Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2016/02866/И |
Дугаар | 001/ХТ2021/00801 |
Огноо | 2021-06-22 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2021/00801
З.Номундарийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00604 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1147 дугаар магадлалтай,
З.Номундарийн нэхэмжлэлтэй,
Жижүүр гранд групп ХХК-д холбогдох,
Талбайн зөрүү, илүү төлсөн төлбөр, алданги 1,430,973,989 төгрөг гаргуулах, эзэмшиж байгаа талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, холбогдох бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай үндсэн,
Ашиглалтын зардал 3.555,854 төгрөг, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг даалгах, үлдэгдэл төлбөр, алданги хохирол 1,382,575,060 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Туяацэцэг, К.Отгонцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Урангэрэл, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч З.Номундарь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Номундарь нь Жигүүр гранд ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 120323/А тоот гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 237.69 мкв талбайн нийт үнэ нь 1,055,162 ам.доллар болсон. Жигүүр гранд ХХК нь барилга ашиглалтад оруулах хугацааг 2 жил 7 сараар хэтрүүлсэн. 2015.11.19-ний өдөр зөвхөн түлхүүр хүлээлгэн өгсөн. Гэтэл тухайн өдөр Голдан морган ХХК-иар талбайн хэмжилт хийлгэхэд 225.28 мкв гэж гарсан. Хариуцагч талаас хоёр болон гуравдугаар давхруудыг хэмжүүлэх хүсэлт тавьсны дагуу 3 компани хэмжилт хийсэн. Эдгээр гурван компани хэмжилт хийхэд уг худалдаж авсан талбайгаас 101.69 мкв дутуу байна. Иргэний хууль 343.1, 353.2, 219.1-д зааснаар 669,906,629 төгрөг шаардаж байна. З.Номуундарь Жигүүр гранд ХХК-тай байгуулсан 2012.03.23-ны гэрээнд 2012 оны 12 дугаар сарын 30-ны дотор барилга ашиглалтад орохоор байсан. Өөрөөр хэлбэл 2 жил 7 сарын дараа барилгыг ашиглалтад оруулсан тул алдангид 608,853,888 төгрөг нэхэмжилсэн байна. Тухайлбал өөрсдөө алданги тооцох гэхээр өдрийн 0.1 хувиар тооцдог. Өөрсдөө барилга ашиглалтад оруулах хугацааг 2 жил 7 сараар хэтрүүлчхээд байхад алданги тооцуулахгүй байна. Ийм учраас эдгээр стандарт нөхцөл бүхий заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Жижүүр гранд групп ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Талууд гэрээг сайн дурын үндсэн дээр бичгээр байгуулсан. Гэрээний нийт талбай гэрээний 1.1 дээр байгаа. 3 давхарт байрлах 327.69 мкв талбай. Нэхэмжлэлийн шаардлагад 2 давхарт талбайгаас 101.69 мкв дутуу өгсөн гэж маргаж байгаа. Бид энэ гэрээний дагуу 327.69 мкв нийт ашигтай болон ашиггүй талбайг хүлээлгэж өгсөн. З.Номундарь төлбөрөө бүрэн төлөөгүй, манайд хамааралгүй Гэгээнтэн СӨХ-оос түлхүүрийг дураараа авч орсон. Бид орон сууцыг актаар хүлээлгэж өгдөг. Орон сууц хүлээлцсэн акт байхгүй. 2014.11.19-ний өдөр түлхүүр аваад талбай хэмжүүлсэн. Дундын хэсгийг хэмжүүлэхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Бид нартай 2 давхарт талбай авах талаар гэрээ хийгээгүй. Нэхэмжлэгч нар 100 мкв зөрүүг нэхэмжилж байгаа атлаа нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй. Зөвхөн 3 давхарт талбай худалдаж авсан гэрээг үндэслээд байгаа. 2 давхарт хэдэн мкв талбай авах талаар гэрээ байхгүй. Иргэний хуулийн 243.1-д зааснаар худалдан авагч төлбөрийг бүрэн төлөөгүй. Тэгэхээр өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 380,060 ам.долларын үлдэгдэлтэй байна. 2 давхарт байршил өөрчилсөн гэрээ байхгүй. 2 давхарт м.кв үнэ тохиролцсон тохиролцоо байхгүй. Анхны гэрээгээр заасан 327.69 мкв эсхүл бид нарын өгье гэж байгаа 277 м.кв тооцох юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа тул өмчлөгчөөр тогтоож, эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх ямар ч боломжгүй байна. Тэгэхээр 8 жилийн хугацаанд гэрээнд өөрчлөлт оруулах тухай яригдаж байгаагүй тул 8 жилийн дараа гэрээний заалттай холбоотой шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 2018.02.01-ний нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, сөрөг нэхэмжлэлийн 4 шаардлагын 2-оос нь татгалзаж байна. Ашиглалтын зардал 3,555,854 төгрөгийг нэхэмжлэгч төлж барагдуулсан, мөн анхны гэрээнд өөрчлөлт оруулахыг шүүхийн журмаар нэхэмжлэгчид даалгах шаардлагагүй тул энэ 2 шаардлагаас татгалзана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63, 218.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх өдрийн ханшаар тооцож төлбөр төлөх учраас нэхэмжлэл гаргасан өдрийн 1 ам.долларын ханш 2418.95 төгрөг. 2012.03.23-ны өдрийн гэрээний гүйцэтгэлд 190,030 ам.доллар буюу 459,673,068 төгрөгийг алдангид нэхэмжилж байна. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 380,060 ам.доллар буюу 919,021,186 төгрөгийг нэхэмжилж байна. Нөгөөтэйгүүр даацын хана нураасны улмаас учирсан хохирол 589,650 төгрөг, нийт 1,379,019,206 төгрөг болж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулахдаа ашиглалтад орох хугацааг харж байгаад хэзээ төлбөр төлөхийг тодорхойлсон. Сүүлийн төлбөр буюу 102,516 ам.долларыг 2012.12.30-ны дотор талбай хүлээж авахдаа төлнө гэсэн. Өөрөөр хэлбэл талбай хүлээж авахдаа төлнө. Гэрээгээр барилга ашиглалтад орох хугацааг 2012.12.30-ны өдөр гэж заасан бол харамсалтай нь 2014.07.19-ний өдөр улсын комисс хүлээж авсан. Өөрөөр хэлбэл барилга ашиглалтад орсноос хойш алданги тооцож эхэлсэн. Тэр үед нэхэмжлэгч 800,000 ам.доллар төлсөн байсан. Энэ дээр гүйцэтгэгч барилгыг цагтаа ашиглалтад оруулаагүй улмаас гүйцэтгэгчид 107,620,419 төгрөг алданги тооцохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Хавтаст хэргийн 146 талд авагдсан баримтаар ийм тооцоо гарч ирж байна. Хоёр дахь шаардлагын хувьд даацын ханатай холбоотой 2016 онд нийтэд илэрхий баримтууд байдаг. Энэ нь шүүх.мн дээр хариуцагч өөрөө гадна асфалт, зам засварын үйл ажиллагаа явуулахдаа доргилт өгсний улмаас 6-7 айл шүүхэд гомдол гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэр байгаа. Тэгэхээр энэ манай үйл ажиллагааны улмаас ийм хохирол учирсан гэж тодорхойлох боломжгүй. Харин үлдэгдэл төлбөр болох 56,162 ам.доллар төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Авах 100 м.кв зөрүү бодож хасалт хийлгэх боломжтой гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00604 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 232 дугаар зүйлийн 232.4, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-д зааснаар хариуцагч Жигүүр гранд групп ХХК-иас алдангид 107,620,419.18 төгрөгийг гаргуулж З.Номундарьд олгож, З.Номундариас алдангид 195,515,057 төгрөгийг гаргуулж Жигүүр гранд групп ХХК-д олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.6-д зааснаар Жигүүр гранд групп ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагын татгалзлыг баталж, сөрөг нэхэмжлэлийн 2, 4 дэх шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 696,052 төгрөгийг гаргуулж З.Номундарьд, нэхэмжлэгчээс 1,135,526 төгрөг гаргуулж Жигүүр гранд групп ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч З.Номундарийн урьдчилан төлсөн 8,901,020 төгрөгийг, хариуцагч Жигүүр гранд групп ХХК-ийн төлсөн 8,005,321 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1147 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00604 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Жигүүр гранд групп ХХК-аас гэрээний үүрэгт илүү төлсөн 516,812,600 төгрөгийг гаргуулж З.Номуундарьд олгож, З.Номуундарь 215 тоот үйлчилгээний зориулалттай талбайн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг Жигүүр гранд групп ХХК-д даалгаж, З.Номуундарийн нэхэмжлэлээс талбайн зөрүү төлбөрт төлсөн 669,906,629 төгрөг, алданги 761,067,360 төгрөг тус тус гаргуулах, гэрээний 2.5 3.3, 5.2, 5.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага, З.Номуундарьт холбогдох гэрээний үлдэгдэл төлбөр 919,021,186 төгрөг, алданги 459,673,068 төгрөг, хохиролд 589,650 төгрөг гаргуулах тухай Жигүүр гранд групп ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан З.Номуундарь ашиглалтын зардалд 3,555,854 төгрөг төлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Жигүүр гранд групп ХХК-ийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг З.Номуундарьд даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж, 3 дахь заалтын 696,052 төгрөгийг гэснийг 2,942,013 төгрөгийг гэж өөрчлөн, нэхэмжлэгчээс 1,135,526 төгрөг гаргуулж Жигүүр гранд групп ХХК-д тус тус гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,783,930 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,076,794 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Урангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.05.27-ны өдрийн 1147 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
Сөрөг нэхэмжлэл бүхэлдээ хангагдах хууль зүйн үндэслэлтэй байсан ба хэрэгт авагдсан алданги, үндсэн төлбөрийн үлдэгдлийг тооцоолсон хүснэгт, нэхэмжлэгчийг төлбөр төлөхийг удаа, дараа мэдэгдсэн мэдэгдэх хуудас, гэрчүүдийн мэдүүлгүүд, Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, түүний хавсралт дах төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлж байсан бэлэн мөнгөний баримт, харилцах дансны хуулга зэргээр шүүхэд өөрсдийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон.
Талууд үйлчилгээний талбайг анх гэрээ байгуулахдаа хэрхэн барих, ажлыг ямар байдлаар гүйцэтгэх талаар огт тохиролцоогүй бөгөөд нэхэмжлэгч үйлчилгээний талбай худалдаж авах захиалгаа өгч байхад манай барилга 8 давхрыг хүртэл баригдсан байсан бөгөөд гэрээний зүйлийн зориулалт-Үйлчилгээ, Давхар- 3, нийт талбай м2- 327,69, Нэгж-3220 ам.доллар, нийт үнэ 1,055,162 ам.доллар гэж үйлчилгээний нийт талбай мөн үнийг тохирсон байгаагаас үзэхэд талуудын хооронд ИХ-ийн 243.1-т заасан Худалдах худалдан авах гэрээ /ХХАГ/ байгуулагдсан гэдэг нь гэрээний агуулгаас тодорхой харагдана. Үйлчилгээний талбайг Худалдах худалдан авах хүсэл зориг анхнаасаа нэхэмжлэгчид байсан гэдэг нь тодорхой ойлгогдохоор байгаа тул ажлын үр дүнгийн доголдол байх боломжгүй, энэхүү нөхцөл байдал нотлогдохгүй байгаа учраас маргааныг шийдвэрлэхэд ИХ-ийн 353.2 заалтыг хэрэглэх ёсгүй байсан юм. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн эрхийн доголдол байгаа эсэхийг З.Номундарь нь төлбөр төлөх мэдэгдэл хүлээн авсан өдөр буюу 2014.8 сард, 2015 оны 2 сард мэдэх бүрэн боломжтой байсан юм. Ийнхүү Худалдан авагч буюу нэхэмжлэгч уг эд хөрөнгийн доголдлыг 2014.8 сард мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан нь ИХ-ийн 255.1.1-д зааснаар доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсанд тооцох учиртай. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2020/00604 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох санал гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх ийнхүү үндэслэлгүй, ямар ч баримтгүй дүгнэлт хийж 280м2 талбайг талууд өгч авалцахаар гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулсан гэдэг дүгнэлт хийсэн нь гэрээний гол нөхцлийг талуудын хүсэл зоригоос гадуур сайн дураараа өөрчилж шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна. Барилгыг гэрээгээр тогтоосон хугацаанд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй учраас хариуцагч нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан 2012.3 сарын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 2.1, 2.2 дах заалтууд, ИХ-ийн 232.3-т заасныг тус тус үндэслэж алданги шаардах эрхээ алдана гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Хэрэгт 4 ширхэг барилгын зураг байгаа. Нил ягаан өнгөөр тэмдэглэсэн нь 2 давхрын барилгын зургаар З.Номундарийн авах ёстой 327,69 м.кв талбайд аль аль хэсэг хамаарч байгааг тэмдэглэгдсэн. Шар өнгөөр гэрээгээр тохирсон 327,69 м2 талбайд хамаарах хэсгүүд тэмдэглэгдсэн. З.Номуундарь манай зургийн албанд 254 м2 талбайг авахаар өгсөн өөрийнх нь зураг байна. Эдгээр зургуудаас дүгнэж үзэхэд хариуцагч гэрээгээр тохирсон 327,69 м2 талбайг 3 давхарт хүлээлгэж өгөхөд бэлдсэн. Байршил өөрчлөгдсөн гэж үзэх тохиолдолд 2 давхарт 310 м2 талбайг хүлээлгэн өгөхөд бэлэн байсан нь харагдана. Бид нэхэмжлэгчээс 2 давхарт удаа, дараа аль аль талбайг авах, аль аль хэсэг хамарч байгааг тайлбарлаж ирж уулзаад гэрээний гол нөхцлийн талаар тохиролцон шинээр байгуулах санал тавьдаг боловч нэхэмжлэгч энэ тухай мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж шүүхэд худлаа тайлбар гаргаж ирсэн нь харамсалтай.
Эцэст нь талуудын хооронд байгуулагдсан 2012.3.23-ны өдрийн гэрээний нийт талбайн хэмжээнд өөрчлөлт орсноор төлөх төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх нь хэнд ч ойлгомжтой тул энэ тал дээр анхан шатны шүүх ИХ-ийн 220 дугаар зүйлд заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлтэй байсан юм.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж анхан шатны шүүхийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч З.Номундарь нь хариуцагч Жижүүр гранд групп ХХК-д холбогдуулан талбайн зөрүү, илүү төлсөн төлбөр, алдангид 1,430,973,989 төгрөг гаргуулах, эзэмшиж байгаа талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, холбогдох бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ашиглалтын зардал 3.555,854 төгрөг, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг даалгах, үлдэгдэл төлбөр, алданги хохирол 1,382,575,060 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч Жигүүр гранд групп ХХК-иас алдангид 107,620,419 төгрөгийг гаргуулж З.Номундарьд олгож, З.Номундариас алдангид 195,515,057 төгрөгийг гаргуулж Жигүүр гранд групп ХХК-д олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.6-д зааснаар Жигүүр гранд групп ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагын татгалзлыг баталж, сөрөг нэхэмжлэлийн 2, 4 дэх шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Жигүүр гранд групп ХХК-аас гэрээний үүрэгт илүү төлсөн 516,812,600 төгрөгийг гаргуулж З.Номуундарьд олгож, З.Номуундарь 215 тоот үйлчилгээний зориулалттай талбайн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг Жигүүр гранд групп ХХК-д даалгаж, З.Номуундарийн нэхэмжлэлээс талбайн зөрүү төлбөрт төлсөн 669,906,629 төгрөг, алданги 761,067,360 төгрөг тус тус гаргуулах, гэрээний 2.5 3.3, 5.2, 5.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага, З.Номуундарьт холбогдох гэрээний үлдэгдэл төлбөр 919,021,186 төгрөг, алданги 459,673,068 төгрөг, хохиролд 589,650 төгрөг гаргуулах тухай Жигүүр гранд групп ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Урангэрэл магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигч нар эвлэрсэн байна.
Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй юм.
Зохигчийн хооронд 2020.05.18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч З.Номундарь нь нэхэмжлэлийн шаардлагаа 359,511,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч Жигүүр Гранд Групп ХХК нь өөрийн барьж ашиглалтад оруулж буй Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Парк Од Молл үйлчилгээний төвөөс 359,511,000 төгрөгийн үнэ бүхий доорх хүснэгтэд заасан талбайг Хавсралт №1-д заасан Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулан 2021 оны 05-р сарын 20-ны өдрийн дотор шилжүүлэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай материалыг 2021 оны 08-р сарын 31-ний өдрийн дотор З.Номундарьд гаргаж өгнө. Үүнд:
№ | Үл хөдлөхийн байршил | Зориулалт | Нийт талбай к.кв | Үнэ /төгрөгөөр/ 1м.кв-7,000,000 | Тавилга | Нийт үнэ /төгрөгөөр/ 1м.кв-7,000,000 |
1 | Үйлчилгээ В1-р давхар №19 | Хүнс | 16 | 112,000,000 | +1,311,000 | 113,311,000 |
2 | Үйлчилгээ В1-р давхар №20
| Хүнс | 13,9 | 97,300,000 | +950,000 | 98,250,000 |
№ | Үл хөдлөхийн байршил | Зориулалт | Нийт талбай к.кв | Үнэ /төгрөгөөр/ 1м.кв-2,500,000 | Тавилга | Нийт үнэ /төгрөгөөр/ 1м.кв-5,500,000 |
3 | Үйлчилгээ В1-р давхар №66 | Хүнс | 26,9 | 147,950,000 | = | 147,950,000 |
Нийт |
|
| 56,8 |
| = | 359,511,000 |
Жигүүр Гранд Групп ХХК болон З.Номундарь нар нь 2012 оны 03-р сарын 23-ны өдөр байгуулсан Гэгээнтэн барилгын 3-р давхарт Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г Хавсралт №2-т заасны дагуу шинэчлэн байгуулах ба Жигүүр Гранд Групп ХХК нь З.Номундарийн эзэмшиж, ашиглаж буй Гэгээнтэн цогцолборт байрлах 211 тоот (заслын дараах 140,35 м2, хуучнаар 2-3 тоот), 215 тоот (заслын дараах 85,65 м2, хуучнаар 2-6 тоот) үл хөдлөх эд хөрөнгийн хоёр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бүх материалыг 2021 оны 5-р сарын 20-ны өдрийн дотор гаргуулж З.Номундарьд хүлээлгэж өгнө. Хэрэв Жигүүр Гранд Групп ХХК нь дээрх 2.1 болон 2.3-т заасан хугацааны дотор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэж өгөөгүй нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.03 хувийн алданги төлнө, талуудын хэн аль нь бүх шатны шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, гомдлоосоо татгалзана гэжээ.
Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч З.Номундарь, хариуцагч Жигүүр Гранд Групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Халиунаа нар гарын үсэг зурсан тул эрх бүхий этгээд гэрээ байгуулсан гэж үзнэ. Түүнчлэн талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох боломжгүй юм.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00604 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1147 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, З.Номундарь, Жигүүр гранд групп ХХК-ийн хооронд 2021.0.18-ний өдөр байгуулагдсан 210518 дугаартай эвлэрлийн гэрээг баталж, нэхэмжлэгч З.Номундарийн хариуцагч Жигүүр Гранд Групп ХХК-д холбогдуулан талбайн зөрүү, илүү төлсөн төлбөр, алдангид 1,430,973,989 төгрөг гаргуулах, эзэмшиж байгаа талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, холбогдох бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай үндсэн, ашиглалтын зардал 3.555,854 төгрөг, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг даалгах, үлдэгдэл төлбөр, алданги хохирол 1,382,575,060 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Жигүүр Гранд Групп ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 9,638,432 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН