Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/02247

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8 тоот, Финанс төвийн байранд байрлах, РД-5435528, Эрдэнэс таван толгой ХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 20-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 5 шар, Хишиг арвин билдинг, РД-2762412, Хишиг арвин индустриал ХХК-д холбогдох,

Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2013 оны 09 сарын 02 өдрийн ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай иргэний хэргийг, 

гуравдагч этгээд- Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Тоосгон ханын материал, ХД-61-р байрны 14 тоотод байрлах, РД-5350891, Хакмс ХХК-ийг оролцуулан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Т.Цолмон, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХАКМС ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх 2013-07-03 өдөр байгуулсан №ЭТТ-2013/05-36/НТШ-11 гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2013 оны 09 сарын 02 өдрийн ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: 2013 онд Эрдэнэс таван толгой ХК, Хишиг арвин индустриал ХХК-иар олборлосон нүүрсээ тээврийн хэрэгсэлд ачих ажлыг гүйцэтгүүлсэн. Уг ажлыг тухай үед аман хэлбэрээр тохиролцож хийлгэсэн бөгөөд гүйцэтгэгч тал болох Хишиг арвин индустриал ХХК 1 тонн нүүрс ачилтын үнийг манай компанитай харилцан тохиролцохгүйгээр өөрсдөө зах зээлийн үнээс хэт өндөр үнэ тогтоож нэхсэн. Өөрөөр хэлбэл 1 тонн нүүрсийг тээврийн хэрэгсэлд ачих ажлын хөлсийг 3181,68 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Хишиг арвин индустриал ХХК нь хэт нэг талын барьсан нүүрс ачилтын үнийн саналыг Эрдэнэс таван толгой ХК зөвшөөрөх үндэслэлгүй бөгөөд тухайн үед 1 тонн нүүрс ачилтын зах зээлийн үнэ нь 1200-1800 төгрөг байсан.

Гэтэл хариуцагч талаас 2016 оноос гэнэт Эрдэнэс таван толгой ХК-тай нүүрс ачилтын үнэ тохирсон гэрээ байгуулсан гээд, манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь, үйлдвэрлэл эрхэлсэн захирал Б.Гантулга нарын гарын үсэгтэй боловч тамга тэмдгээр баталгаажаагүй, 2013-09-02 өдөр гэсэн огноотой, Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэсэн гарчигтай, 2 хуудастай, хууль бус ганцхан хувь гэрээг гарган үзүүлэх болсон. Уг хуурамч, хууль бус гэрээгээр 1 тонн нүүрс ачих төлбөрийг өөр хэмжигдэхүүн, гэрээ буюу 2013-07-03 өдөр Таван толгой ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээний 1 м.куб уулын цулын ажлын хөлс болох 7954,20 төгрөгийн 40 хувьтай тэнцэх үнэ буюу 3181,68 төгрөгөөр тооцон Хакмс ХХК нь Эрдэнэс таван толгой ХК-иас хууль бусаар шаардаж шүүхээр шийдвэрлүүлсэн.

Хоёр талын 2014, 2015 онд байгуулсан уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээгээр талууд 1 тонн нүүрс ачилтын үнийг 2014-10-03 өдрийн ЭТТ-2014/142 тоот гэрээний 2.1 дэх хэсэгт 1800 төгрөг, 2015 оны нүүрс агуулахаас тээврийн хэрэгсэлд ачилт хийх гэрээний 2.1 дэх хэсэгт 1 тонн нүүрсийг тээврийн хэрэгсэлд ачих ажлын хөлс 1400 төгрөг /НӨАТ орсон/ байхаар тохиролцсон. Түүнчлэн 2017 оны гэрээгээр 1 тонн нүүрс ачилтын үнийг 990 төгрөгөөр тус тус харилцан тохирсон.

Хишиг арвин индустриал ХХК нь хууль бус, 2016 онд гэнэт гаргаж ирсэн энэхүү хуурамч баримтыг Эрдэнэс таван толгой ХК хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.

Учир нь Эрдэнэс таван толгой ХК нь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд тус компани бусдаас авах аливаа бараа, ажил, үйлчилгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, тендерт шалгаруулалтын үндсэн дээр гүцэтгэгчээ сонгох ёстой.

Хишиг арвин индустриал ХХК-иас 2016 онд гэнэт гаргаж ирсэн, ганцхан хувь баримт буюу Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот, 2013-09-02 гэсэн огноотой хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү? гэв.

 

Хариуцагч Хишиг арвин индустриал ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Эрдэнэс таван толгой ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг 2013-09-02 өдөр байгуулсан, Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж тодорхойлсон байна. Эрдэнэс таван толгой ХК нь өөрийн эрх, хууль ёсны ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй боловч энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргах боломжгүй юм. Учир нь Хишиг арвин индустриал ХХК Иргэний хуулийн 123, 124 дүгээр зүйлд заасны дагуу Эрдэнэс таван толгой ХК-иас дээрх гэрээний дагуу нүүрс ачилтын хөлс 5 тэрбум гаруй төгрөгийг шаардах эрхийг Хакмс ХХК-д 2017-03-22 өдөр ХАК/05/77 тоот гэрээгээр шилжүүлсэн.

Уг гэрээний дагуу Хакмс ХХК нь Эрдэнэс таван толгой ХК-д холбогдуулан нүүрс ачилтын ажлын хөлсийг нэхэмжилж, 2017-04-05 өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-06-30 өдрийн 182/ШШ2017/01464 шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-10-23 өдрийн 210/МА2017/02239 магадлал, Улсын Дээд Шүүхийн 2018-02-06 өдрийн 001/ХТ2018/00219 тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн болно.

Эрдэнэс таван толгой ХК-ийн одоо шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар 3 шатны шүүх дүгнэлт хийж, Хишиг арвин индустриал ХХК-ийн шаардах эрх буюу гэрээтэй холбоотой эрх, үүрэг, эрсдэлийг Хакмс ХХК бүрэн шилжүүлэн авсан. Шүүхийн шийдвэрийн дпагуу төлбөр барагдуулах ажиллагаа хийгдээд дууссан тул Эрдэнэс таван толгой ХК-иас тус шүүхэд 2018-02-01 өдөр Хишиг арвин индустриал ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь хариуцагч биш этгээдэд холбогдуулан гаргасан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХАКМС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: ХАКМС ХХК нь Хишиг арвин индустриал ХХК-тай шаардах эрх шилжүүлэх 2017-03-22 өдрийн ХАИ/05/17 дугаар бүхий гэрээгээр Эрдэнэс таван толгой ХК-иас авах авлагыг шаардах эрхийг төлбөрийн авлагадаа тооцуулан авсан.

ХАКМС ХХК нь Эрдэнэс таван толгой ХК-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 201706-30 өдрийн 182/ШШ2017/01464 шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-10-23 өдрийн 210/МА2017/02239 магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018-02-06 өдрийн 001/ХТ2018/00219 тогтоолоор тус тус анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Дээрх хэргийг хянан шийдвэрлэх явцад Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2013 оны 09 сарын 02 өдрийн ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээнд гурван шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар нэгэнт шийдвэрлэгдэж дууссан хэрэгт маргах эрхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт зааснаар5 тэрбум орчим төгрөгийн ажил гүйцэтгэх үндэслэл болсон гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд нэхэмжлэгч уг хэлцлийн үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх заасны дагуу хуулийн шаардлага хангахгүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна.

Иймд Эрдэнэс таван толгой ХК-ийн нэхэмжлэлтэй Хишиг арвин индустриал ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх 2013-07-03 өдрийн гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2013-09-02 өдрийн ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээ, 2014-04-14 өдрийн ЭТТ-2014/37 гэрээ, Таван толгойн ордод уулын ажил үйлчилгээ үзүүлэх 2014-10-03 өдрийн №ЭТТ-2014/142 тоот гэрээ, шаардах эрх шилжүүлэх 2017-03-22 өдрийн гэрээ, тооцоо нийлсэн акт, анхан шатны шүүхийн шүүхийн хуралдааны тэмдэглэл, шийдвэр, шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, уулзалтын тэмдэглэлүүд, нэхэмжлэхүүд, дансны хуулга, албан бичиг, ТУЗ-ийн тогтоолууд, хурлын тэмдэглэл, Таван толгойн ордын Цанхийн уурхайн нүүрсний агуулахаас тээврийн хэрэгсэлд ачилт хийх 2015-12-23 өдрийн ажлын гэрээ, Хакмс ХХКиас нэхэмжлэгчид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэл, гэрч нарын мэдүүлгүүд, шүүхийн 2016-06-30 өдрийн хуралдааны бичлэг, түүнээс гэрч М.Тулгатын өгсөн мэдүүлгийн бичлэгийн буулгасан хэсэгт шүүх хуралдаан дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, тус шүүхийн 2018-04-04 өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Эрдэнэс таван толгой ХК НЬ Монгол уурхайчид түншлэл буюу уг түншлэлийн бүрэлдэхүүн болох гүйцэтгэгч Хишиг арвин индустриал ХХК, Уул уурхайн үндэсний олборлогч ХХК, Мера ХХК-иудтай 2013-07-03 өдөр Таван толгой ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот, 2 хавсралт бүхий гэрээг байгуулж, уулын цулыг тэслэх, хөрс болон шимт хөрс хуулах, нүүрс олборлох, зам засах, нүүрсний овоолго, овоолгын ажлуудыг хийж гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр тохирсон байна.

Гэрээний дагуу хариуцагч дээрх ажлыг гүйцэтгэж байх явцад нэхэмжлэгч нь Монгол улсын Засгийн газраас өөртөө өгсөн үүрэг болох дээрх ордоос олборлосон нүүрсийг 2013-09-05 өдрөөс эхлэн уг ордоос шууд экспортлох үүргийн дагуу нүүрсний ачилтыг хийх ажлыг хариуцагчаар гүйцэтгүүлэхээр Хишиг арвин индустриал ХХК-д хүсэлт тавьж, нүүрс ачилтын ажлыг гүйцэтгүүлэхдээ 2013-07-03 өдөр байгуулсан ажил гүйцэтгэх дээрх гэрээний хүрээнд нүүрс ачилтын ажлыг багтаж байгаа гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендер шалгаруулалтгүйгээр хариуцагчийг сонгосон болох нь зохигчийн тайлбар, гэрч Я.Батсуурь, Б.Гантулга, М.Тулгат нарын мэдүүлгүүдээр тогтоогдлоо.

Зохигч оролцоотой байгуулсан Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээний 7.4-т энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад зөвхөн бичгээр хийгдэж, талуудын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж тамга дарснаар нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох журмыг тогтоосон байжээ.

Гэтэл Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гарчиг, дугаартай, 2013-09-02 өдөр гэсэн огноо бүхий дээрх гэрээнд оруулах нэмэлтийн төслийг хариуцагч хийж, хариуцагчийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг, компанийн тамга тэмдгээр баталгаажуулан, нэхэмжлэгчид хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтнууд болох гэрчээр оролцсон Я.Батсуурь, Б.Гантулга нар уг нэмэлт гэрээний төсөлд гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэвч дээрх нэмэлт хэлцлийн оролцогч талууд нүүрс ачилтын үнийн талаар тохиролцож чадаагүйн улмаас нэхэмжлэгч байгууллагын тамга тэмдгээр баталгаажаагүй байсан болох нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлгүүд, нэхэмжлэгчийн тайлбар, ачилтын үнийн талаар 2015-03-17, 2016-08-24 өдрүүдэд хэлцлийн талууд оролцож, ярилцсан зохигчийн уулзалтын тэмдэглэл, нүүрс ачилт, борлуулалтын хэсгийн хучих тавцан, саравч, авто жингийн суурийн ажлыг судлах нэхэмжлэгчээс томилсон ажлын хэсгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч Хишиг арвин индустриал ХХК нь нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэж, нэхэмжлэгчтэй 2013-07-03 өдөр байгуулсан Таван толгой ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээнд нэмэлтээр 2013-09-04 өдрөөс 2014-03-31 өдрийг хүртэл хугацаанд хийсэн нүүрс ачилтын ажлын хөлс болох 4 902 235 766,16 төгрөгийг нэхэмжлэгчээс авах авлагаа Хакмс ХХК-д шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Хишиг арвин индустриал ХХК-ийн 50 хувийн хувьццаг эзэмшигч Х.Батхишиг нь Хакмс ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд Шаардах эрх шилжүүлэх гэрээний 3.1-д Эрдэнэ таван толгой ХК-тай 2013-07-03 өдөр байгуулсан гэрээтэй холбоотойгоор нэмэлтээр хийлгэсэн ажил болох 2013-09-04 өдрөөс 2014-03-31 өдөр хүртлэх хугацаанд гүйцэтгэсэн нүүрс ачилтын төлбөр 4 902 235 766,16 төгрөг, тус гэрээг хэрэгжүүлэхэд нэмэлтээр гарсан зардал буюу нүүрсний пүү, саравчны төлбөр 107 051 324 төгрөг буюу нийт 5 009 287 090,16 төгрөгийн төлбөрийн асуудал тус гэрээний талуудын хоорондын хэлцэл, тохиролцоо нь ямар нэг байдлаар хүчин төгөлдөр бус болох, хүчин төгөлдөр буст тооцогдох, тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй байх нөхцөл бүрдсэн тохиолдолд эрх шилжүүлэгч/ Хишиг арвин индустриал ХХК/-ээс үүрэг гүйцэтгэгч/Эрдэнэс таван толгой ХК/-д шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, нөхөн төлбөр, зардал, хохирол, гүйцэтгэсэн ажлын үр дүнд тохирох төлбөр, мөнгөн хөрөнгө зэргийг шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч/Хакмс ХХК/-д мөн энэхүү гэрээний дагуу шилжүүлэхээр заасан байна.

Дээрх заалт хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан 2013-07-03 өдрийн гэрээтэй холбоотой өөрийн эдлэх эрхээ, эрсдэлээ гуравдагч этгээдээр оролцож буй Хакмс ХХК-д шилжүүлсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймээс нүүрс ачилтын ажлын хөлс шаардах эрхийг хариуцагчаас шилжүүлэн авсан Хакмс ХХК нь нүүрс ачилтын хөлс, гарсан зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийг Эрдэнэс таван толгой ХК-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, иргэний хэргийг тус шүүх хэлэлцэх үед нэхэмжлэгч нь нэмэлт гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой байсан байх боловч гаргаагүй байна

Шүүх зохигчийн 2013-07-03 өдөр байгуулсан, Таван толгой ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот гэрээ, 2013-09-02 өдөр гэсэн огноотой, ЭТТ-2013/05-36/НТШ-11 тоот Таван толгойн ордын Цанхийн баруун хэсэгт уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний талаар хэлэлцэж, 2013-09-02 өдөр оруулсан нэмэлт тохиролцоо хүчин төгөлдөр эсэхийг тогтоож, нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргийг Эрдэнэс таван толгой ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2017-06-30 өдрийн 182/ШШ2017/01464 шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, 2017-10-23 өдрийн 210/МА2017/02239 магадлалаар,Монгол улсын Дээд шүүх хянаж, 2018-02-06 өдрийн 001/ХТ2018/00219 тогтоолоор нэхэмжлэгчээр дээрх гэрээний болон нэмэлт гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

Тус шүүх хэлэлцэж байгаа хэргийн хариуцагч нь Хакмс ХХК бус, Хишиг арвин индустриал ХХК боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон үйл баримтыг хэлэлцэж тогтоосон 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа байх тул хариуцагч Хишиг арвин индустриал ХХК-д холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх тул хариуцагчид холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн хэлцлийн дагуу гүйцэтгүүлсэн ажлын хэмжээ 4 441 308 648,19 төгрөг болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дүгээр зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх тэмдэгтийн хураамж 22 005 988 төгрөг болох учир тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод үлдээж, түүнээс нэмж 21 935 788 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь: