Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/02155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж, 62/1 тоотод байрлах, РД-5056683, Евро-Электроникс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж, Колорадо бизнес төвийн 105 тоотод байрлах, РД-5904986, Омни шиппинг ХХК-д холбогдох,

 

315 269 210 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас барааны үнэн төлсөн 210 089 466,24 төгрөгийг, олох байсан ашиг 105 179 744,15 төгрөг, нийт 315 269 210 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Евро-Электроникс ХХК нь хариуцагч Омни шиппинг ХХК-тай 2016-02-19 өдөр тээвэр зуучийн үйлчилгээний нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж, гэрээний дагуу Омни шиппинг ХХК манай компанийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг Монгол улсын нутаг дэвсгэрт оруулж ирэхэд тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон.

Манай компани Польш улсын Амика сполкс акижна компаниас барааг худалдах, худалдан авах гэрээгээр авч, хамтран ажилладаг бөгөөд уг компаниас 79 090,69 еврогийн үнэ бүхий бараануудыг зээлээр худалдан авч, Омни шиппинг ХХК-д мэдэгдсэн байдаг.

Худалдагч талаас 2016-12-23 өдөр SK2626312 дугаартай баталгаагаар тээврийн компанид захиалсан барааг шилжүүлсэн байдаг. Мөн худалдагч талаас манай компанид тус бараануудын 631602739, 631602732 дугаар бүхий  үнийн  нэхэмжлэхүүдийг 2016  оны 12 сарын 22,23 өдрүүдэд ирүүлсэн бөгөөд илгээсэн бараа удахдаа 60 хоногийн дотор ирдэг манай компани барааг борлуулж, мөнгийг 2017-04-21 өдрийн дотор  шилжүүлэх үүрэг хүлээдэг.Гэтэл бараа ирээгүй. Гэсэн ч манайх барааны үнийг төлөх үүргийнхээ дагуу 2017-04-25 өдөр 29875 евро, 2017-05-16 өдөр 49 215,69 еврог худалдагч компанийн дансанд шилжүүлсэн.

Автотээврээр ачигдсан дээрх бараанууд өнөөдрийг хүртэл Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирээгүй бөгөөд замдаа хулгайд алдагдсан гэх мэдээллийг Омни шиппинг ХХК-иас манайд өгсөн. Тээврийн үйлчилгээг Германы компанид даатгуулсан,  даатгалын компаниас мөнгө орж ирэхээр мөнгийг манайд төлнө гэж хариуцагч хэлсэн учир даатгалын байгууллагаас нөхөн төлбөр олгохыг өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч даатгалын байгууллагаас Омни шиппинг ХХК-д ямар нэгэн нөхөн төлбөр олгосон эсэх  талаар манайд хэлэхгүй, мэдээлэл өгөхгүй байна.

Манай компани нь тус бараануудыг зээлээр худалдан авдаг, бараа ачигдаад цаад хугацаа нь 60 хоногт ирчихдэг тул  худалдан борлуулсны дараа төлбөрөө төлдөг.  Гэвч бараа ирээгүй, барааны үнийг төлөх хугацаа болчихсон тул гэрээнд заасан хугацаанд барааны үнийг бүрэн төлж барагдуулсан болно.

Үүний улмаас манай компани нь эргэлтийн хөрөнгийн доголдолд орж өнөөдрийг хүртэлх хугацаанд энэхүү доголдлоос гарч чадаагүй,    бараагаа худалдан борлуулж, олох ёстой байсан ашгийг мөн алдаад байна.

Иймд Омни шиппинг ХХК-иас барааны үнэ 79 090,69 евро буюу 210 089 466,24 төгрөг, олох ёстой ашиг 105 179 744,15 төгрөг, нийт 315 269 210,38 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагчийн төлөөлөгч: Нэхэмжлэлийн талаар хэлэх зүйл байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн дүрэм, тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ, гэрээ байгуулах эрх олгосон тушаал, төлбөрийн 631602739, 631602732 дугаар бүхий нэхэмжлэлүүд, бүтээгдэхүүний савлагааны жагсаалтууд, бараа илгээгчид үлдэх хувь, гадаад төлбөрийн даалгаврууд, бараа борлуулсан зарлагын баримтууд, олох байсан ашгийн тооцоо, ханшийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

           ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гардуулахаар хариуцагчийг шүүх дуудаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон өмгөөлөгч З.Түвшинжаргалд нэхэмжлэлийг 2018-05-28 өдөр гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдэлж оролцох эрх үүргийг тайлбарлаж, хариуцагч 2018-06-06 өдрийн дотор нэхэмжлэлийн талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлэх үүрэг хүлээсэн болно.

Гэвч хариуцагч хуулиар тогтоосон хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа, эсхүл татгалзаж байгаа талаар тайлбар ирүүлэх үүргээ  биелүүлээгүй,  2018-06-18 өдөр хийхээр товлон зарласан шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч ирсэн боловч хэргийн материалтай танилцах, нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуралдааныг 2018-06-27 өдрийг хүртэл хойшлуулсан болно.

 

2018-06-27 өдөр товлогдсон хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нотлох баримт гаргах шаардлагатай болсон учир хуралдаан  2018-07-03 өдрийг хүртэл хойшилсон бөгөөд энэ хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч биечлэн оролцсон боловч нэхэмжлэлийн талаар тайлбар гаргахаас татгалзсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, түүний ирүүлсэн нотлох баримтыг хэлэлцэж, хэргийг шийдвэрлэлээ.

Гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг нэхэмжлэгч нь хариуцагчтай 2016-02-19 өдөр Тээврийн зуучийн үйлчилгээний 2016/004 тоот гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, нэхэмжлэгчийн худалдан авч буй импортын бараа бүтээгдэхүүнийг Монгол улсын нутаг дэвсгэрт оруулж ирэх тээвэрт хариуцагчаас тээвэр зуучийн үйлчилгээг авахаар тохиролцсон  байх бөгөөд нэхэмжлэгч Польш улсын Амика Сполкс Акижна ХХК-иас 2016-12-23 өдрийн 631602739 дугаар төлбөрийн нэхэмжлэхээр өөртөө хаяглагдан ачигдсан 11 826,70 кг жинтэй, 99 513 м.куб эзлэхүүнтэй, 514 ширхэг, 65 725,92 еврогийн үнэ бүхий плитка, уур ёорогч, гал тогооны өрөөний ширээний тавцан, шарах шүүгээ зэрэг цахилгаан бараа, 2016-12-22 өдрийн 631602732 дугаар төлбөрийн нэхэмжлэхээр ачигдсан, 6 хайрцагтай, 32,342 кг жинтэй, 592 еврогийн барааг автозамын тээвэрт шилжүүлсэн  тухай мэдээлэл, холбогдох баримтыг гэрээний дагуу хариуцагчид өгсөн байна.

Зохигч Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт заасан ачаа тээвэрлэлтийн гэрээнд хариуцагч зуучлахаар тохирч, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан тээвэр зуучийн гэрээг байгуулсан байна.

Гэрээгээр зуучлуулагч тээвэрлэлтийн захиалгыг зуучлагчид өгөх, тээвэрлэгдэх ачааны талаар шаардлагатай мэдээллээр хангах, тээврийн хөлс, нэмэлт зардлууд, зуучлалын үйлчилгээний төлбөрийг төлөх, зуучлагч нь тээвэрлэлтийн явцад гарах тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоог, хил бооомтын болон сэлгэн ачилтын зардлыг үйлчлүүлэгчийн өмнөөс төлөх, олон улсын конвенцид заагдсан хугацаанд  ачааг хүргэх, ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгалыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн байна.

Нэхэмжлэгчид хаяглаж,  худалдагч Амика Сполкс Акижна ХХК нь 2016-12-23 өдрийн 631602739, 2016-12-22 өдрийн 631602732 дугаар төлбөрийн нэхэмжлэхтэй, бүтээгдэхүүний савлагааны жагсаалттай ачааг М233АК177/НА4670177 дугаартай автомашин/жолооч Мандрикин Андрей/-д ачсан, ачааг ОХУ-ын Автоспектор ХХК нь СМR  нөхцлөөр хүлээн авсан болох нь  барааны дагалдах 2626312 дугаартай бичиг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч  гэрээгээр тохирсон хугацаанд,  барааг ирүүлэх үүргээ биелүүлж чадаагүй байх бөгөөд гэрээний 2.12-т заасны дагуу тээвэрлэлтийн явцад ачааны аюулгүй байдлыг хангах талаар үйлчлүүлэгчийн өмнөөс холбогдох тээврийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эвдрэл гэмтэл, дутагдал гарсан тохиолдолд тээвэрлэгч байгууллагаас акт тодорхойлолт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн эсэхээ нотлоогүй  байна.

 

Нэхэмжлэгч нь бараа ирээгүй ч худалдагч Амика Сполкс Акижна ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний  дагуу  2017-04-21 өдрийн дотор барааны үнийг төлөхөөр   хүлээсэн   үүргээ биелүүлж, 2016-12-23 өдрийн 631602739, 2016-12-22 өдрийн 631602732 дугаар төлбөрийн нэхэмжлэхээр ачигдсан барааны үнэ 66 317,92 еврог 2017-04-25, 2017-05-15 өдрүүдэд дээрх барааны үнэнд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Барааны үнэ болох  66 317,92 еврог шилжүүлсэн өдрийн ханшаар/2017-04-25 өдөр 29875евро х 2637,73=78 802 183,75 төгрөг, 2017-05-16 өдөр 36 570,02 евро х 2667,59 =97 553 819,65 төгрөг/  тооцоход 176 356 003,4 төгрөгийг барааны үнэнд нэхэмжлэгч төлсөн байна.

 

Тээвэрлэгч  нь Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасны дагуу ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртлэх хугацаанд ачааг алдсан хариуцлагыг хүлээх үүрэгтэй, Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаанд нэхэмжлэгч  хариуцагчтай  байгуулсан гэрээний 2.1.4, 2.1.10, 2.1.12 дахь хэсэгт заасан үүргийг  түүнээс  шаардсан  байх боловч   хариуцагч “ачаа алдагдсан” гэснээс өөр хариу өгөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаар зуучлуулан тээвэрлүүлсэн барааг борлуулсан бол олох байсан цэвэр ашигт 105 179 744 төгрөгийг өөрт учирсан хохиролд тооцож, түүнээс  гаргуулахаар  шаардсан бөгөөд ачаа ачигдснаас хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд  нэхэмжлэлийн талаар тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, тайлбарыг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний тайлбарыг хариуцагчийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,   60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу    шүүхэд нэхэмжлэл гаргахад  тэмдэгтийн хураамжид  нэхэмжлэгчээс  төлсөн 1 734 300   төгрөгийг улсын орлогод үлдээж,  хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж болох 1 565 629 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид   олгох нь хуульд нийцнэ.         

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,