Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02418

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02418

 

 

А.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/02270 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч А.Өын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ь ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Маналжав

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Мөнхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч А.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Ь ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж санхүү эрхэлсэн захирлын ажилд орсон. Ь ХХК 2017 оны эхнээс Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүйгээр гадаад улсын нягтлан болох бүртгэлийн SAP гэх программ хангамж ашиглаж эхэлсэн. Энэ программ хангамж нь Монгол Улсын татварын хуулийн дагуу ажиллах боломжгүй, борлуулалтын бүтээгдэхүүний өртөг буруу тооцоолж, татвараас зугтах байдалд хүргэж байсан тул миний бие тухайн програмыг ашиглахыг эсэргүүцэж байсан. Ингээд эцэст нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр захирал Janos Lichtenberg нь намайг ажлаас халснаа бүх ажилчдын өмнө хэлж, ажлын байрнаас хөөж, компьютер, ширээ сандлыг хураан авсан. Түүнээс хойш би дахин Ь ХХК-ийн ажлын байранд нэг ч удаа очоогүй, захирал Janos Lichtenberg руу утсаар ярьж, халагдах тушаалаа өгөхийг удаа дараа шаарддаг байсан. Ь ХХК нь миний халагдах тушаалыг өгөхгүй байсаар 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр захирал Janos Lichtenberg намайг эргэж ажилдаа ор, орохоор чинь хална гэж заналхийлсэн. Тухайн үед би 2 өдрийн эмнэлгийн магадлагаатай байсан тул дуусгаад очсон. Намайг ажлын байраар хангахгүй, дэмий цаг нөхцөөж 2 өдөр болсон бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халах тушаал өгсөн. Уг тушаалд 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр намайг хөөж явуулсан байдлаа ээлжийн амралттай байсан гэж худал бичсэн байсан. Би ээлжийн амралт аваагүй, надад ээлжийн амралтын мөнгө өгөөгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.  Ь ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх программ хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй программ хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Маналжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа биеэр эдлэхээр болж, 7 дугаар сарын 6-ны өдөр амралтын хоногийн маягт үйлдэж, гарын үсэг зурсан. Мөн өдрөө өөрт нь хариуцуулсан эд хөрөнгөө амралттай байх хугацаандаа компанид түр хүлээлгэн өгч, акт үйлдсэн байдаг. А.Өын хүсэлтээр түүний ээлжийн амралтын мөнгийг 2017 оны 6 дугаар сард урьдчилан шилжүүлсэн. Тэрээр ээлжийн амралтаа биеэр эдэлж дуусаад 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орох байсан боловч ажилдаа ирээгүй, ажил тасалсан бөгөөд ажилдаа ирэх боломжгүй болсон шалтгаанаа компанийн удирдлага болоод бусад ажилчдад огт мэдэгдээгүй. Компанийн удирдлагаас 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр А.Өтай утсаар ярьж ажилдаа ирэхийг мэдэгдэхэд тэрээр ажилдаа ирэхгүй, тушаал өг гэж шаардаж, компанийн удирдлагыг хэл амаар доромжилсон. Нэхэмжлэгч ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хоёр өдөр ажилдаа ирээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 16.4.10-д заасны дагуу А.Өыг ажил тасалсан зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр амралтаа авсан. Хариуцагч компанийн зүгээс и-мэйл болон утсаар ажлаас чөлөөлсөн ямар нэг зүйл байхгүй, ажилдаа ирж ажиллах талаар хэлсэн байдаг. Тэрээр 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өглөө 09 цаг 48 минутад цаг бүртгэлийн машинд хуруугаа уншуулаад цайндаа гарахдаа болон буцаж орж ирэхдээ хуруугаа уншуулсан. Ажилдаа 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ирсэн гэдгийг мэдсэн ба уг асуудлаар нэхэмжлэгч маргаагүй. Ажилдаа ирэхдээ өнгөрсөн хоёр өдөрт өвчтэй байсан талаарх баримтаа өгөөгүй. А.Ө ажлаас чөлөөлсөн тушаалыг аваад ажил хүлээлцэхгүйгээр шууд гарч явсан бөгөөд 3-4 цагийн дараа ажилдаа акт гэх баримтыг авч ирсэн. Нэхэмжлэгчийн авчирсан актыг харахад 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн байж өмнөх өдрийг нөхөж бичсэн байсан. Өмнөх өдрийн актыг нөхөж бичсэн талаар гомдлыг бид эмнэлгийн дарга, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ёс зүйн хэсгийн хороо, чанарын албанд гаргасан. Энэ гомдлын хувийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний албанд хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн магадлагааны онош зөрж, алдаа зөрчил гаргасан тул эмчид арга хэмжээг авсан гэсэн хариуг албан бичгээр манай байгууллагад ирүүлсэн. Ингээд А.Өын өгсөн акт нь түүнийг өвчтэй байсан гэдгийг нотлож чадаагүй, эмч нь журмаа зөрчсөн, актын онош зөрсөн, хамгийн гол нь ажлаас чөлөөлсөн гэж тухайн актад зураагүй. Эмч хэлэхдээ урьдчилсан үзлэг хийгээд дээд шатны эмнэлэгт нарийвчилсан үзлэг хийлгэх тухай би бичиж өгсөн. Түүнээс биш энэ хүн ажлаа хийх боломжтой, боломжгүй талаар бичээгүй гэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч А.Өын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ь ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх програм хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй програм хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч А.Ө татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч А.Ө давж заалдах гомдолдоо:

...Хариуцагч компанийн хувьд 2017 оноос Сангийн яамны зөвшөөрөлгүй гадаадын нягтлан бодох бүртгэлийн программыг ашиглаж эхэлсэн бөгөөд улмаар уг программ нь Монгол улсын татварын хууль тогтоомжид нийцэхгүй байсан бөгөөд борлуулалтын бүтээгдэхүүний өртгийг буруу тооцох, татвараас зайлсхийх нөхцөл байдал бий болгосон. Миний хувьд дээрх нөхцөл байдлыг удирдлагуудад таниlцуулж байсан боловч компанийн удирдлагын зүгээс хүлээж аваагүй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр намайг ажлаас халж буйг ажилчдын өмнө хэлэн ажлын байрнаас хөөсөн. Түүнээс хойш би ажил дээр очоогүй бөгөөд гүйцэтгэх захиралд хандан утсаар ажлаас халагдсан тушаалыг авахыг хүссэн боловч тушаал гаргаж өгөөгүй. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирал утсаар ярьж ажилдаа эргэж орохыг хүссэн бөгөөд би өвчтэй байсан тул 8 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа очсон. Надад 2018 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг өгсөн. Анхан шатны шүүх
хэрэг авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг буруу дүгнэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 20170706\82 дугаартай тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Намайг тус компанид ажиллаж байх хугацаанд буюу 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүртэл дээрх тушаал гараагүй бөгөөд уг тушаалыг шүүхэд зориулж нөхөж гаргасан. Учир нь 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хариуцагч компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд орсноос хойш 1 жилийн хугацаа 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр дуусах байсан бөгөөд ажлын ачаалал их байснаас шалтгаалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу ээлжийн амралтыг биеэр эдлэхгүйгээр, ээлжийн амралтын олговрыг мөнгөөр авахаар тохиролцсоны дагуу 2017 оны 6 дугаар сарын 13-ний өдөр амралтын мөнгө болох 3 082 795 төгрөгийг авсан. Хөдөлмөрийн гэрээний дагуу үндсэн цалин болон ээлжийн амралт биеэр эдлээгүйтэй холбоотой амралтын мөнгө нийт 6 687 549 төгрөгийг 2017 оны 6 дугаар сард авсан. Гэтэл хариуцагчийн гаргаж өгсөн дээрх тушаалд надад ээлжийн амралтыг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл биеэр эдлүүлж, амралтын мөнгийн 2017 оны 6 сард олгосон мэтээр дурдсан байна. Гэтэл компанийн зүгээс 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр цалингийн урьдчилгаа 1 250 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1 241 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 183 000 төгрөгийн "цалин" гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байсан. Дээрх компаниас 2017 оны 6 сард өгсөн үндсэн цалин, амралтын олговор, 7 сарын цалин, 8 сарын 2 хоногийн цалинг өгсөн болох нь миний цалингийн дансны хуулга болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс ч энэ талаар маргаагүй болно. Дээрх нөхцөл байдлаас үзвэл миний хувьд 2017 оны ээлжийн амралтыг биеэр эдлээгүй, ээлжийн амралтын урамшууллыг мөнгөөр авсан болох нь тодорхой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компанийн захирал Янош Лихтенбергт явуулсан и-мэйлүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд зарим и-мэйлд хариуцагчийн хүсэлтээр үзлэг хийсэн. Уг и-мэйлүүдийн агуулгаас харвал миний зүгээс 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс ажлаас халагдсан тушаалаа авах хүсэлтэй байгаа болон компанийн нягтлан бодох бүртгэлийн ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байгаа талаар шаардлага хүргүүлж байсан нотлогдож байна. Гэтэл хариуцагчийн зүгээс ээлжийн амралтаа дуусгаад орж ирэхдээ ажлаас халагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тушаалаа шаардсан мэтээр үндэслэлгүй тайлбар гаргасан байна. Хариуцагч компанийн дотоод журам, бидний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнүүдэд ээлжийн амралт авсан тохиолдолд гэрээний дагуу хүлээн авсан эд хөрөнгүүдийг хүлээлгэж өгөх талаар нэг ч заалт байхгүй. Анхан шатны шүүх эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон эд хөрөнгө хүлээлцсэн акт зэрэг баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас огт дүгнээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч А.Ө нь хариуцагч Ь ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Ө нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх програм хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй програм хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалттай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.Ө нь хариуцагч Ь ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус байгууллагад санхүү эрхэлсэн захирлаар ажиллахаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 2-6 тал/

 

Ажил олгогч Ь ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 20170822/133 тоот тушаалаар А.Өыг 2 өдрийн ажил тасалсан, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг хоёр удаа гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан байна. /хх-ийн 7 тал/

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 16.4.10-т шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 1 өдөр буюу ажлын 8 цаг ажил тасалсан-ыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заажээ.

 

Нэхэмжлэгч 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр өөрийг нь ажлаас халсан гэсэн тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Харин нэхэмжлэгч А.Өын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр цаг бүртгэлийн системд цагаа бүртгүүлсэн үйл баримт Ь ХХК-ийн ажлын цагийн бүртгэл гэх баримтаар тогтоогдсоноос үзэхэд ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэрийг ажил олгогч 7 дугаар сарын 6-ны өдөр гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар няцаагдаж байна. /хх-ийн 58-66 тал/

 

Нэхэмжлэгч А.Ө 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл өвчтэй байсан тухайгаа нотолсон эмнэлгийн магадлагааг шүүхэд ирүүлсэн байгаа боловч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 540, 9 дүгээр сарын 21-ний өдрийн 544 тоот албан бичгүүдэд ...А.Өт 2017 оны 8 дугаар сарын 17-21 хүртэлх өдрүүдэд олгосон эмнэлгийн магадлагааны онош, амбулаториор үйлчлүүлэгчийн карт дээрх үзлэгийн онош зөрж оношилгоо эмчилгээний стандарт, анхан шатны бичиг баримт хөтлөлтийн алдаа зөрчил гаргасан гэж зааснаас үзэхэд уг магадлагаагаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй, магадлагаад бичигдсэн онош нь ажлаас чөлөөлөх заалттай болох нь нотлогдоогүйгээс гадна эмнэлэгийн магадлагааны онош, амбулатороор үйлчлүүлэгчийн картын онош зөрсөн үйл баримт дээрх албан бичгүүдээр тогтоогджээ. /хх-ийн 37,90-91 тал/

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 16.4.10-т заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчийн ... анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй бүхий л талаас нь дүгнээгүй гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/02270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Ө нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО