Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00738

 

 

                                                     Ж.Г-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 14ий өдрийн 182/ШШ2020/01094 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1474 дүгээр магадлалтай,

Ж.Г-ийн нэхэмжлэлтэй,

Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох

гэм хорын хохиролд 65,184,676 төгрөг гаргуулах, 2018.12.11-ний өдрийн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд томилсон 2019.08.25-ны өдрийг хүртэлх нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Болдын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, Б.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Их хурлын 2014 оны 75 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлахдаа Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Тахарын ерөнхий газар хэрэгжүүлэгч агентлаг шинээр байгуулагдсан. Ж.Г нь Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан болно. Улсын Их хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталж, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Тахарын Ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэж, Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны Б/247 дугаар тушаалаар Тахарын алба татан буугдаж, чиг үүргийг Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлсэн. Тахарын ерөнхий газрын даргын 2016.08.02-ны өдрийн Б/27 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Тахарын ерөнхий газрын эрэн сурвалжлах мөрдөн шалгах газрын даргын албан үүргийн гүйцэтгэж байсан Ж.Г-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлд заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн. Ж.Г тушаалыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016.09.28-ны өдөр гомдол гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.02.20-ны өдрийн 221/МА2019/0096 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.04.15-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор Ж.Г-г Цагдаагийн ерөнхий газрын, Эрүүгийн цагдаагийн албаны, Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг Цагдаагийн ерөнхий газарт үүрэг болгосон. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019.08.09-ний өдрийн Б/635 тушаалаар Ж.Г-г 2019.08.26-ны өдрөөс эхлэн Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн даргын албан тушаалд томилсон болно. Угтаа бол Засгийн газрын тогтоолоор татан буугдсан Тахарын ерөнхий газрын зарим чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016.08.09-ний өдрийн Б/437 дугаар тушаалаар Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтэст Оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасаг байгуулагдсан бөгөөд, уг тасгийн даргын албан тушаалд Ж.Г-г шилжүүлэн томилох бодит боломж байсан атал тухайн албан тушаалд томилоогүй Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг Захиргааны хэргийн гурван шатны шүүх тогтоосон болно.

Хэрэв Цагдаагийн ерөнхий газрын дарга тухайн үед нь тухайн албан тушаалд шилжүүлэн томилсон бол Ж.Г нь 2016.08.02-ны өдрөөс 2019.08.25-ны өдрийн хооронд 3 жил 23 хоног /37 сар/ ажилгүй байхгүй байсан бөгөөд одоогийн ажиллаж байгаа албан тушаалын авч байгаа цалингийн хэмжээгээр бодоход энэ хугацаанд 65,184,676 төгрөгийн цалин авах байсан. Энэ бол Ж.Г-ийн зөвхөн цалин биш мөнгөөр үнэлэмгүй их хохирол амсаж, иргэний нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхол энэ хугацаанд зөрчигдөж хохирлоо. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498 зүйлийн 498.2-т тус тус зааснаар 3 жил 23 хоног /37 сар/-т ажиллаж авах байсан цалингийн орлогоороо хохирсон гэж үзэж 65,184,676 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Цалин хөлсийг бодохдоо Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ТТ-ийн 13/5 шатлалын дагуу нэг сарын цалин 1,761,748 төгрөгөөр бодсон болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 51,034,121 төгрөг болгосон. Энэ мөнгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргаж нэхэмжлэгчид олгоно уу. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэр гарснаас хойш Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилсон өдөр болох 2019.08.26-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, Б.Онон нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Г нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Цагдаагийн ерөнхий газрын эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол 65,184,676 төгрөг гаргуулах, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0802 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд томилсон 2019.08.25-ны өдрийг хүртэлх нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг Цагдаагийн ерөнхий газарт даалгуулах шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нь 2016 онд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болгохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх гэж тодорхойлж байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилж, харин ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид ажил санал болгож байсан боловч өөрөө даргын ажлаа хийнэ гэж зөвшөөрөөгүй. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 109 дүгээр тогтоолоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон. Дээрх тогтоолоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ж.Г-ийн 65,184,676 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;" бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзахаар зохицуулсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14ий өдрийн 182/ШШ2020/01094 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-ийг тус тус баримтлан Цагдаагийн ерөнхий газраас 10,036,970 төгрөгийг гаргуулж Ж.Г-д олгож, 2018.12.11-ний өдрөөс 2019.08.26-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн 55,147,706 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Цагдаагийн ерөнхий гзараас улсын тэмдэгтийн хураамжинд 175,541 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 483,874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1474 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14ий өдрийн 182/ШШ2020/01094 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,689 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т Цагдаагийн ерөнхий газар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Болд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхийн 2018.12.11-ний өдрийн шийдвэр гарсан үеэс хойш 2019.08.26-ны өдөр хүртэл хугацаанд Ж.Г-г ажлаар хангаагүй цалин хөлсгүй байлгасан нь Цагдаагийн ерөнхий газартай холбоотой бөгөөд энэ хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг нэхэмжлэгчид учруулсан” гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус үндэслэжээ. Иргэний хуулийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, “497.2.Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан гэм хорыг арилгах үүрэг үүсэх үндэслэл нь “хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй”-г шаардаж байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас тухайн хэрэг маргаан давж заалдах, хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хугацааг хууль бус үйлдэл гэж үзэх боломжгүй юм. “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхийн 2018.12.11-ний өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч хэргийн оролцогч нараас давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд дээрх маргаан Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.04.15-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл Иргэний эрх зүйн маргаанд оролцогч талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ эдэлснийг “хууль бус үйлдэл” гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар шийдвэр, магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.Г Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гэм хорын хохиролд 65,184,676 төгрөг гаргуулах, 2018.12.11-ний өдрийн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд томилсон 2019.08.25-ны өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Цагдаагийн ерөнхий газраас 10,036,970 төгрөгийг гаргуулж Ж.Г-д олгох, 2018.12.11-ний өдрөөс 2019.08.26-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс 55,147,706 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

1. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн байна.

Анхан шатны шүүх Ж.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,036,970 төгрөгийн шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан баримтуудыг зохих журмын дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулжээ.

2. Хариуцагчийн гомдлын агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсгээс багасгах үндэслэл тогтоогдсонгүй.

Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Тахарын ерөнхий газрыг татан буулгаж, Тахарын ерөнхий газрын даргын ажлаас чөлөөлөх тухай 2016.08.02-ны өдрийн Б/247 тоот тушаалаар ажилтнуудын заримыг Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлж, бусдыг нь ажлаас чөлөөлсөн ба үүний дагуу Ж.Г үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.02.20-ны өдрийн 221/МА2019/0096 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.04.15-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор Ж.Г-г Цагдаагийн ерөнхий газарт Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилж, харин ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар нэгэнт тогтоогдсон буюу Ж.Г-г албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, 2016.08.02-ны өдрөөс 2018.12.11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан  хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг дахин нотлохгүй.

3. Ж.Г Цагдаагийн ерөнхий газрын даргын хууль бус эс үйлдэхгүйн улмаас 2016.08.02-ны өдрөөс 2018.12.11-ний өдрийг хүртэл  өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Цагдаагийн ерөнхий газрын даргын хууль бус эс үйлдэхүй буюу хүлээсэн үүргээ зөрчиж нэхэмжлэгчид гэм хор учируулсан нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажил олгогч ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүнд урьд авч байсан дундаж цалин хөлсийг ажилгүй байсан бүх хугацаагаар тооцон олгох үүрэгтэй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019.08.09-ний өдрийн Б/635 тоот тушаалаар Ж.Г-г 2019.08.26-ны өдрөөс эхлэн Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сувалжлах тасгийн даргын албан тушаалд томилсон байх тул нэхэмжлэгч 2018.12.11-ний өдрөөс 2019.08.26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан  хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилгүй байсан бүх хугацаа...” гэдгийг ажилтны урьд эрхэлж байсан эсхүл шүүхийн шийдвэрт тусгагдсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох хүртэл хугацаа хамаарна.

Иймээс нэхэмжлэгчийн 2018.12.11-ний өдрөөс 2019.08.26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг анхан болон давж заалдах шатны шүүх гаргуулж шийдвэрлэсэн зөв байна. Харин шүүх холбогдох хуулийг хэрэглээгүйг хяналтын шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

5. Ажил олгогч нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул энэхүү шийдвэрээр гаргуулж шийдвэрлэсэн цалин хөлснөөс зохих суутгал хийж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.

Дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалын холбогдох заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1474 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/01094 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1...” гэснийг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Болдын гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ    

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ               

                               ШҮҮГЧИД                                Б.МӨНХТУЯА

                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                Б.УНДРАХ