Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2018/01961

 

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2018/01961

 

 

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Г.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.У-т холбогдох,     

Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 14.969.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шинжээч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.О, хариуцагч Ш.Утай 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс харилцан тохирч хөлсөөр ажиллах гэрээ байгуулан цалинжуулж, худалдагчаар ажиллуулж эхэлсэн. Талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт бараа хүлээж авах, хүлээлгэж өгөх, бүртгэл хөтлөх, тооцоо нийлэх зэргийг тусгасан байдаг. Г.О “Тумбааш” барааны дэлгүүрт засвар хийхээр болж, “Нарлаг” их дэлгүүр рүү бараагаа зөөсөн. 2013 оны 7 дугаар сарын эхэн үеэс Г.О Ш.Уыг ажилдаа ирэхгүй болохоор аргагүйн эрхэнд худалдагч н.Гэрэлмаа, н.Амаржаргал нарыг байлцуулж үлдэгдэл бараанд тооллого хийхэд 14.469.000 төгрөгийн бараа дутсан байсан. Түүнээс хойш Г.О, Ш.Утай энэ асуудлаар олон удаа уулзаж, утсаар харилцаж байсан. 2013 оны 8 дугаар сарын 21-ны өдөр Ш.У, Г.От 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд 2.500.000 төлнө, үлдэгдэл төлбөрийг хугацаа зааж төлөхөөр тохирч, тодорхойлолт бичээд гарын үсэг зурсан байдаг. Г.Оийг бараа тоолох үед Ш.У дутсан барааг бусад худалдагч нараас авч, ижил төрлийн бараа тоолуулж төлбөргүй гарч байсан нь сүүлд тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч, хариуцагч нарын хөтөлж байсан гар бичмэлд шинжээч дүгнэлт хийсэн. Ш.Уын  2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 2.500.000 төгрөг төлж барагдуулна гэж зурсан гарын үсэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Ш.Уын гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс 14.469.000 төгрөгийн бараа дутсан. Ш.У лангууны түрээсийн төлбөрийг орлогоороо төлдөг байсан учраас түрээсийн төлбөр 500.000 төгрөг төлөх үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн төлсөн шинжээчийн төлбөр 1.600.000 төгрөг нийт 16.296.000 төгрөг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Г.О нь Ш.Утай харилцан тохирч 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл “Тумбааш” дэлгүүр худалдагчаар ажиллуулж, хөлс төлж байсан. Энэ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан. 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ш.У үлдэгдэл бараагаа тоолж, Г.От хүлээлгэж өгөөгүйн улмаас уг маргаан үүссэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Ш.У 16.296.000 төгрөгийн төлбөр Г.От төлөх үүрэгтэй. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Есөн хангай” аудит ХХК-ийн дүгнэлт, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр Ш.У өөрөө бараагаа хүлээж авч байсан нь түүний гар бичмэлээр нотлогдсон. Иймд хариуцагч Ш.Уаас 16.296.000 төгрөг гаргаж нэхэмжлэгч Г.От олгож өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Г.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.У хөлсөөр ажиллах гэрээний дагуу худалдагчаар ажиллаж Г.Оээс цалин авч байсан. Ш.Ут бараа дутаасан, завшсан зүйл огт байхгүй. Яагаад гэвэл Ш.У өдөр бүрийн орлогоо Г.От тушааж, тооллого хийж, тулгадаг байсан. Г.О өдөр бүрийн орлого хүлээж авлаа гэж гарын үсэг зурдаггүй, Ш.У орлого хүлээлгэж өглөө гэж гарын үсэг зурдаггүй байсан. Мөн өдөрт ямар бараа зарсан, бараа хүлээлгэж өгөх, хүлээж авахдаа нэхэмжлэгч, хариуцагч нар баримт үйлддэггүй байсан. “Тумбааш” дэлгүүрийн барааг “Нарлаг” дэлгүүр рүү зөөхөд талуудад бараа тоолох боломж байсан. Тухайн үед нэхэмжлэгч Г.О 2-3 хоногийн дараа бараа тоолно гэж хэлээд явсан. Удалгүй Ш.Уыг байлцуулахгүйгээр барааны тооллого хийсэн байсан. Г.О намраас эхлэн Ш.Уыг бараа дутаалаа гэж утсаар дарамталсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ш.Уыг тооллого хийхэд дутсан бараагаа бусад худалдагч нараас нөхөж авчирдаг байсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Г.О, Ш.Уыг сүрдүүлж, айлгаж хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан тодорхойлолтод гарын үсэг зуруулсан байсан. Мөн хавтаст хэрэгт Ш.Уын Г.Отэй бараа хүлээлцсэн нэг ширхэг ч гарын үсэг байдаггүй. Нэхэмжлэгч Г.О үндэслэлгүй хариуцагч Ш.Уаас мөнгө нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ш.Ут холбогдуулан 14.969.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ш.У “бараа дутаасан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ш.Утай харилцан тохиролцож, 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Тумбааш дэлгүүр дэх лангуун дээр харилцан тохиролцож, хөлс төлөн ажиллуулж байжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч Г.Оийн “...Анх бараагаа тоолж хүлээлгэн өгснөөс хойш өдөр болгоны орлогыг хүлээн авч, Ш.Уын гар бүртгэл болон өөрийн бүртгэлдээ хасалт хийж бүртгэн, сар болгоны эцэст тоолж, тооцоо нийлж явсаар ирсэн” гэсэн, хариуцагч Ш.Уын “....Энэ хүн зарагдсан барааныхаа мөнгийг өдөрт нь ирж авч явдаг байсан. Г.О нь бараагаа хүлээлгэж өгөхдөө цаанаас авчирсан падаанаараа тоолоод өгдөг, би өдөр өдөрт нь зарагдсан барааг бүртгээд мөнгийг нь өгдөг байсан. Сарын сүүлд тооллого хийдэг байсан нь үнэн” гэсэн тайлбар зэргээр нэхэмжлэгч Г.О, хариуцагч Ш.У нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч нь бараагаа падаанаар тоолон хүлээлгэн өгч, хариуцагч нь зарагдсан барааг өөрийн бүртгэлд тэмдэглэн, өдөр өдөрт зарагдсан барааны мөнгийг Г.От хүлээлгэн өгч, сарын сүүлд тооцоо нийлдэг байсан нь тогтоогдож байх ба зохигчид энэ асуудлаар маргаагүй бөгөөд 2013 оны 7 сарын 10-ны өдөр Тумбааш дэлгүүрээс нүүхдээ үлдэгдэл бараагаа тоолж, хүлээлцээгүйгээс маргаан үүсчээ.

Хариуцагч Ш.У “бараа дутаасан зүйл байхгүй, ...Г.О хэл амаар дарамталдаг, энэ хүнээс айдаг тул 2.500.000 төгрөгийг төлнө гэж бичсэн, ... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг гаргаж маргасан хэдий ч энэ талаараа баримтаар нотлоогүй, уг барааг бүрэн хүлээлгэн өгсөн талаарх ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан “нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа өөрөө нотлох, үүнтэй холбоотой баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх“ үүргээ биелүүлээгүй болно.

Хэдийгээр зохигчид хэн аль нь тоолж хүлээн авах, хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн боловч Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1-д заасан биечлэн гүйцэтгэх үүргээ хариуцагч биелүүлээгүйн улмаас хохирол учирсан байх тул  нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй” гэж зааснаар хохирлоо хариуцагч Ш.Уаас шаардах эрхтэй байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дутагдуулсан барааны хэмжээг тогтоолгохоор шинжээч томилж, “Есөнхангай аудит” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16/32 тоот албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг ирүүлжээ. Уг дүгнэлтээр хариуцагч Ш.Уын 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дутагдуулсан барааны хэмжээг 13.866.100 төгрөг гэж тогтоосон байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг дүгнэлтийн талаар маргасан боловч шинжээч нь дүгнэлтээ нэхэмжлэгч, хариуцагч нарын сар бүрийн тайлангууд, бараа хүлээн авсан, борлуулсан зарлагын баримтуудад үндэслэн гаргасан, түүнчлэн гарын үсгийн шинжилгээгээр бараа хүлээн авсан болон зарлагын баримт дахь гар бичмэл нь хариуцагчийн гар бичмэл болох нь тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтийг хуулийн шаардлага хангасан нотлох баримт гэж үнэллээ.

Нэхэмжлэгч нь лангууны түрээсийн төлбөрт 500.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан хэдий ч ийм хэмжээний хохирол хүлээсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй, хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй, түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд хариуцагч Ш.Уаас 13.866.100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.102.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар Шүүхийн зардалд “шинжээчийн зардал” хамаарах бөгөөд уг зардлыг зохигчоор нөхөн төлүүлэх хуулийн шаардлагын дагуу нэхэмжлэгч Г.О нь шинжээчийн зардалд 1.600.000 төгрөгийг төлсөн тул хариуцагч Ш.Уаас гаргуулна гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар шүүхийн зардлыг шүүх хуваарилах тул нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр хувааж, хариуцагчаас 1.440.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.300 төгрөгөөс 232.795 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 40.505 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч Ш.Уаас 227.280 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ш.Уаас 13.866.100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.102.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.                                         

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.300 төгрөгөөс 232.795 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 40.505 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч Ш.Уаас 227.280 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахт заалтыг баримтлан шинжээчийн зардалд хариуцагчаас 1.440.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.От олгосугай.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.МӨНХЦЭЦЭГ