Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2484

 

 

Г.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/01673 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн цагдаагийн газар,

Хариуцагч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдох,

 

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Нийслэлийн цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Б

Хариуцагч Нийслэлийн цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Батчимэг миний бие нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилогдон ажиллаж, 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын Б/80 дугаартай тушаалаар ажлаас халагдсан.

Тушаалд намайг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэсэн үндэслэлийг зааж, энэ шалгалтаар Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийн 8.1.6 дахь заалтыг зөрчсөн тул ажлаас халав гэжээ. Энэ нь хуулийн үндэслэлгүй байна.

Миний бие нь залилангийн гэмт хэрэг үйлдээгүй, хамт ажилладаг эмэгтэйн өширхсөн харьцаанаас болж надад холбогдуулан өргөдөл өгснөөс болж намайг гэмт хэрэгт үйлдсэн эсэхийг шүүхээр тогтоогоогүй байхад ажлаас халсан нь хууль зөрчсөн явдал юм.

Иймд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 тоот Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Нийслэлийн Цагдаагийн газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б317 дугаар тушаалаар Г.Бийг олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан.

Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Б нь Ц.Мягмартуяагаас байрны үнийг бууруулж өгнө хэмээн хууран мэхэлж зуучилсны хөлсөнд 1 000 000 төгрөг, Б.Бат-Эрдэнээс газар авч өгнө гэж 500 000 төгрөг авсан гэх Ө-4889 дугаартай гомдолд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн даргаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12у/460 тоот албан бичгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Бийг ажлаас чөлөөлүүлэх тухай саналыг ирүүлсэн.

Дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс ирүүлсэн саналыг судалж үзээд олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Бт нь Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийн 8.1.6, хөдөлмөрийн гэрээний 4.3.8-д заасныг тус тус зөрчиж дүрэм болон гэрээнд заасан үүргээ хяналтгүй гүйцэтгэсэн байх тул Хөдөлмөрийн гэрээний 8.7 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан.

Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын тушаалын тэмдэглэх хэсэгт Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4.1.6-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “Ажил олгогч санаачилсан Олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.7 дахь хэсэг ...дүрэм болон энэ гэрээнд заасан ажил, үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй захиргааны болон сахилга ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан ...” гэсэн хууль зүйн актын заалтыг тус тус үндэслэсэн.

Мөн тушаалын захирамжлах хэсэгт Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4.1-ийн 2.4.1.7-д заасны дагуу авах арга хэмжээ, түүний шалтгаан нөхцөл, хариуцах эзэн, гүйцэтгэх хугацааг тус тус бичиж тусгасан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн "Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" Б/80 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Г.Бийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Олон нийтийн цагдаагийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нийслэлийн Цагдаагийн газар болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3 177 430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Бийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн Цагдаагийн газар болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хуралд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Нийслэлийн цагдаагийн газар болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 135 989 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

2016 оны 12 дугаар сард Налайх дүүргийн иргэн Б.Бат-Эрдэнээс "Олон нийтийн цагдаа ажилтай Г.Б гэгчид 1 000 000 төгрөгийг бэлнээр газар худалдаж авахаар өгсөн. Тэгтэл Г.Б надад худалдана гэсэн газраа өгөлгүй залилан мэхэлсэн ...", Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Мягмартуяагаас "...Батчимэг нь байрны метр квадратын үнийг 1 300 000 байсныг 1 250 000 төгрөг болгож өгнө гэж хэлж надаас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг аваад одоо болтол уг байрны метр квадратын үнийг багасгах талаар ярьж өгөөгүй мөртлөө одоо авсан 1 000 000 төгрөгөө буцааж өгөхгүй, би таныг зуучилж өгсний хөлсөнд авсан гэж худал ярьж байгаа тул уг мөнгийг минь гаргуулж өгнө үү" гэсэн өргөдлүүдийг тус тус Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст гаргаснаар 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Г.Б нь хөдөлмөрийн гэрээний 4.3.5, 4.3.8-д заасныг зөрчсөн. Г.Б нь олон нийтийн цагдаагаар ажиллах хугацаандаа өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт оршин суух иргэнээс хуурч мэхлэх замаар мөнгө авсан асуудал нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 568 дугаар тушаалаар батлагдсан бөгөөд "Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм"-ийн 8.1.6-д заасныг зөрчиж байна.

Г.Б нь иргэн Б.Бат-Эрдэнэд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахаас өмнө 500 000 төгрөг, эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдах явцад 500 000 төгрөгийг тус тус буцаан өгсөн бөгөөд Б.Бат-Эрдэнэ гомдол саналгүй гэдгээ мэдүүлсэн. Ц.Мягмартуяагийн хохирол барагдаагүй байхад хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал дээр гомдол гаргасан иргэн Ц.Мягмартуяа, Б.Бат-Эрдэнэ нарыг гэрчээр байлцуулаагүй нь хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд судлаагүй гэж үзэж байна.

Г.Бийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй боловч эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад гэрээнд заасан хориглосон үйлдлийг гаргасан нь нотлогдож байх тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэл болно.

П.Батчимэг нь иргэн Б.Бат-Эрдэнээс авсан мөнгөө газар авч өгөөгүй тул буцаан өгсөн боловч Ц.Мягмартуяагаас авсан мөнгөө одоо хүртэл барагдуулаагүй гомдлын дагуу Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн шалгагдаж байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Нийслэлийн цагдаагийн газарт холбогдуулан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэг тал болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хамтран хариуцагчаар татсан ба анхан шатны шүүх хамтран хариуцагчид нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүргийг тайлбарласан нь зөв байна.

 

Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/317 тоот тушаалаар Г.Бийг олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ба Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.7, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/99 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Байгууллагын даргын тушаал гаргах” /код-136/-ын 136.4.2, 136.5.2-ын “г”-д заасныг тус тус үндэслэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2017014080016 тоот эрүүгийн хэрэгт шалгагдаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 568 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 8.1.6 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ажлаас чөлөөлжээ.

 

            Хөдөлмөрийн гэрээний 8.7 дахь хэсэгт ноцтой зөрчлийн талаар талууд тохиролцсон байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 4.3.8, олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийн 8.1.6-д тус тус заасныг буюу цагдаагийн албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдлийг удаа дараа гаргасан гэх зөрчлийг ажил олгогч тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл ажилтны гаргасан зөрчлийг ажил олгогч тогтоосны үндсэн дээр шийтгэл ногдуулах бөгөөд зөрчил нотлогдоогүй тул тушаал үндэслэлгүй болно.

 

            Учир нь нэхэмжлэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдсан боловч Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурор газрын прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5/84 дугаар тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэд хоорондын маргаан гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймд анхан шатны шүүх ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг 3 177 430 төгрөгөөр тогтоож, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхээр анхан шатны шүүх хариуцагчид даалган шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл нь бие даасан шаардлага бус харин ажилд эгүүлэн тогтоолгохтой холбогдуулан үүсэх шаардлага байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тухайлан дурьдах шаардлагагүй юм.

 

            Мөн талуудын хооронд байгуулсан 3 талт хөдөлмөрийн гэрээг цуцалсан эрх бүхий этгээд нь хариуцагч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал биш учраас түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

            Нэхэмжлэгч Г.Б нь иргэн Ц.Мягмартуяагаас авсан мөнгөө одоо хүртэл барагдуулаагүй гэх гомдлын дагуу иргэний хэрэг үүсгэн шалгаж байгаа, иргэн Ц.Мягмартуяа, Б.Бат-Эрдэнэ нарыг гэрчээр асуулгүй, хэргийг тал бүрээс нь гүйцэт судлаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй болжээ. Учир нь хариуцагч Нийслэлийн цагдаагийн газар нь өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагч Нийслэлийн цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/01673 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Олон нийтийн цагдаагийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэснийг хасч,

3 дахь заалтын “болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэснийг хасч,

5 дахь заалтын “болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                               

                        ШҮҮГЧИД                                                М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                         Э.ЗОЛЗАЯА