Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1080

 

 

 

 

                                                                                                         

Г.О нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр              даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00861 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Г.О нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.У холбогдох

18 069 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Г.О нь бараа бүтээгдэхүүн зарах үүднээс түрээсийн лангуунууд ажиллуулдаг. Тэрээр хариуцагч Ш.У-тай харилцан тохирсны үндсэн дээр 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс түүнийг өөрийн барааны лангуун дээрээ худалдагчаар, цалинтай ажиллуулж эхэлсэн. Хариуцагч 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилласан байдаг. Ингээд 2013 оны 7 дугаар сарын эхэнд Г.О түрээслэж байсан “Тумбааш” дэлгүүр засварт орох болсон тул тэрээр өөрийн лангуун дээрээ байсан бараануудаа “Нарлаг” их дэлгүүр рүү зөөхөөр болсон. Тооллого хийх гэхэд хариуцагч мөн л ирэхгүй байсан тул аргагүйн эрхэнд худалдагч н.Гэрэлмаа, н.Амаржаргал нарыг байлцуулж үлдэгдэл бараанд тооллого хийхэд нийтдээ 14.469.000 төгрөгийн бараа дутсан байсныг олж илрүүлсэн. Түүнээс хойш Г.О нь Ш.У-тай энэ асуудлаар олон удаа уулзаж, утсаар харилцаж, боломжийг олгож байсан. 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ш.У нь нэхэмжлэгч Г.О “...2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд 2.500.000 төлнө, үлдэгдэл төлбөрийг хугацаа зааж төлнө” гэж тодорхойлолт бичээд гарын үсэг зурсан байдаг. Ш.У дутагдуулсан барааны үнэ 14.469.000 төгрөгийг нэхэмжилнэ. Хариуцагч Ш.У гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж бараа дутагдуулсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр бүрэн нотлогдсон. Хариуцагч Ш.У нь 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл “Нарлаг” их дэлгүүр дээр шинээр түрээслэн авсан лангуун дээрээ буюу ажлын байран дээрээ ямар ч шалтгаангүйгээр ирээгүй. Уг лангууны нэг сарын түрээс нь 500.000 төгрөг бөгөөд Ш.У буруугаас болоод нэхэмжлэгч нэг сарын түрээсийг ямар ч ашиггүй төлж барагдуулсан. Уг 500.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй. “Есөн хангай” ХХК-д шинжээчийн зардалд төлсөн 1.600.000 төгрөг, “Чадварлаг аудит” ХХК-д шинжээчийн зардалд төлсөн 1.500.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ. Шинжээчийн зардлыг уг нь хариуцагч тал төлөх ёстой. Гэтэл албаар төлбөрөө төлөхгүй, удаашруулж байсан тул нэхэмжлэгч талаас төлбөрийг шинжээч нарт төлсөн байгаа. Иймд уг шинжээчийн зардлын мөнгийг гэрээнээс учирсан хохиролд тооцон гаргуулж өгнө үү. Ингээд нийт 18.069.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэж шүүхээс хүсч байна. Ер нь бол бараа, бүтээгдэхүүний дутагдал хамгийн сүүлд нүүхэд гэнэт гарч ирээгүй. Хариуцагч барааг байнга дутагдуулж, өртэй явж байсан нь тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч хариуцагчийг дарамталж нэг ч зүйл бичүүлээгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Ш.У нь 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Г.О харилцан тохирсны үндсэн дээр түүний ажиллуулдаг лангуун дээр цалин авч худалдагчаар 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилласан. Үндсэндээ хариуцагч Ш.У нь ажиллаж байх хугацаандаа өөрийн зарж борлуулсан бараа, бүтээгдэхүүнээ байнга тулгаж, тооцоо нийлэн ажиллаж байсан. 2013 оны 7 дугаар сард түүний ажиллаж байсан “Тумбааш” дэлгүүр засварт орохоор болж лангуу нь “Нарлаг” дэлгүүр рүү нүүхээр болсон. Ингээд тухайн үед баяр, наадам давхацсан учир бараагаа тулгаж, нийлж авч амжаагүй. Нэхэмжлэгч өөрөө ирээд хариуцагчийн эзгүйд бүх бараагаа аваад, шинэ дэлгүүр рүүгээ нүүсэн. Тухайн үед нэхэмжлэгчийн ар гэрт ажил явдал гарсан, нэхэмжлэгчээс шалтгаалсан учир бараагаа тулгаж, тооцоо нийлээгүй болно. Үүнд хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй. Талууд хэдэн шуудай бараа авсан, өгсөн талаар нэг ч тооцоо нийлээгүй. Талууд бие биендээ итгэж байсан учир алдсан зүйл байгаа. Өмнө нь дандаа тооцоо нийлдэг, бараа дутагдаж байгаагүй учир итгэж байсан. Өмнө нь ямар нэг байдлаар бараа дутагдсан, алга болсон тохиолдол гарах бүрийд Ш.У  нь мөнгийг нь цалингаасаа төлж, дутагдлаа нөхөн ажиллаж байсан. Хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан тооцоо нийлсэн баримт дээр хариуцагч 2.500.000 төгрөгийг төлнө гэж бичсэн нь үнэн. Гэхдээ уг бичгийг нэхэмжлэгч Г.О  байнга дарамтлаад байсан учир хүчээр шахуу бичсэн. Уг бичгийг цэнхэр өнгийн балаар бичсэн байдаг. Гэтэл өмнө нь “...нийт 14.969.000 төгрөг” гэж улаан балаар бичсэн байгаа. Уг бичгийг нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөж бичсэн. Уг нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахад ийм бичиг огтоос байгаагүй. Хамгийн гол нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хамтран ажиллах хугацаанд тэдний хооронд бичгээр хийсэн нэг ширхэг “тооцоо нийлсэн”, “бараа хүлээн авсан, хүлээлгэн өгсөн” талаар баримт хэрэгт байхгүй. Шинжээч дүгнэлтээ дандаа нэг талаас гарган өгсөн баримтууд дээр хийсэн байгааг шүүх анхаарч үзээсэй. Нэхэмжлэгч Г.О нь өөрөө нийт 5 лангуу ажиллуулдаг. Тэрээр бараануудаа хүлээн аваад эдгээр 5 лангуунууд руугаа тараадаг. Эндээс л түүний яриад байгаа барааны дутагдал гэдэг зүйл нь гарсан байх. Эцэст нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу худалдагчаар ажиллаж Г.О-ээс цалин авч байсан ба дутаасан, завшсан зүйл огт байхгүй. Өдөр бүрийн орлогоо Г.О-т тушааж, тооллого хийж, тулгадаг байсан. Г.Ог өдөр бүрийн орлого хүлээж авлаа гэж гарын үсэг зурдаггүй, Ш.У орлого хүлээлгэж өглөө гэж гарын үсэг зурдаггүй байсан. “Тумбааш” дэлгүүрт байсан барааг “Нарлаг” дэлгүүр рүү зөөхөд талуудад бараа тоолох боломж байсан. Тухайн үед нэхэмжлэгч Г.О 2-3 хоногийн дараа бараа тоолно гэж хэлээд явсан. Удалгүй Ш.У-ыг байлцуулахгүйгээр барааны тооллого хийсэн байсан. Мөн хариуцагч нь 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгчийн лангуун дээр ажиллаагүй. Ийм учраас нэхэмжлэгч яагаад 500.000 төгрөг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Нэгэнт нэхэмжлэгч Г.О үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаа тул дутагдуулсан барааны зүйлс, лангууны төлбөр, мөн шинжээчийн төлбөрийг хариуцагч төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ш.У-аас 17.569.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 312.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.У-аас 245.795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О-т олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрах давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагаагүй, ажиллагаа хийгдээгүй. Шинжээч зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбар мэдүүлэг дээр үндэслэн нэг талыг барьсан дүгнэлт гаргасанаа дүгнэлтдээ дурдсан байдаг. Хариуцагчийг оролцох боломжоор хангаагүй. Нэхэмжлэгч Г.О гаргаж өгсөн тайлан, тооцоо, тооллогыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж цуглуулсан нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Хэзээ, хаана, хэн гэдэг ямар хүмүүсийг байлцуулан хэдэн тампуу, уут хувцас, бараанд яаж тооллого хийж хэнээс хэнд хүлээлцэж авсан, өгсөн нь тодорхойгүй олон өнгийн бэх, үзэг сольж хэн хөтөлж бичсэн н тодорхойгүй тооцоог үндэслэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3-д заасан эдийн засгийн холбогдолтой шинжилгээний материалын хувьд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гарсан байх шаардлагыг хангаагүй, шинжилгээний обьектод дүгнэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ш.У холбогдуулж ажиллах хугацаандаа дутагдуулсан барааны үнэ 14 469 000 төгрөг, хохирол 500 000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 3 100 000 төгрөг, нийт 18 069 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Ш.У нь 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Г.О-ийн “Тумбааш” дэлгүүр дэх барааны лангуун дээр худалдагчаар ажилласан үйл баримт тогтоогдож байгаа ба анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

Хариуцагч Ш.У нь өөрийн хариуцан ажиллуулж байсан лангуунаас 14,469,000 төгрөгийн барааг дутагдуулсан болох нь түүний гарын үсэг бүхий  “...9 дүгээр сарын 05-ны дотор 2 500 000 төгрөг өгнө. Үлдэгдлийг нь хугацаа тохирно” гэсэн бичмэл баримт,  шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5659 тоот дүгнэлт,  2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1189 тоот шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондын харилцан яриа бүхий флаш дискэнд болон мессежэнд шүүхээс 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, “Чадварлаг аудит” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19/02 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан хийгээд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.   /1хх-ийн 6, 3хх-ийн 41-46, 67-97, 124-139, 140-165, 215-250, 4хх-ийн 1-3/.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондын харилцан яриа бүхий флаш дискэнд болон мессежэнд шүүхээс 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд  хариуцагч Ш.У нь дутагдуулсан барааны үнийг төлөхийг зөвшөөрсөн, төлөх санаачлага гаргаж байгаа агуулга бүхий мэдээлэл тусгагджээ.

2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1189 тоот шинжээчийн дүгнэлтээр зохигчдын хэн алины гарын үсэг зурагдаагүй, хоорондын тооцооны зарим баримтуудад бичигдсэн гар бичвэрүүд нь Ш.У-ын бичгийн хэв туршилтын загваруудтай тохирч байгаа болохыг тогтоосон байна.

 

Шүүхээс томилогдсон  “Чадварлаг аудит” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19/02 тоот шинжээчийн дүгнэлтээр “...15 454 500 төгрөгийн бараа дутагдуулсан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь  2 500 000 төгрөг төлнө гэсэн бичгийг хүчинд автаж бичсэн, хариуцагч нэхэмжлэлд дурдсан хэмжээний бараа дутагдуулсан болох нь баримтаар нотлогдоогүй  гэж тайлбарлаж байгаа боловч  уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотолж байгаа дээр дурдсан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэж баримтаар няцааж чадаагүй болно.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 14 469 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн  нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1  дэх хэсэгт нийцсэн байна.

Нэхэмжлэгч түрээсийн төлбөр 500 000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар  шаардсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хангах боломжгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Харин шинжээчийн ажлын хөлсөнд  “Есөн хангай аудит” ХХК-д төлсөн 1 600 000 төгрөг, “Чадварлаг аудит” ХХК-д төлсөн 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь зөв боловч үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэсэн нь буруу байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал шийдвэрлэгдэх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу шинжээч “Чадварлаг аудит” ХХК-ийг шинжээчээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулж, мөн хуулийн 9.2 дах хэсэгт заасан “...шинжээчид эрх үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэсэн шаардлагыг хэрэгжүүлсэн /3хх-ийн 212-214/ байх тул шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасныг зөрчсөн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Шинжээч нь хариуцагч Ш.У-тай түүний утсаар холбогдож,  уулзах оролдлого хийсэн боловч түүнтэй  уулзаж чадаагүй тухай тэмдэглэл үйлдсэн байх тул шинжээч зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбар мэдүүлэг дээр үндэслэн нэг талыг барьсан дүгнэлт гаргасан, хариуцагчийг оролцох боломжоор хангаагүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шинжээч дүгнэлт гаргаснаас бусад  ажиллагааны талаар гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00861 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын     “17 569 000” гэснийг “14 469 000” гэж, 2 дах заалтын “245 795 төгрөгийг”  гэсний өмнө  шинжээчийн зардалд 3 100 000 төгрөгийг тус тус” гэж нэмж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                         ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

                                                                                                Н.БАТЗОРИГ