Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00846

 

                                         Иргэний нисэхийн ерөнхий газрын

                              нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00549 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1009 дүгээр магадлалтай,         

Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлтэй,

Д.Э-д холбогдох        

Байгууллагад учирсан хохирол 3,914,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.         

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын үйлчилгээ, аж ахуйн албаны менежер Д.Э нь 2015.02.07-ны өдөр тус байгууллагын харьяа Сэргээн засах амралтын газарт 120 хүний хамт үйлчлүүлсний төлбөр 3,914,000 төгрөгийг төлөөгүй ба энэхүү төлбөрийг Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Дагвадоржийн 2015.02.04-ний өдөр баталсан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн өдрийн хоол болон үйлчилгээний төлбөр 500,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгөөр хаах байсныг хаагаагүй гэж Д.Э тайлбарласан. Гэтэл уг төсвийн дагуу 2015.02.07-ны өдөр 600 хүний комплекс хоолны тооцоо 3,441,000 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас цасны баярын үйл ажиллагаанд гэсэн гүйлгээний утгатайгаар системийн хоорондын тооцоогоор тооцоо нийлж хаасан учраас Иргэний нисэхийн ерөнхий газрын Дотоод аудитын албаны шалгалтаар Д.Э-оос 3,914,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж гарсан. Дээрх төсвийн дагуу Сэргээн засах амралтын газраас Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилчдад зориулсан комплекс хоол нэг хүний 5,735 төгрөг, нийт 600 хүний 3,441,000 төгрөгийн тооцоо гарсан нь тооцооны хуудсаар нотлогдож байгаа. Гэтэл Д.Э-ын гарын үсэгтэй тооцооны хуудсуудад тэмдэглэгдсэн 120 хүний хоол 2 удаа, Экспорт архи 12 шил гэх мэтчилэн худалдан авсан бараа бүтээгдэхүүн нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Мөнгөн өвөл-2015 арга хэмжээнд хамрагдаж хоолонд орсон ажилчдын тоотой зөрүүтэй байгааг харуулж байгаа юм. Д.Э нь 2015.02. 07-ны өдөр нэр бүхий 120 хүнийг Сэргээн засах амралтын газарт үйлчлүүлсэн нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч үйлчилгээний төлбөр 3,914,000 төгрөгийг төлөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй, ямар ч байсан төлсөн нь үнэн гэж тайлбарладаг нь үндэслэлгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 заасны дагуу иргэн Д.Э-оос 3,914,000 төгрөгийг гаргуулж Иргэний нисэхийн ерөнхий газарт олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа хүний нөөц, тамгын газрын менежерээр Иргэний нисэхийн ерөнхий газрын 2015.01.07-ны өдрийн б/01 дүгээр тушаалаар Д.Э намайг томилсон. Тухайн үед 2015.02.07-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа албад, салбаруудад нэгдсэн журмаар цасны баяр хийх арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээнд манай салбарын 900 гаруй ажилтан оролцсон. Мөнгөн өвөл-2015 арга хэмжээнд удирдлагуудаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга Г.Мөнгөнхуяг, Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Дагвадорж нар байсан бөгөөд тухайн үед тооцооны хуудас аваад ир гэж А.Дагвадорж дарга хэлсэнээр Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сэргээн засал, сувилал цогцолборт 120 хүнийг 2015.02.07-ны өдөр хүлээн авалт хийсэн тухай би мэдэхгүй. Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргаж байгаа нэхэмжлэлдээ намайг ярьсан, мэдэж байгаа мэтээр гүтгэж, хувь хүний нэр хүндийг гүтгэсэн агуулгатай зүйл бичсэнд хууль хяналтын холбогдох байгууллагад гомдол гаргах болно. Миний бие улсад 45 жил ажиллах хугацаандаа улс, ардын аж ахуйн олон барилга байгууламжийг хариуцан бариулж, улс төр болон төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллахдаа хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өмч хөрөнгө ашиглан шамшигдуулж байгаагүй, гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй, үнэнч шударгаар ажил хөдөлмөр эрхэлж байна. Намайг гүтгэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан учраас холбогдох хуулийн байгууллагаар шалгуулан үнэн зөвийг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилтандаа гаргасан 3,914,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00549 дүгээр  шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагч Д.Э-оос 3,914,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт олгуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77,574 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1009 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00549 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,574 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн үнэн зөв шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх ...хэргийн материалд анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг хавсаргаагүй... гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь нэхэмжлэгч талын эрх ашгийг зөрчиж байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг хэргийн материалд хавсаргаагүй нь техник алдаа бөгөөд энэхүү алдааг залруулах боломжтой тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ: 

Иргэний нисэхийн ерөнхий газар Д.Эхолбогдуулан байгууллагад учирсан хохирол 3,914,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Анхан шатны шүүхийн 2020.03.02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй тул шүүх хуралдаан хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэх, оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн эсэх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт хийх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Анхан шат, хяналтын шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ. Хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нотолгооны хэрэгсэлд тооцогддог.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1009 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ            

                               ШҮҮГЧИД                             Б.МӨНХТУЯА 

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                             Г.ЦАГААНЦООЖ