Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2019/01584

 

“ЕЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч М.Наранцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01986 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ЕЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ОШ” ХХК-д холбогдох,

315 269 210 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 49 186 881 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Оргил,      

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Хэрлэнчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЕЭ” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “ОШ” ХХК-тай тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “ОШ” ХХК нь манай компанийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирэхэд тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон байсан. Манай компани нь Польш Улсын “Амика сполкс акижна” компанитай худалдах, худалдан авах гэрээгээр хамтран ажилладаг бөгөөд уг компаниас 79 090,69 еврогийн үнэ бүхий бараануудыг зээлээр худалдан авч “ОШ” ХХК-д мэдэгдсэн. Худалдагч талаас 2016 оны 12 сарын 23-ны өдөр SK2626312 дугаартай баталгаагаар тээврийн компанид захиалсан барааг шилжүүлсэн байдаг. Мөн худалдагч талаас манай компанид тус бараануудын 631602739, 631602732 дугаар бүхий үнийн нэхэмжлэхүүдийг 2016 оны 12 сарын 22, 23-ны өдрүүдэд ирүүлсэн бөгөөд илгээсэн бараа удахдаа 60 хоногийн дотор ирдэг манай компани барааг борлуулж, мөнгийг 2017 оны 4 сарын 21-ний өдрийн дотор шилжүүлэх үүрэг хүлээдэг. Гэтэл бараа ирээгүй. Гэсэн ч манайх барааны үнийг төлөх үүргийнхээ дагуу 2017 оны 4 сарын 25-ны өдөр 29 875 евро, 2017 оны 5 сарын 16-ны өдөр 49 215,69 еврог худалдагч компанийн дансанд шилжүүлсэн. Авто тээврээр ачигдсан дээрх бараанууд өнөөдрийг хүртэл Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирээгүй бөгөөд замдаа хулгайд алдагдсан гэх мэдээллийг “ОШ” ХХК-иас манайд өгсөн. Тээврийн үйлчилгээг Германы компанид даатгуулсан, даатгалын компаниас мөнгө орж ирэхээр мөнгийг манайд төлнө гэж хариуцагч хэлсэн учир даатгалын байгууллагаас нөхөн төлбөр олгохыг өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч даатгалын байгууллагаас “ОШ” ХХК-д ямар нэгэн нөхөн төлбөр олгосон эсэх талаар манайд хэлэхгүй, мэдээлэл өгөхгүй байна. Манай компани нь тус бараануудыг зээлээр худалдан авдаг, бараа ачигдаад цаад хугацаа нь 60 хоногт ирчихдэг тул худалдан борлуулсны дараа төлбөрөө төлдөг. Гэвч бараа ирээгүй, барааны үнийг төлөх хугацаа болчихсон тул гэрээнд заасан хугацаанд барааны үнийг бүрэн төлж барагдуулсан болно. Үүний улмаас манай компани нь эргэлтийн хөрөнгийн доголдолд орж өнөөдрийг хүртэлх хугацаанд энэхүү доголдлоос гарч чадаагүй, бараагаа худалдан борлуулж, олох ёстой байсан ашгийг мөн алдаад байна. “ОШ” ХХК-иас барааны үнэ 79 090,69 евро буюу 210 089 466,24 төгрөг, олох ёстой ашиг 105 179 744,15 төгрөг, нийт 315 269 210,38 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тооцоог дахин хийж үзээд барааны үнэ 79 090,69 евро буюу 210 089 466,24 төгрөгийн шаардлагаа багасгаж, 66 317,92 евро буюу 176 356 003 төгрөгийг олох ёстой ашиг 105 179 744,15 төгрөгийн хамт нийт 281 535 747 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас тухайн барааг алдагдсан учир барааны үнэ 176 356 003 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин олох ёстой орлогыг хүлээн зөвшөөрөхгүй. Тээвэрлэлтийн ханшаар тээвэрлэгчид тухайн олох ёстой орлого хамааралгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын байгуулсан гэрээний дагуу бараа алдагдахаас өмнө тээвэрлэлт хийгдсэн. Польш Улсаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн ачаа 5 510 ам.доллар, БНХАУ-аас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн ачааны хөлс 3 510 ам.доллар, Словак Улсаас 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирсэн ачааны хөлс 1 440 евро, Польш Улсаас 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ирсэн ачааны тээврийн хөлс 1 575 евро буюу 32 792 134,95 төгрөг, алданги 16 394 746,27 төгрөг нийт 49 186 881.22 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Монголбанкны тухайн үеийн ханшаар тооцож үзэхэд тээвэрлэлтийн хөлс 30 239 342,45 төгрөг болсон. Үүнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээний 3.2-д заасны дагуу алданги тооцож үзвэл алдангид 15 119 671,22 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжлэгчээс нийт 45 359 013 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манайх сөрөг нэхэмжлэлтэй холбоотой тээвэрлэлтийн хөлс 30 239 342 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үүрэг гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнийг гэрээнд төлөхөөр тусгаагүй. Гол нь хулгайд алдагдсан бараа өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа тул хасагдаж тооцогдох ёстой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 410 дугаар зүйлийн 410.1, 393 дугаар зүйлийн 393.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасны дагуу хариуцагч “ОШ” ХХК-иас 281 535 747 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЕЭ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нэхэмжлэгч “ЕЭ” ХХК-иас 45 359 013 төгрөгийг гаргуулан хариуцагч “ОШ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ЕЭ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 734 300 төгрөгийг, хариуцагч “ОШ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403 884 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 565 628 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 403 884 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “Хариуцагч тээвэр зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул алданги нэхэмжлэх үндэслэлтэй” гэж үзэн гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу зуучлал хийсэн 4 удаагийн тээвэр зуучлалын үйлчилгээний хөлсийг төлөөгүй байх тул хариуцагч алданги нэхэмжлэх эрхтэй гэж үзэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүх энэхүү шийдвэрийг гаргахдаа дараах нөхцөл байдлуудыг анхаараагүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан тээвэр зуучийн гэрээний дагуу дээрх бүх ачаа тээвэрлэгдсэн бөгөөд тэдгээр ачаанаас 1 ачаа нь замдаа хулгайд алдагдаж нэхэмжлэгчид ирээгүй. Харин үлдэх тээврүүд нь ачаа ирснээс хойш 30 хоногийн дотор төлөхөөр гэрээнд зохицуулсан. Нэхэмжлэгч нь эдгээр төлбөрүүдийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэл нь хулгайд алдагдсан ачааны асуудлыг шийдвэрлэхийг хүлээх байсан юм. Учир нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлд “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагчдын хооронд аль эхэлж үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон зүйл байхгүй тул алга болсон ачааны асуудал шийдвэрлэж өгөх хүртэл төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн 224.2.3-т заасны дагуу өөрийн гүйцэтгэх ёстой үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тул тус гэрээний дагуу алданги нэхэмжлэх эрхээ алдсан. Иймд 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1986 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...“ЕЭ” ХХК болон "ОШ” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тээвэр зуучийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд уг гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ачуулсан бараа замдаа алдагдаж хугацаандаа ирээгүй. Үүний улмаас нэхэмжлэгч болон хариуцагч аль аль нь хохирсон бөгөөд нэгэнт бараа алдагдсан учир нэхэмжлэгчээс дээрх гэрээний дагуу алдагдсан барааны үнэд төлсөн 176 356 003 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдагдсан бараа нь олдсон, Словак Улсын цагдаагийн байгууллагаас алдагдсан бараа байгаа хадгалагдаж байгаа агуулахыг битүүмжилсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, үүнтэй холбогдуулан хариуцагч нь нэхэмжлэгчид барааг буцаан авчирч өгөх боломжийн талаар хөөцөлдөж байсны улмаас өнөөдрийг хүртэл барааны үнийг төлөөгүй. Харин олох ёстой орлогыг хариуцагч нь гэрээнд заасны дагуу тээвэрлэгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь НҮБ-аас 1956 оны 5 дугаар сарын 19-ний өдөр баталсан "Авто замаар ачаа тээвэрлэх хэлэлцээрийн тухай Олон Улсын конвенцид Монгол Улс 2003 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэгдэн орсон. Уг конвенцийн 23 дугаар зүйлийн 23.1-т “тээвэрлэгч нь барааг алдсан тохиолдолд барааны хохирлыг хүлээн авсан газар, хугацаанд төлсөн үнэд нийцүүлэн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгчээс алдагдсан барааны үнэд төлсөн 176 365 003 төгрөгийг л хариуцахаар байхад үүнийг анхаараагүй. Нэхэмжлэгчээс олох ёстой байсан ашгийг нэхэмжилж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар 105 179 744 төгрөгийн ашиг олох боломжтой нь тогтоогдоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүхээс “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, ... шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана” 9.2-д "Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасныг зөрчсөн. Хэрэгт авагдсан шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримтад зөвхөн 1 үнэлгээчин л гарын үсэг зурсан шинжээчийн дүгнэлт гаргахад гарын үсэг зурсан нөгөө үнэлгээчинд эрх, үүрэг тайлбарлаагүй. Мөн дээрх шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч компанийн 2017 оны жилийн ашиг цэвэр ашиг 207 791 512,4 төгрөг, бараа алдагдаагүй бол олж болох байсан цэвэр ашиг 257 588 164,65 төгрөг буюу алдагдсан боломж нь 49 796 652,25 төгрөг гэж олох байсан орлогыг тооцсон. Гэтэл анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, үнэлэхдээ нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого 49 796 652,25 гэсэн байхад ямар үндэслэлээр 105 179 744 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 105 179 744 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ЕЭ” ХХК нь хариуцагч “ОШ” ХХК-д холбогдуулан 315 269 210 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 49 186 881 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 11-ний өдөр 102/ШЗ2018/16599 дугаар захирамжаар “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /1 дүгээр хх-ийн 205-206 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж заасан.

Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тохиолдолд шинжээчээр томилогдсон этгээд нь талуудын маргааны зүйлийн талаар дүгнэлт гаргах тусгай мэдлэг, чадвартай эсэх болон шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай атал энэхүү шаардлагыг хангаагүй гаргасан “Итгэлт эстимэйт” ХХК-ийн дүгнэлтийг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

Тодруулбал, шинжээчийн дүгнэлтийг “Итгэлт эстимэйт” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Золбоо, мэргэшсэн үнэлгээчин Э.Ганбаатар, үнэлгээний мэргэжилтэн Ч.Нямхүү нар гаргасан боловч анхан шатны шүүх зөвхөн Э.Ганбаатарт эрх, үүрэг тайлбарлаж, И.Золбоо, Ч.Нямхүү нарт хуульд заасан дээрх ажиллагааг явуулаагүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсгийг зөрчсөн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. /1 дүгээр хх-ийн 239, 241-242 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт “... нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01986 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 548 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 683 850 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЭНХТӨР

                                                  ШҮҮГЧ                              М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                           Г.ДАВААДОРЖ