Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Г******* даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч хяналтын прокурор М.Батхишиг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн,

хохирогч Д.О*******,

гэрч Ж.О*******, /онлайнаар/ Г.Г*******, Б.Д*******,

шинжээч эмч Ш.Ц*******,

шүүгдэгч Г.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Батхишигийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г*******ын Н*******т холбогдох эрүүгийн 1907003450151 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, -ны өдөр , тай, , боловсролтой, ******* мэргэжилтэй, , , , тоотод оршин суух, урьд 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчтой сайн дураараа эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, ******* овогт Г*******ын Н*******. /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Н******* нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.О*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Н******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...О******* тэр үед О******* байхгүй гээд байгаа. Хуруугаа дарсан гэсэн. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Би өөрөө зодуулж нүдүүлж байснаа мэдэж байна...” гэв.

Хохирогч Д.О******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хотоос О******* намайг хүүхэдтэйгээ ирээд машинтай авсан. 8:50 гээд шүүх дээр ирсэн. 9 цаг гээд би хэргийн материалтай танилцаад 9.20 гээд дуусаад шүүгч хүүхэд асууна гээд дээшээ гарсан. Би үүдэнд хүлээгээд сууж байсан. О******* над руу залгаад надтай хүүхэд булаацалдаад байна гэж залгасан. Тэгээд би хамгийн сүүлд хэргийн газар очсон. Би О******* дээр очоод Н*******ын гарыг холдуулах гэхэд миний гарыг түлхээд намайг доромжилсон. Би эмчилгээнд 145.010 төгрөг болсон. Миний ажил үйлчилгээ үзүүлдэг түрээсийн байрны 240.000, бензиний зардал 131.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би гараа гэмтээчээд хүнийг яаж зодох вэ. Чи эхнэртэйгээ хэрцгий догшин ханддаг юм байна лээ. О******* чамайг яаж тэр жижиг цүнхээр зодож чадах вэ дээ. Би чамд үнэхээр их гомдож байна. Би эмчилгээнийхээ зардлыг л нэхэмжилж байна...” гэв.

Гэрч Ж.О******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 7 сарын 18-нд манай хүү Тыг асууна гээд шүүхээс дуудсан. Би өмгөөлөгчтэйгөө хамт ирсэн боловч наад хүмүүс чинь ирсэн байсан. Миний айгаад байхаар нь би хойд хаалгаар нь гарсан. Тэгсэн Н******* араас аймаар хараагаад ирсэн. Тэгсэн манай хүү нэг эмэгтэйг зуураад намайг авраарай гэсэн. Тэгээд Н******* уурлаад над ру дайрсан. Намайг цохисон түлхсэн. Манай өмгөөлөгчийн гарыг гэмтээсэн. Тэгээд би сүүлд нь шүүхийн цагдааг дуудаж байж хүүхдээ салгаж авсан...” гэв.

Гэрч Г.Г******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 07 сарын 18-ны өдөр миний ач хүү Тоос тодруулга авна гэж би ойлгосон байсан. Тэгээд би тэр өдөр шүүх дээр ирсэн. 6 сарын 25-аас хойш хараагүй ач хүүгээ харахаар ирсэн. Тэгсэн Н******* над руу утсаар О******* Тыг аваад шүүхээс зугтааж байна гэж хэлсэн. Тэгээд хаана байна гэхэд Дулааны станцын хойно байна гэсэн. Тэгээд би эхнэртэй ач хүүг маань аваал зугтаж байсан гэсэн. Тэгээд би очиход миний нүдэнд миний хүүхдийг 2 хүүхэн зодож байгаа харагдсан. Тэр 2 эмэгтэй хүн цүнхээрээ гараараа миний хүүг зодож байсан. Би ач хүүгээ салгаж авах гэхэд ална хядна гээд л байсан. Эмэгтэй хүн эр хүний толгойд хүрэх дэмий гэж би боддог. Хүүгийнхээ араас үхтлээ хөөцөлдөж байгаа эцэг Н*******ыг би харсан. Хүүгээ авах гэж явж байсан. Миний хүү хүнтэй зодолдоогүй. Хамгийн гол нь миний ач хүү шүүх дээр ирэхэд цагдаагийн коридорт байсан эмэгтэй миний хүүг хана руу харуулаад байсан. Сүүлд сонсоход О*******ын хажууд байсан хүнийг өмгөөлөгч гэж сонссон. Өмгөөлөгч гэж нэрлэгдсэн энэ хүн миний хүүг О*******тай нийлж зодчихоод миний хүүг өнөөдөр ялтан болгох гэж байна. Миний хүүг буруутгаж хэлмэгдүүлж байна гэж үзэж байна. Яагаад миний хүүг буруутгаад байгааг би ойлгохгүй байна...” гэв.

Гэрч Б.Д******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний Н*******ын ээж, Н******* миний 2 дахь хүүхэд. 2019-07-18-нд манай ач хүүг шүүхээс асууна гээд дуудсан байсан. Эх нь 6-25 нд багшид нь худлаа хэлээд аваад явсан. Тэгсэн манай өвгөн О******* манай хүүхдийг аваад шүүхийн арын хаалгаар гараад явсан байна. Н******* араас нь гүйсэн. Тэгээд би очсон чинь манай ээж нэг хүүхнийг тэвэрсэн байж байсан. Энэ юун хүүхэн манай хүүхдийг зодоод байнаа гээд би хохирогчийг татаад чи ингэж болохгүй гэж хэлсэн. Тэгсэн энэ хүүхэн манай бэр 2 та нарыг ална шүү гээд муухай авирласан. Тэгээд миний нүдэн дээр энэ 2 миний хүүхдийг зодсон...” гэв.

Шинжээч эмч Ш.Ц******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ гэмтэл нь хуруунуудыг хүчтэй эргүүлэх, мушгих, эргүүлэн дарахад, мохоо зүйлд цохигдох үед үүсэх боломжтой. Цус хуралт няцралтад орно. Биеийн нийт гадаргуугийн 1 хувь буюу алганы хэмжээтэй тухайн хүндээ зовиур шаналгаагүй бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Г.Н*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үдийн орчимд байх би шүүхийн гадаа тамхи татаад зогсож байхад манай хүүг ээж нь аваад шүүхийн байрнаас цаашаа дулааны станцын наагуур эргэхээр нь би дуудахад зугтаарай гээд хөтлөөд цааш явж араас нь очиход манай хүү Т настай эгчид тэврүүлчихсэн байсан, араас манай аав ээж 2, өмгөөлөгч нь ирсэн. Би хүүгээ авах гэхэд надыг зуурч О******* өмгөөлөгч гэх хүүхэнтэй 2 талаас цохиж зодоод байсан. Тэгээд настай эмэгтэйгээс хүүхдээ аваад манай аав хүүг тэврээд эргэж шүүх дээр очсон” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 58 дугаар хуудас/

Хохирогч Д.О*******ийн 2019 оны 07 дугаар сарын 18 ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... шүүхийн хүлээлгийн танхимд сууж байтал гаднаас хамтран амьдрагч Н******* эцэг эх 2 тойгоо орж ирээд хүүхэд өгч явуулж болохгүй шүү гэж аавдаа хэлж байсан. ... миний гар утас руу залгаж хэлэхээр нь яваад очтол хүүхдийн нэг настай эмэгтэй хүн тэвэрчихсэн Н*******, О******* хоёр хоорондоо маргалдаж муудалцаж байхаар нь би О*******ын өмгөөлөгч байна гэж хэлээд хүүхдээс Н*******ын гарыг холдуулах гэсэн чинь миний гарыг мушгиж намайг хэл амаар доромжилж зүүн гар хэсэгт хоёр удаа цохисон. /хх-ийн 12 р тал/

2019 оны 08 дугаар сарын 08 ны өдөр өгсөн: ...10-15 минутын дараа О******* над руу өөр хүний залгаад шүүхийн ард хүүхдээ аваад гарч байхад Н******* хүүхдээ булаацалдаад байна . та хүрээд ирээч яаралтай гэж хэлэхээр нь би гараад шүүхийг тойроод очиход О*******ын хүүг настай эмэгтэй тэвэрчихсэн. О******* , Н******* нар 2 талд нь гарчихсан хүүхдээ булаацалдаад байсан. Н*******ын талд очоод хүүхдээс гарыг тавиулах гэхэд чи өмгөөлөгчийнхөө хөлсийг аваад зайл гэж хэлээд салаавч өгөөд зүүн гарыг эрхий долоовор хурууг дарсан. Зүүн гар луу гараараа цохисон” гэсэн мэдүүлэг, 15, 18 дугаар хуудас/,

2019 оны 10 дугаар сарын 08 ны өдөр өгсөн:

Гэрч Ж.О*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргаад байж байтал өмгөөлөгч ирсэн. Тэгээд маргаад намайг бас дахиж цохих гэхэд нь манай өмгөөлөгч болиулах гэсэн чинь мушгиад түлхсэн. Н******* өмгөөлөгчийг ирэхэд чи янхан гичий зайл гэхэд өмгөөлөгч би ажил үүргээ гүйцэтгээд явж байна өмгөөлөгч нь байна гэхэд чамд хамаагүй өмгөөлөгчийн хөлсөө аваад дуугүй зүйл гээд зүүн гарын сарвуу хэсэгт гараараа цохьчихсон, дараа нь өмгөөлөгч О******* зүүн гарын сарвуу хэсгээрээ хавдчихсан хөдөлгөж чадахгүй байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23, 27 дугаар хуудас/

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би шүүхийн байранд харуул цагдаагаар ажиллаж байсан юм. Тэр өдөр Налайхын гар утас засварчингаас ажилладаг Н******* гэдэг ах шүүх дээр ирчихсэн, эхнэр нь бололтой хүүхэн хүүхдээ дагуулаад мөн өмгөөлөгч нь гэх хүүхэнтэй яваад байгаа харагдсан. Үдийн орчим байх гаднаас Н*******ын эхнэр нь бололтой нэг хүүхэн орж ирээд цагдаа байна уу Н******* хүүхэд авчихаад өгөхгүй байна аваад өг гэхээр нь би гараад очтол Н*******ын аав нь бололтой өвгөн хүүхдийг нь тэвэрчихсэн шүүхийн байр тойроод ирж байхаар нь хүүхдийг нь би аваад шүүхийн байр руу орж туслахын өрөөнд шүүгчийн туслах Од оруулж өгсөн. Тэгээд би Н******* ахаас та хүүхдээ булааж авсан юмуу гэхэд үгүй миний хүүг надтай уулзуулахгүй байна гэж хэлж байсан. ...эхнэр нь гэх хүүхэн хүүхэд булаагаад авчихлаа, аваад зугатчихна шүү хүүхэд ав гээд орилоод байснаас зодож цохьсон талаар ярьсан зүйлгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр хуудас/

Гэрч Б. Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хэдний өдрийг нь санахгүй байна, наадмын дараа байхаа, ...Дулааны станцын хажуугаар явж байхад хүүхэдтэй хүүхэн араас гүйж ирээд надад хүүхдээ тэврүүлчихсэн. Тэгтэл хүүхэд нь эмээдээ өвөөдөө очноо, аавдаа очноо гээд орилж бархираад байсан, тэр үед Н******* ирээд хүүхдээ авах гэхэд эхнэр нь бололтой хүүхэн би өмгөөлөгчтэйгөө яваа шүү гээд орилж хашхираад Няранбаатарыг цохиод байсан. Тэгээд Н*******ын аав ээж 2 нь болох 2 хөгшин ар араасаа ирсн түүний араас нь өмгөөлөгч нь гэсэн байхаа нэг хүүхэн ирж маргалдаад Н******* хүүхдээ авах гэхэд өгөхгүй гээд тэр 2 хүүхэн 2 талаас нь цохиж зодоод цүнхээрээ саваад зууралдаад байсан. Тэгээд Н*******ын аав нь бололтой настай өвгөн хүүхдийг нь авч хойшоо чиглээд aр араасаа явцгаасан. Тэр 2 хүүхэн үлдэж эхнэр нь бололтой хүүхэн би өмгөөлөгчтэйгөө яваа шүү гэж хэлчихээд араас нь явсан. Нарэнбаатар огт хөдлөөгүй, хүүхдээ авах гэхэд тэр 2 хүүхэн зуураад 2 талаас нь зодоод байсан. Н******* тэр 2-т rap хөл хүрээгүй, зодож цохиогүй. Эхнэр нь бололтой хүүхэн гараараа өмнөөс нь цохиж зодоод араас нь өмгөөлөгч нь бололтой хүүхэн барьж байгаа цүнхээрээ хэд хэд цохиж авсан. Тэгэхэд Н******* зодуулаад зогсоод байснаас эсэргүүцэж зодсон зүйл байхгүй.” Гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9033 дугаар: “1. Д.О*******-н биед зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ баримтууд зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Н*******ыг хохирогч Д.О*******ийн зууралдан улмаар түүний гарыг хөшиж, цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэж яллан Гэрч Ж.О*******ын: “...Манай өмгөөлөгчийн гарыг гэмтээсэн.” гэх мэдүүлэг, хохирогч Д.О*******ийн О******* , Н******* нар 2 талд нь гарчихсан хүүхдээ булаацалдаад байсан. Н*******ын талд очоод хүүхдээс гарыг тавиулах гэхэд чи өмгөөлөгчийнхөө хөлсийг аваад зайл гэж хэлээд салаавч өгөөд зүүн гарыг эрхий долоовор хурууг дарсан. Зүүн гар луу гараараа цохисон” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг хэлэлцүүлсэн. Харин шүүгдэгч Г.Н******* нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.О******* нь “хүүгээ өгөхгүй” гэж Г.Н*******тай зууралдаж байхад нь Д.О******* ирж тэдгээрийг салгах явцад нь түүний сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Г.Н******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хуруугаа дарсан гэсэн. Би тэрийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, хохирогч Д.О******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...О******* над руу залгаад надтай хүүхэд булаацалдаад байна гэж залгасан. Тэгээд би хамгийн сүүлд хэргийн газар очсон. Би О******* дээр очоод Н*******ын гарыг холдуулах гэхэд миний гарыг түлхээд намайг доромжилсон.” гэх мэдүүлэг, , Гэрч Г.Г******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний хүү хүнтэй зодолдоогүй.” гэх мэдүүлэг, Гэрч Б.Д******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэгээд миний нүдэн дээр энэ 2 миний хүүхдийг зодсон.” гэх мэдүүлэг, Шинжээч эмч Ш.Ц******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ гэмтэл нь хуруунуудыг хүчтэй эргүүлэх, мушгих, эргүүлэн дарахад, мохоо зүйлд цохигдох үед үүсэх боломжтой. Цус хуралт няцралтад орно. Биеийн нийт гадаргуугийн 1 хувь буюу алганы хэмжээтэй тухайн хүндээ зовиур шаналгаагүй бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Г.Н*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хүүгээ авах гэхэд надыг зуурч О******* өмгөөлөгч гэх хүүхэнтэй 2 талаас цохиж зодоод байсан.” гэх мэдүүлэг, Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр нь гэх хүүхэн хүүхэд булаагаад авчихлаа, аваад зугатчихна шүү хүүхэд ав гээд орилоод байснаас зодож цохьсон талаар ярьсан зүйлгүй.” гэх мэдүүлэг, Гэрч Б. Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “өмгөөлөгч нь бололтой хүүхэн барьж байгаа цүнхээрээ хэд хэд цохиж авсан. Тэгэхэд Н******* зодуулаад зогсоод байснаас эсэргүүцэж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9033 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Шүүгдэгчийн хохирогчийн эсрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийн сэдэлт зорилго нь тухайн хохирогчийн эсрэг чиглэлгүй, хүүхдээ бусдаас салгаж авах гэсэн үйлдэлдээ гарыг нь татахад нь гараа салгах үйлдлийн улмаас учирсан байдлыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “.. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж заасныг баримтлан гэм буруугийн болгоомжгүй сэдэлтээр үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Н*******ын бусдын биед болгоомжгүйгээр хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно “заасан байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд гэм буруугийн сэдэлтийг хуульчлаагүй тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Н*******т Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйгээр хэлэлцэхгүй үлдээлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.6, 36.9, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Г*******ын Н*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907003450151 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.Н*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

4. Эрүүгийн 1907003450151 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, уг хэргийг прокурорт буцаасугай.

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД