Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00710

 

Г.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00861 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1080 дугаар магадлалтай,

Г.Оийн нэхэмжлэлтэй

Ш.Ут холбогдох

18 069 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрахын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.О нь бараа бүтээгдэхүүн зарах үүднээс түрээсийн лангуунууд ажиллуулдаг. Тэрээр хариуцагч Ш.Утай харилцан тохирсны үндсэн дээр 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс түүнийг өөрийн барааны лангуун дээрээ худалдагчаар, цалинтай ажиллуулж эхэлсэн. Хариуцагч 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилласан байдаг. Ингээд 2013 оны 7 дугаар сарын эхэнд Г.Оийн түрээслэж байсан Тумбааш дэлгүүр засварт орох болсон тул тэрээр өөрийн лангуун дээрээ байсан бараануудаа Нарлаг их дэлгүүр рүү зөөхөөр болсон. Тооллого хийх гэхэд хариуцагч мөн л ирэхгүй байсан тул аргагүйн эрхэнд худалдагч н.Гэрэлмаа, н.Амаржаргал нарыг байлцуулж үлдэгдэл бараанд тооллого хийхэд нийтдээ 14.469.000 төгрөгийн бараа дутсан байсныг олж илрүүлсэн. Түүнээс хойш Г.О нь Ш.Утай энэ асуудлаар олон удаа уулзаж, утсаар харилцаж, боломжийг олгож байсан. 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ш.У нь нэхэмжлэгч Г.От ...2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд 2.500.000 төлнө, үлдэгдэл төлбөрийг хугацаа зааж төлнө гэж тодорхойлолт бичээд гарын үсэг зурсан байдаг. Ш.Уын дутагдуулсан барааны үнэ 14.469.000 төгрөгийг нэхэмжилнэ. Хариуцагч Ш.У гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж бараа дутагдуулсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр бүрэн нотлогдсон. Хариуцагч Ш.У нь 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Нарлаг их дэлгүүр дээр шинээр түрээслэн авсан лангуун дээрээ буюу ажлын байран дээрээ ямар ч шалтгаангүйгээр ирээгүй. Уг лангууны нэг сарын түрээс нь 500.000 төгрөг бөгөөд Ш.Уын буруугаас болоод нэхэмжлэгч нэг сарын түрээсийг ямар ч ашиггүй төлж барагдуулсан. Уг 500.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй. Есөн хангай ХХК-д шинжээчийн зардалд төлсөн 1.600.000 төгрөг, Чадварлаг аудит ХХК-д шинжээчийн зардалд төлсөн 1.500.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ. Шинжээчийн зардлыг уг нь хариуцагч тал төлөх ёстой. Гэтэл албаар төлбөрөө төлөхгүй, удаашруулж байсан тул нэхэмжлэгч талаас төлбөрийг шинжээч нарт төлсөн байгаа. Иймд уг шинжээчийн зардлын мөнгийг гэрээнээс учирсан хохиролд тооцон гаргуулж өгнө үү. Ингээд нийт 18.069.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэж шүүхээс хүсч байна. Ер нь бол бараа, бүтээгдэхүүний дутагдал хамгийн сүүлд нүүхэд гэнэт гарч ирээгүй. Хариуцагч барааг байнга дутагдуулж, өртэй явж байсан нь тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч хариуцагчийг дарамталж нэг ч зүйл бичүүлээгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Ш.У нь 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Г.Отэй харилцан тохирсны үндсэн дээр түүний ажиллуулдаг лангуун дээр цалин авч худалдагчаар 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилласан. Үндсэндээ хариуцагч Ш.У нь ажиллаж байх хугацаандаа өөрийн зарж борлуулсан бараа, бүтээгдэхүүнээ байнга тулгаж, тооцоо нийлэн ажиллаж байсан. 2013 оны 7 дугаар сард түүний ажиллаж байсан Тумбааш дэлгүүр засварт орохоор болж лангуу нь Нарлаг дэлгүүр рүү нүүхээр болсон. Ингээд тухайн үед баяр, наадам давхацсан учир бараагаа тулгаж, нийлж авч амжаагүй. Нэхэмжлэгч өөрөө ирээд хариуцагчийн эзгүйд бүх бараагаа аваад, шинэ дэлгүүр рүүгээ нүүсэн. Тухайн үед нэхэмжлэгчийн ар гэрт ажил явдал гарсан, нэхэмжлэгчээс шалтгаалсан учир бараагаа тулгаж, тооцоо нийлээгүй болно. Үүнд хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй. Талууд хэдэн шуудай бараа авсан, өгсөн талаар нэг ч тооцоо нийлээгүй. Талууд бие биендээ итгэж байсан учир алдсан зүйл байгаа. Өмнө нь дандаа тооцоо нийлдэг, бараа дутагдаж байгаагүй учир итгэж байсан. Өмнө нь ямар нэг байдлаар бараа дутагдсан, алга болсон тохиолдол гарах бүрийд Ш.У нь мөнгийг нь цалингаасаа төлж, дутагдлаа нөхөн ажиллаж байсан. Хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан тооцоо нийлсэн баримт дээр хариуцагч 2.500.000 төгрөгийг төлнө гэж бичсэн нь үнэн. Гэхдээ уг бичгийг нэхэмжлэгч Г.О байнга дарамтлаад байсан учир хүчээр шахуу бичсэн. Уг бичгийг цэнхэр өнгийн балаар бичсэн байдаг. Гэтэл өмнө нь ...нийт 14.969.000 төгрөг гэж улаан балаар бичсэн байгаа. Уг бичгийг нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөж бичсэн. Уг нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахад ийм бичиг огтоос байгаагүй. Хамгийн гол нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хамтран ажиллах хугацаанд тэдний хооронд бичгээр хийсэн нэг ширхэг тооцоо нийлсэн, бараа хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаар баримт хэрэгт байхгүй. Шинжээч дүгнэлтээ дандаа нэг талаас гарган өгсөн баримтууд дээр хийсэн байгааг шүүх анхаарч үзээсэй. Нэхэмжлэгч Г.О нь өөрөө нийт 5 лангуу ажиллуулдаг. Тэрээр бараануудаа хүлээн аваад эдгээр 5 лангуунууд руугаа тараадаг. Эндээс л түүний яриад байгаа барааны дутагдал гэдэг зүйл нь гарсан байх. Эцэст нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу худалдагчаар ажиллаж Г.Оээс цалин авч байсан ба дутаасан, завшсан зүйл огт байхгүй. Өдөр бүрийн орлогоо Г.От тушааж, тооллого хийж, тулгадаг байсан. Г.О өдөр бүрийн орлого хүлээж авлаа гэж гарын үсэг зурдаггүй, Ш.У орлого хүлээлгэж өглөө гэж гарын үсэг зурдаггүй байсан. Тумбааш дэлгүүрт байсан барааг Нарлаг дэлгүүр рүү зөөхөд талуудад бараа тоолох боломж байсан. Тухайн үед нэхэмжлэгч Г.О 2-3 хоногийн дараа бараа тоолно гэж хэлээд явсан. Удалгүй Ш.Уыг байлцуулахгүйгээр барааны тооллого хийсэн байсан. Мөн хариуцагч нь 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгчийн лангуун дээр ажиллаагүй. Ийм учраас нэхэмжлэгч яагаад 500.000 төгрөг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Нэгэнт нэхэмжлэгч Г.О үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаа тул дутагдуулсан барааны зүйлс, лангууны төлбөр, мөн шинжээчийн төлбөрийг хариуцагч төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00861 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ш.Уаас 17.569.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 312.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Уаас 245.795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1080 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00861 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын 17 569 000 гэснийг 14 469 000 гэж, 2 дах заалтын 245 795 төгрөгийг гэсний өмнө шинжээчийн зардалд 3 100 000 төгрөгийг тус тус гэж нэмж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрах хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шийдвэрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хэлэлцүүлэхэд шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэн магадлал гаргасан байх нь үндэслэлгүй байна гэж үзэж байх тул шийдвэр магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ш.Ут холбогдуулан ажиллах хугацаандаа дутагдуулсан барааны үнэ 14 469 000 төгрөг, хохирол 500 000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 3 100 000 төгрөг, нийт 18 069 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 17 569 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн зардал 3 100 000 төгрөгийг хасч, шүүхийн зардалд тооцон энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Ш.У нь 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 05 хүртэл хугацаанд Г.Оийн Тумбааш дэлгүүр дэх барааны лангуун дээр худалдагчаар ажилласан үйл баримт тогтоогджээ.

Хоёр шатны шүүх талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа буюу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй болсон байна.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний дагуу ажиллах хугацаандаа Ш.У нь гэрээний үүргээ зөрчиж, 14 469 000 төгрөгийн барааг дутагдуулсан эсэх асуудал маргааны зүйл болсон, зохигч энэ талаар мэтгэлцжээ.

Шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Ш.Уын гарын үсэг бүхий “...9 дүгээр сарын 05-ны дотор 2 500 000 төгрөг өгнө. Үлдэгдлийг нь хугацаа тохирно.” гэсэн бичмэл баримт, шинжээчийн дүгнэлт, зохигчийн хоорондын харилцан яриа бүхий флаш дискэнд болон мессежэнд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл гэх баримтад тулгуурласан боловч анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг бүрэн дүгнэж чадаагүй, энэ талаар давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д зааснаар шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилготой байдаг ба шүүх шинжилгээний обьект, шинжээчийн дүгнэлтэд тусгасан шинжилгээний явц, үр дүнг шинжлэн судалж, бодитой гэж үзсэн бол уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэлээ болгодог. Шүүх энэ ажиллагааг хийгээгүйн улмаас нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байна.

Ш.У нь 2 500 000 төгрөгийг төлнө, үлдэгдлийг хугацаа тохирно гэсэн мэдээлэл бүхий бичмэл баримтыг үйлдсэн нь тогтоогдсон, 2 500 000 төгрөгөөс гадна төлөх төлбөр байгаа агуулга илэрхийлэгдэж байгаа боловч үлдэх төлбөрийн хэмжээг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт байхгүйгээс гадна шинжээчийн дүгнэлтээр ч нотлогдоогүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 сарын 09-ний өдрийн 1189 тоот дүгнэлтээр зарим баримтуудад бичигдсэн гар бичвэрүүд нь Ш.Уын бичгийн хэв туршилтын загваруудтай тохирч байгаа боловч баримтуудад хоёр талын гарын үсэг зурагдаагүй болохыг, шүүхээс томилогдсон шинжээч Чадварлаг аудит ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19/02 тоот дүгнэлтэд ...Ш.Уыг 15 454 500 төгрөгийн бараа дутагдуулсан гэж дүгнэхдээ талууд 4 удаа тооллого хийсэн гэх боловч тооллогын материалд гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулаагүй, харин сүүлийн тооллогын баримтад гарын үсэг зурсан гэж дурджээ. Эхний 3 удаагийн тооллогоор барааны дутагдал байгаагүй, илүүдэл байсан болохыг тэмдэглэсэн байх ба 4 дэх удаагийн тооллого буюу ...2 500 000 төгрөгийг төлөх...тухай баримт нь Ш.Уын гарын үсэг бүхий баримт байна. Энэ баримтаар Ш.У нь 2 500 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн, харин үлдэгдэл төлбөрийн хэмжээ тодорхойгүй тогтоогдоогүй байхад шүүх уг баримтыг үндэслэж хариуцагчийг 14 469 000 төгрөгийн барааг дутагдуулсан гэж, шинжээч мөн дээрх дүгнэлтийг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.7, 10.4 дэх хэсгийг зөрчсөн байна.

Талуудын хооронд бараа хүлээлцсэн, борлуулалтын мөнгийг буцаан шилжүүлсэн, үлдэгдэл барааг тоолсон 2 талын гарын үсэг бүхий баримт байхгүй, энэ талаар талууд маргасан, санхүүгийн баримтууд шинжилгээ хийх тоо, чанарын үзүүлэлтийг хангаагүй, эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт байхгүй, шинжилгээний обьект шаардлага хангаагүй байхад шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар шүүх анхаараагүй нь буруу болжээ. Шинжээч нь хариуцагч Ш.Уын утсаар холбогдож, уулзах оролдлого хийсэн боловч түүнтэй уулзаж чадаагүй тухай тэмдэглэл үйлдсэн байх ба маргалдаж буй талуудын хооронд хожим нь ч тооцоо нийлж чадаагүй байна.

Иймд хэрэгт байгаа баримтын хэмжээнд Ш.У нь 2 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шинжээчийн ажлын хөлс Есөн хангай аудит ХХК-д төлсөн 1 600 000 төгрөг, Чадварлаг аудит ХХК-д төлсөн 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар зардлыг хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1080 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00861 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ш.Уаас 2 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгож, үлдэх 15 569 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...312 250 гэсний дараа шинжээчийн зардалд төлсөн 527 000 төгрөгийг гэж, ... 245 795...гэснийг 54 950...” гэж  тус тус өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 795 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                              П.ЗОЛЗАЯА