Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 00468

 

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2018/00468

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 00 тоотод оршин суух А.Б

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 00 тоотод оршин суух Б.О

2 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б , хариуцагч Б.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие А.Б  нь Б.О т 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох зээлийн гэрээ байгуулсан юм. Тухайн үед Б.О  нь мөнгөний маш их шаардлага гарчихлаа надад туслаач гээд хүүтэйгээ хамт ирээд гуйсаар байгаад надаас мөнгө зээлж авч байсан бөгөөд мөнгө авснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хүү болон үндсэн мөнгөнөөс төлж барагдуулаагүй болно. 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б.О  нь надаас мөнгө зээлэхдээ сар бүр төлнө гээд зээлийн гэрээгээ 7 сарын хугацаатайгаар хийсэн ба өгөөгүй тохиолдолд сар бүр хүүг чинь төлж байна гэж байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгний хүү төлөөгүй, гэрээнд дурдсан үүргээ биелүүлэхгүй байна. Б.О тэй удаа дараа уулзаж мөнгөө шаардахад удахгүй төлнө хүлээж бай, одоохон өгнө гэдэг юм. Гэвч одоо бараг 3 жил болох гэж байна. Санаа зовсон шинжгүй намайг үл тоож байгаад гомдолтой байна. Би хөгшин настай хүн болохоор нь өгчих байх гэсээр өдий хугацаа болгочихлоо. Хүнээс гуйж мөнгө авчихаад хэрэглээд дууссан бол буцааж өгөх нь хувь хүнтэй холбоотой. Би хувиараа хэдэн төгрөг бусдад зээлж амьдарлаа залгуулж үр хүүхдүүдээ тэжээдэг хүн. 300 000 төгрөгийг гэрээ байгуулахын өмнөх өдөр хүү Сүрэнд өгсөн, 400 000 төгрөгийг Сүрэн, Б.О  хоёр байхад буюу гэрээ байгуулсан өдөр өгсөн, 300 000 төгрөгийг гэрээ байгуулсны маргааш өглөө нь Сүрэнд өгсөн. Олон дахин гэрээ бичих боломжгүй гээд нэг дор нь нийлүүлээд гэрээ байгуулсан. Мөнгө бэлэн байгаагүй тул маргааш нь 300 000 төгрөгийг өгсөн. Б.О ийг гэрээгээ сайн унш гэж хэлсэн.

Иймд Б.О ээс үндсэн мөнгө 1 000 000 төгрөг, хүү 700 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож алдангид 500 000 төгрөг, нийт 2 200 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.О  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Б.О  нь А.Б  гэдэг хүнийг огт танихгүй. Би өөрийн нэрээр гуйж гувшиж энэ хүүхнээс 1 000 000 төгрөг авсанаа огт мэдэхгүй байна. Манай хүүтэй холбоо сүлбээтэй байсныг би мэднэ. Миний нэр дээр байдаг ганц хүний эзэмшлийн хашаа байшин, газрын гэрчилгээг аваад хүүхдэд маань мөнгө өгсөн байсан. Тухайн үед хэдэн төгрөг авсныг нь би мэдэхгүй. Миний буруу бол гэрээнд гарын үсэг зурсан нь буруу байх. Би өөрөө бололцооны тэтгэвэр авдаг. Энэ хүүхнээс мөнгө зээлж авах ямар ч шаардлагагүй. Энэ хүүхэн намайг гутаан гүжирдэж байгаад маш их гайхаж байна. Ээжийнх нь нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр хүүхдэд нь мөнгө өгчихөөд ээжийг нь хуулиар сүрдүүлж нэхэмжлэл гаргаад ээжээр нь төлүүлж болдог гэж бодсон юм байхдаа. Ямар ичмээр юм бэ? Ер нь тэгээд банкнаас өөр газар хүний бичиг баримтаар мөнгө зээлдүүлж болдог юм уу? Би л лав мэдэхгүй юм байна. Ийм учир энэ нэхэмжлэлийг эсэргүүцэж байгаа тул шүүх хуралд оролцохгүй байх эрх надад байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл надад ямар ч хамааралгүй. Би өөрийн нэрээр гэрээ хийж өөрийн гараар мөнгийг нь тоолж аваагүй болохоор шүүх хуралд оролцохгүй. Харин ч би энэ хүүхнээс бичиг баримтаа авмаар санагдчихлаа. Хөгшин хүн гэхээрээ хүнд гүжирдүүлж гутаан доромжлуулж болдог гэж андуурсан юм байхдаа. Би энэ хүүхэнд маш их дургүй хүрч гомдож байна. Би энэ хүнээс мөнгө өгөөч гэж гуйх нь байтугай уулзаж байгаагүй, мөнгийг тоолж аваагүй гэдгээ дахин дахин хэлье гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б  нь хариуцагч Б.О т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.О  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Зохигчид 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэй, газрын гэрчилгээг барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулагдаж, гарын үсэг зурсан, газрын гэрчилгээг барьцаалсан талаар талууд маргаагүй. Харин 1 000 000 төгрөгийг хариуцагч тоолж аваагүй, өөрөөс нь авсан хүнээс нэхэмжлэх ёстой гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Яаралтай мөнгөний хэрэг гараад гээд хариуцагчийн хүү мөнгө асуусан. Би барьцаагүйгээр мөнгө өгөхгүй гэхэд ээжийн нэр дээр байдаг газрын гэрчилгээг тавьж мөнгө авъя, энэ гэрчилгээ өөр ломбарданд байгаа тул чөлөөлүүлэх мөнгө хэрэгтэй гээд 300 000 төгрөгийг эхлээд авсан, гэрээ байгуулсан өдөр хариуцагч их л яаруу орж ирээд гэрээн дээр гарын үсэг зурсан. Гэрээгээ сайн унш гэж би хэлсэн. Тэгээд Б.О  болон түүний хүү Сүрэнд 400 000 төгрөг өгсөн. Бэлэн байсан мөнгө нь тэр байсан, маргааш картнаас мөнгө аваад 300 000 төгрөгийг хүү Сүрэнд өгсөн. Олон дахин гэрээ байгуулах боломжгүй тул нийлүүлээд 1 000 000 төгрөгийн гэрээг Б.О тэй байгуулсан, хэдийгээр Сайшаалт ХХК гэсэн тамга дарсан боловч энэ бол иргэд хоорондын зээлийн гэрээ, би энэ үед ажлын байран дээрээ байсан учраас тамга дарсан, энэ аж ахуйн нэгжтэй ямар ч хамааралгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Би А.Б-г танихгүй, түүнээс мөнгө гуйсан зүйл байхгүй. Гэрээн дээр гарын үсэг зурсан нь миний буруу болохоос энэ мөнгийг би аваагүй, надад тоолж ч өгөөгүй. Насанд хүрсэн хариуцлага хүлээх чадвартай мөнгө авсан хүнээсээ мөнгөө нэхэхгүй надаас нэхэж байгаад гайхаж байна. Энэ мөнгийг хариуцан төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

Зохигчдын хооронд үүссэн харилцааг иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа гэж дүгнэв. Үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан гэх боловч барьцаа хөрөнгийн талаар тодорхой дурдаагүй, хаана байрлалтай, хэний өмч нь тодорхойгүй, үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул нэхэмжлэгч хүү шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ., 232.3-т ...анзын гэрээг бичгээр хийнэ., 232.4-т ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6-д ...хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэсэн тул хариуцагчийн татгалзал үндэслэл бүхий байна. Гэхдээ нэхэмжлэгчийн гэрээ байгуулсан өдөр 400 000 төгрөгийг авсан гэсэн тайлбарыг холбогдох нотлох баримтаар хариуцагч няцааж чадаагүй тул Б.О ээс 400 000 төгрөгийг хүү, алдангийн хамтаар гаргуулж нэхэмжлэгчид олгож, 600 000 төгрөгийг хүү Сүрэнд өгсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн 600 000 төгрөгт тохирох хүү болон алдангийг хариуцагчаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зохигчид биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч Б.О ээс 880 000 /үндсэн зээл 400 000+ хүүний төлбөр 280 000+ алданги 200 000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 320 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 50 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О ээс 25 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б д олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.О ээс 880 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 320 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О ээс 25 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ