Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01931

 

 “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02155 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “О” ХХК-д холбогдох

 

Тээвэрлэлтийн 315 269 210 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Е ХХК нь хариуцагч О ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж, манай компанийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг Монгол улсын нутаг дэвсгэрт оруулж ирэхэд тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон.

 

Манай компани Польш улсын Амика сполкс акижна компаниас худалдах, худалдан авах гэрээгээр бараа авч, хамтран ажилладаг бөгөөд уг компаниас 79 090,69 еврогийн үнэ бүхий бараануудыг зээлээр худалдан авч, О ХХК-д мэдэгдсэн.

 

Худалдагч талаас 2016-12-23 өдөр SK2626312 дугаартай баталгаагаар тээврийн компанид захиалсан барааг шилжүүлсэн байдаг. Мөн худалдагч талаас манай компанид тус бараануудын 631602739, 631602732 дугаар бүхий үнийн нэхэмжлэхүүдийг 2016 оны 12 сарын 22, 23 өдрүүдэд ирүүлсэн бөгөөд илгээсэн бараа удахдаа 60 хоногийн дотор ирдэг манай компани барааг борлуулж, мөнгийг 2017-04-21 өдрийн дотор шилжүүлэх үүрэг хүлээдэг. Гэтэл бараа ирээгүй. Гэсэн ч манайх барааны үнийг төлөх үүргийнхээ дагуу 2017-04-25 өдөр 29875 евро, 2017-05-16 өдөр 49 215,69 еврог худалдагч компанийн дансанд шилжүүлсэн.

 

Автотээврээр ачигдсан дээрх бараанууд өнөөдрийг хүртэл Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирээгүй бөгөөд замдаа хулгайд алдагдсан гэх мэдээллийг О ХХК-иас манайд өгсөн. Тээврийн үйлчилгээг Германы компанид даатгуулсан, даатгалын компаниас мөнгө орж ирэхээр мөнгийг манайд төлнө гэж хариуцагч хэлсэн учир даатгалын байгууллагаас нөхөн төлбөр олгохыг өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч О ХХК-д ямар нэгэн нөхөн төлбөр олгосон эсэх талаар манайд мэдээлэл өгөөгүй.

 

Бараа ирээгүй, барааны үнийг төлөх хугацаа болчихсон тул гэрээнд заасан хугацаанд барааны үнийг бүрэн төлж барагдуулсны улмаас манай компани нь эргэлтийн хөрөнгийн доголдолд орж өнөөдрийг хүртэлх хугацаанд энэхүү доголдлоос гарч чадаагүй,  олох ёстой байсан ашгийг мөн алдаад байна.

 

Иймд О ХХК-иас барааны үнэ 79 090,69 евро буюу 210 089 466,24 төгрөг, олох ёстой ашиг 105 179 744,15 төгрөг, нийт 315 269 210,38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн талаар хэлэх зүйл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 393 дугаар зүйлийн 393.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч О ХХК-иас 281 535 747,4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е ХХК-д олгож, нэхэмжлэлээс 33 733 462,6 төгрөгийг гаргуулахаар шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1 734 300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1 565 628 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож, өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байхад шүүхээс хариу тайлбар өгөөгүй, хуралдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж хууль бус үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн. Өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан нь талуудын мэттэлцэх боломжийг хангаагүй, бүрдүүлээгүй гэж үзэж байна. Мөн шүүх барааг борлуулсан бол олох байсан цэвэр ашиг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн хэрнээ хуулийн ямар үндэслэлээр болон хавтас хэрэгт цугласан ямар нотлох баримтад тулгуурлаж шийдвэрлэж байгаа талаар огт дүгнэлт өгөөгүй. Иймд  шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Е” ХХК нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан тээвэр зуучийн гэрээний дагуу барааны үнэд төлсөн 210 089 466,24 төгрөг, олох байсан ашиг 105 179 744,15 төгрөг нийт 315 269 210 төгрөг гаргуулахаар шаарджээ. /хх-1-2/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэргийн оролцогчдын тэгш эрхийн байдалд үндэслэгдэж, мэтгэлцэх зарчмын хүрээнд явагдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд энэхүү эрхээ эдлэх эсэх нь маргаж буй талуудын хүсэл зоригийн үндсэнд хэрэгжинэ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаагүй, татгалзалаа нотлох баримтыг гаргаагүй, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь шүүхийн эрхийн асуудал юм.

 

Харин хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасантай нийцсэн эсэхэд шүүхээс зөв үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой юм.

 

Нэхэмжлэгч талаас хэргийн 17, 23 дугаар талд төлбөрийн нэхэмжлэх гэх бичмэл баримтыг гаргасныг шүүх үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.

 

Хэрэгт авагдсан дээрх баримтад орчуулга хийгдсэн ч эх хувь нь болох гадаад хэл дээр бичигдсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувь буюу эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй, эх хувь буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байхгүй тохиолдолд үзлэг хийж бэхжлүүлэх журмыг зөрчсөн байна. /хх-17,23, 88-89/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. /хх-88-89/

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үздэг. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг гомдолд дурдсан үндэслэлээр хангаагүй орхисон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02155 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 570 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

 

                   ШҮҮГЧИД                                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД