Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 671

 

 

 

 

 

 

     

Б.Сод холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Гүнсэл,

хохирогч Г.Саруул, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,  

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Б.Батболор, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С, хохирогч Г.Саруул нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Сод холбогдох эрүүгийн 1710000000064 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1984 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 6-161 тоотод оршин суух хаягтай, /РД:/;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 842.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

 

Б.С нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатын гүүрний орчим Туул голын эрэг дээр хохирогч Г.Саруулыг 23-57 УНХ улсын дугаартай "Киа Оптима" маркийн тээврийн хэрэгслээр дайрч, биед нь баруун талын 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хурагдалт, баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алим, эрүү, баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч г онц харгис хэрцгийгээр хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Бямбасүрэнгийн Соронзонболдыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сод оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С хохирогч Г.Саруулын эмчилгээний зардалд 5.710.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас
30.140.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөргүй бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон 189 /нэг зуун наян ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт Киа Оптима маркийн 23-57 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогч Г.Саруул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Г.Саруул би Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 260 тоот шийтгэх тогтоолоор Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийдвэрлэснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна.

1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьж ялыг хөнгөрүүлсэн. Шүүх “гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хүнийг алахыг завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийн төгсөөгүй нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулсан” гэжээ.

Би Б.Сын намайг алахыг завдаж машинаар дайрч, улмаар зодсон юм уу яасан юм, намайг ухаангүй болгоод учруулсан гэмтэл дайрснаас гээд надад баруун талын суганы дунд шугамаар 2, 3, 4-р хавирга зөрөөтэй хугарал, суганы урд шугамаар 5, 6, 7-р хавирга зөрөөтэй хугарал, далны дотор шугамаар 5-р хавирга зөрөөтэй хугаралууд, зүүн талын суганы урд шугамаар 3, 4, 5-р хавирга зөрөөтэй хугарал, 8, 9-р хавирга зөрүүгүй хугарал, далны шугамаар 3-р хавирга зөрөөтэй, 4, 5-р хавирга зөрөөгүй, 6, 7, 8, 9, 11-р хавирга зөрөөтэй хугарал, баруун дал, өвчүү яс, баруун талын арцетабулын урд багана дайран үе хамарсан, суудал ясны дээд салаа, зүүн талын умдаг ясны эх биеийн дотор гадаргуу, ууцны 1-р нугаламын баруун талын латериал массын гадна дээд ирмэг дайвар хугарлууд, баруун, зүүн уушигны дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алим, эрүү, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гээд /би шүүх эмнэлгийн дүгнэлтээр бичлээ/ гэмтлүүд учирснаас би насан туршид эрэмдэг зэрэмдэг, бараг л хүн дүрстэй сүг болгочихсон байхад шүүх яаж хохирол төлбөргүй гэж шийдэж байна. Би өөрөө үсчин хүн, энэ л ажлаараа орлогоо олж, амьдралаа залгуулж байсан хүн бөгөөд өөрийнхөө өдөр тутмын орлогыг тэмдэглэдэг хар дэвтэрээ шүүхэд гаргаж өгсөн. Энэнээс өөр ямар баримт гаргаж өгөх юм бэ. Үсчин бидэнд хар дэвтэр маань баримт болдог бөгөөд бүр банкнаас зээл авахад хүртэл энэ л хар дэвтэрээ үзүүлж, орлогоо нотолж зээл авдаг. Тэгтэл шүүх яаж ганцхан хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэмж тогтоолгосонтой холбоотой тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдгээр 860.000 төгрөг гаргуулж шийдвэрлэж байгаа юм бэ, гомдолтой байна. Хэрэв би Б.Сын буруутай үйлдлийн улмаас өвчин намдаах эм ууж,  бие маань янгинаж өвддөг, өөрийн дураар алхаж, гишгэж явж зогсож чадахгүй, бүр өөрийн тааваараа ч хэвтэж, унтаж чадахгүй байна. Манайх ам бүл 6, түрээсийн байранд амьдардаг бөгөөд нөхөр бид хоёр 4 хүүхэдтэй бөгөөд бид ярилцаад миний ажиллаж байж олсон мөнгө, нөхрийн маань цалингаасаа гээд хурааж цуглуулсан 30 гаруй сая төгрөг байсныг ядаж л байрны урьдчилгаанд өгөх байсныг минь бүгдийг манай нөхөр болоод гэрийхэн маань намайг хөл дээр нь босгох гээд эмнэлэг, эмчилгээнд гээд бараг л бүгдийг зарцуулаад дууссан байсан. Тэр үед хэнийх нь ч санаанд юун тэр баримтыг цуглуулах мантай намайг босгож авах гээд хамаг байдгаа барсан гэсэн. Мөн шүүх хохирогч хүн өмгөөлөгч авах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал, тэгээд ч гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлыг шүүх хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ гэснийг хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогч, өмгөөлөгчийн зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орно”, мөн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутай хүнээс нь зардлыг гаргуулдаг гэж өмгөөлөгч маань бидэнд хэлж байсан учир би гаргах ёстой юм байна гэж бодож байгаа тул гаргуулмаар байна. Бас орлогоо бүгдийг биш юм аа гэхэд ядаж л талыг нь ч гэсэн гаргуулмаар байна. Тиймээс хохирогч миний гомдлыг хүлээн авч, Соронзонболдод оногдуулсан ял болоод хохирлын асуудал дээр анхаарч үзэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.С миний бие Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргалаа. Үүнд:

1. Шийтгэх тогтоолд Б.Соронболд намайг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна.

2. Тухайн үед би согтоод унтсан байсан тул Гэрэлмаа, Сумъяа нарыг явсныг мэдээгүй, нэг сэрэхэд машин дотор ганцаараа, гадаа харанхуй болсон байсан. Ам цангаад байхаар нь ус хайгаад олдохгүй болохоор дэлгүүр явъя гээд машинаа асаахад ёо ёо гэх дуу гарсан. Би машинаа зогсоогоод түргэн тусламж дуудаж, эмчид хүлээлгэн өгч, эмнэлгийн туслалцаа үзүүлсэн. Мөн 102 дугаарт залгаж, цагдаа дуудсан, надад хохирогчийг алах санаа зорилго байгаагүй. Гадаа харанхуй болсон учраас үзэгдэх орчин муу байсан. Санамсар болгоомжгүйгээр хүнийг гэмтээсэн. Тухайн үед ухрах үйлдэл хийх боломжгүй байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар манай өмгөөлөгч нар хэргийн газарт нөхөн үзлэг хийлгэх, туршилт хийлгэх, хохирогч Саруул болон миний зогсож байсан газрын хоорондын зай 3-5 метр байгаагүй байтал мөрдөн байцаагч Номин-Эрдэнэ хохирогч болон миний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийхдээ огт байгаагүй хүмүүсийг гэрчээр оролцуулан, гарын үсэг зуруулсан нь хууль зөрчсөн байна гэж үздэг. Миний бие нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн байтал хэргийн газар дээр нөхөн үзлэг хийж А, Б цэгийг тогтоолгүйгээр хэргийг хүндрүүлэн зүйлчилж, ял оноосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж, хэргийг үнэн бодитоор шийдвэрлэх арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Г.Саруулын өмгөөлөгчөөр оролцсон. Хохирогч Г.Саруул нь гомдолоо дэлгэрэнгүй ярьсан. Үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байна. Шүүхээс хохирогч Г.Саруулын гаргасан гомдлыг анхаарч үзнэ үү гэсэн саналтай байна. Хохирогч үсчин хийдэг байсан. Үсчин хийх хугацаандаа өдөрт олсон орлогоо хар дэвтэртээ бичээд явдаг байсан гэдэг. Өөрөө хэлэхдээ, энэ хар дэвтэрт л бүх орлогоо бичдэг. Бусад үсчингүүд нь хүртэл банкнаас зээл авахдаа уг дэвтэрээ үзүүлээд зээл авдаг гэж ярьж байсан. Мөн эмчилгээний баримтууд хангалттай байдаггүй. Гэхдээ хохирогч гэмтсэн нь үнэн. Тодорхой хэмжээний зардал гарсан гэдгийг өөрөө болоод хохирогчийн ар гэрийн хүмүүс тодорхой мэдүүлдэг. Өмгөөлөгч авсны дараа баримтаа цуглуулах ёстой байсан байна гэдгийг мэдсэн гэдэг. Миний хувьд хохирогчийн зүгээс нэхэмжилж буй 30.000.000 төгрөгөөс төлсөн 5.000.000 төгрөгийг хасаад, үлдсэн 25.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь давж заалдах шатны шүүхээс уг хэргийг хэлэлцээд хүнийг санаатай алах санаа зорилго байсан уу гэдгийг шалга гэсэн байдаг. Тэрнээс биш заавал онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алахыг завдсан гэх зүйлээр зүйлчил гээгүй. Гэтэл хүндрүүлж зүйлчилж оруулж ирсэн. Энэ байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй. Эргэлзээтэй нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Б.Сыг ялласан. Би анхан шатны шүүх хуралдааны дараа Солонгос улс руу эмчилгээнд явсан тул гомдол гаргаж чадаагүй. Ганцхан хохирогчийн мэдүүлэгт үндэслэж хүнд ял оногдуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байдаг. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадаагүй. Хохирогчийн мэдүүлэг эрс зөрүүтэй. Жишээлбэл, хавтас хэргийн 70-78 дугаар талд авагдсан гэрч Сумъяа, Гэрэлмаа нарын мэдүүлгээр хохирогчийг шүүгдэгч явуулаагүй гэх зүйл харагддаггүй. Хохирогч өөрөө яваагүй. Дайрсан талаар хохирогч мэдүүлэхдээ “машинаа асаагаад дээгүүр гараад буцаж эргээд” гэдэг. Үүнээс харахад бүтэн машинаараа хохирогчийн дээгүүр гараад эргэсэн болж таарч байна. Энэ нь ч нотлогдоогүй. Дайрчихаад бүтэн эргээд буцаж дайрах зай тогтоогдоогүй. Мэдүүлгийг газар дээр нь шалгахдаа хөндлөнгийн гэрч оролцуулаагүй байж оролцсон гэх хүмүүсийн нэрсийг бичсэн байдаг. Энэ нь ч нотлогдсон. Хохиролд 5.710.000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн хөлсийг хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлтэй. Хохирогчид хохирол бүрэн төлсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.С нь айлын ганц хүүхэд, эх нь хорт хавдартай. Харгис зантай хүн биш гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтаар харагддаг. Иймд ял шийтгэлийг анхаарч үзнэ үү. ...” гэв.

 

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг зүйл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон гэж үзэж байна. Хохирогчийн нэхэмжилж буй мөнгөн дүн нотлох баримтаар нотлогдоогүй тул анхан шатны шүүхээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Зүйлчлэлийн хувьд маргаантай зүйл байхгүй. Шүүгдэгч болгоомжгүйгээр хэрэг үйлдсэн гэдэг боловч энэ нь нотлогдоогүй. Шүүгдэгч Б.С өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Иймд болгоомжгүй үйлдсэн гэх нөхцөл байдал байхгүй гэж харж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

    

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.С нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатын гүүрний орчим Туул голын эрэг дээр хохирогч Г.Саруулыг 23-57 УНХ улсын дугаартай "Киа Оптима" маркийн тээврийн хэрэгслээр дайрч, биед нь баруун талын 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, баруун зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хурагдалт, баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алим, эрүү, баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Саруулын “...Тухайн үед би хамар хэсгээс ойролцоогоор 3-5 метр зайтай,   машин   чигээрээ   явах  чиглэлээс  хол   зайд   сууж  байхад   Соронзонболд  машинаа асаагаад над руу чиглэж ирэхээр нь би толгойгоо хамгаалаад хэвтэхэд хурд сааруулагч дээгүүр гарч байгаа юм шиг удаанаар миний цээжин дээгүүр зүүн урд дугуйгаар гараад нилээн хэдэн секунд зогссон. Миний яс хугарч байгаа чимээ надад сонсогдсон. Тэгээд урд дугуй гарсны дараа зогсохоор нь би орилоход цонхоороо толгойгоо цухуйлгаад намаг тавалсан царай гаргаж мушийж инээгээд, дугуйныхаа чиглэлийг өөрчлөөд зүүн хойд дугуйгаараа миний ташаа хэсэг дээгүүр удаанаар гарах үед би ухаан алдчихсан. ...Тэгээд нэг сэрсэн чинь машиныхаа арын суудал дээр намайг хэвтүүлчихсэн байхаар нь миний бие өвдөөд байна, намайг эмнэлэгт хүргээд өгөөч гэж гуйхад чамайг хэн дайрчихваа, танай найз дайрсан биз дээ гээд тулгаж асуугаад байхаар нь би айгаад “тийм ээ, чи дайраагүй” гэхэд яг хэн дайрсныг чи сайн мэдэж байгаа биз дээ гээд байсан. Намайг сэрэхэд миний нүүр, ам, шүд, уруул өвчин орчихсон байсан учраас намайг зодсон байх гэж бодсон. ..." /1 хх 45-60, 2 хх 135-137, 218-219/,

 

гэрч Д.Цэрэнхандын “...Би 2017 оны 8 дугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд түргэн тусламжийн эмчээр ажиллаж байхад 21:45 минутад төвөөс Хан-Уул дүргийн 12 дугаар хороо, Биогийн гүүрнээс зүүн хойш 100 метр, машинд дайруулаад хөл гэмтсэн гэх дуудлага орж ирсэн ба уг дуудлага өгсөн дугаар болох 97040004 дугаарын утас руу залгаж хаягийг тодруулаад очсон. Намайг очиход шаварт суусан байдалтай машиныхаа аваарын гэрлийг асаачихсан автомашин зогсож байсан. ...Уг машины арын суудал дээр Саруул гэх эмэгтэй хоёр нүд нь хөхөрсөн, амнаас нь цус гарч хатсан, эрүүн доороо хөхөрсөн, цээж нь хөндүүр эмзэглэлттэй, баруун хөлөө хөдөлгөж чадахгүй байсан. ...Эмэгтэй машинд суусан хойноо наад залуу чинь намайг дайраад машинтайгаа миний дээгүүр гарсан гэж хэлж байсан. .." /1 хх 68-69/,

 

гэрч Н.Сумьяагийн “...Биднийг явах үед Саруул эгч нилээн муудчихсан, майхны гадаа, Соронзонболд майхан дотроо байсан. ...Биднийг явах үед Саруул эгч зүгээр байсан, ямар нэг гэмтэл шарх байгаагүй. ...” /1 хх 70-72, 216-217/,

 

Б.Сын яллагдагчаар өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Саруул залгаад “Үйлдвэр комбинатын 4 дүгээр байрнаас ирээд намайг авчих” гэхээр нь би очиход Саруул согтуу, ганцаараа, гартаа архи барьчихсан хоёулаа бааранд орьё гээд зогсож байхаар нь надад мөнгө байхгүй, харин манай гэрт хүн байхгүй тул манайд очиж уувал ууя гэж хэлэхэд зөвшөөрч манай гэрт ирсэн. ...Маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг өнгөрч байхад Саруул миний утсаар найз Сумьяатайгаа яриад бид хоёр Сумьяаг гэрээс нь аваад буцаж ирээд манай гэрт архи ууцгаасан. Архи ууж байгаад голын эрэг рүү гарч сууя гээд Биокомбинат руу явж, замаасаа Сумьяагийн найз эмэгтэйг аваад бид дөрөв голын эрэг дээр архи уугаад би тасраад унтчихсан байсан. Нэг сэрэхэд би жолооныхоо ард суучихсан, Саруул машины арын суудал дээр хэвтчихсэн, намайг дайрчихлаа гэж хэлж байсан. Би Саруулыг машины гадаа хэвтэж байхад нь нэг алгадсанаа санаж байна, мөн машиндаа суугаад явлаа гээд асааж байснаа санаж байна, согтуу байсан учраас Саруулыг харахгүй дайрсан байна. ...Унтаж байгаад сэрээд ам цангахаар нь юм авч уух гээд дэлгүүр рүү хөдлөх үед жолоочийн эсрэг талын урд дугуйны харалдаа газарт байсныг хараагүй шууд хаазлаад явахад хүн дуугарсан. Тэгээд зогсоод харахад Саруул байсан. ...” /1 хх 112-113, 2 хх 151-154/ гэх мэдүүлгүүд,

 

шинжээч эмч Б.Долгормаагийн “...Саруулын биед учирсан баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, баруун дал, өвчүү яс, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт гэмтлүүд нь автомашины дугуй хохирогчийн дээгүүр гарахад 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мөн баруун арцетабулын урд багана дайрах үе хамарсан суудал ясны дээд салаа, зүүн талын умдаг ясны их биеийн дотор гадаргуу, ууцны 1-р нугалмын баруун талын латериал маасны гадна дээд ирмэг дайрсан хугарал гэмтэлүүд нь автомашины дугуй хохирогчийн дээгүүр гарахад 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин баруун нүдний алим нэлэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Нүдний алиманд цус хуралт гэмтэл нь тухайн хэсэгт хүч үйлчилсний улмаас яс хугарах, эсхүл тархины эд эс гэмтэх, эсхүл тухайн нүдний алиманд хүч үйлчилсний улмаас үүсч болно. Машин дээгүүр гарах үед үүсэх боломжгүй...” /1 хх 86-87, 185-186/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “1.2 Г.Саруулын биед баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11-р хавирга, баруун дал, өвчүү яс, баруун талын ацетабулын урд багана дайран үе хамарсан, суудал ясны дээд салаа, зүүн талын умдаг ясны эх биеийн дотор гадаргуу, ууцны 1-р нугалмын баруун талын латериал массын гадна дээд ирмэг дайвар хугарал, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.7 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10. 3.1.12, 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ..." /1 хх 76/ 10864 дугаартай дүгнэлт,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 10864 дугаартай шинжээчийн дүгнэлтэд нэмэлтээр хийсэн “1. Г.Саруулын биед баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт бүхий гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл. 2. Г.Саруулын биед учирсан баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Г.Саруулын биед учирсан баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Г.Саруулын биед учирсан баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /1 хх 82-83/ 1016 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Сыг онц харгис хэрцгийгээр, хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.С нь “...Миний бие нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн байтал хэргийн газар дээр нөхөн үзлэг хийж, А, Б цэгийг тогтоолгүйгээр хэргийг хүндрүүлэн зүйлчилж ял оноосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаан хийлгэж, хэргийг үнэн бодитоор шийдвэрлэх арга хэмжээ авч өгнө үү. ...” гэсэн,  

Хохирогч Г.Саруул нь “... Соронзонболдод оногдуулсан ял хөнгөдсөн, хохирлын асуудал дээр анхаарч үзэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хохирогч Г.Саруул нь шүүгдэгч Б.Стой үлдэхдээ майхны урд талд суугаад үлдсэн болох нь гэрч Д.Гэрэлмаагийн “...Бид нарыг 19 цагийн үед явахад Г.Саруул майханы үүдэнд, хэвтээд үлдсэн. ...” гэх, гэрч Н.Сумъяагийн “...Биднийг явах үед Саруул эгч нилээн муудчихсан, майхны гадаа, Соронзонболд майхан дотроо байсан. ...Биднийг явах үед Саруул эгч зүгээр байсан, ямар нэг гэмтэл шарх байгаагүй. ...” гэх мэдүүлгүүдээр нотлогддог. Мөн шүүгдэгч Б.С нь тухайн сууж байсан байршлаасаа хөдлөөгүй талаараа “...Унтаж байгаад сэрээд ам цангахаар нь юм авч уух гээд дэлгүүр рүү хөдлөх үед жолоочийн эсрэг талын урд дугуйны харалдаа газарт байсныг хараагүй шууд хаазлаад явахад хүн дуугарсан. Тэгээд зогсоод харахад Саруул байсан. ...” гэж мэдүүлдэг. Энэ тохиолдолд шүүгдэгч Б.С хохирогчийг хаана сууж, хэвтэж байсныг мэдээгүй, хараагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Санаатай дайрсан талаар хохирогч Г.Саруул нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтвортой мэдүүлсэн байдаг. Иймд шүүгдэгч Б.Сыг хохирогчийг болгоомжгүйгээр автомашинаар дайрч гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй.  

 

Түүнчлэн, хохирогч Г.Саруулын биед учирсан “баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт” бүхий гэмтлүүд нь Г.Соронзонболдын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь хохирогч Г.Саруулын “...Намайг сэрэхэд миний нүүр, ам, шүд, уруул өвчин орчихсон байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Соронзонболдын “...Би Саруулыг машины гадаа хэвтэж байхад нь нэг удаа алгадсанаа санаж байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Гэрэлмаагийн “...бид нарыг явахад ...ил харагдах гэмтэл, шарх огт байхгүй байсан...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

 Тиймээс анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Сыг онц харгис хэрцгийгээр хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, түүнд 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар Б.Сод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангид зааснаар ял шийтгэсэн нь үндэслэлтэй болсон байна. Гэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг давхар журамлах нь зүйтэй.  

 

Хохирогчийн гаргасан “өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн тухай”-д хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох хууль зүйн үндэслэлгүй. 

 

Мөн хохирогч ажилгүй байсан хугацааны цалин, олох байсан орлого гэж  30.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч орлогыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч 5.700.000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

 

Иймээс шүүгдэгч Б.С, хохирогч Г.Саруул нарын гомдлуудыг  хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.     

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолын:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Бямбасүрэнгийн Соронзонболдыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Бямбасүрэнгийн Соронзонболдыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.  

 

2. Шүүгдэгч Б.С, хохирогч Г.Саруул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ