Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 00173

 

                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа,

Улсын яллагч Ч.Сэлэнгэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир,

Шүүгдэгч П.Баярболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвсүрэнгийн Баярболдод холбогдох Эрүүгийн 20161400010162  дугаартай хэргийг 2016 оны 10 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт.

         1. Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-10-26 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Эмт овгийн Пүрэвсүрэнгийн Баярболд /ГЭ 88030111/.

                                             Холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч П.Баярболд нь машин механизм хэрэглэж 2015 оны 07 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ны Хүдрийн ил уурхайгаас 15.2 килограмм Оюу чулуу хулгайлан 4 560 000 /дөрвөн сая таван зуун жар/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

           1. Шүүгдэгч П.Баярболд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 7 дугаар сард 8а энгэр дээр постод зогсож байхдаа ногоон өнгийн чулуу байхыг олж харсан. Сүүлд нь сул зогсохдоо шөнө очиж  нөгөө ногоон чулуугаа 3 шуудайнд хийж хашаан доогуур шидчээд наашаагаа алхаж тосгон явдаг зам тосч машин зогсоогоод ярьж тохиролцоод Их залууд хашаанд аваачиж буулгасан. Тухайн үед мартсан байсан. Ингээд 2016 оны 01 сард очиж авсан. Өмнө нь би бас хашааныхаа үүдэнд шавар ихтэй байдаг учир шэвен буулгасан байсан. Шэвенгээ буулгаж байхад дотор нь өнгийн чулуунууд байсан. Түүнийг нь ялгаж авсан байсан. Тэрийг нийлүүлэд 90-100 килограмм зүйл байсан. Түүнээс би үйлдвэрээс 160 орчим килограмм зүйл авч гараагүй. Б.Алтан-Очир, Г.Батсайхан хоёр 2015 оны 7 сард эсмен жолоочоор явж байсан. Миний таньдаг Өлзий гэх залуутай таараад би Дэнж өгсөөд ирье гэж намайг хэлэхэд дагаж манай хашаанд очсон. Тэгээд Өлзий, Алтан-Очир хоёрт чулуугаа үзүүлсэн. Тэр хоёр город руу буцаж ирсэн. Би ажлаасаа халагдана гэж бодоогүй гэв.

          2.  Хохирогч О.Пүрэв-Отгоны мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: “...Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Хүдрийн ил уурхайн хөрс хуулалтын хэсэгт ажилтай П.Баярболд, Б.Алтан-Очир, Г.Батсайхан нар нь Хүдрийн ил уурхайгаас 164 килограмм “Оюу” гэх чулууг хулгайлж бусдад зарах гэж байгаад Орхон аймгийн Тагнуулын газрын ажилтнуудад баригдсан асуудалд Эрдэнэт-Үйлдвэр ХХК-г төлөөлж хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би “Оюу” гэх чулууг Орхон аймгийн Тагнуулын газрын ажилтан Ц.Энхбаярын өрөөнөөс очиж авсан. Жинлэж авахад “Оюу” гэх чулуу нь 164 килограмм байсан. Тагнуулын ажилчдын хураан авсан гэх 3 шуудай шороо, 3 шуудай хог чулуу хүлээлгэн өгснийг жинлэлгүй авсан. Тэгээд “Оюу” гэх чулууг Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Цагдаагийн тасгийн постын хажууд байрлах “Оюу” чулуу албан ёсоор түүж цуглуулдаг чингэлэгт хийсэн. Дээрх 3 этгээдийг 2016 оны 02 сарын 18-ны өдрийн Б/198 дугаартай Ерөнхий захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас нь халсан байдаг. “Оюу” гэх чулуу нь Хүдрийн ил уурхайд Хүдэр олборлох явцад “Оюу” чулууны судал хааяа илэрдэг юм. Түүнээс л түүж авсан байх гэж бодож байна. Манай байгууллагад “Найдвар од” Аудитын байгууллагын тогтоож өгсөн 4 560 000 төгрөгийг нэхэмжлэхгүй, яагаад гэвэл “Оюу” гэх чулуугаа шинжилгээ хийлгээд бүрэн бүтэн хүлээж авсан. Харин “Геологийн төв лабратори” ТӨҮГ-аар шинжилгээ хийлгэсэн ажлын хөлс 259 400 төгрөг, Оюу чулууг Улаанбаатар, Орхон аймагт тээвэрлэсэн зардал 200 000 төгрөг, “Найдвар од” Аудитын үнэлгээ хийлгэсэн хөлс 31 000 төгрөг нийт 490 400 төгрөгийг нэхэмжилж байна  гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,

              3. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

              4. Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-21 тал/,

              5. “Найдвар-Од” аудит ХХК-ний шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай: Үйлдвэрийн бүсээс гарсан “Оюу” чулуу нь чанар байдал хэмжээнээсээ шалтгаалан 250 000-350 000 төгрөгийн ханштай байна.  15.2 килограмм “Оюу” чулуу нь нийт 4 560 000 төгрөгийн ханштай болно гэх дүгнэлт /хх-ийн 51 тал/,

             6. Геологийн төв лабораторийн 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 328 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Оюу” гэх чулуулагт “Оюу” 50%, шаварлаг материал 40%, жижиг хүдрийн эрдэс 10% байна. 2. Чулуулагт 30.4 килограмм “Оюу” агуулагдаж байна. Нийт 171.4 килограмм чулуулагийн 30.4 килограмм нь “Оюу” гэж үзвэл 15.2 килограмм нь “Оюу” байна гэсэн үг. 3. “Оюу” чулууг гоёл чимэглэлд өргөн ашиглах боломжтой, зөвхөн шаварлаг материал бага байх ёстой. Хөгжилтэй орнууд мөн өнгийн “Оюу” чулууны будгаар сэргээн будаж өнгийг нь сайжруулан төрөл бүрийн гоёл чимэглэлд хэрэглэдэг. 4. “Оюу” гэдэг нь CuAe6(PO4)4(OH)85H2O химийн томъёотой янз бүрийн эрдсийн хольцтой, хатуулаг нь 5-6 хуваагдалгүй, 2.8 г/см3 хувийн жинтэй будгаар сэргээн будаж өнгийг нь сайжруулан төрөл бүрийн гоёл чимэглэлд хэрэглэдэг. 5. “Оюу” гэдэг нь CuAe6(PO4)4(OH)85H2O химийн томъёотой янз бүрийн эрдсийн хольцтой, хатуулаг нь 5-6 хуваагдалгүй, 2.8 г/см3 хувийн жинтэй маш нягт, бүдэг ногооноос тод ногоон, цэнхэр өнгийн өнгөтэй чулуулагийг хэлнэ. Оюунаас гадна дотроо халькосдерит CuFe6 (PO4)4(OH)85H2O энэ эрдсийг төмөр агуулсан “Оюу” гэх бөгөөд бүдэг ногоон өнгөтэй байна. 5. Малахижсан чулуулаг гэдэг нь ногоон өнгийн түрхэцээр баян чулуулгийг хэлнэ. Малахитийн химийн томъёо нь Сu2(CO3)(OH2) бөгөөд хатуулаг нь 4.5 байдаг  гэжээ. /хх-ийн 43-44 тал/,

          7. Хохиролд 490 400 төгрөг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 215 талд/

          8. Гэрч Л.Алтантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...П.Баярболд постонд гараагүй. 2015 оны 07 сарын 17-ны орой 23 цагийн үед ажилдаа ирж 18-ны хагас сайн өдрийн 00 цагаас 08 цаг хүртэл хугацаанд 1-р ээлжийн буюу шөнийн ээлжинд ажилласан байна. Энэ өдөр сул зогсоогүй 7900 тн хүдэр баяжуулах фабрикт өгсөн байна. Харин 2015 оны 07 сарын 16-ны өдөр сул зогссон байна. Г.Батсайхан, Б.Алтан-Очир нар нэг ээлжинд гардаг байсан. Харин П.Баярболд нь энэ хоёроос зөрж гардаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 176-177 тал/

         9. Гэрч В.Өлзийбуянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 47-47 дугаартай бор шаргал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу өөрийгөө П.Баярболд гэж танилцаж байсан. Багажиндаа авч явсан “Оюу” чулууг нь үзсэн ойролцоогоор 20 орчим килограмм чулуу байсан. Тухтай газар очиж үзүүлье гээд дагуулаад Дэнж, Эрдэнэ гэдэг газар очоод хашаанд дотроо гражтай айлын гадаа очоод нөгөө залуу хашаа руу ороод хаалгыг дотроос нь онгойлгож машиныхаа багажинд байсан чулууг  үзүүлсэн. 11 килограмм орчим чулууг ялгаж аваад 1 100 000 төгрөгөөр зарахаар болсон. Бэлэн мөнгө байхгүй байсан тул ХААН банк орж мөнгө авч өгөхөөр П.Баярболд машинтайгаа явсан. Би Дэнж багийн ХААН банк ороод 20-30 минут болоод банкнаас мөнгө авч гарч ирээд Баярболдод мөнгөө өгөөд зогсож байтал тагнуулын хүмүүс ирээд бид нарыг барьж авсан. Граж дотор чулуу үзүүлээд ялгаж авч байхад нэг залуу орж ирээд наадахаа хол очиж үзүүлэхгүй яасан юм бэ? гээд уурлангүй яриад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 236-238 тал/

         Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

         Шүүгдэгч П.Баярболд нь машин механизм хэрэглэж 2015 оны 07 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ны Хүдрийн ил уурхайгаас 15.2 килограмм “Оюу” чулуу хулгайлан 4 560 000 /дөрвөн сая таван зуун жар/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Пүрэв-Отгоны мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

              Харин шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир нь шүүгдэгч П.Баярболдыг  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хашаанаас 3 шуудай ногоон чулууг авч хашааны доогуур гаргаж тавьсаны дараа зам дээрээс машин хөлслөн ачиж хашаандаа буулгасан нь хулгайлах үйлдэл төгссөний дараа чулууг зөөж тээвэрлэснийг машин механизм ашигласан гэж үзэхгүй учир  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 болгон өөрчлөн зүйлчилж өгнө үү? гэж  байх боловч  шүүгдэгчийн ногоон өнгийн чулууг авсан гэх газар нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  эд хөрөнгөө халдлагаас хамгаалах зориулалттай бэхэлгээ бүхий төмөр хашаатай онцгой обьект ба шүүгдэгч П.Баярболд нь хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч явж чадахгүй / даахгүй / учир зөөж тээвэрлэх зорилгоор машин хөлслөн ачиж явсан байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй  байна.

         Шүүгдэгч П.Баярболдод холбогдох хэргийн зүйлчлэл зөв түүнийг машин механизм хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан  зэргийг харгалзан түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

        Шүүгдэгч П.Баярболд нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн  эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болно.

            Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь :

 

           1. Шүүгдэгч Эмт овгийн Пүрэвсүрэнгийн Баярболдыг машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч П.Баярболдыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Баярболдын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

         4.  Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Баярболд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

          5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч П.Баярболдод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж  1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар ялтан П.Баярболдод хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

         7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.