Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 564

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, Л.Г.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Д.Үүлэн,      

          орчуулагч Ч.Батчулуун,

          шүүгдэгч Б.Б, Л.Г.М, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бүрнээ, Ж.Эрхэмбаатар,

          хохирогч, иргэний нэхэмжлэгч ХААН банкны төлөөлөгч Д.Наран,

          иргэний хариуцагч Бай Гуй Шиний төлөөлөгч Ц.Одончимэг,

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

         

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дээд шатны прокурор Ц.Насанбатын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 31 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Б.Б, Л.Г.М, тэдгээрийн өмгөөлөгч П.Төрбат, Б.Бүрнээ нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, Л.Г.М нарт холбогдох 1702 0020 90079 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Байгальсайханы Б.Б, 1984 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, “Даймонд Гласс” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, .................. тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД:................/;

 

2. Л.Г.М /L G/, 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тиан жин хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг, гадаад худалдааны менежер мэргэжилтэй, “Даймонд Гласс” ХХК-ний ерөнхий захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../, гадаад паспортын дугаар ...............;

 

1. Б.Б нь өөрийн нөхөр БНХАУ-ын иргэн Л.Г.М, мөн БНХАУ-ын иргэн Ц.Ж.И, Ф.Л.Ж нартай бүлэглэн БНХАУ-ын нутаг дэвсгэр болон Монгол Улсын нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий картыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж ХААН банкны пос терминал төхөөрөмжинд 209 удаагийн хандалтаар 137 ширхэг картыг уншуулсанаас 134 удаагийн хандалт, 98 ширхэг картын гүйлгээ амжилттай хийгдэж ашигласан гэмт хэрэгт,

Мөн Б.Б нь БНХАУ-ын иргэн Л.Г.М, Ц.Ж.И, Ф.Л.Ж нартай бүлэглэн, БНХАУ-ын нутаг дэвсгэр болон Монгол Улсын нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий хуурамч картыг ашиглан нууцаар, хууль бусаар ХААН банкнаас 172.913.723 төгрөгийг хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. БНХАУ-ын иргэн Л.Г.М нь өөрийн эхнэр Монгол Улсын иргэн Б.Б, БНХАУ-ын иргэн Ц.Ж.И, Ф.Л.Ж нартай бүлэглэн БНХАУ-ын нутаг дэвсгэр болон Монгол Улсын нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд гадаад улсын банкны цахим картын мэдээлэл бүхий картыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж ХААН банкны пос терминал төхөөрөмжинд 209 удаагийн хандалтаар 137 ширхэг картыг уншуулсанаас, 134 удаагийн хандалт, 98 ширхэг картын гүйлгээ ажилттай хийгдэж ашигласан гэмт хэрэгт,

Мөн Л.Г.М нь Б.Б, Ц.Ж.И, Ф.Л.Ж нартай бүлэглэн БНХАУ-ын нутаг дэвсгэр болон Монгол Улсын нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий хуурамч картыг ашиглан нууцаар, хууль бусаар ХААН банкнаас 172.913.723 төгрөгийг хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдийг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар, БНХАУ-ын иргэн Л.Г.М үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдийг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ширээт гэгээн овогт Байгальсайханы Б.Б, БНХАУ-н иргэн Л.Г.М /L G/ нарыг бүлэглэн цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Б, Л.Г.М /L G/ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад, шүүгдэгч Л.Г.М /L G/ оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Бгийн урьд цагдан хоригдсон 6 хоног, шүүгдэгч Л.Г.М-ий урд цагдан хоригдсон 8 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт нэгтгэсэн хэрэггүй, яллагдагч БНХАУ-н иргэн Ц.Ж.И, Ф.Л.Ж нарт холбогдох хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, хард диск залгуурын хамт хэрэгт хавсаргаж, Iphone-6 plus загварын гар утсыг шүүгдэгч Л.Г.Мд, ХААН банк гэсэн бичиглэлтэй Пос терминал төхөөрөмжийг ХААН банкинд тус тус буцаан олгож, прокурорын зөвшөөрлөөр Хөрөнгө шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шүүгдэгч Б.Бгийн нэр дээрх ХААН банк дахь 5027497379, 5170011158 дугаартай данс, БНХАУ-ын иргэн Bai Guohing /СНN7104284М паспортын дугаартай/ нэр дээрх ХААН банк дахь 5013172072 дугаар данс, Б.Бгийн нэр дээрх Голомт банкны 2105103608, 3105111171 тоот төгрөгийн, 1605036887 тоот юаны данс, Б.Бгийн нэр дээрх 4242 УБО улсын дугаартай Nissan Glotia, 0344 УНП улсын дугаартай Тоуоtа mагk-2 маркийн тээврийн хэрэгсэл, Ү2204044179 дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Намъянжугийн гудамж, Ногоон төгөл хотхоны 74 дүгээр байрны 10 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө болон 5240336 регистрийн дугаартай газрын бичиг, 5421837 регистрийн дугаартай Хуягтцамхаг, 5604664 регистрийн дугаартай Бөх-Оч, 5615437 регистрийн дугаартай Даймондгласс зэрэг ХХК-ний бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг тус тус хүчингүй болгож, мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бай Гуй Шин /Ваi Guoxing/-ийг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Л.Г.М /L G/ нарын насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоохыг Баянзүрх дүүргийн засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Л.Г.М /L G/ нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Ц.Насанбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б.Б, Л.Г.М /L G/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдалд” үзнэ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй." гэсэн хориглосон шинжтэй заалтыг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөрчиж, Б.Б, Л.Г.М /L G/ нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 тусдаа зүйл, хэсэгт заасан гэмт үйлдэлд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэрэг болох үед тэр 2 Хятад улсын иргэн Ц.Ж.И, Ф.Л.Ж нарыг хууль бус гүйлгээ хийж байгааг би огт мэдээгүй. Би энэ 2 хүнийг танихгүй. Хэрэв миний нөхөр Л.Г.М бид хоёр энэ 2 хүнийг ийм зүйл хийдгийг мэдэж байсан бол яалаа гэж өөрсдийн нэр дээр пос машин авч, энэ 2 хүнд өгч өөрсдийгөө хэрэгт оруулах билээ. Ажил, гэр, эмнэлэг гэж өдөр шөнөгүй завгүй явж, үнэхээр анхаарал тавьж чадаагүйн улмаас өөрсдийгөө ийм асуудалд оруулчихлаа. Дээрээс нь би ХААН банкинд итгэж байсан. Яагаад гэвэл, ХААН банк үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг хянаж, хангах ёстой. Банкны бүх карт нууц кодтой байдаг. Гэтэл яаж ийм олон гадаад улсын иргэний картыг уншуулсан байх уу. Энэ бүгд чинь миний нөхөр бид 2 биш, ХААН банк өөрсдөө ямар ч хариуцлагагүй ажиллаж байгаа биш үү. Яагаад дөнгөж анх Ц.Ж.И, Ф.Л.Ж хоёр хүн хууль бус гүйлгээ хийж байхад нь ХААН банк зогсоогоод хаачихаж болоогүй юм. Банк өөрөө үйлчлүүлж буй иргэдээс хангалттай шимтгэл авч ажилладаг. ХААН банк энэ хариуцлагагүй асуудлыг хурдан шийдэхгүй бол нөхөр бид хоёрыг хохироож байна. Гэтэл өнөөдөр оргон зайлсан гэмт хэрэгтэн Ц.Ж.И, Ф.Л.Ж нар болон аюулгүй байдлаа хангаж чадаагүй ХААН банкнаас болж нөхөр бид 2 мөнгөөр, сэтгэл санаа, ажил төрөл, нэр хүндээрээ маш их хохирч байна. Нөхөр бид 2 хуурамч гүйлгээний мөнгөнөөс 1 төгрөг ч авч ашиглаагүй. Хятад Улсын иргэн Бай Гуй Шиний данс руу тэр хоёр хүний хэлснээр бэлнээр нийт 44.000.000 гаруй төгрөг, дансаар 124.000.000 гаруй төгрөг буюу 168.000.000 орчим төгрөг шилжүүлсэн. Энэ нь ХААН банкны гүйлгээний нотлох баримтаар таарч байгаа. Одоогоор миний шилжүүлсэн мөнгөний 100.000.000 гаруй төгрөг Бай Гуй Шиний ХААН банкны дансанд битүүмжилсэн байгаа. Энэ бодит баримттай, миний Бай Гуй Шиний данс руу шилжүүлсэн мөнгийг ХААН банкинд анхан шатны шүүх гаргуулж өгөөгүй. ХААН банкны нийт хохирол болох 167.000.000 гаруй төгрөгийг зөвхөн нөхөр бид хоёроор төлүүлж барагдуулсан. Иймд би Бай Гуй Шиний данс руу шилжүүлсэн бүх мөнгөө Бай Гуй Шиний данснаас гаргуулж авмаар байна. Учир нь, ХААН банкны хохирлыг нөхөр бид хоёрын гэр бүлийн хүмүүс нийлж барагдуулсан байгаа. Бид өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр олсон мөнгөө гадаад улсын иргэний гарт алдмааргүй байна. Нөхөр бид хоёр хувийн бизнесээ эрхлээд 10 гаруй жил амжилттай, асуудалгүй явуулсаар ирсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн орон гэргүй 3 айл өрхөд 5 ханатай, бүрэн тавилгатай 3 гэр өгч, буяны ажилд маш идэвхитэй оролцож ирсэн. Оргон зайлсан хэрэгтэн Ф.Л.Ж, Ц.Ж.И нараас болж өмнөөс нь нөхөр бид 2 хохирлыг барагдуулж, хорих ял авсандаа үнэхээр их гомдолтой байна.

Миний нөхөр айлын ганц хүүхэд. Эцэг, эх нь 70 нас гарсан, тэтгэврийн хөгшид байдаг. Миний эцэг, эх тэтгэвэрт гарсан, мөн 70 нас гарсан хүмүүс байдаг. Эцэг, эхүүдэд минь маш хүнд цохилт болж байна. Миний 2 хүүхдийн том нь хүү, 12 настай, бага нь охин, 10 настай бөгөөд хоёулаа Тянжин хотод сурдаг байсан. Энэ асуудлаас болж 2 хүүхэд минь Монгол Улсын Улсын Үй Цай дунд сургуульд шилжин ирээд удаагүй, сурч байгаа. Хүүхдүүд минь Монгол хэлээр ярьж чаддаггүй. Өдөр, шөнөгүй эцэг, эхээ асууж, хүүхдүүд минь сэтгэлийн гүн шоконд ороод байна. Охин минь 2 ч удаа эмнэлэг явж үзүүлсэн байдаг. Миний бие 2 хөхөндөө хорт хавдартай. Эмчийн хяналтанд явдаг байсан. Хорих ангийн эмчид үзүүлсэн. Ийм эмчилгээ байхгүй гээд зөвхөн өвчин намдаах эм надад өгч байгаа. Эход нь харуулахад 2 хөхний хавдар хоригдсоноос хойш улам томорсон байсан. Иймд би яаралтай гадагшаа явж хагалгаанд орохгүй бол болохгүй байна. Мөрдөн байцаалтын явцад бүх нотлох баримтыг нөхөр бид хоёр өөрсдөө бүрдүүлж мөрдөн байцаагчид өгсөн. Нөхөр бид 2 хулгай хийгээгүй. Нөхөр бид хоёр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хохирлын мөнгийг төлсөн юм биш ээ. Нөхөр бид хоёрт оногдуулсан ялыг хөнгөлж хорихоос өөр ял оногдуулах байх гэж бодсондоо 2 талын аав, ээж, ах дүү нар минь төлсөн. Бид хоёр хулгай хийж, хүн хохироож амьдарлаа авч явдаг хүмүүс биш. Оргон зайлсан Ф.Л.Ж, Ц.Ж.И нараас болж хийгээгүй хэргийнхээ өмнө хийсэн болчихоод, өмнөөс нь ял шийтгэл авч шоронд орж, үлдэх амьдралдаа хар мөр үлдээх, үр хүүхэд, олны өмнө сэтгэлд нь сэв суулгаж амьдармааргүй байна. Иймд нөхөр бид хоёрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан зүйлийг хасаж өгнө үү. Дахин хүнд итгэж, хайнга хандахгүй, хүнийг хохироохгүй гэдгээ амлаж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Г.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.Г.М би Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолыг гардан авч танилцаад дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хятад улсын иргэн Ц.Ж.И, Ф.Л.Ж нар надад хамтран ажиллах ашигтай, эрсдэлгүй бизнес байна гээд хамтран ажиллах санал тавьсан. Тэд анхнаасаа надад хэлэхдээ хууль ёсны гэж итгүүлсэн. Тэгж миний итгэлийг олж авсан. Намайг хуурч мэхлэн, залилж байгааг үнэхээр мэдсэнгүй. Эцэстээ, тэдэнд би залилуулж, эд хөрөнгөөрөө хохирч, эцэстээ ялтан болчихоод сууж байна. Хамтран ажиллахад миний зүгээс банкны посс машин л олоод өгчих гэсэн. Тэгээд тэдний гуйлтаар ХААН банкнаас "Баяр" массажны газарт массаж, чийрэгжүүлэх үйлчилгээний хөлс авна гэж хэлж, материал бүрдүүлж авсан. Ийнхүү худлаа хэлж посс машин авсандаа харамсаж байна. Улмаар Ц.Ж.И, Ф.Л.Ж нар нь цахим карт уншуулсан. Маш олон уншуулсан, уншуулах оролдлого хийснийг, тэдгээр картын мэдээлэл нь хуурамч байсныг хожим мэдсэн. ХААН банкаар дамжуулж бусдад 172.913.723 төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ бүхнийг гардаж үйлдсэн Хятад улсын иргэн Ц.Ж.И, Ф.Л.Ж нарыг хууль хяналтын байгууллагынхан оргуулаад алдчихсан. Бид ч энэ хэргийн хохирогч. Биднийг ч мөн залилсан.

Миний эхнэр Б.Б нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр БНХАУ-ын Цан Сянь эмнэлэгт шинжилгээ хийлгэж байсан бөгөөд эмгэг судлалын онош нь "1. Зүүн талын хөхний булчирхайн инвазив хэлбэрийн хавдар. 2. Суганы тунгалагийн зангилааны хавдар" гэж гарсан. Бие муутай. Хэвтэж эмчлүүлэх ёстой хүн өнөөдөр хорих ял эдэлж байна. Бид шударгаар олсон бүхий л хөрөнгө, эд зүйлээ зарж байж хохирлыг бусдын өмнөөс төлсөн байхад бид хоригдол болчихоод байгаад гомдолтой байна. Бид бага насны 2 хүүхдээ өнчрүүлэн, бусдын асрамжинд, эцэг, эхгүй үлдчихлээ.

1. Хятад улсын иргэн Ц.Ж.И, Ф.Л.Ж нарын авч ирсэн Гадаад арилжааны банкны карт, картын мэдээлэл нь хуурамч байна гэдгийг бид 2 огт мэдээгүй, мэдэх ч боломжгүй байсан. Тэдний картуудыг нь авч хадгалаагүй, ашиглаагүй,   зөөвөрлөөгүй, бусдад тараагаагүй юм.

Эдгээр гэмт үйлдэл, эс үйлдлүүд нь бид хоёрт холбогдолтой болох нь мөрдөн байцаалтаар нотлогдож тогтоогоогүй. Бид хоёр тэдний хүсэлтийг биелүүлж, өөрсдийн эзэмшлийн пост машинаар гүйлгээ хийлгүүлж ашиг болохыг эрмэлзсэн үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгүүлсэндээ гомдолтой байна.

2. Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нэгэн төрлийн хулгайн гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайн гэмт хэргийн бүхий л шинжийг өөртөө агуулдаг. Гэтэл биднийг холбогдуулж буруутгасан нэг үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар дахин хүндрүүлж ял өгсөнд гомдолтой байна.

3. Цахим картыг хуурамчаар хэн, хэзээ, хэрхэн үйлдсэн нь нотлогдоогүй, нотлох боломжгүй байхад биднийг мэдсэн байна гэсэн дүгнэлт хийж ял халдаасанд гомдолтой байна. Бид ч мөн залилуулж, хууртаж хохирсон.

4. Бид 2 санаатай, идэвхтэй, нууц далд үйлдлээр "ХААН банк"-ны 172.913.723 төгрөгийг хулгайлаагүй. Энэ 172.913.723 төгрөг нь ХААН банкны хөрөнгө биш. ХААН банкнаас нэг ч төгрөг хулгайлаагүй. ХААН банк посс машинаар бусдын картаар гүйлгээ хийх үйлчилгээ үзүүлж, тодорхой үйлчилгээний хураамж авч, орлого олж ажилласан. Энэ их хэмжээний хохирол учруулахад хэн, ямар оролцоотой байсныг нарийвчлан тодорхойлж тогтоогоогүй. Сэжиг бүхий картын гүйлгээ хийгдэж байгааг банк мэдсээр байсан байна. Банк таслан зогсоох боломжтой байсныг анхаарч үзсэнгүй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан зэргийг удирдлага болгон намайг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг хүчингүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б, Л.Г.М нарын өмгөөлөгч Б.Бүрнээ, П.Төрбат нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Бүрнээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...БНХАУ-ын иргэн Л.Г.М, Монгол Улсын иргэн Б.Б нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хянуулахаар дараах гомдлыг гаргаж байна.

Л.Г.Мтэй хамтарч бизнесийн үйл ажиллагаа явуулна гэж итгэл үнэмшил төрүүлж тохиролцоод, хууль бус үйлдэл хийж гэмт хэрэгт холбогдон оргон зайлсан БНХАУ-ын 2 иргэн, бусдыг хуурч, бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний эхнэр Б.Бг төөрөгдүүлж, хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж манай үйлчлүүлэгч нарыг гэмт хэрэгт холбогдуулсан.

Хэргийн гол эзэд буюу гардан гүйцэтгэсэн гэм буруутай БНХАУ-ын иргэн Ф.Л.Ж, Ц.Ж.И нар мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсны улмаас хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн.

Тэдэнтэй манай үйлчлүүлэгч нарын хувьд урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэг хийсэн асуудал байхгүй боловч үйлдлээрээ нэгдсэн, дэмжлэг үзүүлж бусдад хохирол учруулсан үйлдэлдээ буруутай гэдгийг ухамсарлаж хохирогч болох ХААН банкыг бүрэн хохиролгүй болгох арга хэмжээг авсан.

Б.Бгийн хувьд оргон зайлсан БНХАУ-ын 2 иргэнийг огт танихгүй, нэг ч уулзаж байгаагүй бөгөөд манай нөхрийн нутгийн хүмүүс хамтран бизнесийн ажил хийх юм байна гэсэн л ойлголттой байсан.

Тухайн үед зөвхөн пос машин дээр ямар нэг алдаатай зүйл гарсан цаг тухайд нь орчуулж өгч байсан, сэжигтэй зүйл огт байгаагүй, тэдний юу хийж байгааг мэдээгүй.

Б.Б, Л.Г.М нар 15 жил хамт амьдарч байгаа, гэр бүлийн хүмүүс, бага насны 2 хүүхэдтэй, хүүхдүүд нь Монгол хэл мэдэхгүй, одоогийн байдлаар сэтгэцийн тодорхой өөрчлөлтөнд орж эмчлүүлж байгаа.

Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрсдийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг олоход тусалсан.

Мөн шүүгдэгч Б.Б нь хөхний хорт хавдартай талаар өмнө нь оношлуулж, эмчлүүлж байсан БНХАУ-ын Хэбэй мужийн эмнэлгийн холбогдох баримтууд ирж, урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн эмчид үзүүлж, рентген зураг авхуулахад хавдартай болох нь батлагдаж, цаашид яаралтай мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх талаар зөвлөсөн байна.

Нөхөр Л.Г.М нь "Даймонд Гласс" ХХК-ний ерөнхий захирал ажилтай, компаний 61 ажилчид болон хамтран ажиллаж байгаа байгууллагуудын бизнесийн ажиллагаа хүндрэлд орсон байгаа зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх үндэслэл байгааг харгалзан, Эрүүгийн хуулийн Хууль ёсны зарчим, шударга ёсны болон гэм буруугийн зарчимд заасныг үндэслэн манай үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заасан онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т "Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн   зүйлчлэл"-ийг хөнгөрүүлж өөрчилж болно” гэж тус тус заасныг үндэслэн манай үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б, Л.Г.М нарын өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №295 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №295 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Г.М, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:

1. Л.Г.М, Б.Б нарын үйлдэл, оролцоо нь “... цахим карт ... хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж... ашигласан...” гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа тухайд:

Шүүгдэгч Л.Г.М, Б.Б нар нь ХААН банкны пос машиныг эзэмшихдээ хууль ёсны гэрээ хэлцлийн дагуу, хуурамч биш төхөөрөмж авсан бөгөөд хэргийн материалд бодитоор үйл ажиллагаа явуулдаг "Баяр" нэртэй бариа заслын газрыг нь түрээслэн ажиллуулна гэсэн БНХАУ-ын иргэн Ц.Ж.И, Ф.Л.Жг нарт итгэн пос машинаа ашиглуулсан нь гэмт хэргийн шинжгүй байсан. Учир нь, хуурамч цахим карт, төлбөр тооцооны хэрэгслийг /бодит байдалд дээр 137 ширхэг карт биетээр огт байдаггүй/ тухайн пос машинаар Ли Гү Мин, Б.Б нар нь огт уншуулж байгаагүй болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан цахим карт, төлбөр тооцооны хэрэгслийг хуурамчаар үйлдээгүй, хуурамчаар үйлдсэнийг нь мэдээгүй, мөн хадгалаагүй, ашиглаагүй, зөөвөрлөөгүй, тараагаагүй байхад тухайн гэмт хэргийн ямар шинжийг нь хангаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цахим карт, төлбөр тооцооны хэрэгслийг хуурамчаар үйлдсэнийг нь мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, мэдсэн эсэхийг тогтоогоогүй тул тус гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэг гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Харин БНХАУ-ын иргэн Ц.Ж.И, Ф.Л.Жг нар нь Л.Г.М, Б.Б нараар үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байна гэж пос машин авахуулсан байдаг. Иймд, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах" гэмт хэрэг үйлдээгүй болох нь дээрх үндэслэлээс харагдаж байна.

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжгүй бөгөөд зүйлчлэх ёсгүй байсан тухайд:

2.1.Шүүгдэгч нарыг цахим картыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан тул Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон бөгөөд мөн ХААН банкнаас их хэмжээний эд хөрөнгө хулгай хийсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар давхар ялласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7-д зааснаар "цахим карт ... хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ... ашигласан..." үйлдэл нь нэгэн төрлийн хулгай, Цахим картын мэдээллийг хууль бусаар "хулгайлж" олж авдаг. Ийнхүү олж авсан картын мэдээллийг "ашиглана" гэдэг нь дансан дахь мөнгийг татах, түүгээр төлбөр хийсэн үйлдлээр илэрдэг. Өөрөөр хэлбэл, цахим картыг ашиглах үйлдэл нь тухай эзэмшигчийн дансан дахь мөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр олж авах, төлбөр хийх байдлаар хэрэгждэг. Цахим карт нь төлбөр хийх л зориулалттай. Өөрөөр ашиглагддаг зүйл биш. Нэгэн төрлийн өвөрмөц хулгайн хэрэгт буюу 18.7-д зааснаар миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон. Мөн энэ үйлдэлд нь дахин 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй, эрх зүйн байдлыг хэт дордуулсан шийдвэр болсон.  

2.2.Гэтэл Ц.Ж.И, Ф.Л.Ж нар нь хууль бус үйлдэл хийгээд тэрхүү мөнгө нь Л.Г.М, Б.Б нарын үйлдлээс үл шалтгаалан Б.Бгийн дансанд орж ирсэн байдаг. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн БНХАУ-ын иргэд болох Ц.Ж.И, Ф.Л.Ж нар нь Б.Бгийн эзэмшлийн пос машиныг ашиглан хуурамч эсэхийг нь Л.Г.М, Б.Б нар мэдэх боломжгүй, карт уншуулж бусдын хөрөнгийг хууль бусаар авч байхад Л.Г.М, Б.Б нар нь хамт байгаагүй байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж болохгүй юм.

2.3. Шүүгдэгч Л.Г.М, Б.Б нарыг цахим картыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэж гэм буруутайд тооцсон хэрнээ энэхүү үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс  үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно" гэж заасан боловч Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хохирол, хор уршиг шаарддаггүй гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлээр давхардуулсан зүйлчилж ялласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэл, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцож болохгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хохирол шаардаагүй байтал хуурамч карт гэдгийг мэдсээр байж ашигласан учраас хохирол учирсан тул өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан үйлдэл гэдэг нь тухайн картыг ашиглан хөрөнгө авсан үйлдлийг ойлгох бөгөөд энэхүү үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой юм. Өөрөөр хэлбэл, цахим карт хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласны улмаас ямар ч хэмжээний хохирол учирч болох бөгөөд энэхүү хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх тогтоох юм.

Мөн Л.Г.М, Б.Б нарыг цахим картыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглан бусдад хохирол учруулсан болохыг тогтоохдоо энэхүү үйлдэл нь хулгайлах гэмт хэргээс өөр төрлийн гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй.

Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №295 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Д.Үүлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч нар нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо төлөх хохирол байхгүй болсон. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. ... гэв.

 

          Иргэний хариуцагч Бай Гуй Шин /Bai Guixing/-ны төлөөлөгч Ц.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх иргэний хариуцагчтай холбоотой асуудлыг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй. ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэл, давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Л.Г.М нарт холбогдох хэргийн хянан хэлэлцээд “...Шүүгдэгч Ширээт гэгээн овогт Байгальсайханы Б.Б, БНХАУ-н иргэн Л.Г.М /L G/ нарыг бүлэглэн цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Б, Л.Г.М /L G/ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх,

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж...” шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ талаар бичсэн Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, ...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй...” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, шүүгдэгч Б.Б, Л.Г.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр өөр төрлийн гэмт хэргийг санаатай үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зүйл, хэсгийг хэрэглэх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

            Иймд Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болсонтой холбогдуулан шүүгдэгч Б.Б, Л.Г.М, тэдгээрийн өмгөөлөгч П.Төрбат, Б.Бүрнээ нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

            Шүүгдэгч Б.Б, Л.Г.М нарын бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй эсэхэд анхаарвал зохино.

Иргэний хариуцагч Бай Гуй Шиний дансанд байгаа мөнгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан үндэслэлийн хүрээнд шийдвэрлэх эсэх талаар дүгнэлт хийх нь зүйтэй. 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Л.Г.М нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Б, Л.Г.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   Ц.ОЧ

 

                                ШҮҮГЧ                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ