байгуулахдаа гурван хувийн хөнгөлөлтийг буцаан олгож, хоёр хувийг өөрсдөө хувьдаа ашигласан.” гэх мэдүүлгүүдээр,

          “Их хаадын цуваа” ХХК-ийн “Орон сууц борлуулалтын үнэ тогтоох тухай” ТУЗ-ийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 37-39, 228 дахь тал/,

          С.М  тай байгуулсан гэх 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 035 дугаартай /хуурамч/, “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” /1 дэх хавтаст хэргийн 72-75/,

          С.М-н Голомт банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 76/,

          С.М  тай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 035 дугаартай /жинхэнэ/, “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” /1 дэх хавтаст хэргийн 66-69/,

          С.М  аас бэлэн мөнгө авсан тухай “Бэлэн мөнгөний орлогын баримт” /1 дэх хавтаст хэргийн 96/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй баримтууд байна.

Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг ойлгоно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд, шүүгдэгч Т.Г гийн “Их хаадын цуваа” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг дур мэдэн өөрчлөх, төлбөрийг компанийн харилцах данснаас гадуур хүлээн авах, өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрх олгогдоогүй байхад иргэн А.А , Б.Б , Т.Б нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг өөрчлөн хуурамч гэрээ үйлдэж, жинхэнэ болон хуурамч гэрээний үнийн дүнгийн зөрүүг хувьдаа завшсан үйлдэл,

          хохирогч Д.М-с “...“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилладаг Б.Г ийн байранд оруулж, зөрүү мөнгийг нь Б.Г-т өгнө.” гэж хуурч 5.700.000 төгрөгийг залилсан үйлдэл,

          мөн шүүгдэгч Х.Ч-тай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан иргэн С.М-д орон сууц худалдан борлуулахдаа таван хувийн хөнгөлөлт эдлүүлэхээс гурван хувийн хөнгөлөлт эдлүүлж, С.М-н эдэлбэл зохих хоёр хувийн хөнгөлөлт болох 2.498.275 төгрөгийг залилсан үйлдлүүд нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг,

          харин шүүгдэгч Т.Г  нь өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал тогтоон 1м.кв орон сууцыг Д.М , Э.Б  нарт 1.650.000 төгрөгөөр, Х.Чт 1.600.000 төгрөгөөр тус тус тооцон худалдан борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1.452.000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулж “Их хаадын цуваа” ХХК-д нийт 36.655.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг,

          шүүгдэгч Х.Ч-ын бусадтай бүлэглэн С.М  аас 2.498.275 төгрөг авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг тус тус хангасан гэж үзнэ. 

Шүүгдэгч Т.Г , Х.Ч нарын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон  албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.Г гийн гэм буруутай үйлдлийн улмаас “Их хаадын цуваа” ХХК-д учирсан 36.655.000 төгрөгийн хохирол нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан “их хэмжээний хохирол”-д хамаарахаар байна.

Шүүгдэгч Х.Ч-ыг “бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Идэрмөнх яллах  дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ. 

Учир нь; шүүгдэгч Х.Ч нь албан тушаалын хувьд бусдад орон сууц худалдан борлуулах, хөнгөлөлт эдлүүлэх эрх хэмжээгүйгээс гадна хэрэгт авагдсан баримтуудаар түүнийг албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.  

          2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

          Шүүгдэгч Х.Ч-ын “бүлэглэн, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэг нь үндсэн шинжээрээ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй адил, төстэйгээс гадна тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээ хөнгөрч хуульчлагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх үндэслэлд хамаарна.

Иймд шүүгдэгч Х.Ч-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т.Г-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах”, мөн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан “аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал тогтоох” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

          Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар;

Шүүх шүүгдэгч Т.Г-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах”, мөн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан “аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал тогтоох” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Х.Ч-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Т.Г д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх, 

шүүгдэгч Х.Чт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б аас “...шүүгдэгч Х.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү,

харин шүүгдэгч Т.Г д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.  

          2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хууль үйлчлэх цаг хугацааг “2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж,

7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.” гэж заажээ.

Шүүгдэгч Т.Г-гийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөг тооцон борлуулахаар тогтоосон үнээр иргэн Д.М , Э.Б , Х.Чулаанбаатар нарт орон сууц борлуулж, “Их хаадын цуваа” ХХК-д 36.655.000 төгрөгийн хохирол учруулсан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн, мөн учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж байна.

Харин шүүгдэгч Т.Г  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ял шийтгүүлсэн этгээдийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах талаар хуульчилсан дагуу түүний хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал зэргийг тус тус харгалзан эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй.  

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байна.

Шүүх шүүгдэгч Х.Ч-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт  зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 

шүүгдэгч Т.Г гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг, мөн “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг,

шүүгдэгч Х.Ч-ын “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

         Хохирогч Н.С  нь иргэний хариуцагч Д.М , Э.Б , Х.Ч нар болон шүүгдэгч Т.Г гаас  “Их хаадын цуваа” ХХК-д учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэн, 

         шүүгдэгч Т.Г г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Х.Ч-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          шүүгдэгч Т.Г гаас 36.655.000 төгрөгийг гаргуулан “Их хаадын цуваа” ХХК /захирал Н.С /-т олгохоор шийдвэрлэхэд шүүгдэгч Т.Г , түүний өмгөөлөгч Б.Б  нар “хохирол төлөхөөр шүүх хуралдааныг түр завсарлуулах” хүсэлт гаргасан болно.

          Шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг түр хугацаагаар завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Т.Г  нь 36.655.000 төгрөгийг хохирогч “Их хаадын цуваа” ХХК /захирал Н.С /-т төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасан байна.

Эрүүгийн хэргийн иргэний нэхэмжлэлийн гол шинж нь;

  • хохирол бодитой учирсан байх,            
  • тухайн хохирол, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь шалтаант холбоотой байх ёстой.

Өөрөөр хэлбэл гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас л хохирол бий болсон байх учиртай.

Харин эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд гэдэг нь холбогдох хуулийн дагуу тодорхой үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд байхыг ойлгоно.

“Их хаадын цуваа” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байсан  Т.Г гийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг дур мэдэн өөрчилсөн, төлбөрийг компанийн харилцах данснаас гадуур хүлээн авсан, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан зэрэг түүний гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд нь шүүгдэгч Т.Г  байх тул Д.М , Э.Б , Х.Ч нарыг  иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй юм.

Энэ хэрэгт хураагдаж ирсэн 4 ширхэг хуурцагийг /3 дугаар хавтаст 1ш, 7 дугаар хавтаст 3ш/ хэрэг нь хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч Т.Г  71 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдаж,

шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 37.1, 38.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.И-с шүүгдэгч Х.Ч-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

         2.Шүүгдэгч Б  овогт Т-н Г  г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан “хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Ү  овогт Х-н Ч-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

         3.Шүүгдэгч Т.Г-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

         2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

         шүүгдэгч Х.Чыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

         4.2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Чын хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай. 

         5.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г , Х.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг хуурцагийг хэрэгт нь хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Т.Г  71 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдаж,

Д.М , Э.Б , Х.Ч нарыг иргэний хариуцагчаар татсан тогтоолуудыг хүчингүй болгосугай.

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, иргэний хариуцагч нар, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.Э