Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00800

 

                               

                                                                        Л.Э-ы нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01013 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1018 дугаар магадлалтай,          

Л.Э-ы нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох          

Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Л.Э-ы хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.18-ны өдрийн 102/ШШ2017/00223 дугаартай шийдвэрээр Л.Э-аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,105,350 төгрөг гаргуулж Д.Мөнхжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Миний өмчлөлийн эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул, 18 дугаар гудамж, 12 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033828 дугаарт бүртгэлтэй 48 м.кв талбайтай хувийн сууц, доороо 5 тоннын зоорьтой үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2201017534 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 484 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг төлбөр төлөгч миний өгсөн үнийн саналыг төлбөр авагч Д.Мөнхжаргал хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч нь дээр дурдсан хөрөнгийг 20,897,700 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжээч үнэлгээг гаргахдаа бодит зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэж байгаа. Сүүлд шүүхийн үнэлгээ хийсэн шинжээч харьцуулсан үнэлгээ зоорийн давхрыг үзэлгүй зөвхөн дээд талын талбай, орчныг үнэлсэн. Үнэлгээний хувьд зөвхөн тэр байшин л үнэлэгдээд зоорь нь үнэлэгддэггүй. Миний 55,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ бодитой гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.18-ны өдрийн 102/ШШ2017/00223 дугаар шийдвэрээр Л.Э-аас 11,900,000 төгрөгийг гаргуулж Д.Мөнхжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018.04.26-ны өдрийн 18250539 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Л.Э-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033828, Г-2201017534 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 18 дугаар гудамжны 12 тоот хаягт байрлах хувийн сууц, газрыг 2019.04.18-ны өдрийн 18250539/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019.10.15-ны өдрийн 18250539/04 дүгээр тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Л.Э 55,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Д.Мөнхжаргал шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2019.10.28-ны өдрийн 345 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилоход хөрөнгийг 20,897,700 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2019.11.06-ны өдрийн 4/24605 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Л.Э нь тус шүүхэд 2019.11.21-ний өдөр нэхэмжлэл гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасанг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01013 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, улсын бүртгэлийн Ү-2201033828, Г-2201017534 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 18 дугаар гудамжны 12 тоот хаягт байрлах хувийн сууц, газрыг 20,897,700 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн 2019.11.05-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Л.Э-нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1018 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Л.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хөрөнгийн үнэлгээ хийсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК үнэлгээ хийхдээ газар болон байшин үнэлсэн боловч байшингийн подвалийн ногоон зоорийг үнэлээгүй орхигдуулсан нь хашаа байшин зах зээлийн ханшаас хэт хямд 20,897,700 төгрөгөөр үнэлэгдэх шалтгаан болсон. Харин зах зээлийн ханш бол миний үнэлсэн 55,000,000 төгрөг бол бодитой юм. Өөрөөр хэлбэл НШШГГ-аас ажиллагаа явуулахдаа Л.Э-аас Д.Мөнхжаргалд 11,900,000 төгрөгийг төлүүлэхээр гарсан шүүхийн шийдвэрт төлбөрийг Л.Э-ы үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж барагдууулах тухай дурдаагүй байхад НШШГГ-аас дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь буруу байна. Хөрөнгийн үнэлгээ дутуу хийж тухайн газар байшингийн үнэ зах зээлийн ханшнаас илт доогуур байхад дахин шинжээч томилохгүй зөвхөн төлбөр авагч Д.Мөнхжаргалын хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлтээр үнэлгээг тогтоосон нь буруу байна. Иймд тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ: 

Л.Э Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Л.Э-ы гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.18-ны өдрийн 102/ШШ2017/00223 дугаартай шийдвэрээр Л.Э-аас түрээсийн төлбөрт 11,900,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 205,350 төгрөгийн хамт гаргуулж төлбөр авагч Д.Мөнхжаргалд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Л.Э-ы өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 18 дугаар гудамжны 12 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байршилтай 484 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн  55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Мөн хуулийн 42 дүгээр зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

 Л.Э 2019.10.18-ны өдөр хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 55,000,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд төлбөр авагч Д.Мөнхжаргал 2019.10.25-ны өдөр төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулах тухай санал гаргасныг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.10.28-ны өдрийн 345 дугаар тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2019.11.05-ны өдрийн 01/140 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийг 20,897,700 төгрөгөөр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага 2019.10.29-ний өдөр шинжээчид шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нь эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн хувийн сууцны хийц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газартай ойролцоо, одоогоор үнэгүй.мн зарын сайтад худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Үүнээс гадна анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2020.03.02-ны өдрийн үнэлгээний дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул, 18 дугаар гудамж, 12 тоотод байрлах 48 м.кв талбайтай доороо 5 тн-ын зоорьтой хувийн сууц, мөн хаягт байрлах 484 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнэ, цэнийг 18,000,000 төгрөгөөр тогтоосон байх тул Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн үнэлгээг бодит зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон, эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан болохоо нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний талаар 2019.11.06-ны өдрийн 4/24605 дугаартай мэдэгдлийг Л.Э-ы эхнэр Г.Оюунноминд 2019.11.07-ны өдөр танилцуулж, гардуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “...мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ...хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2019.11.07-ны өдөр хүлээн авсан хэдий ч 2019.11.21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргасан гэж үзэхгүй.

Төлбөрт хураагдсан хувийн орон сууц гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, эсхүл хэсгээр хамтран өмчлөгч байгаа тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.8-д зааснаар төлбөр авагч нь төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээ бусад өмчлөгчид зах зээлийн үнээр худалдан борлуулах, бусад дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгч худалдан авахаас татгалзсан тохиолдолд албадан худалдан борлуулах, олсон орлогыг төлбөрт суутгуулан авах шаардлага гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.   

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01013 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1018 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА   

                              ШҮҮГЧИД                              П.ЗОЛЗАЯА               

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                             Х.СОНИНБАЯР 

                                                                             Б.УНДРАХ