| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 102/2019/03096/И |
| Дугаар | 001/ХТ2021/00781 |
| Огноо | 2021-06-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2021/00781
Ж.Алтантуяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01616 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2015 дугаар магадлалтай,
Ж.Алтантуяагийн нэхэмжлэлтэй,
Ш.Хэнмэдэхэд холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Алтантуяа, хариуцагч Ш.Хэнмэдэх, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ш.Хэнмэдэхтэй 2006 онд танилцаж, 2007 онд хамтран амьдрах болсон. Бид 2008 оны 3 дугаар сарын 21-нд хүү Х.Элбэгсайхан, 2010 оны 7 дугаар сарын 29-нд охин Х.Төвшинсайханыг тус тус төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй, Ш.Хэнмэдэх нь намайг үргэлж харддаг, хэл амаар доромжилдог, хаяа гар хүрдэг, өмнөх амьдралтайгаа хэт ойрхон байдаг байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2013 оноос тусдаа амьдарч байгаа. Тэрээр 2013 оны 11 дүгээр сараас Д.Уянга гэх эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. Энэ хооронд хүүхдүүдээ санаж байна гэж ирэн очин байдаг байсан. 2018 оны 6 дугаар сараас хүүхдүүдээ бодон, түүнд итгэж Өмнөговиос би түр оршин суугчаар ирсэн. 2018 оны 8 дугаар сард мөн л хардалт, үл ойлголцлоос болж муудалцан хүүхдүүдийг авч үлдэн намайг гэрээсээ хөөж явуулсан, үүнээс хойш хүүхдүүд Ш.Хэнмэдэхийн асрамжид байгаа. Хэнмэдэх болон түүний ээж нь охиныг маань эх чинь хаяад явсан, чамайг өвчтэй байхад чинь хүртэл утсаар ч ярихгүй хаясан гэх мэтээр сэтгэл санаагаар унагасан байсан. Би хүүхдүүдээ эмнэлэгт хэвтсэн байхад нь нууцаар эргэдэг, мөн нууцаар утсаар ярьдаг, утсаар ярихад Хэнмэдэх цаана нь үг зааж өгөх, яриа чагнах, наад мангартайгаа юугаа ярьдаг юм гэх мэт элдэв муу үгийг хүүхдүүдийн дэргэд хэлдэг.
Иймд хүү Х.Элбэгсайхан, охин Х.Төвшинсайхан нарыг эх Ж.Алтантуяа миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Хэнмэдэх шүүхэд гаргасан тайлбартаа: Бид анх 2007 онд танилцаж хамтран амьдрах болсон. 2008 оны 3 дугаар сарын 21-нд хүү Х.Элбэгсайханыг, 2010 оны 7 дугаар сарын 29-нд охин Х.Төвшинсайханыг тус тус төрүүлсэн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2013 оноос тусдаа амьдрах болсон. Тэр онцын шалтгаангүй гэр орноосоо хөндийрч, нялх хүүхдүүдээ аавд нь орхиж, тал хагас сураг чимээтэй 2 сар, огт сураггүй 2 сар тэнэж алга болсон тул Баянгол дүүргийн 12 дугаар хорооны цагдаагийн хэсгээр эрэн сурвалжлуулж, Дэнжийн мянгад байр хөлслөөд суучихсан байгааг нь тогтоосон. Алга болсон хойгуур нь 2 хүүхэд салхин цэцгээр өвдөж бараг эдгэж цоохор нүүртэй л явсан. 2018 оны 6 дугаар сард 2 хүүхдээ хот руу шилжүүлж Оюуны ундраа сургуульд оруулсан. Хүү 2019 оны 6 дугаар сард Шинэ эхлэл тусгай хөтөлбөрт сургуулийн уралдаанд тэнцэж 6 дугаар ангидаа урам зоригтой, дүүрэн баяртай сурч байна. 2018 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэл охин маань Эх нялхсын эмнэлэгт хялгасан судасны өрөвсөлт өвчнөөр өвдөж хэвтэж байхад ээж нь ирээгүй. Бас өвөл Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлсэн. Миний бие хүүхдүүдийг нас биед хүртэл нь ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрөхгүй. Өндөр эрсдэлтэй орчин, Алтантуяа нь хүүхдүүдээ тогтмол анхаарал тавьдаггүй. Нум сум сонирхож их, бага цагаар, олон хоногоор 80 гарсан ээж дээрээ бараг хараа хяналтгүй хүүхдүүдээ үлдээгээд алга болдог. Иймд та бүхэн бидний амьдралыг нухацтай шинжлэн 2 хүүхдийн хувь заяанд хохирол шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01616 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Х.Элбэгсайхан /РД: КЮ08232111/, охин Х.Төвшинсайхан /РД: УШ10272987/ нарыг эх Ж.Алтантуяагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2008 оны 3 дугаар сарын 21-ны өдөр төрсөн хүү Х.Элбэгсайхан, 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Х.Төвшинсайхан нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Ш.Хэнмэдэхээс гаргуулан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2015 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01616 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ш.Хэнмэдэх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал бодит үнэнтэй нийцэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Хоёр хүүхдээс санал асуугаагүй, шинжээчийн дүгнэлт дутуу буруу, хариуцлагагүй, хүүхдийн нэрийг Х.Мэндбаяр гэж өөр юм хуулж бичсэн. Хүүхдийн бодол санааг мушгин гуйвуулж шаардлагатай ажиллагааг явуулаагүй. Хариуцагчийн гэрчийн мэдүүлэг өгөх боломж гаргаагүй. Хүүхдүүдийн амьдрах орчин улам дордож түрээсийн нэг жижиг өрөөнд 10 настай охин минь өглөө 12 настай ахаараа сургуульдаа хүргүүлж, өдөр хааяа ааваараа авахуулж 2-5 цаг ганцаараа танихгүй хүмүүсийн хажуу өрөөнд хаалгаа түгжиж нийтийн бие засах газар нь орж чадахгүй, айж зочин өдөр хоногийг эрсдэлтэй орчинд өнгөрөөж байна. Би Алтантуяатай нийлсэн цагаасаа хойш 2 хүүхдээ нас биед хүртэл алхам ч холдож болохгүйг ухаарч, холоос ч болсон байнгын холбоотой явж ирлээ. 2018 оны 6 сард Өмнөговьд очиж 2 хүүхдээ авахад үнэхээр царай алдсан эцэж турсан байсан. Хоёр хүүхэд өвдөхөд Алтантуяа сонссон ч ирээгүй тэнээд явж байсан. Төрсөн эцгийнх нь хувьд 2 хүүхдийнхээ үнэн бодит эрх, ашиг хүсэл сонирхлыг яаж хамгаалах хэнд хандахаа ойлгохоо байлаа.
Иймд дахин шүүж, үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Ж.Алтантуяа нь Ш.Хэнмэдэхэд холбогдуулан ...хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч талууд 2007 оноос хамтран амьдарсан, энэ хугацаанд 2008.03.21-ний өдөр хүү Х.Элбэгсайхан, 2010.07.29-ний өдөр охин Х.Төвшинсайхан нар төрсөн, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2013 оноос тусдаа амьдарч байгаа болох нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.
Харин хүүхдүүдийг хэний асрамжид үлдээх эсэх нь маргааны зүйл болжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангаж, шинжээч томилсон, Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс шинжилгээ хийж гаргасан дүгнэлтдээ ...эцэг эхийн чадамжийг үнэлэх багц оношилгоо, хүүхдийн сэтгэл зүйн болон бусад нөхцөл байдал, ярилцлага, ажиглалтыг үндэслэн хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэжээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, хариуцагчаас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т нийцсэн боловч шийдвэрт тэтгэлгийг хүүхэд тус бүрт олгохоор заагаагүй нь буруу.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргах эрхтэй, энэ талаар магадлалд тодорхой дурдсан байна.
Шүүх, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2015 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01616 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...тэтгэлгийг... гэсний дараа ...хүүхэд тус бүрт гэснийг нэмж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Б.УНДРАХ
П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ