Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2018/0783

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 02 өдөр                    Дугаар 183/ШШ2018/0783                        Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 53 дугаар байрны 12 тоотод оршин суух,  Казакстан улсын иргэн Бгийн Г /Baizhuma Gulizira, паспортын дугаар №NO8421334/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 17 дугаар байрны 4 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, Б овогт Аийн Т /РД:ХЛ66081920/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 57 922 850 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч А.Т, хариуцагчийн өмгөөлөгч С.Г /ШТЭҮД-2177/, гэрч Д.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Т нь 2013 оны 7 дугаар сард өөрийнхөө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Нарны зам гудамж, 100/2 дугаар байрны 1 тоот, 2 өрөө, 47 мкв орон сууцыг мкв-ыг нь 2 200 000 төгрөгөөр үнэлэн, нийтдээ 103 400 000 төгрөгөөр 8 хувийн зээлд хамруулж, нэхэмжлэгч Б.Гд худалдахаар болж, урьдчилгаанд 40 000 000 төгрөг авсан. Гэтэл 2013 оны 10 дугаар сард нөгөө зээл гаргаж мөнгөө авч надад байраа өгөх асуудал юу болсон гэж асуухад “Чиний нэр дээр зээл гарах боломжгүй байна. Иймд би нэр дээрээ зээл гаргуулъя. Чи түүнийг нь төлж байгаач гээд зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх Худалдаа хөгжлийн банкны 453082217 тоот дансны дугаар өгч  байрандаа оруулсан. Ингээд Б.Г нь 2014 оны 1 дүгээр сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийнх нь дагуу, өгсөн дансанд нь сар бүр 474 982 төгрөгийг 2014 оны 11 сарыг дуустал төлсөн. Энэ хугацааны дунд үед буюу 2014 оны 4 дүгээр сарын 12-нд А.Т яриад “10 000 000 төгрөг хэрэг болоод байна. Дараа тооцоондоо оруулчихна биз” гэхээр би нөхөртөө байсан 8 000 000 төгрөгийг түүний өгсөн Худалдаа хөгжлийн банк 453082217 тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл 2014 оны 12 дугаар сард А.Т надруу утсаар яриад “Манай нөхөр чамд энэ байрыг 8 хувийн зээлийг өөрийнхөө нэр дээр гаргуулж, худалдлаа гэж уурлаад, бид 2-н маргаан гараад төвөгтэй болоод байна. Би чамаас авсан мөнгөө буцааж өгье. Чи байраа буцаагаад өгчих” гэсэн. Тэгэхээр нь би “чи мөнгөө өгчих. Би байрыг чинь суллаад өгчихье” гэж хэлээд, зээлийг нь төлөхөө зогсоосон. Ингээд А.Т мөнгөө өгөхгүй цаг алдаж байснаа 2015 оны 02 дугаар сард цагаан сараас 3 хоногийн өмнө “надад миний нэр дээрх байрны зээлийг дуусгаад асуудлыг зохицуулах боломж гарлаа. 2000 ам.доллар төлчихвөл болох гээд байна. Тэгээд хүргэний чинь нэр дээр байрны зээлийг 8 хувийн хүүтэйгээр гаргаад өгчих боломжтой боллоо” гэхээр нь өөрийнх нь Аксис ресторанд 2000 ам.доллар аваачиж өгсөн. Асуудал зохицоод болох юм байх гэж хараад бүтэхгүй болохоор нь нэлээд маргалдаж явсны эцэст маргаанаа бүрэн зохицуулж дуусгах үүднээс 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өмнө бүх яриагаа дуусгаж “Төлбөр барагдуулах гэрээ” хийж, нотариатаар батлуулсан. Энэ гэрээгээр А.Тгийн хүсэлтийн дагуу буцааж авах мөнгөн дүнгээ ч багасгаж 40 000 000 төгрөг болгон, төлбөр төлөх хугацааг нь сунгаж 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болгосон. Гэсэн ч энэ тохиролцоо маань хэрэгжихгүй урьдын адил худлаа, үнэн ярьсаар 2016 оны 6 дугаар сарыг хүргэсэн. Иймд А.Тгаас “Төлбөр барагдуулах гэрээ”-ний “Хэлцлийн агуулга”-д заасан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам гудамж 100/2 дугаар байрны 1 тоотод байрлах 47 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд авсан 40 000 000 төгрөгийг, гэрээний “Талуудын хүлээх хариуцлага” хэсэгт заасан алдангийн 20 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, өгсөн авсан тооцоогоо нийлээд 40 000 000 төгрөгний төлбөр байгаагаа тохирсон гэдгээ А.Т хүлээн зөвшөөрч байна. Ер нь бол 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалгын гэрээ хийж, уг байрыг А.Т авсан бөгөөд 1 м.кв талбайг 1 550 000 төгрөгөөр буюу нийтэд нь 72 850 000 төгрөгөөр авсан байж уг байрыг ашиг олох зорилгоор Б.Гд 1 м.кв-г 2 200 000 төгрөгөөр нийт 103 400 000 төгрөгөөр зарах гэж оролдсон дүр зураг хэрэгт цугларсан материалын хүрээнд харагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Т шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт тайлбарлахдаа: Би 2013 оны 7 дугаар сард Цэцэгмаа буюу Г хэмээх эмэгтэйтэй найзаараа дамжуулан танилцсан. Байр авах гэсэн чинь урьдчилгаа 30 хувийн мөнгө хүрэхгүй байна гэхээр нь ярьж байгаад Хурдын нарны хороололд 3 өрөө байр урьдчилгаа 5 000 000 төгрөгөөр захиалж өгөхөд Б.Г нь авч чадахаа байлаа, чиний зарах гэж байгаа 2 өрөө байрыг авъя гээд “охин маань хойд эцэгтэйгээ таарахгүй байна” гэж уйлж орж ирэн баахан зовлон ярьсан. Над дээр анх Байгальмаа гэх найз эмэгтэйтэйгээ ирж тэр хүнийхээ нэр дээр 8 хувийн зээл гаргана гэж байснаа Байгалмаа нь сүүлд харагдахгүй болсон. Гэтэл өөрөө “Казакын иргэн, иргэншлээ 2-3 сарын дараа авна, надад мөнгө орж ирэхээрээ 10, 20 саяаараа бөөн орж ирдэг, чи өөрийнхөө нэр дээр авчих, би 1 жилийн дотор төлж дуусгана” гэж хэлсэн. Би тэгэхэд нь 1 жил бол болноо, жилийн дараа бол чадахгүй, өөрийнхөө хүүд 8 хувийн зээл авна, бас бизнесийн зээл авч ажлын байраа засна гэж хэлээд 2 өрөө 47 м.кв байрыг 1 м.кв-ыг нь 2 200 000 төгрөгөөр тохирч нийт 103 400 000 төгрөгөөр байр авахаар болсон. Энэ ярианы дагуу би зээлээ өөрийн нэр дээр хөөцөлдөж эхэлсэн. Банк 51 000 000 төгрөгийн зээл гарч болно гээд Г надад үлдэгдэл 52 400 000 төгрөг өгөх ёстой болсон. Эхлээд 16 000 000 төгрөг, дараа нь 7 600 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын байдлаар 23 600 000 төгрөгийг надад өгсөн байсан. Би энэ хүнээс 52 400 000 төгрөг авах байтал өгөхгүй бөөн асуудал үүсгэж байж, утсаа авахгүй, мессэж бичээд хариу өгдөггүй байж байгаад 2014 оны 2 дугаар сард 1180 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 2 019 600 төгрөг, мөн 800 000 төгрөгийг цувуулж, бөөн нэхэл дагал болж байж өгсөн. Гэхдээ урьдчилгаа мөнгөө гүйцэд өгөөгүй байж сар бүрийн банкны зээлд 475 000 төгрөг Г төлдөг байсан. Ингээд 2014 оны цагаан сарын баярын дараа урьдчилгаа мөнгөө гүйцэд өгөхгүй бол байраа буцааж авна гэхэд 2014 оны 4 дүгээр сард 8 000 000 төгрөг өгөөд үүнээс хойш бүтэн жил надаас зугтааж, утасны номероо байнга сольдог байсан. Ингээд нийт 33 619 600 төгрөгийг надад өгсөн байсан. Үүнээс хойш Г нь сар бүр банкинд төлдөг байсан 475 000 төгрөгөө 2014 оны 9 дүгээр сар хүртэл төлөөд түүнээс цааш төлөхөө больсон. Миний нэр дээр зээл гарсан учир би зээлийн түүхээ муу болгохгүйн тулд би өөрөө сар бүр 475 000 төгрөгөө төлж байсан. Энэ тухай би нөхөртөө хэлээгүй байж байгаад арга буюу хэлэхэд одоо наад хүн чинь төлөх нь худлаа, байрнаасаа гаргаад шүүхэд өг гэж хэлэхэд би өрөвдөөд шүүхэд өгөөгүй. Би түүн рүү байраа авч чадахгүй бол буцаая, хэн хэнийгээ хохироохоо болъё гэж өдөр бүр мессэж бичдэг байсан. 2015 оны 6 дугаар сард Гтай уулзаад “би амармаар байна, чи байраа чөлөөлөөд өгчих, би чамаас авсан мөнгөө өгье” гэхэд “би банкны хүүнд 4 750 000 төгрөг өгсөн, тэрийгээ авъя” гэхээр нь би “өгөхгүй, чи шинэ байранд суусан, тэгвэл түрээс тооцно” гэхэд уйлаад гуйсан. Тухайн үед нь би хүн байр авах гээд авч чадахгүй юм чинь 33 619 000 төгрөгийг манай ах, эгч хоёроос авсан, 2 000 000 төгрөгийг нь суутгаад 31 619 000 төгрөг байсан. Ам.долларын зөрүү 1 400 000 төгрөг, дээр нь 4 750 000 төгрөгийн гал зуухны  тавилга хийсэн, тэндээ үлдэнэ гэхээр нь 40 000 000 төгрөгөөр тохирч гэрээ хийгээд “3 хоногийн дотор байр чөлөөл, би 10 дугаар сарын 01-нд мөнгийг чинь өгье” гэж гэрээ хийгээд байр чөлөөлөх болсон. Би зун амраад явахдаа ажилчиддаа тэр байрыг түрээслүүл гэж зар өгөөд түлхүүрийг нь үлдээгээд явахад манай ажилчид сарын 500 000 төгрөгөөр тохироод хүн оруулах гээд очиход байрыг маань чөлөөлөөгүй байсан. Ингээд утсаа авахгүй алга болж байгаад мөнгөө авъя гэсэн, тэгэхээр нь би байрыг чөлөөл, наад байрыг чинь зарж байгаад мөнгийг чинь өгье гээд байр зарах зар тавьсан. Зарын дагуу хүмүүст үзүүлэх гэтэл утсаа авдаггүй байсан. Надад 40 000 000 төгрөгийг бөөнөөр нь өгсөн зүйл байхгүй. Хэрвээ Б.Г миний уг байрны урьдчилгаанд төлсөн мөнгийг төлсөн бол байрыг Б.Гд өгөх хүн чанар байсан. Би зээлсэн мөнгөө “Азийн ирээдүй” ХХК-д өгөөд байрыг худалдан авсан. Хүмүүс байрны зээл авах банкны шаардлага хангахгүй байсан тул надад байр авах шаардлага одоохондоо байхгүй юм чинь хүнд туслая л гэж санасан. Гэтэл намайг цагдаад залилан хийсэн гэж өгсөн. Би 20 гаран жил Монгол улсад бизнес эрхлэхдээ цагдаагийн байгууллагад дуудагдаж үзээгүй. Зээлийн тухайд банк нь 30%-ийг төлсөн байхыг шаарддаг боловч банкнаас 51 000 000 төгрөгийн зээл гарсан учир үлдэгдэл 52 400 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлөх шаардлагатай болсон энэ мөнгийг Б.Г надад гүйцэд өгөөгүйгээс болж маргаан гарсан. Би Б.Ггаас банкны зээлийн мөнгийг нэхэмжлээгүй. Харин өөрийн төлсөн 52 400 000 төгрөгийн үлдэгдлийг шаардсан. Б.Ггаас авсан нийт мөнгө бол 31 619 000 төгрөг. Би Б.Гд “чи байраа авч чадахгүй бол буцаая, надад хэцүү байна” гэж намайг хэлэхэд асгартал уйлаад байхаар нь би өрөвдөөд уг нь би байр ашигласан хугацаанд нь түрээсийн төлбөр авах гэж байснаа болиод чи байраа хурдан суллаад өг гэсэн. Тэгээд Б.Г зөвшөөрсөн тул гарын үсэг зурж баримт үйлдье гэхэд Б.Г тэгье гээд надад “байранд гал зууханд тавилга хийсний үнэ болон цонхны төмөр сараалж хийсний үнийг 31 619 000 төгрөг дээрээ нэмж 40 000 000 төгрөгийг авна” гэсэн, би байрны түлхүүрээ хурдан авахыг хүсч байсан тул энэ гэрээнд гарын үсэг зурсан. Надад үүний дараа Б.Г надад нэг түлхүүр өгсөн ба түүний дараа 7 сард байрыг түрээслүүлнэ, зарна гэсэн зар өгчих гэж ажилчиддаа хэлсэн. Манай ажилчид зар өгсний дагуу хүн ирж байрыг үзтэл уг байранд айл амьдарч байсан гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч А.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт тайлбарлахдаа: Би анх “Азийн ирээдүй” ХХК-тай өөрөө очиж уулзаад, 20 жил бизнес эрхэлсэн тул өөрийн 2 ажилтнаа байртай болгох гэж, бэлэн мөнгөөр 6 байр захиалсан. Анх байрны үнэ 1 м.кв нь 1 800 000 төгрөг байсан. Ингээд би байр ашиглалтад орсноос хойш өөрийн 2 ажилтнаа байртай болгосон. Гэтэл н.Цэцэгмаа буюу Б.Г надад тухайн үед надад мөнгө өгөөгүйгээс болж би бизнесийн зээлийн хүү болон н.Цэцэгмаа амьдарч байсан байрны банкны зээлийн 475 000 төгрөгийг сар бүр төлж байгаа. Энэ хүн надад 53 000 000 төгрөг өгөөгүйгээс болж бидний хооронд гол маргаан үүссэн. Хэрвээ надад н.Цэцэгмаа тухайн үед мөнгөө өгсөн бол би бизнесийн зээлийн хүү төлөхгүй байсан. Өнөөдрийг хүртэл би зээлийн хүү төлөөд тэр байр яах нь мэдэгдэхгүй байж байгаад сая 14 хоногийн өмнө миний өмчлөлд ирж, өөрийн менежерээ тэр байрандаа оруулж, нэг хүнийг ч болов байртай болгосон. Миний өөрийн мөн чанар бол хэн нэг хүн байртай байгаасай, өөрөө би тийм баян хүн биш, чадан ядан бизнес зээлээр явж байгаа. Би чадлынхаа хирээр хүнд тусалж байгаад гүтгүүллээ. Тийм учраас маш гомдолтой тул 40 000 000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрөхгүй байна. 31.619.000 төгрөгийг л хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр энэ асуудлыг тодруулахын тулд нотариатыг дууддаг юм уу, яадаг юм. Хэрвээ нэхэмжлэгч надад байрны түлхүүрийг өгсөн бол  өнөөдөр би тэр өдрөөс хойш ямар байдалд байх байсан юм, шүүхэд ирэх шаардлага байгаагүй. Нэхэмжлэгч миний байранд хүн байлгаж, анхнаасаа намайг залилсан. Би сөрөг нэхэмжлэл гаргахдаа сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг оруулахаар тооцоолж 62 922 850 төгрөгийг гаргуулна гэж бичсэн боловч энэ талаар шаардлага гаргаагүй юм. Одоо шүүхэд банкинд төлсөн хүүнд 19 000 000 төгрөг, бизнесийн зээлийн хүү 13 600 000 төгрөг, амь насны даатгалд 780 000 төгрөг, зээлийн судалгаа 255 000 төгрөг, нотариатын зардал 260 000 төгрөг, хүний барааны үнэ 2 800 000 төгрөг, тухайн байрны СӨХ-ийн мөнгө 727 850 төгрөг, уг байрыг бусдад нэг сарын 500.000 төгрөг гэж тооцон 41 сар түрээслүүлснээс олох байсан ашиг 20 500 000 төгрөг нийт 57 922 850 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжилж, 5 000 000 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага багасгаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. 51 000 000 төгрөгний орон сууцны зээлд 19 000 000 төгрөгийн хүү төлсөн гэж байна. Энэ нь үндэслэлгүй. Мөн бизнесийн зээлийн хүү 13 600 000 төгрөг нь үндэслэлгүй. Яах гэж бизнесийн зээл авсан нь тодорхойгүй. Хариуцагч миний үйлчлүүлэгчийг байрны мөнгөө төлсөн бол зээл авахгүй байсан гэж тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 103 400 000 төгрөгөөр байраа Б.Гд худалдахаар А.Т харилцан тохирсон. Нэхэмжлэгчийн хувьд бол орон сууцны 30%-ийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Тэгээд 8%-ийн зээлд оруулж өгнө гэж амласан. Гэтэл нэхэмжлэгч 30% биш түүнээс илүү 40 000 000 төгрөгийг төлсөн талаар талууд төлбөр барагдуулах гэрээнд бичсэн байна. Тэгэхээр Б.Г бүрэн төлөөгүйгээс болоод би зээл авсан, тэр зээлийн хүүг Б.Г төлөх ёстой гэж  мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Амь насны даатгал 780 000 төгрөг, зээлийн судалгааны 255 000 төгрөг, нотариатын зардал 260 000 төгрөгүүд миний үйлчлүүлэгчид хамаагүй тул үүнийг төлөх үндэслэл байхгүй. Хүний бараа гэх 2 800 000 төгрөгийг мэдэхгүй байна. Тухайн байрны СӨХ-ийн мөнгө 727 850 төгрөг, тухайн байрыг бусдад нэг сарын 500 000 төгрөг гэж тооцон 41 сар түрээслүүлснээс олсон ашиг 20 500 000 төгрөг зэргийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Ер нь бол 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах гэрээг хийснээр өгсөн, авсан зүйлээ буцаая гэдэг тохиролцоонд хүрээд энэ өдрөө Б.Г байрны түлхүүрийг А.Тд өгсөн. Байр өөрөө хариуцагчийн нэр дээр байдаг тул хариуцагч өөрийн эрхээ хэрэгжүүлээгүй байж нэхэмжлэгчийг эдгээр төлбөрүүдийг төлөх ёстой гэж нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч А.Тд холбогдуулан гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 62 922 850 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 57 922 850 төгрөг гаргуулахаар шаарджээ.   

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд, 2013 оны 7 дугаар сард хариуцагч А.Т нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 100/2 дугаар байрны 1 тоот, 2 өрөө, 47 м.кв орон сууцыг м.кв-ыг нь 2 200 000 төгрөгөөр үнэлэн, нийтдээ 103 400 000 төгрөгөөр нэхэмжлэгч Б.Гд худалдахаар, нэхэмжлэгч Б.Г нь Казакстан улсын иргэн, түүний нэр дээр ипотекийн зээл гарах боломжгүй гэсэн учир хариуцагч А.Т нэхэмжлэгчийн урьдчилгаанд өгсөн мөнгийг авч, өөрийн нэр дээр орон сууцны ипотекийн зээл гаргуулахаар, нэхэмжлэгч Б.Г нь 1 жилийн хугацаанд орон сууцны зээлийн болон орон сууцны үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсны дараа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар, тус тус талууд амаар тохиролцсон байна.  

 

            Зохигчдын хооронд аман хэлбэрээр байгуулагдсан гэрээний зүйл, агуулга зэргээс талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч А.Т уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг зөвшөөрч орон сууцыг нэхэмжлэгч Б.Ггийн эзэмшилд шилжүүлсэн байх тул шүүх дээрх хэлцлийн хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.  

 

            Харин нэхэмжлэгч Б.Г урьдчилгаа төлбөрийг гүйцэд төлөөгүйгөөс гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн хариуцагч А.Т гэрээнээс татгалзсан болох нь түүний “...2015 оны 6 дугаар сард би Б.Гтай уулзаад чи байраа чөлөөлөөд өгчих, би чамаас авсан мөнгөө өгье гэж хэлсэн. ...Би увуулж цувуулж авсан бэлнээр авсан 31 619 000 төгрөг дээр ам.долларын зөрүү 1 400 000 төгрөг, 4 750 000 төгрөгийн гал зуухны тавилганы үнийг нэмж 40 000 000 төгрөгийг буцаан өгөхөөр тохирч гэрээ хийсэн” гэх тайлбараар тогтоогдож байх бөгөөд улмаар 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч А.Т нь нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 40 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр, заасан хугацаанд 40 000 000 төгрөгийг буцаан төлөөгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.25 хувиар алданги тооцож хариуцагчаар төлүүлэхээр талууд харилцан тохиролцож, “Төлбөр барагдуулах гэрээ” гэх хэлцлийг байгуулсан байна.

 

            Дээрх хэлцлийн хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй, хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдалд нийцүүлэн, агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.

 

Ийнхүү талуудын хооронд аман хэлбэрээр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт төлсөн гэх 40 000 000 төгрөгийг Б.Гд төлөх үүрэг хариуцагч А.Тд үүсэх бөгөөд дээрх үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор талууд тохиролцож, алданги 20 000 000 нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.   

 

            Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 Хариуцагч А.Т нь нэхэмжлэгч Б.Гд холбогдуулан орон сууцны зээлийн хүүнд банкинд төлсөн нийт 19 000 000 төгрөг, бизнесийн зээлийн хүүнд төлсөн  13 600 000 төгрөг, амь насны даатгалд 780 000 төгрөг, зээлийн судалгаанд төлсөн 255 000 төгрөг, нотариатын зардал 260 000 төгрөг, хүний барааны үнэ 2 800 000 төгрөг, тухайн байрны СӨХ-ийн мөнгө 727 850 төгрөг, уг байрыг бусдад нэг сарын 500 000 төгрөг гэж тооцон 41 сар түрээслүүлснээс олох байсан ашиг 20 500 000 төгрөг нийт 57 922 850 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “....51 000 000 төгрөгний орон сууцны зээлд 19 000 000 төгрөгийн хүү төлсөн нь үндэслэлгүй. Мөн бизнесийн зээлийн хүү 13 600 000 төгрөг нь үндэслэлгүй. Яах гэж бизнесийн зээл авсан нь тодорхойгүй. Хариуцагч миний үйлчлүүлэгчийг байрны мөнгөө төлсөн бол зээл авахгүй байсан гэж тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 103 400 000 төгрөгөөр байраа Б.Гд худалдахаар А.Т харилцан тохирсон. Нэхэмжлэгчийн хувьд орон сууцны 30 хувийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Тэгээд 8 хувийн ипотекийн зээлд оруулж өгнө гэж амласан. Гэтэл нэхэмжлэгч 30 хувиас илүү 40 000 000 төгрөгийг төлсөн талаар төлбөр барагдуулах гэрээнд бичсэн байна. Амь насны даатгал 780 000 төгрөг, зээлийн судалгааны 255 000 төгрөг, нотариатын зардал 260 000 төгрөгүүд миний үйлчлүүлэгчид хамаагүй. Хүний бараа гэх 2 800 000 төгрөгийг мэдэхгүй байна. Тухайн байрны СӨХ-ийн мөнгө 727 850 төгрөг, тухайн байрыг бусдад нэг сарын 500 000 төгрөг гэж тооцон 41 сар түрээслүүлснээс олсон ашиг 20 500 000 төгрөг зэргийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах гэрээг хийж, өгсөн, авсан зүйлээ буцаахаар тохиролцсон өдрөө Б.Г байрны түлхүүрийг А.Тд өгсөн. Байр өөрөө хариуцагчийн нэр дээр байдаг тул хариуцагч өөрийн эрхээ хэрэгжүүлээгүй байж нэхэмжлэгчийг эдгээр төлбөрүүдийг төлөх ёстой гэж нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” гэж маргасан.

 

            Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”-гээр нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт төлсөн гэх 40 000 000 төгрөгийг Б.Гд төлөх үүрэг хариуцагч А.Тд, А.Тгийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөх үүрэг Б.Гд тус тус үүссэн бөгөөд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 100/2 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай, 47 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү-2204056903 дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь А.Т болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх96/

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус зааснаар хариуцагч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс үүссэн байна. Гэтэл хариуцагч дээрх эрхээ хэрэгжүүлээгүй, мөн талуудын хооронд маргаж буй орон сууцыг сарын 500 000 төгрөгөөр түрээслүүлэх талаар тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй байх тул түрээсийн төлбөрт 20 500 000 төгрөгийг шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломж байхад хариуцагчийг уг орон сууцыг чөлөөлж өгөөгүй гэх үндэслэлээр түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.   

 

            Түүнчлэн А.Т нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 100/2 дугаар байрны 1 тоотын 47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид худалдахаар аман хэлцэл хийхдээ орон сууцны ипотекийн зээлтэй холбоотой амь насны даатгал, зээлийн судалгаа, нотариатын зардлыг нэхэмжлэгч тал хариуцан төлөх талаар тохиролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй,

хариуцагчийн банкнаас авсан бизнесийн зээл нь орон сууцны ипотекийн зээлтэй хэрхэн уялдаж байгаа байдал тодорхой бус, хариуцагч нь банкнаас авсан бизнесийн зээлийн зарим хэсгийг орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд зарцуулсан гэх боловч энэхүү тайлбар нь холбогдох баримтаар нотлогдохгүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй,  

мөн хариуцагч А.Т нь өөрийн өмчлөлийн орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 19 000 000 төгрөг төлснөө нэхэмжлэгч Б.Ггаас шаардах эрхгүй,

барааны үнэ 2 800 000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй,

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 727 850 төгрөгийг хариуцагч А.Т нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар өөрөө төлж барагдуулах үүрэгтэй байх тул дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

            Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472 654 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 464 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Тгаас 60 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан 57 922 850 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472 654 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 464 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ