Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00738

 

                         

                                                                      Б.О-ын нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/00063 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 474 дүгээр магадлалтай,          

Б.О-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох          

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.О-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206030413 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 81а байр, 03 тоот хаягт байрлах 60,8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Мөнхргил трейд ХХК үнэлгээний газраас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Дээр дурдсан орон сууцыг 2014 онд 1 м.кв-ыг 2,631,578 төгрөг буюу 160,000,000 төгрөгөөр худалдан авсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.24-ний өдрийн 184/ШШ2018/01019 шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээчээр 118,400,000 төгрөгөөр үнэлүүлсэнд гомдож, үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Энэ үнэлгээ нь зах зээлд худалдан борлогдох үнээс хэт доогуур байгаа нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Миний бие энэ орон сууцыг анх худалдаж авахдаа 160,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл үнэлгээчин энэ үнээс 41,600,000 төгрөгөөр доогуур үнэлсэнд гомдолтой. Мөн үнэлгээчин гэрт орж үзээгүй. Мөн хөрөнгийн үнэлгээнүүд нь хоорондоо зөрүүтэй. Зах зээлийн хандлагын, орлогын хандлагын, өртгийн хандлагын гэсэн 3 хандлагаар үнэлгээ гаргаад хамгийн өндөр үнэлгээтэй нь зах зээлийн хандлага буюу шууд м.кв талбайгаар нь тооцож өндөр гарсан учраас энэ үнэлгээгээр хийсэн нь буруу юм. Сүүлд шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан үнэлгээгээр зөвхөн орон сууцны зориулалттай учраас өргөтгөлийг тагтны зориулалттай гэж үзээд өргөтгөлийн 10 м.кв талбайг 0,3 итгэлцүүрээр үнэлээд орон сууцыг 120,514,000 төгрөг гэж үнэлсэн байдаг. Б.О-ын орон сууц нь нэгдүгээр давхарт байрлалтай учраас анхны Мөнх-Оргил трейд ХХК-ийн орлогын хандлагаар тооцвол 2,500,000 төгрөгөөр м.кв-ыг тооцох боломжтой. Хэрэв ингэж үнэлсэн тохиолдолд үнэлгээ нь өндөр гарах ёстой байсан. Гэтэл үнэлгээг гаргахдаа ашигтай талуудыг харгалзаж үзэлгүйгээр зөвхөн м.кв талбайгаар үнэлсэн нь буруу гэж үзэж байна. Нэгдүгээр давхарт байрлалтай 60.8 м.кв талбайтай байрыг түрээслэхэд түрээсийн төлбөр 2,000,000 төгрөгөөс буухгүй гэснийг тооцоолоогүй гэсэн хүсэлтийг өгч байсан. 118,400,000 төгрөгийн үнэлгээ хийсэн Мөнхргил трейд ХХК-ийн үнэлгээ, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 120,514,000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээ нь 2,000,000 төгрөгийн зөрүүтэй гарч байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар надад 2019.04.25-ны өдрийн 4/10108 тоот мэдэгдлийг 2019.04.26-ны өдөр гардуулсан. Энэ мэдэгдэлд хүлээж авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаар багагүй үнээр бие даан борлуулах тухай санал гаргаж болох бөгөөд энэ талаар бичгээр хариу ирүүлнэ үү гэсэн байсан. Энэ талаар 2019.04.29-ний өдөр бичгээр хариу өгсөн. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд гаргалаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.24-ний өдрийн 184/ШШ2018/01019 дугаартай шийдвэрээр Б.О-аас 90,985,800 төгрөгийг гаргуулж “Сидан” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б.О-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 81а байр, 3 тоот хаягт байрлах, 60.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, үнийн санал өгөх тухай мэдэгдлийг талуудад хоёр удаа хүргүүлсэн боловч Б.О нь үнийн саналаа өгөөгүй тул манай талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019.04.17-ны өдөр шинжээч томилж, Мөнх оргил трейд ХХК-иар үнэлгээ тогтоолгоход үнэлгээ нь 118,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг 2019.04.25-ны өдрийн мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээ болон хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Б.О-д мэдэгдэж, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулсан. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байна гэжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/00063 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “Мөнх-Оргил трейд”  ХХК-ийн 2019.04.22-ны өдрийн 42/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 749,950 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 679,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Б.О-д олгон шинжээчийн зардал 250,000 төгрөгийг Б.О-аас гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 474 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/00063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...миний нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр,  магадлалыг эс зөвшөөрч шийдвэр, магадлал нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв үнэлээгүй гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Магадлалд "...татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа... өөрөө цуглуулж өгөх үүрэгтэй, ...хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.” гэж буруу дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ”...төлбөр төлөгч Б.О-ын өмчлөлийн орон сууцтай зэргэлдээ байршилд байх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 54-3 тоот хаягт байрлах 2014 оны 9 дүгээр сард ашиглалтад орсон 54 м.кв талбайтай 2 өрөө бүхий орон сууцны 1 м.кв-ын үнэ 1,600,000 төгрөг буюу 86,400,000 төгрөг байна" гэж зориудаар ямар нөхцөл байдлын улмаас бага үнэлсэн нь тодорхойгүй хамгийн бага үнэлэгдсэн жишээг сонгон авч, бусад нотлох баримтуудыг орхигдуулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг огт зөвшөөрөхгүй байна. Гэтэл би уг байрыг 160,000,000 төгрөгөөр худалдан авсан, худалдах-худалдан авах гэрээ, уг байранд 10 м.кв өргөтгөл хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, мөн 2 өрөө байрыг 3 өрөө болгосон тухай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад эдгээр нотлох баримтуудыг хэрэгт огт хамааралгүй мэтээр орхигдуулан шийдвэрлэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйл, 176.2.5-д зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ: 

Б.О Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээг төлбөр төлөгчид 2019.04.25-ны өдөр танилцуулж, шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь болох 82,880,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар Б.О-д мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2019.04.25-ны өдөр хүлээн авч 2019.05.01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргажээ. 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.24-ний өдрийн 184/ШШ2018/01019 дугаартай шийдвэрээр Б.О-аас зээлийн гэрээний үүрэгт 90,376,000 төгрөгийг гаргуулж “Сидан” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, зээлийн үүрэгт барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2206030413 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 81а байр, 03 тоот хаягт байрлах 60,8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц /цаашид орон сууц гэх/-ыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн  55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай  хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Б.О-д 2019.03.27-ны өдрийн 4/7641, 2019.4.10-ны өдрийн 4/8920 дугаартай мэдэгдлүүдээр хураагдсан орон сууцны үнийн саналаа ирүүлэх хугацааг тогтоосон ч нэхэмжлэгч уг хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.04.17-ны өдрийн 125 дугаар тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч орон сууцны үнэлгээг 118,400,000 төгрөгөөр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага 2019.04.17-ны өдөр шинжээчид шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нь эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн арга, харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны хийц, өрөөний хувьд ойролцоо, одоогоор үнэгүй.мн зарын сайтад худалдахаар зарлагдаж байгаа 3 үл хөдлөх эд хөрөнгөтэй жишин харьцуулсан, Б.О-ын орон сууцтай үзүүлэлтээрээ хамгийн ижил байж болох нэг хотхонд буюу “UB Town” хотхонд байрлалтай 64 м.кв талбайтай, 2010 онд  ашиглалтад орсон, 2 өрөө орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Үүнээс гадна анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019.12.05-ны өдрийн 447 дугаар үнэлгээний дүгнэлтээр Б.О-ын орон сууцны үнийг 2019.12.03-ны өдрийн байдлаар 120,514,000 төгрөг болохыг тодорхойлсон байх тул “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.  

 Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон, эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан болохоо нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, “...зориудаар ямар нөхцөл байдлын улмаас бага үнэлсэн нь тодорхойгүй хамгийн бага үнэлэгдсэн жишээг сонгон авч, бусад нотлох баримтуудыг орхигдуулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг огт зөвшөөрөхгүй...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/00063 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 474 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА   

                              ШҮҮГЧИД                              П.ЗОЛЗАЯА               

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                             Х.СОНИНБАЯР 

                                                                             Б.УНДРАХ