Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 182/2016/00946/и |
Дугаар | 2603 |
Огноо | 2017-12-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2603
Б.Л-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01956 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Л-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ч.Э-д холбогдох
Автомашины гараашийг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Р.Э,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Л- нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 163 тоот захирамжаар 700 м.кв талбайтай, нэгж талбар бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон. Хариуцагч Ч.Э- нь дур зоргоор авирлаж, Б.Л-гийн эзэмшил газар руу хашаагаа сунгаж, гарааш барьсан эрх зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс Ч.Э-гийн барьсан автомашины гараашийг буулгаж, газрыг чөлөөлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шинжээчийн дүгнэлтээр манай газарт 70 м.кв хэмжээтэй орж ирсэн, дээр нь гарааш барьсан нь тогтоогдсон. Нэхэмжлэгч одоо энэ газраа л чөлөөлүүлэх, гараашийг нь буулгаж авахуулах хүсэлттэй байна. Бид 2009 оны 9 сарын үеэс уг гараашийг баригдаж эхлэх үеэс байнга энд гарааш барьж болохгүй, буулгаж ав гэдэг шаардлагыг байнга тавьж байсан. Намар болохоор одоо хүйтэрлээ, хавар татна гээд, хавар нь болохоор одоо удахгүй татаад авчихна гээд худлаа хэлдэг. Сүүлдээ бид газрын албанд хандсан. Чингэлтэй дүүргийн Газрын албаны шаардах хуудсыг өмнө нь өгөөгүй гэж байна. Газрыг худалдсан гэх н.Э гэдэг хүний тодорхойлолтод газрын албанаас 2014 онд буулга гэсэн шийдвэр байсан гэж бичсэн байна. Энэ нь хэрэгт байгаа олон баримтуудаар нотлогдсон. Иймд бид нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2009 оны зун 2 тал хэн аль нь өөрсдийн барилгаа барьсан байдаг. Тухайн үед тус газар нь нэхэмжлэгч Б.Л-гийн эзэмшилд шилжээгүй байсан ба 2010 оны 8 дугаар сарын 26-нд шилжсэн нь баримтаар тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэгч нь газрыг чөлөөлөхийг шаардах эрхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Л- 2010 оны 8 дугаар сарын 26-нд эзэмшлийн газрыг шилжүүлж авсан. Тухайн үед талууд барилгаа барихад хэн хэн нь хил зөрчсөн үйлдлийг мэдээгүй байсан. Яагаад гэвэл Б.Л-гийн өмнөх эзэмшигч н.О нь тус газрыг эзэмшилдээ авахдаа журам зөрчиж авсан байдаг. Газрын цэгээ нарийн тогтоолгож аваагүйн улмаас үл ойлголцол үүсээд байна. Нэхэмжлэгч тал мэдсэн, шаардлага тавьсан гэж байна. Гэтэл ийм үйл баримт огт болоогүй. Газрын албанд хандсан тухай баримтууд нь 2014 оноос хойш хандсан тухай баримтууд л хэрэгт байгаа. Тухайн үед нэхэмжлэгч тал хил зөрчсөн үйлдлийг мэдээд нэн даруй арга хэмжээ аваагүй учир хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүний үндэслэл нь Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д заасны дагуу манайх хил зөрчсөн үйлдлээ зөвшөөрч байна. Манайх гараашийг буулгах боломжгүй учир гарааш ашиглах талбайг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин манайх хуульд зааснаар нэхэмжпэгчид нөхөн төлбөр төлөх үүргээ биелүүлье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Учир нь хуульд хөршийн хил зөрчиж барилга барьсан байх, тэр нь гэм буруутай үйлдэл байж болохгүй гэж байна. Хариуцагч Ч.Э- нь 2014 онд Ч.Энхжаргалаас уг газраа шилжүүлж авсан байдаг. Ч.Энхжаргал нь Газрын тухай хуульд заасны дагуу гэрчилгээ аваагүй, кадастрын зураг хийлгэсэн маягаар тус газарт амьдарч байсан бөгөөд газар эзэмших, эрхгүй этгээд байсан. 2014 онд уг газрын анхны эзэмшигч нь Ч.Э- нь болж, хууль ёсоор эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон байна. Иргэний хуулийн 137 дугаар зүйлд заасан хөршийн эрх зөрчсөн байх нөхцөлийг бүрдээгүй гэж үзэж байна. Тиймээс хөршийн хил зөрчсөнийг манайх хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Ч.Э- нь 700 м.кв газартай, түүний нөхөр болох О.Гүррагчаа нь 380 м.кв талбайтай газрыг Ч.Энхжаргалаас авсан байдаг. Тиймээс орон зайн хувьд бусдын эзэмшил газар руу нэвтрэх эрхгүй. Хөршийнхөө газар руу хашаагаа сунгачхаад, хэсэг хугацаа өнгөрсөн учир хүлээн зөвшөөр гэвэл ийм асуудал маш их гарч хүн бүхэн л бусдын газарт орох шаардлагатай болно гэсэн үг. Бас зайлшгүй шаардлагатай нөлөөлөл байх ёстой юм байна, тэр нь хүний болон техник технологоор барьж тогтоох, өөрийн хяналтад байлгах боломжгүй, материаллаг буюу физикийн шинжтэй, давагдашгүй хүчин зүйлсийн шинжтэй нөлөөлөл байх ёстой. Ийм нөлөөллийн улмаас манай газарт сунгасан гэдэг нь нотлогдоогүй. Өөрийн газрынхаа цэг тэмдэгтийг мэдсээр байж санаатайгаар хил зөрчин гарааш барьсан нь илт харагдаж байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-гийн эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино гудамж, нэгж талбарын 18642324071183 дугаартай, 700 м.кв талбай бүхий газарт баригдсан 28 м.кв талбай бүхий автомашины гараашийг буулгаж, уг гарааш байрлаж хашаалсан 70 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Ч.Э-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1,-д заасныг баримтлан хариуцагч Ч.Э-гийн хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэгч Б.Л-д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Э-гаас шинжээчийн ажлын хөлсөнд 644 539 төгрөгийг гаргуулан шинжээч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01956 тоот шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргав. Үүнд:
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талын дуудаж асуулгасан гэрчүүд нэхэмжлэгч талтай төрөл садангийн холбоотой байх нь шүүхэд гаргах мэдүүлгээ үнэн зөв өгөөгүй, түүнчлэн гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй нь нотлох чадвараа алдах үндэслэл бүрджээ. Гэрчүүд шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэгтээ Р.О, Ч.Л уг газарт анх ирж суурьшсан, ингэж суурьшиж байх үед өөр айл байгаагүй, байхдаа ар талд эсхүл зүүн талд байсан гэх мэтээр хоорондоо илт зөрүүтэй мэдээлэл өгч маргаанд ач холбогдол бүхий мэдээлэл өгч чадаагүй, урьдаас үгсэн тохирч шүүх хуралдаанд оролцсон байдал харагддаг. Гэрч шууд харсан, үзсэн зүйлийн талаар ямар баримт, үйл баримтанд тулгуурлаж байгаа эх сурвалжаа зааж, тодорхой илэрхийлж чадаагүйн дээр шүүхээс тодруулаагүй нь гэрчийн мэдүүлэгт тулгуурлан шийдвэрлэсэн нь хэргийг нэг талд шийдвэрлэх нөхцөл болжээ.
2016 оны 5 дугаар сарын 19 өдрийн гарааш буулгах, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 851 тоот, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 982 тоот газар чөлөөлөх албан бичгүүд нь тухайн хөршийн хил зөрчсөн үйл явдал болсноос хойш 7 жил болсон мөн гэрчүүд уг бичмэл нотлох баримттай уялдуулж мэдүүлэг өгч чадаагүй, иргэний хэрэг үүссэнээсээ хойш бүтэн жил гаран хугацаанд гэрч асуух хүсэлтээ шүүх хурал дээр гаргасан, нөгөө талаар 2017 оны 8 дугаар сард хариуцагчийг сөрөг нэхэмжлэл гаргасан үеэс нэхэмжлэгч тал гэрчүүд гэх Г.О, А.Б нартай урьдчилан тохирч үндэслэлгүй мэдүүлэг гаргасныг шүүхээс нотох ач холбогдолтой гэж дүгнэсэн нь хэргийг гуйвуулжээ.
Нэхэмжлэгч Б.Л- нь Р.О-ээс 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдөр маргаан бүхий газрыг эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч нь 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэн авч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу Засаг даргын шийдвэрийг тухайн Газрын албанд бүртгүүлснээр буюу 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 0310123 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаар газар шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр болжээ. Гэтэл маргаан бүхий үйл явдал 2009 оны зун болсон байх, хиймэл дагуулаас татсан зургаар нотлогдоно. Энэ үед Р.О нь өөрийн газар эзэмших эрх зөрчигдсөн эсэх тухай мэдээгүй, Р.О нь уг газрыг эзэмшихдээ бусдын эзэмшил бүхий газартай давхцаж буй эсэхийг тодруулах үүрэгтэй байсныг кадастрын зургийг газар дээр нь хэмжилгүй, солбилцолын цэгүүдийг тогтоолгүй журамд зааснаас бус замаар олж авсан болохоор мэдэх ч боломжгүй байжээ. Анхан шатны шүүхээс хэрэгт зайлшгүй ач холбогдол бүхий ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан баримт болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас маргаан бүхий баримт болсон газар он дараалсан өөрчлөлт бүхий зургийг шүүхээс бүрдүүлснээс болж шүүх хийсвэр дүгнэлт гаргах үндэс болжээ.
Нөгөө талаар Б.Л- нь Р.О-гээс 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдөр маргаан бүхий газрын эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан газар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1-т заасныг тус тус үндэслэн хийгдэх гэрээ бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дэх хэсэгт зааснаар энэ төрлийн гэрээнд үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. Харин үүргийн тухай нийтлэг үндэслэл нь мөн хуулийн 207.1.1, 211 дүгээр зүйлд заасны дагуу хүлээлгэн өгөх үүрэг нь эрх шилжүүлэгч талд оногдсон байна. Тодруулбал, Р.О нь тухайн эзэмшил газрын булангийн цэгийг тодруулан тогтоож бусдын эзэмшил газар буюу хашаа бүхий газрыг давхацуулан өөрөө дур мэдэн 70 м.кв газар давхцуулж газар эзэмших эрх олж аваад бусдад буюу Б.Л-д энэ байдлаар бүрэн гүйцэд мэтээр хүлээлгэн өгч, эрх шилжүүлэн авагч тал нь энэ зөрчлийг мэдсээр байж хүлээн авч, хүлээн зөвшөөрсний дараа буюу 2014 оноос зөрчлийг арилгуулахаар шаардаж эхэлсэн нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 137 дугаар зүйлийн 137.1 дэх заалтуудыг тус тус ноцтой зөрчиж анхан шатны шүүхээс өөр хуулийг хэрэглэж шийдсэн, мөн дээрх газрын зөрчил Р.О-гийн эзэмшилд байхад зөрчигдсөн эсэх тухай үйл баримтыг шүүхээс бүрэн тогтоож чадаагүй төдийгүй зөрчигдсөн эрхийг шаардах эрх нэхэмжлэгч Б.Л-д шилжээгүй байхад шүүхээс шаардах эрхтэй гэж үзэн анхан шатны шүүхээс бодит үйл баримтыг тогтоож чадаагүй байдлууд нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шийдвэрийг залруулах боломжтой бол залруулж, боломжгүй гэж үзвэл ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг үндэслэн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Б.Л- нь хариуцагч Ч.Э-д холбогдуулан өөрийн эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино гудамж, нэгж талбарын 18642324071183 дугаартай, 700 м.кв талбай бүхий газраас түүний хашаалсан 70 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түүн дээр баригдсан 28 м.кв талбай бүхий автомашины гараашийг буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Л- нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино гудамж, нэгж талбарын 18642324071183 дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг иргэн Р.О-ээс 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн авч эзэмшсэн болох нь Р.О, Б.Л- нарын хооронд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Чингэлтэй дүүргийн Газрын албанд 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргасан тэдгээрийн хүсэлт, 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 0310123 тоот Б.Л-гийн нэр дээр бүртгэлтэй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг зэргээр тогтоогджээ. /хэргийн 101-108 дугаар тал/
Мөн хариуцагч Ч.Э- нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино гудамж, нэгж талбарын 18642324069216 дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг эзэмшдэг болох нь түүний Чингэлтэй дүүргийн Газрын албанд 2014 оны 9 дүгээр сарын 10-нд гаргасан газар эзэмших хүсэлт, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 000523972 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэлийн газрын албанаас 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, Чингэлтэй дүүргийн Газрын албанаас 2016 онд үйлдсэн газрын байршлын кадастрын зургууд зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хэргийн 91-99 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эзэмшлийн нэгж талбарын 18642324071183 дугаартай газрын ямар хэмжээтэй хэсэгт хариуцагч хашаалж, гарааш барьсан болохыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүх шинжээчээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг томилсон ба 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр А/04 тоот шинжээчийн дүгнэлтээр “хариуцагч Ч.Э-гийн эзэмшиж буй гэх 1284 м.кв талбайтай газар нь нэгж талбарын 18642324071183 дугаар бүхий 700 м.кв талбайтай Б.Л-гийн нэр дээр бүртгэгдсэн газартай 70 м.кв талбайгаар давхцалтай байх бөгөөд Б.Э нь эргэлтийн цэгээрээ хашаа бариагүй, бусдын эзэмшил газарт хашаа болон автомашины гарааш оруулан барьсан” гэсэн дүгнэлтийг гаргаснаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн 70 м.кв талбай бүхий газрыг хашаалж өөрийн өмчлөлийн гараашийг барьж түүний газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 49-51, 69-86 дугаар тал/
Дээрх нотлох баримтууд, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газрыг хариуцагч хашаа, гарааш барихаас өмнө хууль ёсоор эзэмшсэн болон хариуцагч түүний эд хөрөнгө эзэмших эрхийг зөрчсөн үйл баримт тогтоогджээ. Энэхүү үйл баримтыг хариуцагч үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаагүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Л- нь өөрийнх нь эзэмшлийн газарт хашаа, гарааш барьсан талаар Чингэлтэй дүүргийн Газрын албанд өргөдөл хүсэлт гаргаж байсан, уг газрыг чөлөөлж гараашийг бариулахгүй байх, буулгах талаар хариуцагчаас шаардаж байсан болох нь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гарааш буулгах, газар чөлөөлж зөрчлөө арилгахыг шаардсан тухай Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны шаардах хуудас, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 851 тоот, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 982 тоот албан бичгүүд, гэрч Р.О, А.Б нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн 70 м.кв талбайг чөлөөлүүлж, дээр нь баригдсан автомашины гараашийг буулгуулахаар шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.
Хариуцагч нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хууль бусаар хашаа, гарааш барьснаас хойш буюу 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эзэмших эрхтэй болсноос гадна уг газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардаж байсан нь тогтоогдож байх тул хууль бусаар хил зөрчсөн үйлдлээ Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрүүлэхээр шаардах эрхгүй гэж шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2014 онд хууль ёсоор газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдохоос өмнө буюу 2009 оны зун тухайн үед иргэн Б.О-ийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан дээрх 70 м.кв талбайг хашаалж, автомашины гарааш барьсан нь түүнийг хуулийн дагуу шаардах эрхийг үүсгэхгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Л-гийн өөрийн эзэмшлийн 70 м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж түүн дээр баригдсан хариуцагч Ч.Э-гийн өмчлөлийн гараашийг буулгуулах тухай үндсэн нэхэмжлэлийг ханган, хариуцагч талын хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2017/01956 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
С.ЭНХТӨР