Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 136

 

Г.Нт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

цагаатгагдсан этгээд Г.Н, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн,

хохирогч Д.Отгонпүрэв,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 146 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Отгонпүрэвийн гаргасан давж заалдах гомдол, прокурор М.Батхишигийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Нт холбогдох эрүүгийн 1907003450151 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн ...........ын ............, 19........ оны ...... дугаар сарын ..............-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, ........настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт .............. дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 8-799а тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........./,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчтой сайн дураараа эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Г.Н нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Отгонпүрэвийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Г.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасныг баримтлан гэм буруугийн болгоомжгүй сэдэлтээр үйлдсэн гэж үзэн Хөвгүүд овгийн Ганболдын Наранбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 1907003450151 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн 1907003450151 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдаж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

            Прокурор М.Батхишиг бичсэн эсэргүүцэлдээ: “Г.Ныг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хавтас хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж байна. Хохирогч Д.Отгонпүрэвийн өгсөн “...Би Отгонжаргал гэх хүний иргэний гэр бүлийн асуудалд өмгөөлөгчөөр оролцож байгаа. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийн материалтай танилцах, хүүхдээс тайлбар авахаар дуудсан учир үйлчлүүлэгч болон хүүхдийнх нь хамт 8 цаг 50 минутанд Налайх дүүргийн шүүх дээр ирсэн. 9 цаг 30 минутанд шүүгч ирээд хүүхдээс тайлбар авна гээд аваад гарсан. Би хэргийн материалтай танилцаж дуусаад Отгонжаргалын хамт хүлээлгийн танхимд хүлээгээд сууж байхад Наранбаатарын аав гэх хүн орж ирсэн. Отгонжаргал хадам ааваа харчихаад “та нар намайг энд ирсэн гэж хэнээс ямар мэдээллээр мэдчихдэг юм” гэж хэлээд уурласан. Отгонжаргал хадам аав гэх хүнтэйгээ маргалдаад байсан. 5-10 минутын дараа гаднаас Наранбаатар ороод ирсэн. Аавдаа хандаж Наранбаатар “наад хүүхэндээ хүүхэд өгч явуулж болохгүй шүү” гэж хэлчихээд гараад явчихсан. 10 цаг 30 минут хүртэл хүүхдийг гарч иртэл хүлээж суусан. Тайлбар авах ажиллагаа дууслаа гэж шүүгчийн туслах эмэгтэй хэлэхэд Отгонжаргал хүүхдээ авах гээд 2 давхар руу дээшээ гарсан. Отгонжаргал явахдаа гар утсаа надад үлдээгээд дээшээ гарсан. Отгонжаргалын гар утас дуугарахаар нь би утсыг нь аваад “Отгонжаргал байхгүй байна, та эргээд залгаарай” гэж хэлсэн. 10-15 минутын дараа Отгонжаргал над руу өөр хүний утсаар залгаад “шүүхийн ард хүүхдээ аваад гарч байхад Наранбаатар ирээд хүүхэд булаацалдаад байна, та хүрээд ирээч ээ яаралтай” гэж хэлэхээр нь би гараад шүүхийг тойроод очиход Отгонжаргалын хүүг настайвтар эмэгтэй тэвэрчихсэн Отгонжаргал, Наранбаатар нар хоёр талд гарчихсан хүүхдээ булаацалдаад байсан. Наранбаатарын талд очоод хүүхдээс гарыг нь тавиулах гэхэд “чи өмгөөлөгчийнхөө хөлсийг аваад зайл” гэж хэлээд салаавч өгөөд зүүн гарын эрхий долоовор хурууг дарсан. Зүүн гар руу гараараа цохисон. Миний гар сонин болоод чинэрэхээр нь холдоод гар утсаа гаргаж ирээд баруун гараараа цагдаад дуудлага өгсөн. Отгонжаргал тэр үед алга болчихсон байсан. Настай эмэгтэй хүүг тавиад яваад өгсөн. Наранбаатар хүүхдээ тэврээд шүүхийг тойроод эсрэг тал руу нь явсан. Би араас нь дагаад явсан чинь шүүхийн үүдэнд ирэхэд хөх өнгийн машинд хүүхдээ суулгах гэхэд нь шүүхийн цагдаа гүйж ирээд наад хүүхдийг чинь танд өгч явуулахгүй гээд хүүхдийг Наранбаатараас аваад шүүх рүү орсон. Араас нь шүүх рүү дагаад ороход Наранбаатар Отгонжаргал хоёроос шүүгч хүүхдийг нь тусгаарласан. Та хоёрын хэнд ч хүүхэд өгөхгүй гэж хэлсэн. ...зүүн гарын зөөлөн эдийн гэмтэл үүссэн. Эмчилгээний зардал болон бусад зардлаа төлүүлмээр байна. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Отгонжаргалын өгсөн “...манай нөхөр Наранбаатар бид хоёр хүүхдийн асуудлаас болж шүүхээр маргаантай байгаа. Тэгээд хүүхдийн асуудлыг хэнтэй байх уу гэж мэдүүлэг өгөхөөр би хүүхэдтэйгээ болон өмгөөлөгчтэйгээ 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн шүүхэд ирсэн. Тэгээд дөнгөж машинаас буухад Наранбаатар болон түүний аав, ээж шүүх дээр ирсэн байсан. Би хүүхдээсээ очихгүй бол болохгүй гэж гуйж авчирсан. Тэгээд тэр өдөр хүү бид хоёрыг шүүх орсоныг мэдээд үүдэнд хүлээгээд байсан болохоор нь би шүүхийн нэг ажилтнаас гуйгаад “танайд арын хаалга гэж байдаг уу, хүү бид хоёрыг аав нь хүлээгээд байсан” гэж хэлсэн. Тэгээд арын хаалгаар нь гарч явтал Наранбаатар бид хоёрыг харчихаад “хөөе пиздаануудаа” гэж орилсон чинь хүүхэд айгаад цаашаа зугтаасан. Тэгэхээр нь би араас нь зугтаасан чинь Наранбаатар хойноос гүйцээд ирсэн. Тэгээд хүүхэд нэг танихгүй эгчээс зуурчихаад “надад туслаач би ааваас айгаад байна” гээд орилоод байсан. Тэр үед нь Наранбаатар тэр хүнээс хүүхдээ авах гээд зууралдаад байсан. Тэр хооронд би өмгөөлөгчөө утсаар дуудсан. Тэгээд намайг цохих гэхэд нь аав, ээж нь хүрч ирээд болиулсан. Тэгээд маргалдаад байж байтал манай өмгөөлөгч ирсэн. Тэгээд маргаад намайг бас цохих гэхэд нь манай өмгөөлөгч болиулах гэсэн чинь мушгиад түлхсэн. Тэр хооронд өмгөөлөгч бид хоёрыг зөндөө хэл амаар доромжилсон...” гэсэн, мөн дахин өгсөн “...өмгөөлөгчийн хөлсөө аваад дуугай зайл гээд зүүн гарын сарвуу хэсэгт нь гараараа цохичихсон. Өмгөөлөгч Отгонпүрэвийн зүүн гарын сарвуу хавдчихсан хөдөлгөж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №9033 дугаартай “...Д.Отгонпүрэвийн бие зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Нын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байна. Гэтэл Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд болон хохирогч Д.Отгонпүрэвийн өгсөн “...Наранбаатарын талд очоод хүүхдээс гарыг тавиулах гэхэд “чи өмгөөлөгчийнхөө хөлсийг аваад зайл” гэж хэлээд салаавч өгөөд зүүн гарын эрхий долоовор хурууг дарсан. Зүүн гар руу гараараа цохисон...” гэсэн болон хэргийн үйл явцыг хамгийн ойроос харж мэдсэн гэрч Ж.Отгонжаргалын өгсөн “...Тэгээд маргалдаад байж байтал манай өмгөөлөгч ирсэн. Тэгээд маргаад намайг бас цохих гэхэд нь манай өмгөөлөгч болиулах гэсэн чинь мушгиад түлхсэн. Тэр хооронд өмгөөлөгч бид хоёрыг зөндөө хэл амаар доромжилсон...” гэсэн, мөн дахин өгсөн “...өмгөөлөгчийн хөлсөө аваад дуугай зайл гээд зүүн гарын сарвуу хэсэгт нь гараараа цохичихсон. Өмгөөлөгч Отгонпүрэвийн зүүн гарын сарвуу хавдчихсан хөдөлгөж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг яллах талын нотлох баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр, өөрөөр хэлбэл цагаатгах тогтоолдоо яллах талын нотлох баримт бүрийг хэрхэн ямар үндэслэлээр няцааж дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, шүүгдэгчтэй нэгдмэл сонирхолтой буюу Үндсэн хуульд заасан эрхийхээ хүрээнд гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй шүүгдэгчийн эцэг Г.Ганболд, эх Б.Дэлгэрсайхан болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэгт дүгнэлт хийж, Г.Ныг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг болгоомжгүй үйлдэгдсэн хэрэгт тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугийн сэдэлтийг хуульчлаагүй тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэн нь өрөөсгөл юм. Өөрөөр хэлбэл Г.Н нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруугийн сэдэлтийг хуульчлаагүй” хэмээн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэж дүгнэлт хийж ч болохоор байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай, болгоомжгүй үйлдлийн аль нь ч байж болох гэм буруугийн сэдэлтээр үйлдсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн байна. Иймд Г.Нт холбогдох Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 146 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

            Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Г.Нт холбогдох хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзээд цагаатгасан. Прокурорын зүгээс энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай үйлдэл гэж үзэж байна. Учир нь, шүүх эмнэлгийн шинжээчийн “зүүн гарын эрхий болон долоовор хуруунд мохоо зүйлийн үйлчлэлээр хөнгөн гэмтэл учирсан” гэх дүгнэлтээр нотлогдож байна. Мөн тухайн үед Г.Н, Ж.Отгонжаргал нар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан болоод хүүхдээ булаацалдаж бие биенээ түлхсэн. Энэ үед өмгөөлөгч Д.Отгонпүрэв нь ирсэн байх тул үүнийг гэм буруугийн санаатай үйлдэл гэж үзэж байна.” гэв.

            Хохирогч Д.Отгонпүрэв давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нь шүүгдэгч Г.Нын хууль бус үйлдлээс болж Д.Отгонпүрэв миний биед гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэрч Ж.Отгонжаргал нарын мэдүүлгээр тогтоогдсоор байтал Г.Нын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэсэн нь шүүх хуульд заагаагүй хэлбэрийг зааж, хуулийг өөрөө дураараа гуйвуулан дүгнэж шийдсэнд гомдолтой байна. Дээрх байдлаар дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэм буруугийн сэдэлтийг хуульчлаагүй тул шүүгдэгчийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь шүүх хуульчлаагүй үйлдлийг өөрийн дураар гуйвуулан тайлбарлаж хуулийг гажуудуулж шийдвэрлэсэн. Хэрэв хуульд заагаагүй бол хөнгөн гэмт хэрэгт болгоомжгүй үйлдэл гэж байх ёсгүй, харин хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон бол шүүх хөнгөн гэмтэл учруулсан эсэхийг тогтоож шийдвэрлэх ёстой байтал ийнхүү хэт нэг талыг барьж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дайралт хийсэн үйлдлээр асуудлыг шийдсэнд гомдолтой байна. Түүнчлэн шинжээч эмч  Ш.Цэвэгмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт  “...энэ гэмтэл нь хуруунуудыг хүчтэй эргүүлэх, мушгих, эргүүлэн дарахад, мохоо зүйлд цохигдох үед үүсэх боломжтой. Цус хуралт, няцралад орно” гэх тайлбар, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9033 дугаар дүгнэлтийн “Д.Отгонпүрэвийн биед зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх байдлаар шүүгдэгч Г.Н нь Д.Отгонпүрэв миний биед гэмтэл учруулсан болох нь тогтоогдсоор байтал шүүх хэргийг цагаатган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д.Отгонпүрэв миний хувьд Г.Нын хэт түрэмгий увайгүй үйлдлээс нь болж, ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өөрийн эрүүл мэндээрээ хохирсон байтал өөрөө өөрийгөө гэмтээж, бэртээсэн мэтээр шүүхийн тогтоол гарсанд үнэхээр гомдолтой байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Г.Ныг гэм буруутай болохыг тогтоож өгнө үү.” гэв.

            Цагаатгагдсан этгээд Г.Нын өмгөөлөгч Д.Барсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Г.Ныг Иргэний хэргийн анхан шатны шүүхээр ороход байгаагүй. Сүүлд давж заалдах гомдол гаргаад Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ирэхэд нь өмгөөлөгчөөр оролцсон. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн 146 дугаартай цагаатгасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй, шударга шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь санаатай ч бай, болгоомжгүй ч бай биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх ямар ч нотлох баримт байхгүй. Шүүх эмнэлгийн шинжээч эмч өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцоод би шинжээч эмчээс “та хөнгөн гэмтэл гарсан гэж үзэх ямар үндэслэл байна вэ” гэхэд, шинжээч эмч Ш.Цэцэгмаа мэдүүлэхдээ “тухайн хүндээ зовиур шаналгаагүй бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн. Үнэхээр л тухайн үед Г.Н нь хохирогчид гэмтэл учруулахаар ямар ч үйлдэл хийгээгүй байсан. Үүнийг анхан шатны шүүх бодитоор үнэлж түүнийг цагаатгасан. Шинжээч эмч гэмтэлийн зэргийг тогтоосон үндэслэлээ тодорхойлж чадахгүй байгаа тохиолдолд шинжээчийн дүгнэлт нотлох баримтад тооцогдохгүй. Мөн эцэг, эх нь төрийн хуулийг хүндэтгэж шударга мэдүүлэг өгсөн. Тухайлбал 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр эцэг А.Ганболдоос “ач хүү Төрболдоос тодруулга авна гэж бодоод 6 дугаар сарын 25-наас хойш хараагүй, ач хүүгээ харахаар би шүүх дээр очсон. Тэгэхэд Г.Н над руу залгаад Д.Отгонжаргал хүүхдээ аваад шүүхээс зугтааж байна гэхээр нь хаана байна гэхэд дулааны цахилгаан станцын хажууд гэсэн. Яваад очиход 2 эмэгтэй хүүг маань цүнхээрээ зодож байсан. Би очоод ач хүүгээ салгаж авах гэхэд ална гээд байсан. Миний хүү хүнтэй зодолдоогүй. Д.Отгонжаргал болон түүний өмгөөлөгч нь миний хүүг нийлж зодчихоод өнөөдөр ялтан болгох гээд байна. Яагаад миний хүүг буруутгаад байгааг ойлгохгүй байна” гэсэн мэдүүлгээр зодоогүй болох нь нотлогдож байна. Энэ гэр бүлийн хоёр дундаасаа нэг хүүтэй. Хүүгээ авах гээд булаацалдаж байгаад энэ асуудал үүссэн учраас гэр бүлийн хүчирхийлэл болгох гэж зохиомлоор асуудал үүсгээд байгаа юм. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шударга шийдэж хүүхдийн асрамжийг эцгийн талд шийдвэрлэсэн нь Г.Ныг гэр бүлийн хүчирхийлэгч биш болохыг нотолж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

            Цагаатгагдсан этгээд Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хүнд зориудаар гэмтэл учруулсан зүйл байхгүй. Ийм баримт ч байхгүй. Д.Отгонпүрэвээс би тухайн үед хамгийн сүүлд нь очсон гээд байх юм. Хэрэв Д.Отгонпүрэв сүүлд нь ирсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдол, улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос Г.Ныг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Отгонпүрэвийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Г.Нт холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх гэрч Ж.Отгонжаргалын “...намайг цохих гэхэд нь аав, ээж нь хүрч ирээд болиулсан. Тэгээд маргалдаад байж байтал манай өмгөөлөгч ирсэн. Тэгээд маргаад намайг бас цохих гэхэд нь манай өмгөөлөгч болиулах гэсэн чинь мушгиад түлхсэн. Тэр хооронд өмгөөлөгч бид хоёрыг зөндөө хэл амаар доромжилсон. ...өмгөөлөгчийн хөлсөө аваад дуугай зайл гээд зүүн гарын сарвуу хэсэгт нь гараараа цохичихсон. Өмгөөлөгч Отгонпүрэвийн зүүн гарын сарвуу хавдчихсан хөдөлгөж чадахгүй байсан...” /хх 22-23, 26-27/, хохирогч Д.Отгонпүрэвийн “...Отгонжаргалын хүүг настайвтар эмэгтэй тэвэрчихсэн Отгонжаргал, Наранбаатар нар хоёр талд гарчихсан хүүхдээ булаацалдаад байсан. Наранбаатарын талд очоод хүүхдээс гарыг нь тавиулах гэхэд “чи өмгөөлөгчийнхөө хөлсийг аваад зайл” гэж хэлээд салаавч өгөөд зүүн гарын эрхий долоовор хурууг дарсан. Зүүн гар руу гараараа цохисон. Миний гар сонин болоод чинэрэхээр нь холдоод гар утсаа гаргаж ирээд баруун гараараа цагдаад дуудлага өгсөн. Отгонжаргал тэр үед алга болчихсон байсан. ...зүүн гарын зөөлөн эдийн гэмтэл үүссэн. ...” /хх 13-16/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй байх бөгөөд Г.Ныг цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгчийн хохирогчийн эсрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь сэдэлт зорилго нь тухайн хохирогчийн эсрэг чиглэлгүй, хүүхдээ бусдаас салгаж авах гэсэн үйлдэлдээ гарыг нь татахад гараа салгах үйлдлийн улмаас учирсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасныг баримтлан гэм буруугийн болгоомжгүй сэдэлтээр үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэм буруугийн сэдэлтийг хуульчлаагүй тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлгүй” гэжээ.

 

Анхан шатны шүүх, хууль сануулан авсан хохирогч Д.Отгонпүрэв, гэрч  Ж.Отгонжаргал нарын мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан гэмтэл, хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

Иймд Г.Ныг үндэслэлгүй цагаатгасан талаарх хохирогчийн давж заалдах гомдол, улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 146 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 146 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.Нт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл цагаатгагдсан этгээд Г.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Д.МЯГМАРЖАВ