Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/01209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 16 өдөр

     Дугаар 183/ШШ2018/01209

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамж, 195/3-1 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, Б овогт Аын Ө /РД:ЧА74092571/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, KH апартмент 6В байр, 2 тоотод оршин байрлах, В  ХХК /РД:5086809/-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, В  ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх програм хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй програм хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Мө /ШТЭҮД-1962/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Ө би 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр В  ХХК-тай хөдөлмөрийн гэрээ хийж, Санхүү эрхэлсэн захирлын ажилд орсон. В  ХХК 2017 оны эхнээс Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүйгээр гадаад улсын нягтлан болох бүртгэлийн SAP гэх программ хангамж ашиглаж эхэлсэн. Энэ программ хангамж нь Монгол Улсын татварын хуулийн дагуу ажиллаж чадахгүй, борлуулалтын бүтээгдэхүүний өртөг буруу тооцоолж, татвараас зугтах байдалд хүргэж байсан тул миний бие тухайн програмыг ашиглахыг эсэргүүцэж байсан. Ингээд эцэст нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр захирал Janos Lichtenberg нь намайг ажлаас халснаа бүх ажилчдын өмнө хэлж, ажлын байрнаас хөөж, компьютер, ширээ сандлыг хураан авч хөөсөн. Түүнээс хойш би дахин В  ХХК-ийн ажлын байранд нэг ч удаа очоогүй, захирал Janos Lichtenberg руу утсаа ярьж, халагдах тушаалаа өгөхийг удаа дараа шаарддаг байсан. В  ХХК нь миний халагдах тушаалыг өгөхгүй маш их хугацаа алдсаны эцэст 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр захирал Janos Lichtenberg намайг эргэж ажилдаа ор, орохоор чинь хална гэж заналхийлсэн боловч тухайн үед би 2 өдрийн эмнэлгийн магадлагаатай байсан тул дуусгаад очсон. Гэтэл миний ажлын байранд өөр хүн ажилд авч, миний компьютер, тавилга, төхөөрөмжийг ашиглаж байсан. Улмаар надад ажлын байр хүлээлгэж өгөлгүй, дэмий цаг нөхцөөх байдлаар 2 өдөр хэл амаар доромжилсны эцэст 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үндэслэлгүйгээр халагдах тушаал өгсөн. Уг тушаалд намайг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хөөж явуулсныгаа ээлжийн амралттай гэж худал бичсэн. Худал гэдэг нь ээлжийн амралтын тушаал байхгүй, надад ээлжийн амралтын мөнгө 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төлөөгүй байгаагаар батлагдана. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, В  ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх программ хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй программ хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт тайлбарлахдаа: “...Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг хангасан SAP санхүүгийн програм нь Монгол Улсын хууль тогтоомжтой зөрчилдсөн, татвараас зайлсхийх байдлаар бүртгэл, тооцоо хийдэг програм хангамж огт биш бөгөөд энэхүү програмыг монголын томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглаад явж байна. Мөн манай компанид олон улсын Эрнст энд Янг аудитын компани жил бүр аудитын хяналт, шалгалт хийдэг бөгөөд манай санхүү, нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцоог хууль тогтоомж ба стандартад нийцсэн гэж дүгнэдэг. Иймээс нэхэмжлэгч манай компанийг татвараас зугтдаг, хууль зөрчсөн мэтээр тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй, худал тайлбар байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа биеэр эдлэхээр болж, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Амралтын хоногийн маягт үйлдэж, гарын үсэг зурсан. Мөн өдрөө өөрт нь хариуцуулсан эд хөрөнгөө амралттай байх хугацаандаа компанид түр хүлээлгэн өгч, акт үйлдсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч өөрийг нь ажлаас халснаа бүх ажилчдын өмнө хэлсэн, ажлын байрнаас хөөсөн гэх мэтээр тайлбарлаж байгаа нь мөн үндэслэлгүй. А.Өын хүсэлтээр түүний ээлжийн амралтын мөнгийг 2017 оны 6 дугаар сард урьдчилан шилжүүлсэн. Тэрээр ээлжийн амралтаа биеэр эдэлж дуусаад 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орох байсан боловч ажилдаа ирэхгүй, ажил тасалсан бөгөөд ажилдаа ирэх боломжгүй болсон шалтгаанаа компанийн удирдлага болоод бусад ажилчдад огт мэдэгдээгүй. Компанийн удирдлагаас 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр А.Өтай утсаар ярьж ажилдаа ирэхийг мэдэгдэхэд тэрээр ажилдаа ирэхгүй, тушаал өг гэж шаардаж, компанийн удирдлагыг хэл амаар доромжилсон. Ийнхүү утсаар ярихдаа тэрээр ямар нэгэн өвчтэй байгаа талаар буюу эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй байгаа тухай нэг ч зүйл хэлээгүй. Харин ажлаас чөлөөлсөн тушаал өг, би шүүхэд хандана гэх зүйлийг ярьж байсан. Нэхэмжлэгч ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр 2 өдөр дараалан ажилдаа ирээгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 16.4.10-д заасны дагуу А.Ө нь шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 1 өдөр ажил тасалсөн зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан гэдэг үндэслэлээр 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 20170822/133 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. А.Ө ээлжийн амралтын олговроо 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 24 хоног биеэр эдлэхээр амралтаа авсан. Нэхэмжлэгч санхүү эрхэлсэн захирал байсан учраас санхүүгийн бүх гүйлгээний зөвшөөрлийг өгдөг тул нягтлан бодогчид амралтын мөнгийг шилжүүл гэж даалгасан байдаг. Ингээд өөрийн ашиглаж байсан хөрөнгүүдийг хүлээлгэж өгөхөөр бүртгэл дээрээ бичээд хүлээлгэж өгсөн. Энэ нь ажилгүй болсон гэсэн ойлголт биш. Эд хөрөнгөө хүлээлгэж өгөх нь ажилчид удаан хугацаагаар ээлжийн амралтаа авсан, ямар нэг байдлаар сургалтад явсан, компанийн ажлын байран дээр байхгүй тохиолдолд мөрдөгдөнө. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр амралтаа авсан. Хариуцагч компаний зүгээс и-мэйл болон утсаар ажлаас чөлөөлсөн ямар нэг зүйл байхгүй, ажилдаа ирж ажилла гэж байсан боловч нэхэмжлэгч шүүх дээр уулзъя гэж байсан. Тэрээр 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өглөө 09 цаг 48 минутад цаг бүртгэлийн машинд хуруугаа уншуулаад цайндаа гарахдаа болон буцаж орж ирэхдээ хуруугаа уншуулсан. Ажилдаа 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ирсэн гэдгээ мэдсэн ба үүнтэй нэхэмжлэгч маргаагүй. Ажилдаа ирэхдээ өнгөрсөн хоёр өдөрт өвчтэй байлаа гээд актаа өгөөгүй, ямар нэг өвчин зовлонгүй ажилдаа ирсэн. А.Ө ажлаас чөлөөлсөн тушаалыг аваад ажил хүлээлцэхгүйгээр шууд гарч явсан бөгөөд 3-4 цагийн дараа ажилдаа ирэхдээ би акттай байсан гэж хэлээд, акт гэх баримтыг авч ирээд би ажлаас чөлөөлсөн тушаалаа авчихлаа, шүүх дээр уулзъя гэх зүйлийг яриад гарсан. Нэхэмжлэгчийн авчирсан актыг харахад 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн байж өмнөх өдрийг нөхөж бичсэн байсан. Өмнөх өдрийн актыг нөхөж бичсэн талаар гомдлыг бид холбогдох байгууллагад гаргасан ба эмнэлгийн дарга, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ёс зүйн хэсгийн хороо, чанарын албанд гомдол гаргасан. Энэ гомдлын хувийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний албанд хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн магадлагааны онош зөрж, алдаа зөрчил гаргасан тул эмчид арга хэмжээг авсан гэсэн хариуг албан бичгээр манай байгууллагад ирүүлсэн. Ингээд А.Өын бидэнд авчирч өгсөн акт нь түүнийг өвчтэй байсан гэдгийг нотлож чадахгүй болж байгаа ба акт өгсөн эмч нь журмаа зөрчсөн, актын онош зөрсөн, хамгийн гол нь ажлаас чөлөөлсөн гэж тухайн актад зураагүй. Эмч хэлэхдээ урьдчилсан үзлэг хийгээд дээд шатны эмнэлэгт нарийвчилсан үзлэг хийлгэх тухай би бичиж өгсөн. Түүнээс биш энэ хүн ажлаа хийх боломжтой, боломжгүй талаар бичээгүй гэж байгаа. Ийм учраас А.Өын ажлаа тасалсан гэх хоёр өдрийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхгүй. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр намайг ажлаас халсан гэж нэхэмжлэгч яриад байна. Яг энэ өдөр нэхэмжлэгчийг ажлаас халсан, чөлөөлсөн тушаал байхгүй, тушаалыг өгсөн өгөөгүй гэдгийг нотлох баримт байхгүй, харин ч эсрэгээр ээлжийн амралтаа авсан гэдгийг нотлох ээлжийн амралтын хоногийн маягт байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ө нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, В  ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх програм хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй програм хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу А.Ө нь “Вьюрт Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 20170822/133 дугаар тушаалд гомдлоо 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргаж, улмаар шүүх 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 9947 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд татгалзсан материалыг нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан болох нь тус шүүхийн хүлээн авахаас татгалзсан, буцаасан материалыг архивт шилжүүлсэн бүртгэлийн дэвтрийн хуулбараар тогтоогдсон, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор гомдлоо шүүхэд гаргасан гэж дүгнэлээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.Ө хариуцагч В  ХХК нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр А.Өыг тус компанийн Санхүү эрхэлсэн захиралаар ажилуулахаар талууд тохиролцжээ.

 

Зохигчид дээрх хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа гэрээний 16 дугаар зүйлийн 16.4-т хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийн нэр төрлийг тухайлан тусгасан байна. Иймд уг гэрээг талуудын чөлөөт байдлыг хангасан, хөдөлмөрлөх гол нөхцлийг тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ байна гэж үзэв.

“В ” ХХК-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 20170822/133 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар А.Өыг ажил олгогч буюу шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 2 өдрийн ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг 2 удаа гаргасан гэж буруутган Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 16.4.10 дахь заалтыг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна. /хх7/  

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 16 дугаар зүйлийн 16.4.10-т “шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 1 өдөр буюу ажлын 8 цаг ажил тасалсан” бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахаар талууд харилцаж тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...В  ХХК нь Монгол Улсын зөвшөөрөлгүй нягтлан бодох бүртгэлийн SAP програм хангамжийг ашиглаж байсныг миний бие эсэргүүцдэг байсан тул тус компанийн захирал Janos Lichtenberg эцэст нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр намайг ажлаас халснаа хэлж, би эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасны дагуу ажлын байрны эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгсөн. Захирал Janos Lichtenberg нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа эргэн ор гэсэн боловч би эмнэлгийн магадлагаатай байсны улмаас 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр очсон ба 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №20170822/133 дугаар тушаалаар үндэслэлгүй халсан. Уг тушаалд намайг ээлжийн амралттай байсан гэх боловч ээлжийн амралтын тушаал байхгүй, ээлжийн амралтын мөнгө 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш олгогдоогүй, би ээлжийн амралтын хуудсыг эхлээд бичүүлж авсан тул тушаал хууль бус” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...Олон улсын нягтлан бодох бүртгэлийн SAP санхүүгийн програм нь хууль тогтоомжийг зөрчөөгүй, А.Ө нь ээлжийн амралтын олговроо 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр авч, мөн оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл биеэр эдэлсэн, ажлын 8 цагийг 2 буюу түүнээс дээш удаа тасалж, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан, дээрх хугацаанд түүнийг өвчтэй байсан гэх эмнэлгийн магадлагаа хууль бус болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж маргасан.

 

В  ХХК-ийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 20170706/82 дугаар тушаалаар нэхэмжлэгчид ээлжийн амралт олгож, ингэхдээ ээлжийн амралтыг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажлын 24 хоногоор тооцон эдлүүлэх, мөн А.Өт ээлжийн амралтын олговрыг урьдчилж буюу 2017 оны 6 дугаар сард олгосон болохыг тушаалд дурдсан байх бөгөөд ээлжийн амралтын олговрыг дээрх хугацаанд хүлээн авсантай нэхэмжлэгч маргаагүй.

 

Түүнчлэн, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр В  ХХК-ийн Амралтын хоногийн маягтад зурагдсан нэхэмжлэгчийн гарын үсэгт холбогдуулан тэрээр “хариуцагч байгууллагад үлдсэн 1 хувь баримтад байх дээд хэсгийн бичиг миний бичиг мөн боловч гарын үсэг нь минийх биш, үүнийг канондож хөрвүүлсэн” гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүйн дээр хариуцагчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгч Амралтын хоногийн хуудсын 1 хувийг өөртөө авсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй зэрэг үйл баримтаар үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгчийг ээлжийн амралтаа эдлээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд цаг бүртгэх төхөөрөмжид цагаа бүртгүүлсэн талаар маргаагүй бөгөөд шүүх хариуцагчийн хүсэлтээр “В ” ХХК-ийн борлуулалтын менежер Ц.Гантулгын цахим хаягт үзлэг хийхэд үзлэгээр нэхэмжлэгч нь С.Ө нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өөрийн албаны цахим хаягаар нэр бүхий 9 хүнд “...цаг бүртгэлийг үндэслэж цалин олгох тухай мэдэгдэл” хүргүүлсэн байна. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч нь цаг бүртгэлд бүртгүүлснээр ажилласанд тооцохыг мэдэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд үүгээр нэхэмжлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэх үйл баримт үгүйсгэгдэж байна.

 

            Ийнхүү нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хугацаа дуусч, нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа ирэх ёстой байтал 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа ирж, 8 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авсны дараа мөн өдөртөө Гэрэлт Манал ӨЭМТ-ийн эмнэлгийн магадлагааг авчирч, тушаалын хууль зүйн үндэслэлд маргасан.

 

“Гэрэлт манал” ӨЭМТ-ийн эмч А.Цэцэгмаа нь А.Өт 2017 оны 8 дугаар  сарын 17-ны өдрөөр огноолсон эмнэлгийн магадлагаа олгохдоо өвчтэй байсан, эмчид үзүүлсэн, ажлаас чөлөөлсөн алин болохыг тодорхойлоогүй байх бөгөөд энэхүү магадлагааг олгохдоо оношилгоо эмчилгээний стандарт, анхан шатны бичиг баримт хөтлөлтийн алдаа зөрчил гаргасан болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 544 дүгээр хариу албан бичгээр нотлогдож байна.

 

Түүнчлэн шүүх хариуцагчийн хүсэлтээр тус төвийн эмчийн үзлэгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхэд үзлэгээр А.Ө нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр үзүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд ийнхүү нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд өвчтэй байсан талаараа нотолж чадаагүй, түүний нотлох баримтаар гаргаж өгсөн Эмнэлгийн магадлагааг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж дүгнэх боломжгүй байна.  

 

Ийнхүү В  ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 20170822/133 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй, мөн хариуцагч В  ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP програм хангамжийг ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

                         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Өын В  ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, В  ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх программ хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй програм хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНГӨНТУУЛ