Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 175

 

Г.Н-т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогч Д.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Барсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 146 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 136 дугаар магадлалтай, Г.Н-т холбогдох 1907003450151 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утас засварчин мэргэжилтэй, урьд 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчтой сайн дураараа эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, Х овогт Г-ын Н нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Г.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж” шийдвэрлэсэн” байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.Н-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Миний үйлчлүүлэгч Г.Н-ыг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Д.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Налайх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Батхишигээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаар цагаатгах тогтоолоор түүнийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бодит шударга шийдвэр гарсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гомдол эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх ёстой байхад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 136 дугаартай магадлалаар энэхүү цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.Н-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь эдгээр хуулиудын зүйл, заалтыг буруу ойлгож, буруу хэрэглэсэн хууль ёсны үндэслэлгүй буруу шийдвэр гарлаа гэж үзэж байгаа учир Улсын дээд шүүхэд гомдлоо гаргаж байна.

Хавтаст хэргийн 44 дүгээр хуудсанд байгаа гэрч Б.Б \шүүхийн цагдаа\ мэдүүлэхдээ “... Н нь О, түүний өмгөөлөгч Д.О нарыг зодож байхыг би хараагүй” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудсанд байгаа гэрч Т-ын “Би аавынхаа эсрэг мэдүүлэг өгөх юм байхгүй" гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 34-35 дугаар хуудсанд байгаа гэрч Б.М-ын “... Н нь огт хөдлөөгүй, хүүхдээ авах гээд тэр хоёр хүүхэн зуураад 2 талаас нь зодоод байсан. Г.Н нь тэр хоёрт гар хөл нь хүрээгүй, зодож цохиогүй, эхнэр нь гараараа өмнөөс нь цохиж зодоод, араас нь өмгөөлөгч нь барьж байгаа цүнхээрээ хэд хэд цохиж авсан. Тэгэхэд Г.Н нь зодуулж цохиулж байснаас биш, эсэргүүцэж цохиж байгаагүй, хүүхэд нь аавдаа очих гээд уйлж байхад тэр хоёр хүүхэн хоёр талаас нь зодоод зуураад байсан. Г.Н дайрсан зүйл байхгүй. Гар хурууг нь дарсан барьсан зүйлгүй” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд байгаа гэрч Дэлгэрсайхан мэдүүлэхдээ “...Г.Н нь тэр хоёрыг зодоогүй" гэсэн мэдүүлэг зэргээр батлагдаж байгааг анхаарна уу.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Г.Н-ын хохирогчийн эсрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл сэдэлт, зорилго нь тухайн хохирогчийн эсрэг чиглээгүй, хүүхдээ бусдаас салгаж авах гэсэн үйлдэлдээ гарыг нь татахад гараа салгах үйлдлийн улмаас учирсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж үүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан гэм буруугийн болгоомжгүй сэдэлтээр үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцно" гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэм буруугийн сэдэлтийг хуульчлаагүй тул шүүгдэгчийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу гэж давж заалдах шатны шүүх үзжээ. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Д.О хэлсэн саналдаа “Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос Г.Н-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх болгоомжгүй хэлбэрээр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Харин давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг “хуруунуудыг хүчтэй эргүүлэх, мушгих, эргүүлэн дарахад үүсэх боломжтой” гэж шинжээч мэдүүлсэн. Гэтэл болгоомжгүйгээр хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Барсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Н-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Г.Н-ыг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Н-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Г.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч Б.Бын “... эхнэр нь гэх хүүхэн хүүхэд булаагаад авчихлаа, аваад зугатчихна шүү, хүүхэд ав гээд орилоод байснаас зодож цохьсон талаар ярьсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг, гэрч Б.М-ын “... эхнэр нь бололтой хүүхэн би өмгөөлөгчтэйгөө яваа шүү гэж орилж хашгираад Г.Н-ыг цохиод байсан, Г.Н хүүхдээ авах гэхэд тэр 2 хүүхэн зуураад 2 талаас нь зодоод байсан, өмгөөлөгч нь бололтой хүүхэн барьж байгаа цүнхээрээ хэд хэд цохиж авсан, Г.Н огт хөдлөөгүй, тэр 2-т гар, хөл хүрээгүй” гэх мэдүүлэг, Г.Н-ын “... тэр 2 чинь хоёр талаас зуураад л намайг цохиод, хүүхэд надтай булаацалдаад байхаар нь би түлхсэн, санаатай гарыг нь гэмтээсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг, гэрч А.Г-ын “... Г.Н өмгөөлөгч Ж.От нарыг зодож, цохиж харагдаагүй, харин хоёр талаас нь цүнхээрээ савж цохиод байгаа харагдсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Д-ны “... өмгөөлөгч хүүхэн Ж.О-тай нийлээд Г.Н-ыг татаж цохиод зууралдаад байгаа харагдсан” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9033 дугаартай дүгнэлт зэргээс дүгнэхэд Г.Н нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу “хүүхдээ бусдаас салгаж авах гэж гарыг нь татахад, гараа салгах үйлдлийн улмаас хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг хуульчлаагүй учир шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж,  Г.Н-ын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9033 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ш.Ц болон хууль сануулан авсан бусад хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа бусад гэрч нарын мэдүүлгийн нотломжийн түвшин, агуулгын талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй атлаа “хохирогч Д.О, гэрч Ж.О нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэж үзэн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, уг баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн болохыг шалгаж, тэдгээрийн эх сурвалж болон агуулгыг тусгаж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгож өөрийн дотоод итгэлээр үнэлсний эцэст шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Барсүрэнгийн гаргасан “... анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээлгэх” тухай гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 136 дугаар магадлалыг хүчингүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 146 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Т.Барсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН