Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02349

 

С.Т-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02974 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Т-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л.Э-т холбогдох

           

Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохиролд 8 000 000 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т-, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Т-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Э- нь 2007 оны 6 дугаар сарын 27-ны өдөр  Солонгосын визэнд оруулж, явуулж өгнө гэж 3 500 ам.доллар авсан. Л.Э-т 3500 ам.долларыг өгөхөд Д.Туяа гэх эмэгтэй хамт  байсан. Тэгээд виз гараад Солонгос явсан боловч Л.Э-ийн зуучлалаар Солонгос улсад хүлээж авахаар тохиролцсон хүн нь тосч аваагүй учир хүлээлгийн өрөөнд 4 хоног хүлээгээд Монгол руу буцсан. Намайг хүлээн авах байсан хүн рүү нь ярихад манай үйлдвэр зогссон, Монголоос хүн хүлээж авна гэж надад хэлээгүй гэсэн. Монголд ирээд Л.Э-тэй уулзахад хүлээж авах байсан хүн нь хүлээж авсангүй, мөнгийг чинь өгнө гэсэн боловч 500 000 төгрөг өгсөн, өөр мөнгө өгөөгүй. Тэгээд сарын дараа Баянгол дүүргийн цагдаад Л.Э-ийг залилангийн хэргээр шалгуулахаар өргөдөл гаргасны дагуу Л.Э- цагдаа дээр байцаагдаж байгаад прокурор руу шилжсэн. Тухайн үед залилангаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахад Л.Э- жирэмсэн, том гэдэстэй надаас гуйгаад байхаар нь баталгаа гэх бичиг хийлгүүлээд өөрөө хүсэлт гаргаж, прокуророос иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаад хэргийг хаасан. Иймд 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Э-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  С.Т- нь найз Д.Туяа гэдэг эмэгтэйн хамт виз гаргуулахаар надад хандсан. Визийг гаргаж өгсөн боловч  энэ хүмүүс нь Солонгос улсын хил дээрээс буцаж ирсэн.  Надад туслаач гэж хандсан хүсэлтийг нь биелүүлж өгсөн нь үнэн. БНСУ-ын хилээр тэр үед орно гэдэг хэцүү байсан учир Солонгосын хилээр тосож аваад тосож авсан хойноо хөлс авдаг тийм хүмүүстэй холбож өгч тусалсан. Гэтэл хилээр орж чадалгүй буцаж ирсэнийхээ дараа дахин нөгөө хүмүүстээ хэлээд виз гаргуулаад өгөөч би ямар ч хамаагүй аргаар явмаар байна гэж гуйсан, энэ үйл явдлыг найз гэх Д.Туяа нь сайн мэдэж байгаа. Төв аймгийн цагдаагийн газар дуудуулан “виз гаргаж өгнө гэж сонинд зар тавьсан байсан зарын дагуу ярихад Төв аймгийн Хаан банкны гадаа уулзан мөнгө аваад залилан алга болсон” гэж худал өргөдөл өгсөн байсан. Нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Л.Э-ээс 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Т-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч болон өмгөөлөгч миний шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулыг бүрэн гүйцэт заагаагүйн дээр бидний гаргасан тайлбарыг хамтад нь бичсэнээс гадна өмгөөлөгч миний шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг огтхон ч бичээгүй нь хууль зөрчсөн үйл ажиллаа юм. Би шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа нэхэмжлэгч С.Т-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн, багасгаж, 2300 ам.доллар буюу шүүх хуралдаан хийсэн өдрийн Монгол банкны ханш 2 460 төгрөгөөр тооцож, 5 658 000 төгрөг гаргуулахаар хуульд нийцсэн тайлбар гаргасныг шийдвэрт тусгаагүй, бидний тайлбарыг мушгиж, асуулт тавьж, хариуцагч талд ашигтай шийдвэр гаргах гэсэн санаа нь мэдэгдэж байсан болно.

Миний үйлчлүүлэгч С.Т- нь Л.Э-т хандаж аман хэлцэл хийхдээ Солонгос улсын виз гаргуулах, Солонгос улсын хилээр гаргуулсныхаа дараа 3500 ам.доллар өгнө гэсэн 2 үүргийг үүрэг гүйцэтгэгч талд хүсэл зорилгоо илэрхийлэн хэлцэл хийж, түүний хүсэл зоригийн илэрхийллийг үүрэг гүйцэтгэгч тал Л.Э- хүлээн авсан гэдэг нь тодорхой байхад гэрчийн мэдүүлгээр няцаагдаж байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Гэрч Д.Туяаг хариуцагч тал өөрийн унаа, машинаар авчирч гэрчээр оруулсан нь нотлох эрхээ алдсан гэж үзэж байна. Шүүх  хууль буруу хэрэглэсэн. 2 талын хооронд одоо манай улсад үйлчилж байгаа бичигдээгүй хууль зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч Л.Э- прокурор дээр гэм буруугаа хүлээж, хохирлыг төлнө гэж баталгаа гарган өгч эрүүгийн хэргээс мултарсныхаа дараа оршин суух хаягаа өөрчлөн алга болж, цагдаа, шүүх, прокурорын байгууллагын ажлыг хүндрүүлж байсан баримт нь хэрэгт авагдсныг шүүх үнэлээгүй.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас …БНСУ-ын хил гаалиар тэр үед орно гэдэг бол бас хэцүү байсан учир Солонгосын хилээр тосож аваад, тосож авсан хойноо хөлс авдаг хүмүүстэй холбож өгөн чадлаараа тусалсан... гэж тайлбарладаг боловч тэр тосож авах хүн нь аваагүй талаар хэн аль нь маргаагүй, үүрэг гүйцэтгэгч Солонгосын хилээр гаргаж өгснийхөө дараа хөлсөө авч өгөлцөнө гэсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал 3500 ам.доллар буюу 8 000 000 төрөгөөр хохироод зогсоогүй хохирлоо авах гэж 10 гаруй жил хуулийн байгууллагаар явж өчнөөн зардалд гаргасны эцэст ингэж хохирох нь хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг энэхүү маргааныг шийдвэрлэхэд баримтлах зүйтэй байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн хэдий ч, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байгааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Т- нь хариуцагч Л.Э-т холбогдуулан зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс учруулсан хохирол буюу 8 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,визийг нь гаргаж өгч, тосч авдаг хүмүүстэй холбож өгсөн гэвч өөрөө хилээр гарч чадалгүй буцаж ирсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Л.Э- нь Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргах, нэхэмжлэгч С.Т- нь хөлс төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд С.Т- нь хариуцагчийн зуучилсны дагуу хилээр  гарсан үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр дараах үүрэг хүлээсэн гэж тайлбарлаж байна. Үүнд: Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгөх, тус улсын хилээр гарсны дараа хүнээр тосуулах үүрэгтэй байсан гэжээ. Хэдийгээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй ч дээрх 2 төрлийн үйлдлээс хариуцагчийн үүрэг бүрдэж байсан гэдгийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй юм.

 

Хариуцагч Л.Э- нь Бүгд найрамдах Солонгос улсын визийг гаргаж өгөх үүргийг хүлээж, уг үүргээ гүйцэтгэсэн, харин нэхэмжлэгчийн хил дээрээс буцаж ирсэн шалтгааны талаар “хилийн шалган дээр нэрийн хуудас асуугаад байхгүй учраас буцаасан. Хил дээр тосохоор нэг хүн ирсэн байсан” гэж гэрч Д.Туяа мэдүүлжээ. Л.Э-ийн зуучлан гаргуулсан визний дагуу нэхэмжлэгч Бүгд найрамдах Солонгос улсад очсон байх тул гэрээ хэрэгжиж дууссан, хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч нь Бүгд найрамдах Солонгос улсад зорчих визийг нэхэмжлэгчид бүрдүүлж өгч хууль зөрчихгүйгээр зуучлалын үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2007 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан. Хэргийн баримтаас үзэхэд 2009 онд хариуцагчаас гарын үсгийн баталгаа гаргуулж авсан, 2011 онд хариуцагчийг эрэн сурвалжлуулах талаар шүүхийн шийдвэр гаргуулж байсан, 2016 онд цагдаад хандан шалгуулж байсан үйл баримтууд тогтоогдсон тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тайлбар гаргасан гэх боловч хэргийн 54-55 дугаар талд авагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр нэхэмжлэгч “нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг“ өмгөөлөгчид олгоогүй, энэ талаар шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

 

Хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан “Баталгаа” гэх баримтад хариуцагч “2 300 ам.долларын асуудлыг Болор, Гэрлээ нараас гаргуулж өгөөгүй цагт өөрөө энэ асуудлыг хариуцаж дуусгавар болгоно” гэж бичсэн ч энэ хүсэл зоригоо шүүхийн мэтгэлцээнд дэмжээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, татгалзлаа өөрөө нотлосон тул дээрх баримтыг үндэслэн түүнээс төлбөр гаргуулах боломжгүй юм.  

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02974 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “399 дүгээр зүйлийн 399.1“ гэснийг “410 дугаар зүйлийн 410.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Т-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                      Б.НАРМАНДАХ

                                                                       Ш.ОЮУНХАНД