Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2307

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  хороо, Нэгдсэн үндэсний гудамж,  дугаар байранд байрлах “Асар-Өргөө” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  хороо, Хасбаатар гудамж,  тоотод байрлах “Нуган-Эрин” ХХК /РД: /-д холбогдох,

 

416 028 873 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хашчулуун, хариуцагчийн төлөөлөгч Б.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Асар-Өргөө” ХХК-ийн төлөөлөгч Л.Зоригт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 онд Хан-Уул дүүрэгт “Ар Ий Си” ХХК-ийн захиалгаар баригдсан “Шинэ өргөө” хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа уг төслийн зургаан блок барилгыг “Нуган Эрин” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Захиалагч “Ар Ий Си” ХХК нь 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Асар-Өргөө” ХХК-тай гэрээгээ цуцалсан. Улмаар “Асар-Өргөө” ХХК болон “Нуган-Эрин” ХХК-д гэрээний дагуу 759 024 215 төгрөгийг дансаар, “Ар Ий Си” ХХК нь “Асар-Өргөө” ХХК-ийн өмнөөс 205 160 625 төгрөгийг Голомт банкны дансаар, 210 868 248 төгрөгийг бараа материалаар нийлүүлэн тооцож “Нуган-Эрин” ХХК-д шилжүүлсэн. “Нуган-Эрин” ХХК гэрээний үлдэгдэл ажлын хөлсөө “Асар-Өргөө” ХХК-иас нэхэмжилсэн иргэний хэргийг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлал, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаар хяналтын шатны шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн.            Гэвч дээрх нэхэмжлэлийг “Нуган-Эрин” ХХК шүүхэд гаргахдаа “Ар Ий Си” ХХК нь “Асар-Өргөө” ХХК-ийн өмнөөс “Нуган-Эрин” ХХК-д шилжүүлсэн 205 160 625 төгрөг, бараа материал нийлүүлсэн 210 868 248 төгрөг, нийт 416 028 873 төгрөгийг хасаж тооцоогүй бөгөөд тус компанийн захирал Б.Ууганбаяр нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч мөн “Монголын олон улсын үндэсний арбитр”-ын шүүхэд “Ар Ий Си” ХХК нь “Нуган-Эрин” ХХК-иас 205 160 625 төгрөгийг хүлээн авсан тухай албан бичиг, Голомт банкны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул “Нуган-Эрин” ХХК-иас нийт 416 028 873 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Нуган-Эрин” ХХК-ийн төлөөлөгч Б.Ууганбаяр болон хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үйл баримтыг урьд нь иргэний журмаар бүх шатны шүүх хянан шийдвэрлэж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00350 дугаар тогтоол гарч, хүчин төгөлдөр болсон. “Асар-Өргөө” ХХК нь “...“Нуган-Эрин” ХХК-д 210 868 248 төгрөгийн бараа материал хүлээн авсан иргэний хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн тул хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн нь энэхүү нэхэмжлэлтэй давхцсан. Уг хүсэлтийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзаж тогтоол гарсан. Мөн “Асар-Өргөө” ХХК нь “...“Нуган Эрин” ХХК-д 3 удаагийн Голомт банкны гүйлгээгээр 205 160 625 төгрөгийн санхүүжилтийг “Асар-Өргөө” ХХК-ийн өмнөөс “Ар Ий Си” ХХК нь шилжүүлсэн нотлох баримт байгааг олж мэдсэн” гэх үндэслэл заан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасныг Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцээд тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэгэнт хүчин төгөлдөр хэлцлийн заалтаас шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Нэхэмжлээд байгаа 416 028 873 төгрөгөөс 210 868 248 төгрөгийн бараа материал авч хэрэглэсэн гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй, хэрэгт бараа материалыг хүлээлцсэн акт, баримт байхгүй. Харин Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өгсөн Б.Ууганбаярын уг бараа материалыг авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг гэсэн мэдүүлгээр хэргийн үнэн зөвийг шийдвэрлэх боломжгүй. Мөн 205 160 625 төгрөгийн хувьд “Ар Ий Си” ХХК нь “Асар-Өргөө” ХХК-ийн өмнөөс 205 160 625 төгрөгийг Голомт банкны дансаар “Нуган Эрин” ХХК-д шилжүүлсэн нь үндэслэлгүй. “Ар Ий Си” ХХК нь “Шинэ Өргөө” цогцолбор хорооллын барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэх ерөнхий захиалагч бөгөөд тус компани барилгын ажлыг тасралтгүй явуулах шаардлагаар “Асар-Өргөө” ХХК-ийн өмнөөс “Нуган Эрин” ХХК-ийн дансанд 68 000 000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн нь 2 компанийн хооронд үүссэн санхүүгийн маргааныг шийдвэрлэх хугацаанд хийгдсэн. Гэтэл дээрх 2 компани цаашид хамтран ажиллахгүй болсноор “Асар-Өргөө” ХХК-ийн өмнөөс төлсөн гэх мөнгийг дараагийн гүйцэтгэгч “Аж богд моуэйнтэн” ХХК-д шилжүүлэн тооцож гэрээ хийсэн. “Нуган Эрин” ХХК нь энэ мөнгийг “Аж богд моуэйнтэйн” ХХК, “Нуган Эрин” ХХК хоорондын гэрээнд тусгагдаж тооцогдсон зориулалтаар шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь 205 160 625 төгрөгийг юуг үндэслэн нэхэмжилж байгаа талаарх баримт хэрэгт байхгүй, энэ талаар нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэгийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Асар-Өргөө” ХХК нь хариуцагч “Нуган-Эрин” ХХК-д холбогдуулан 416 028 873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Ар Ий Си” ХХК нь “Асар-Өргөө” ХХК-ийн өмнөөс “Нуган-Эрин” ХХК-д шилжүүлсэн 205 160 625 төгрөг, бараа материал нийлүүлсэн 210 868 248 төгрөг, нийт 416 028 873 төгрөгөөр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж тодорхойлсон бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...шүүхээр шийдвэрлэж дууссан асуудал, ...нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдоогүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00350 дугаар тогтоолоор “Нуган-Эрин” ХХК, “Сод хөөвөр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Асар-Өргөө” ХХК-д холбогдох, ажлын хөлс 1 659 554 164 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд “Асар-Өргөө” ХХК-иас 794 755 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Нуган-Эрин” ХХК-д олгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Улмаар “Асар-Өргөө” ХХК нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1341 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн Б.Тунгалаг, О.Эрхэмбаяр, Б.Ууганбаяр нараас авсан тайлбар болон “Нуган-Эрин” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаар тодорхойлолтын хуулбар, Голомт банкны “төлбөрийн баримт, нэхэмжлэл”-ийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргасныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШТ2016/00240 дугаар, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ШТ2017/00084 дүгээр тогтоолоор тус тус хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183 дугаар шийдвэрээр “Асар-Өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ар Ий Си” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 279 174 270 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү олгогдсон 168 437 301 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд арбитрын шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Иймд шүүхийн болон арбитрын шийдвэр, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлаггүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр байгаа тохиолдолд шүүх мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлаан авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгодог. Дээрх шүүхийн болон арбитрын шийдвэрээр “Нуган-Эрин” ХХК, “Сод хөөвөр” ХХК нарын нэхэмжлэлтэй, “Асар-Өргөө” ХХК-д холбогдох, ажлын хөлс гаргуулах тухай маргааныг, мөн “Асар-Өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ар Ий Си” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон илүү олгогдсон төлбөрийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй маргааныг тус тус шийдвэрлэсэн. Түүнчлэн, “Асар-Өргөө” ХХК нь энэ талаар дээрх маргааныг шийдвэрлэх явцад “Нуган-Эрин” ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна. Үүнээс үзвэл дээрх маргааны оролцогч болон маргааны зүйл, шаардлага, үндэслэл нь тус иргэний хэргийн оролцогч, маргааны зүйл, шаардлага, үндэслэлээс өөр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт хамааруулах үндэслэлгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч Б.Ууганбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өгсөн мэдүүлэг болон “Асар-Өргөө” ХХК болон “Нуган-Эрин” ХХК-ийн нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн актаар 210 868 248 төгрөгийн бараа материалыг “Нуган-Эрин” ХХК нь Асар-Өргөө” ХХК-иас шилжүүлэн авсан нотлогдож байна. Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Ууганбаярын цагдаагийн байгууллагад өгсөн дээрх мэдүүлэг болон хариуцагч “Нуган-Эрин” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай тодорхойлолт, Голомт банкны төлбөрийн болон мемориалын баримт болон нэхэмжлэхээр “Ар Ий Си” ХХК нь нэхэмжлэгч “Асар-Өргөө” ХХК-ийн өмнөөс хариуцагч “Нуган-Эрин” ХХК-д нийт 205 160 625 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь дээрх үйл баримтыг нотлох баримтаар үгүйсгэж чадахгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шүүхийн шийдвэрээр хожим дуусгавар болсон байх бөгөөд “Нуган-Эрин” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх төлбөрийг хасаж тооцоогүй нь тогтоогдож байна. Иймд хариуцагчийг 416 028 873 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 416 028 873 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 416 028 873 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2017/10853 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хэрэг хянан шийдвэрлэж дуустал хугацаагаар хойшуулсан байх тул улсын тэмдэгтийн хураамж 2 238 094 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 238 094 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Нуган-Эрин” ХХК-иас 416 028 873 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Асар-Өргөө” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2 238 094 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 238 094 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН