Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/02552

 

Б.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02362 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Б-ад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагч Х.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Н-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х.Б-ад 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр 27 000 000 төгрөгийг хүү, алдангигүйгээр зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дууссан. Энэ өдрөөс хойш хариуцагч нь ямар ч төлөлт хийгээгүй. Х.Б-аас 27 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. Энэхүү гэрээгээр 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зээлсэн 6 500 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлдүүлсэн 20 500 000 төгрөгийг нэгтгэн тооцож 27 000 000 төгрөг болгон 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд бичсэн гэжээ.

 

 Хариуцагч Х.Б-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Б.Н-гээс 15 000 000 төгрөг зээлж авсан. Харин 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 27 000 000 төгрөгийн гэрээг өөр зорилгоор, борцны үйлдвэр байгуулах гээд байна авлагатай гэсэн баримт хэрэгтэй гэхээр нь хийж өгсөн. Бид садан төрлийн холбоотой, ах дүүсийн хүүхэд байгаа юм. Би энэ хугацаанд нэхэмжлэгчид 3 000 000 гаруй төгрөг цувуулж өгсөн. Бодитоор хүлээн авсан 15 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө  гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Б-аас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэлээс 12 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээнд 2014 оны 9 дүгээр сарын 20-ноос 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зээлдэгч нь 27 000 000 төгрөгийг 35 сарын хугацаатай зээлэх, 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр  мөнгийг бэлнээр авсан тухай заасан. Гэрч нь нэхэмжлэгчтэй хувийн дотно харилцаатай тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж шүүх үзсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 27 000 000 төгрөг хүлээн авсанаа зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нотариат орж зээлийн гэрээ байгуулсан, энэ гэрээндээ бэлнээр 27 000 000 төгрөг бэлнээр хүлээн авсан гэдгээ өөрийн гараар бичсэн. Тухайн үед мөнгө өгөхөд байлцсан хүнээс гэрчийн мэдүүлэг авахаас өөр ямар ч арга байхгүй, үүнийг гэрчээр нотлохоос өөр боломжгүй нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэхийг хүсч байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч Х.Б-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч бодитойгоор хүлээн авсан 15 000 000 төгрөгийг төлнө гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд үндэслэсэн боловч тухайн бичгийн гэрээг байгуулсан өдөр талууд 27 000 000 төгрөгийг бэлнээр өгч авалцаагүй гэх үйл баримтыг тайлбартаа заасан. Харин 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зээлсэн 6 500 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлдүүлсэн 20 500 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөгийг талууд нэгтгэж, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр бичгийн хэлбэрт оруулж, дээрх хэмжээний мөнгөн төлбөрийн үүрэг байгааг зөвшөөрч, тооцоо нийлж, төлөх хугацааг тогтоон гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч няцааж нэхэмжлэгчийг бусдын өмнө авлагатай харагдуулахын тулд байгуулсан гэрээ гэж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан буюу анз тогтоосон тохиолдолд бичгээр байгуулсан байх шаардлагатай бөгөөд энэ гэрээний хувьд гэрээг заавал бичгээр байх шаардлагагүй.

 

Дээрх зээлийн гэрээг хэрэгт авагдсан Б.Н-гийн дансны хуулга болон гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудтай харьцуулан дүгнэхэд 20 500 000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хэргийн 19 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн Голомт банкны дансны хуулгад 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 8 500 000 төгрөгийн зарлага гарсан байх бөгөөд гүйлгээний утгад “Болдханд түр зээлэв” гэж бичигдсэн, гэрч Г.Майнбаярын мэдүүлэгт “...2014 оны 9 дүгээр сард Б.Н- нь банкнаас 8 500 000 төгрөгийг авч, цүнхнээсээ 6 боодол 20 000 -тын дэвсгэрт буюу 12 000 000 төгрөг гаргаж ирээд нийт 20 500 000 төгрөгийг Х.Б-ад өгсөн” гэх мэдүүлэг зэрэг нь 20 500 000 төгрөгийг хариуцагчид өгсөн гэх нэхэмжлэгчийн тайалбартай нийцэж байна. /хх-ийн 16-20, 22/ Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээгээр нийт 20 500 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар гэрч Г.Майнбаяр, Г.Бат-Өлзий нарт худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсан байх бөгөөд нэхэмжлэгчтэй хувийн дотно харилцаатай байгаа нь гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх үндэслэл болохгүй болно. 

 

 Харин гэрч Г.Бат-Өлзийгийн “...2013 оны намар Хаан банкнаас 5 000 000 төгрөг авч гарч ирээд 6 500 000 төгрөг болгоод өгч байсан” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгад 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөгийг “...Болдхандад түр зээл” гэх утгатай хийгдсэн гүйлгээ зэрэг нь хугацааны хувьд зөрүүтэй байх тул гэрчийн мэдүүлгийг үнэн  зөв, эргэлзээгүй, тухайн маргааны цаг хугацаанд хамааралтай гэж дүгнэх боломжгүй тул 6 500 000 төгрөгийг зээлсэн болох нь нотлогдоогүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02362 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “15 000 000” гэснийг “20 500 000” гэж, “12 000 000” гэснийг “6 500 000” гэж, 2 дах заалтын “232 950” гэснийг “260 450” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                      А.МӨНХЗУЛ

                                                                      Ш.ОЮУНХАНД