Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
Хэргийн индекс | 101/2018/01232/И |
Дугаар | 02622 |
Огноо | 2018-08-06 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 02622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ж.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Э.В” ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 10,959,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ж.М” ХХК нь “Э.В” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ЖМ-15/626 дугаар “Техникийн ажил гүйцэтгэх гэрээ”, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЖМ-15/771 дүгээр нэмэлт гэрээгээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Байгалийн гозгор ууланд сайтын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Дээрх гэрээнүүдийн дагуу “Э.В” ХХК-нд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5,390,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,225,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 385,000 төгрөг нийт 11,000,000 төгрөг төлсөн. Гэвч “Э.В” ХХК нь ЖМ-15/626 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, техникийн даалгаврын дагуу ажлаа хийгээгүй, барилгын стандарт, норм дүрмийг баримтлаагүйн улмаас 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2 бүлэг нарны тольны 1 бүлэг нь унаж суурилагдсан байсан нийт 18 ширхэг нарын тольны суурь цутгаж, рак шинээр хийсэн угсралтын ажлын хөлс 4,859,000 төгрөг нийт 10,959,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар “Э.В” ХХК 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус тус мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авч, хохирлыг төлөөгүй байна. Иймд “Э.В” ХХК-иас ЖМ-15/626 дугаар “Техникийн ажил гүйцэтгэх” гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу 10,959,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анх цаашид хамтран ажиллах учраас хохирлыг эд хөрөнгөөр нь барагдуулья гэсэн санал гаргаж байсан. Одоо нэгэнт эвлэрэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани тус ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгээд “Ж.М” ХХК-д хүлээлгэж өгснөөс хойш нэг жилийн баталгаат хугацаа дууссан. Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болон гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг хүлээлгэж өгснөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу ажил гүйцэтгэх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болоод хохирол учирсан. Манай байгууллагыг стандарт зөрчсөнийг юугаар нотолж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж.М” ХХК нь хариуцагч “Э.В” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдолын улмаас учирсан хохирол 10,959,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч “Ж.М” ХХК болон хариуцагч нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “ЖМ-15/626 дугаартай “Техникийн ажил гүйцэтгэх” гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЖМ-15/771 дугаартай “ЖМ-15/626 тоот техникийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт” гэрээг тус тус байгуулж, нэг талаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум Байгалийн гозгор ууланд нарны толь суурилуулах, хуучин нарын тольны градус өөрчлөх, сайтын байрны дээвэр засварлах, 12 ширхэг нарны тольны суурь нэмэлтээр цутгах ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажлын хөлсөнд нийт 11,000,000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 8-15 дахь талд/
Уг гэрээгээр талуудын илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга, зорилгоос дүгнэн үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, үүрэг үүссэн байна.
Талууд гэрээний шинж, агуулга, гэрээнд хүсэл сонирхолоо илэрхийлсэн байдал буюу гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 11,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин гүйцэтгэсэн ажил доголдтой байсан талаар маргасан.
Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Э.В” ХХК ажил хийж гүйцэтгэхдээ гэрээнд заасан стандартын дагуу хийж гүйцэтгээгүй улмаас гүйцэтгэсэн ажилд учирсан эвдрэл гэмтлийг өөр байгууллагаар гүйцэтгүүлж зардал гаргасан гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1, 350.1.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлэн өгөх үүргийг хүлээх бөгөөд хариуцагч “Э.В” ХХК нь захиалагчийн өмчлөлд доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн эсэх, уг шаардлагыг нэхэмжлэгч гаргах эрхтэй эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Захиалагч гүйцэтгэсэн ажлын доголдол буюу стандарт зөрчсөн гэх үндэслэлийг тодорхойлохдоо нэхэмжлэгч Техник угсралтын ажлын Хавсралтад заасан стандартыг гүйцэтгэгч зөрчиж нарны тольны суурийг 28 см зайд цутгасан гэжээ.
Гэрээний Хавсралтын 2 дахь хүснэгтийн гүйцэтгэх ажлын нэгд “толины бетон суурь бэлдэх /ракны хамгийн доор суурилагдах нарны тольны доод ирмэг газрын гадаргаас 40 см зайд байрлаж байх шаардлагатайг анхаарч ажиллах” гэж заасан байна.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2 болон талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д захиалагч нь “гэрээт ажлыг хүлээн авах комисс байгуулж, гүйцэтгэгчээс актаар хүлээн авна” гэж тус тус зааснаас үзэхэд ажлын үр дүнг хүлээн авах үүрэг нь захиалагчийн үүргээр тодорхойлогдож байна.
Нэхэмжлэгч ажлыг хүлээн авсан хэдий ч цаг хугацааны хувьд хэдийд хэрхэн ямар нөхцөлтэй хүлээн авсан талаарх баримт тухайн байгулулагын дотоод ажлын зохион байгуулалтаас хамаараад хадгалдагдаагүй гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн тайлбараар 2015 оны 12 дугаар сард ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй.
Захиалагч тал гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-д заасан шаардлагыг гаргах эрхтэй боловч маргааны тухайд ажлын үр дүнг хүлээж авах үедээ доголдолыг мэдсэн боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдана.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн фото зургаас үзэхэд техникийн тусгай мэдлэг, тооцоолол шаардахгүйгээр ердийн нөхцөлөөр шалгахад гүйцэтгэсэн ракны хамгийн доор суурилагдах нарны тольны доод ирмэг газрын гадаргаас хэдэн см-ийн зайд байрлаж, угсарсан болохыг мэдэх боломжтой байна. /х.х-ийн 17-22 дахь талд/
Өөрөөр хэлбэл, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авахдаа тухайн бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд ажлын үр дүнг хүлээн авахдаа мэдсэн доголдолын тухайд эрсдэл захиалагчид шилжиж, нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
Шүүх нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн хэдий ч уг доголдолын улмаас учирсан хохирлыг бусдаар гүйцэтгүүлж хохирол учруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар мөн баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Учир нь, хэрэгт авагдсан “Бат холбоос цамхаг” ХХК-тай “Техникийн ажил гүйцтэгэх гэрээ”-гээр хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд дурдсан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум Байгалийн гозгор ууланд хийж гүйцэтгэх ажлаас гадна Цэцэрлэг сум, Жаргалант уулын сайтад ажил гүйцэтгүүлнэ гэжээ. /х.х-ийн 58-66 дахь талд/
Түүнчлэн дээрх гэрээний ажлын хөлсийг гэрээнд 6,456,700 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд гэрээнд заасан ажлын хөлсийг хэрхэн шилжүүлсэн болохоо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй болно.
Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Ж.М” ХХК-ийн “Э.В” ХХК-нд холбогдох 10,959,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Э.В” ХХК-иас 10,959,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ж.М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж.М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,294 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ