Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2060

 

 

 

 

 

 

 

  2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2018/02060

                Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Роял кэстл, 101 дүгээр байр, 1101 тоотод оршин суух, Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 53 дугаар байр, 6 тоотод оршин суух, Тайжууд овогтой Ш.М-д холбогдох,

24,070,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ш.М, гэрч Д.Б, П.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.М  нь Б.Боос 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2014 оны 09 сард барилгын тусгай зөвшөөрөлтэй “А” ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор 24,000,000 төгрөг зээлж авсан юм. Яаралтай өр нэхэгдсэн тохиолдолд “А” ХХК-ийг зарж өр төлбөрөө барагдуулахаар тохиролцсон боловч өр төлбөрөө авах шаардлага гаргахад барагдуулахгүй байх тул зээлсэн 24,070,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бнэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... “Шинэ дөл констракшн” ХХК нь Ш.М г өмгөөлөгчөөр ажиллуулж байсан бөгөөд ажлаа хийгээгүй, муу хийсэн. Мөн биднийг гомдоож зээлсэн мөнгөө цаг хугацаандаа өгөөгүй, өгөх ёсгүй гэж байгаа тул өмгөөллийн хөлсөнд өгч байсан дансаар 2,000,000 төгрөг, бэлнээр 31,440,000 төгрөг өгсөн тул нийт 33,440,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.М  нь өмгөөлөгч хийж байх хугацаандаа Б.Бын итгэлийг хүлээж 2014 оны 09 дүгээр сард 24,000,000 төгрөг зээлж авсан юм. Энэ мөнгийг бичиг баримтгүй, гарын үсэггүй өгсөн. Сүүлд нь хөөцөлдсөөр байгаад 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зуруулж авсан. Ш.М  сүүлд хийж өгсөн бичигт “ААЛТО” ХХК-ийг худалдаж авахад зориулна гэж бичсэн. Энэ мөнгийг зээлсэн болохоос биш “ААЛТО” ХХК-ийг худалдаж авахаар аваагүй. Би 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ш.М тэй уулзаж, ажил дээр нь очсон. Тэгэхэд мөнгө авсан юм чинь төлнө гэж надад хэлсэн. 14 хоногийн хугацаанд мөнгөө буцаагаад төлнө гэсэн боловч төлөөгүй. Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хооронд Ш.М  хаяг дээрээ байхгүй болсон тул эрэн сурвалжлуулж хаягийг нь олсон. Зээлсэн 24,000,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200,000 төгрөг нийт 24,070,200 төгрөгийг хариуцагч Ш.М гээс гаргуулж өгнө үү. Хариуцагчаас 33,440,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэмэгдүүлсэн шаардлагаа татан авч байна. “Шинэ дөл констракшн” ХХК энэ мөнгийг нэхэмжлэх ёстой юм байна гэжээ.

 

Хариуцагч Ш.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 09 дүгээр сард ямар ч зээлийн хэлцэл болоогүй. 24,000,000 төгрөгийг зээлж аваагүй. Б.Б гуай компанийн захирал. Энэ хүн хэзээ ч баримтгүй мөнгө гаргадаггүй юм. Хэрвээ надад 24,000,000 төгрөг өгсөн бол зээлийн баримт хийх ёстой. 2016 оны 09 дүгээр сард ямар ч зээлийн хэлцэл болоогүй. Мөнгө хүлээлцэж, өгөлцөж, авалцсан баримт байхгүй. Би болсон зүйлийг эхнээс нь ярих хэрэгтэй байх. Б.Бын төрсөн хүү Б.Дөлгөөн гэж залуу байдаг. Энэ залуу 2009 оноос эхлэн эрүүгийн хэрэгт холбогдож эхэлсэн. Тухайн үед улсын Прокурорын даргаар ажиллаж байсан н.Зориг бол миний танил юм. Энэ хүнээр дамжиж Б.Б гуай өмгөөлөгч авах хүсэлт ирүүлээд Б.Дөлгөөн гэж залуугийн хэрэг дээр өмгөөлөгчөөр орж эхэлсэн. Тэр нь 2009-2010 онд юм. Тэр үед өмгөөллийн буюу эрх зүйн туслалцаа үзүүлэх хэлцлүүд байгуулагдаад хэлцлийн дагуу урьдчилгаа төлбөр, ажлын гүйцэтгэлийн дараа гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр зэргээр явж байсан. Миний мэдэхээр 8 тохиолдол байгаа, 8 удаагийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулаад өгөлцөж, авалцсан мөнгөний асуудал байгаа. 2008-2010 онуудад барилгын салбар сэргэж эхэлсэн үе. Б.Б гуай шинэ дөл цогцолбор гээд барилгын 2 том обьектийг барьж байсан. Б.Б нь н.Зориг гуайн багын найз юм. Бид мөнгө босгох, бизнес хийх ямар боломж байна гэж ярилцсан. Энэ үед барилгын салбарт хөрөнгө оруулсан тохиолдолд оруулсан хөрөнгөө 3-4 дахин нугалж олох боломжтой юм байна гэж Б.Б гуай бидэнд зөвлөгөө өгсөн. Барилгын тусгай зөвшөөрөлтэй компани байгуул, компани байгуулаад барилгын тусгай зөвшөөрөл ав, энэ асуудал дээр миний хувьд хөрөнгө оруулах боломжтой. 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулъя гэж ярьж байсан. Энэ бол 2011 онд яригдсан асуудал. Тэр үед би н.Зоригоогийн найз мөн Б.Б гуайн асуудлыг шийдэж байсан болохоор надад туслаад энэ асуудалд хандах юм байна гэж ойлгож байсан учраас Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ерөнхий инженер байсан н.Баатар гэж хүнээс мэргэжлийн зөвлөгөө авсан. Мэргэжлийн зөвлөгөө авахад барилгын компани байгуулж болно, тусгай зөвшөөрлийг нь би мэргэжлийн хувьд хөөцөлдөөд өгье гэж хэлээд 2012 оны хавар барилгын тусгай зөвшөөрөлтэй компани байгуулах гэсэн боловч бүрдүүлэх баримт бичиг нь дутуу болоод асуудал үүссэн. Олон тооны баримт бүрдүүлэх ёстой байсан бөгөөд ажилчдын тоо, зөвлөх инженер, ажлын туршлага зэрэг байх ёстой гэж шаардлага тавигдаж эхэлсэн. Тэр үед би Б.Б ахад байгаа байдлыг барилгын компани байгуулна гэж бүтэхгүй юм байна гэж хэлсэн. Б.Б гуай тусгай зөвшөөрөлтэй барилгын компани зарна гэсэн хүмүүс байдаг. Тийм юм судалж үзээч гэж хэлсэн. Тэр үед Б.Б гуай “ААЛТО” ХХК-ийг олсон юм. н.Мөнхмандах гэж захиралтай байсан. Энэ хүн тусгай зөвшөөрөл бүхий компани буюу хувьцаагаа шилжүүлж өгөх боломжтой юм байна гэж хэлсэн. Би тухайн үед итгэмжлэл өгөөд компанийг шилжүүлж авах бол хөөцөлдөөд өгөөч гэсэн. 24,000,000 төгрөг ийм учиртай. н.Мөнхмандах “ААЛТО” ХХК-ийг 30,000,000 төгрөгөөр зарна гэж байсан. н.Баатар гуай ярьж байгаад н.Мөнхмандахаас 25,000,000 төгрөгөөр авахаар болсон байсан. 25,000,000 төгрөгөөр компани авах талаар би Б.Б ахад хэлсэн. Тэгэхэд үнийг нь буулгаад 20,000,000 төгрөгт авах боломж байна уу гэж ярьсан бөгөөд үнийг буулгаж 24,000,000 төгрөгт авахаар болсон. Б.Б ах хөрөнгө оруулалтыг нь хийж өгье гэсэн. Энэ бол 2012 оны хавар болоод байгаа асуудал юм. 2012 оны 08 дугаар сарын эхээр хэлцлүүд хийгдээд “ААЛТО” ХХК-ийг миний нэр дээр шилжүүлж өгсөн юм. Энэ үед Б.Б гуай өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг барилгын компанитай учраас миний нэр дээр хоёр компани байж болохгүй. Миний нэр дээр авч болохгүй гэж хэлсэн. н.Зориг гуай болохоор Прокурор, төрийн албан хаагч учраас хувьдаа компанитай байж болохгүй гэж хэлсэн. н.Баатар Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар буюу төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт ажиллаж байгаа учраас миний нэр дээр компани байж болохгүй гэж хэлээд энэ 3 хүн татгалзсан. Би өмгөөлөгч ч гэсэн аль нэг хувь, төрд хамааралгүй байсан учраас хамгийн боломжит хүн нь би болсон. Тэгээд миний нэрийг дэвшүүлээд 24,000,000 төгрөгөөр “ААЛТО” ХХК-ийг авсан юм. Ийм л асуудал болсон юм. Би 24,000,000 төгрөгөөс гар дээрээ нэг ч төгрөг бэлнээр авч, хувьдаа нэг ч төгрөгийг зарцуулаагүй. Энэ асуудлыг мэдэх хоёр хүн байгаа. Уг нь энэ хоёр хүнд онц хамааралтай асуудал ч биш. Хамгийн гол нь 2014 оны 09 дүгээр сард Б.Боос ямар ч мөнгө зээлж аваагүй. 24,000,000 төгрөгийн асуудал бол “ААЛТО” ХХК-ийг миний нэр дээр худалдаж авсан асуудал. Яагаад энэ компанийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах болсон юм бэ гэхээр барилгын салбар эрчимтэй хөгжиж эхэлсэн үе бөгөөд Б.Б гуай Барилгын яам, Нийслэлийн захиргаа бусад газруудад өргөн танилтай байсан учраас ажил олж өгөх асуудал дээр санаа зовох зүйл байхгүй гэж хэлсэн. Хаанаас ямар ажил олж өгөх вэ гэдэг дээр санаа зовох асуудал байхгүй гэсэн. Тэгээд миний нэр дээр компани шилжиж орж ирсэн. Ажил олж өгнө гэж хэсэг буюу 2 жил орчим яваад ажил орж ирээгүй. Нэг ажил олж ирсэн нь Сэлбэ голын хажуу талаар ариун цэврийн татуурга хийх ажил байсан. н.Баатар гуайг дуудаад бид нэг ажил хийсэн. Төлбөрийн маргаан нь одоо болтол байдаг юм. Хамгийн гол нь 2014 оны 09 дүгээр сард би ямар ч зээлийн хэлцэл хийгээгүй. Мөнгө зээлсэн баримт хийсэн тухай тайлбар хэлэхэд н.Зоригоо гэж хүнийг хамт дагуулж ирээд Б.Б гуай бид 3 уулзсан. Гэхдээ зээлийн мөнгө өгсөн гэж байгаа энэ баримтыг Б.Б гуай бэлдчихсэн ирсэн. Энд гарын үсэг зураад өгөөч татварын асуудал үүсээд байна гэж хэлсэн. Татвар дээр асуудал үүссэн бөгөөд 2014 оны 09 дүгээр сард мөнгө зээлсэн асуудал байхгүй юм чинь үүнийг би татварт үзүүлээд устгана гэсэн. Ийм зүйлүүд яригдаж байгаад энэ баримт дээр гарын үсэг зуруулсан. Үүнийг тэнд хамт байсан хүмүүс гэрчилнэ. Хууль мэддэг хүмүүс учраас үнэн зөв зүйл ярих байх. Зээлийн хэлцэл бол төрлийн шинж буюу мөнгийг хүлээлцэж, өгөлцөж, авалцсанаар гэрээ байгуулагдсан тооцох заалттай. Тэгэхээр энэ хүмүүс яах ёстой вэ гэхээр 2014 оны 09 дүгээр сард надад 24,000,000 төгрөг өгсөн гэдгээ нотлох ёстой юм. Энэ өдөр би нэг ч төгрөг аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас өөр зүйл яриад байх шиг байна. 24,000,000 төгрөгийг хэн хүлээж авсан, хэн гэж хүнд өгсөн зэрэг асуудал бүгд гэрч, баримттай байгаа гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ш.М д холбогдуулан зээлийн төлбөрт 24,070,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 33,440,000 төгрөгөөр нэмэгдүүлж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа татан авсан байна.

 

Хариуцагч Ш.М  24,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 24,000,000 төгрөг зээлж аваагүй, бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хэргийн 4 дүгээр талд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэн Б.Боос 2014 оны 09 сард барилгын тусгай зөвшөөрөлтэй “ААЛТО” ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор иргэн Ш.М  нь 24,000,000 төгрөгийг зээлж авсан болно. Уг мөнгөөр дээрх компанийг худалдан авсан ба үйл ажиллагааны орлогоор өр төлбөрийг саадгүй төлөхөөр баталгаа гаргав. Жич: Яаралтай өр нэхэгдсэн тохиолдолд “ААЛТО” ХХК-ийг шууд зарж өр төлбөрөө барагдуулахаар баталгаа гаргаж байна. Баримт гаргасан иргэн Ш.М " гэсэн баримт авагдсан байна.

 

Шүүхэд гэрч Д.Баатар “... Б.Б гэж хүн хөрөнгө оруулж, надаар ... 24,000,000 төгрөгийг дамжуулж “ААЛТО” ХХК-ийн өмнөх захирал н.Мөнхмандах гэж залууд өгсөн. Түүнээс биш Ш.М д нэг ч төгрөг шилжээгүй, оролцоогүй” гэх, гэрч П.Зориг “... 2014 он биш 2012 онд Б.Б бид 3 уулзсан. Б.Б бид хоёр Ш.М  дээр очсон. Тэр үед бид ярилцаж байгаад барилгын бизнес их хөгжиж байна. Барилгын компани байгуулаад явах юм бол ашигтай гэж хэлсэн. ... Б.Б ... Нэг хүний нэр дээр 2 барилгын компани байж болохгүй гэж хэлсэн.” Мөнгө зээлсэн тухай баримтыг би харж байсан. Б.Б ийм юм биччихсэн ирээд энэ дээр Ш.М гийн гарын үсгийг зуруулаад өгөөч, татвар дээр компанийн асуудал гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаа байсан дээр үеийн юманд гарын үсэг зурах уу гэхэд татвар дээр асуудал үүсээд байна гээд байсан юм. Ш.М  хуулийн хүн болохоор айхтар хаширлаад байхаар нь би зураад өгчих гээд зуруулчихсан юм” гэх мэдүүлгийг тус тус өгсөн.

 

Хэрэгт нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ш.М  нар 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөнгө зээлсэн тухай баримт авагдсан байх боловч шүүхэд гэрч Д.Баатар, П.Зориг нарын өгсөн мэдүүлгээр уг баримтыг 24,000,000 төгрөгийн зээл, зээлийн төлбөр баталгаажуулах зорилгоор үйлдсэн нь үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...зохигч... нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч 24,000,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн болохыг баримтаар нотолж чадаагүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хангах үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Ш.М гээс 24,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш.М гээс 24,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ш.М гээс 33,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа татан авсныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,451 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР