Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00511

 

А.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/02270 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2418 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: А.Ө-

          Хариуцагч: “...монголиа” ХХК-д холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, “...монголиа” ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх програм хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй програм хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Маналжав, өмгөөлөгч М.Мөнхжаргал, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2016-7-4-ний өдөр “...монголиа” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж санхүү эрхэлсэн захирлын ажилд орсон. “...монголиа” ХХК 2017 оны эхнээс Сангийн яамны зөвшөөрөлгүйгээр гадаад улсын нягтлан болох бүртгэлийн SAP гэх програм хангамж ашиглаж эхэлсэн. Энэ программ хангамж нь Татварын хуулийн дагуу ажиллах боломжгүй, борлуулалтын бүтээгдэхүүний өртөг буруу тооцоолж, татвараас зугтах байдалд хүргэж байсан.Иймд тухайн програмыг ашиглахыг эсэргүүцсэн. Эцэст нь 2017-7-6-ны өдөр захирал намайг ажлаас халснаа бүх ажилчдын өмнө хэлж, ажлын байрнаас хөөж, компьютер, ширээ сандлыг хурааж авсан. Түүнээс хойш би дахин “...монголиа” ХХК-ийн ажлын байранд нэг ч удаа очоогүй, захирал руу утсаар ярьж, халагдах тушаалаа өгөхийг удаа дараа шаарддаг байсан. “...монголиа” ХХК миний халагдах тушаалыг өгөхгүй байсаар 2017-8-17-ны өдөр захирал намайг эргэж ажилдаа ор, орохоор чинь хална гэсэн. Тухайн үед би 2 өдрийн эмнэлгийн магадлагаатай байсан тул дуусгаад очсон. Намайг ажлын байраар хангахгүй, дэмий цаг нөхцөөж 2 өдөр болсон бөгөөд 2017-8-22-ны өдөр ажлаас халах тушаал өгсөн. Уг тушаалд 2017-7-6-ны өдөр намайг хөөж явуулсан байдлаа ээлжийн амралттай байсан гэж худал бичсэн байсан. Би ээлжийн амралт аваагүй, надад ээлжийн амралтын мөнгө өгөөгүй. Иймд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. “...монголиа” ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх програм хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй програм хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017-7-16-ны өдрөөс 08-17-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа биеэр эдлэхээр болж, 7-6-ны өдөр амралтын хоногийн маягт үйлдэж, гарын үсэг зурсан. Мөн өдрөө өөрт нь хариуцуулсан эд хөрөнгөө амралттай байх хугацаандаа компанид түр хүлээлгэн өгч, акт үйлдсэн байдаг. А.Ө-ын хүсэлтээр түүний ээлжийн амралтын мөнгийг 2017-6-р сард урьдчилан шилжүүлсэн. Тэрээр ээлжийн амралтаа биеэр эдэлж дуусаад 2017-8-17-ны өдөр ажилдаа орох байсан боловч ажилдаа ирээгүй, ажил тасалсан бөгөөд ажилдаа ирэх боломжгүй болсон шалтгаанаа компанийн удирдлага болоод бусад ажилчдад огт мэдэгдээгүй. Компанийн удирдлагаас 2017-8-17-ны өдөр А.Ө-тай утсаар ярьж ажилдаа ирэхийг мэдэгдэхэд тэрээр ажилдаа ирэхгүй, тушаал өг гэж шаардсан. Нэхэмжлэгч ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хоёр өдөр ажилдаа ирээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 16.4.10-д заасны дагуу А.Ө-ыг ажил тасалсан зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр амралтаа авсан. Хариуцагч компанийн зүгээс е-мэйл болон утсаар ажлаас чөлөөлсөн ямар нэг зүйл байхгүй, ажилдаа ирж ажиллах талаар хэлсэн байдаг. Тэрээр 2017-8-21-ний өдөр өглөө 09:48 минутад цаг бүртгэлийн машинд хуруугаа уншуулаад цайндаа гарахдаа болон буцаж орж ирэхдээ хуруугаа уншуулсан. Ажилдаа 2017-8-21-ний өдөр ирсэн гэдгийг мэдсэн ба уг асуудлаар нэхэмжлэгч маргаагүй. Ажилдаа ирэхдээ өнгөрсөн хоёр өдөрт өвчтэй байсан талаарх баримтаа өгөөгүй. А.Ө- ажлаас чөлөөлсөн тушаалыг аваад ажил хүлээлцэхгүйгээр гарч явсан. 3-4 цагийн дараа ажилдаа акт гэх баримтыг авч ирсэн. Нэхэмжлэгчийн авчирсан акт нь 2017-8-18-ны өдөр үйлдэгдэхдээ өмнөх өдрийг нөхөж бичсэн байсан. Өмнөх өдрийн актыг нөхөж бичсэн талаар гомдлыг бид эмнэлгийн дарга, СБД-ийн Эрүүл мэндийн төвийн Ёс зүйн хэсгийн хороо, чанарын албанд гаргасан. Энэ гомдлын хувийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний албанд хүргүүлсэн. СБД-ийн Эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн магадлагааны онош зөрж, алдаа зөрчил гаргасан тул эмчид арга хэмжээ авсан тухай хариу ирүүлсэн. А.Ө-ын өгсөн акт нь түүнийг өвчтэй байсныг нотлоогүй, эмч нь журмаа зөрчсөн, актын онош зөрсөн, ажлаас чөлөөлсөн талаар актад зураагүй байсан. Эмч хэлэхдээ урьдчилсан үзлэг хийгээд нарийвчилсан үзлэг хийлгэх тухай бичиж өгсөн гэдэг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 183/ШШ2018/02270 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан А.Ө-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан “...монголиа” ХХК нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх програм хангамжийг ашиглаж байгааг тогтоолгож, зөвшөөрөлтэй програм хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч А.Ө- татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2418 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/02270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

 

   Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч өөрийн тайлбараа нотолсон баримтыг ирүүлээгүй гэжээ. Би 2016-07-04-ний өдөр “Вюртмонголиа" ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Санхүү эрхэлсэн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Хариуцагч компанийн хувьд 2017 оноос Сангийн яамны зөвшөөрөлгүй гадаадын нягтлан бодох бүртгэлийн програмыг ашиглаж эхэлсэн бөгөөд улмаар уг програм нь Татварын хууль тогтоомжид нийцэхгүй, борлуулалтын бүтээгдэхүүний өртгийг буруу тооцох, татвараас зайлсхийх нөхцөл байдал бий болсон. Миний хувьд дээрх нөхцөл байдлыг удирдлагуудад танилцуулж байсан боловч компанийн удирдлагын зүгээс хүлээж аваагүй бөгөөд 2017-07-06-ны өдөр гүйцэтгэх захирал ажлаас халж буй талаар ажилчдын өмнө хэлж, ажлын байрнаас хөөн, эд хөрөнгө болон, баримт бичгийг хураан авсан болно. “Вюртмонголиа” ХХК-тай 2016-11-23-ны өдөр байгуулсан “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-ний 6.6-д ‘Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тохиолдолд хүлээн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлаар ажил олгогчид хүлээлгэн өгч тооцоог дуусгана.” гэж заасан. Уг заалтын дагуу гүйцэтгэх захирлын шаардлагаар 2017-07-06-ны өдөр ажлаас халагдсан буюу хөдөлмөрийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гэрээний дагуу хүлээн авсан бүхий л эд хөрөнгийн акт үйлдэн компанид хүлээлгэж өгсөн баримтаар нэхэмжлэгчийг 2017-07-06-ны өдөр ажлаас халсан болох нь тодорхой харагдана. “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” болон эд хөрөнгө хүлээлцсэн акт зэрэг баримтыг хоёр шатны шүүх үнэлж дүгнээгүй. Хариуцагч компанийн дотоод журам, бидний хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” болон “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-нүүдэд ээлжийн амралт авсан тохиолдолд гэрээний дагуу хүлээн авсан эд хөрөнгүүдийг хүлээлгэж өгөх талаар нэг ч заалт байхгүй бөгөөд гэрээг цуцалсан тохиолдолд акт үйлддэг. Хариуцагчийн болон миний е-мэйлүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд зарим е-мэйлд шүүхээс үзлэг хийсэн болно. Уг е-мэйлүүдэд 2017-07-06-ны өдрөөс ажлаас халагдсан тушаалаа авах хүсэлтэй байгаа болон компанийн нягтлан бодох бүртгэлийн ажиллагаа Монгол Улсын хуульд нийцэхгүй байгаа талаар шаардлага хүргүүлж байсныг нотолж байхад шүүхээс үнэлж дүгнээгүй. Шүүх “...2017-07-06-ны өдөр 20170706\82 дугаар тушаалаар нэхэмжлэгчид ээлжийн амралт олгож, ээлжийн амралтыг 2017-07-16-с 2017-08-17-ны өдөр хүртэл эдлүүлэхээр амралтын олговрыг 2017 оны 06 сард олгосон болохыг тушаалд дурдаж, амралтын олговрыг уг хугацаанд хүлээн авсан нь зохиогчдын тайлбараар тогтоогдож байна.” гэж үндэслэлгүй буруу дүгнэсэн. “Вюртмонголиа” ХХК ХХША-ны явцад 2017-07-06-ны өдрийн 20170706\82 дугаартай тушаал/хх58/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг тушаалд 1-т надад ээлжийн 2017 оны ээлжийн амралтыг 2017-07-16-с эхлэн 08-17-ны өдөр хүртэл ажлын 24 хоногоор тооцон олгох, 2-т “...ээлжийн амралтын олговрыг 2017-06-сард урьдчилан олгосон болохыг дурдсугай” гэсэн байсан. Энэхүү тушаал нь намайг тус компанид ажиллаж байх хугацаанд буюу 2016-07-04-с 2017-07-06-ны өдөр гараагүй бөгөөд тушаалыг ажил олгогч өөрийн давуу байдлаа ашиглан шүүхэд зориулж нөхөж хийсэн тушаал болно. Учир нь 2016-07-4-ний өдөр хариуцагч компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд орсноос хойш 1 жилийн хугацаа 2017-07-04-ний өдөр дуусах байсан бөгөөд ажлын ачаалал их байснаас шалтгаалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-д заасны дагуу ээлжийн амралтыг биеэр эдлэхгүйгээр, ээлжийн амралтын олговрыг мөнгөөр авахаар ярилцсаны дагуу 2017-06-13-ны өдөр амралтын мөнгө болох 3,082,795 төгрөгийг авсан. Хариуцагч компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу цалинг сарын бүрийн 15 болон 30-ны өдөр 2 хувааж авдаг бөгөөд миний хувьд 2017-06-15-ны өдөр цалингийн урьдчилгаа 1,250,000 төгрөг, 2017-06-30-ны өдөр үлдэгдэл 1,136,999 төгрөгийг авсан. Өөрөөр хэлбэл дээр дурдсанчлан удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр хөдөлмөрийн гэрээний дагуу үндсэн цалин болон ээлжийн амралт биеэр эдлээгүйтэй холбоотой амралтын мөнгө нийт 6,687,549 төгрөгийг 2017-06-р сард авсан. Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын Сайдын 2000-06-14-ний өдрийн 166-р тушаалын 1-р хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 2-т “Ажил олгогч нь бүх ажилтныг жил бүр ээлжийн амралтаа заавал биеэр эдлэх бололцоогоор хангаж эдлүүлнэ”, 4-т “Ажилтны ээлжийн амралтыг ажлын жилээр нь тооцон олгоно. Ээлжийн амралт олгох ажлын жил нь ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагад анх ажилд орсон өдрөөс эхлэн тооцогдоно. Тухайлбал, ажилтан 1999-4-15-ны өдөр нэг байгууллагад ажилд орсон бол түүнд анхны амралтыг 1999-4-15-наас 2000-4-15 хүртэлх нэг ажлын жилийн хугацаанд дараагийн амралтыг 2000-4-15-с 2001-4-15-ныг хүртэлх ажлын жилийн хугацаанд гэх мэтчилэн тус тус тооцож олгоно”, 5-т “Ажилтан ээлжийн амралтаа тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдлэхийг хүсвэл ажил олгогч нь түүний хүсэлтийг харгалзана. Тухайлбал, ажилтан 1999-11- 1-с 2000-11-1 хүртэлх хугацааны ажлын жилийн ээлжийн амралтыг 2 хувааж, эхний хэсгийг 2000-2-р сард, үлдсэн хэсгийг 9-р сард эдлэхээр авч болох жишээтэй. Энэ тохиолдолд ээлжийн амралтын олговрыг бөөнд нь эхний удаад амралт эдлэхэд тооцож олгоно”; мөн тушаалын 2-р хавсралтаар баталсан “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-ын 1-т “Ажилтны ээлжийн амралтын олговрын хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 55.2-т заасны дагуу тодорхойлоход энэхүү журмыг баримтална”, 3-т “Ээлжийн амралтын олговрыг уг ажилтны ээлжийн амралт эдлэхээс өмнөх ажлын 1 жилийн хугацааны дундаж цалин хөлсийг үндэслэн тодорхойлно. Тухайлбал, ажилтан 2000-7-1-с ээлжийн амралтаа эдлэх гэж байгаа бол түүний ээлжийн амралтаа эдлэхээс өмнөх ажлын нэг жилд 1999-7-1-с 2000-1-1 хүртэл хугацааг авч үзнэ”, 4-т “Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага, нэгжид мөрдөж буй ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцож гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно” гэж тус тус заажээ. Гэтэл хариуцагчийн нөхөж гаргасан тушаалаас үзвэл миний хувьд ээлжийн амралтын мөнгөө 2017-06 сарын цалин дээр бодуулж аваад, 2017-07-16-с 08-17ны өдөр хүртэл ажлын 24 хоног амарсан гэж тооцвол уг хугацаанд цалин бодогдох ёсгүй. Гэтэл компанийн зүгээс 2017-07-06-ны өдөр цалингийн урьдчилгаа 1,250,000 төгрөг, 2017-07-31-ний өдөр 1,241,000 төгрөг, 2017-08-31-ний өдөр 183,000 төгрөгийн “цалин” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байсан. Дээрх компаниас 2017-06 сард өгсөн үндсэн цалин, амралтын олговор, 07 сарын цалин, 08 сарын 2 хоногийн цалинг өгсөн болох нь миний цалингийн дансны хуулга болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр бүрэн тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс ч энэ талаар маргаагүй болно. Дээрх нөхцөл байдлаас үзвэл 2017 оны жилийн ээлжийн амралтыг мөнгөн хэлбэрээр тооцож 6 сард олгосон атал 2017-07-16-наас 08-17-ны өдрийг хүртэл ээлжийн амралтыг биеэр эдлүүлж, нэг жилд 2 удаа ээлжийн амралт олгосон, ээлжийн амралттай байх хугацаанд 2017-7 сарын цалинг олгосон зэрэг байдлаас үзвэл 2017-7-р сард ажлаас халсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд ийнхүү 7 сард ажлаас халсан асуудлаа халхавчлах зорилгоор 82-р тушаалыг нөхөж хийсэн тодорхой байхад “баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хариуцагч ийм байдлаар “намайг амарч бай” гэж бусдыг хууран мэхэлж, төөрөгдүүлж хөдөлмөрлөх, ажиллах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулан ажлаас халагдсан тушаалыг авахыг хүссэн боловч тушаал огт гаргаж өгөөгүй. 2017-08-17-ны өдөр гүйцэтгэх захирлын зүгээс өөрийн биеэр утсаар ярьж ажилдаа эргэж орохыг хүссэн бөгөөд 2017-08-21-ний өдөр ажилдаа очиход ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй, миний ажлын байрыг өөр шинэ ажилтанд олгосон байсан. Ажлын байр болон ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй атлаа 2018-08-22-ны өдрийн 20170822М 33 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38.2.1, 40.1.4-д заасны дагуу “ээлжийн амралтын хугацаа дуусч 2017-08-17-ны өдрөөс ажилдаа орох байсан боловч ажил олгогч буюу шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 2 өдрийн ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг 2 удаа гаргасан” гэх шалтгаанаар үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь шударга бус шийдвэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ээлжийн амралт дуусаад ажилдаа эргэж орсон асуудал огт байхгүй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         А.Ө- 2017-12-08-ны өдөр “...монголиа” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, санхүү эрхэлсэн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэмцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хариуцагч нь Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх програм хангамжийг ашиглаж байгааг тогтоолгох, зөвшөөрөлтэй програм хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоох шаардлага /хх1/ тавьсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь “...Монгол Улсын Сангийн яамны зөвшөөрөлгүй, гадаад улсын нягтлан бодох бүртгэлийн SAP гэх програм хангамжийг ашиглаж байгааг тогтоолгох, зөвшөөрөлтэй програм хангамж ашиглах хүртэл компанийн үйл ажиллагааг түр зогсоох...” шаардлагаасаа татгалзсаныг батлаж, холбогдох хэргийг үлдэх нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

         Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Нэхэмжлэгч нь “...2017-07-06-ны өдөр ажлаас халагдсан...” гэж, харин хариуцагч нь “...2017-08-22-ны өдөр халсан...” гэж тус тус маргажээ.  

         А.Ө- “...монголиа” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь тогтоогдсон тул хоёр шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон нь зөв байна.

       Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.

      “...монголиа” ХХК-ийн захирал 2017-08-22-ны өдөр 20170822/133 дугаартай тушаал гаргаж, “...ажил олгогч буюу шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 2 өдрийн ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг 2 удаа гаргасан...” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 16.4.10-г үндэслэн А.Ө-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

      Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 16.4.10-т “...шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 1 өдөр буюу ажлын 8 цаг ажил таслах...” тохиолдлыг  гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд хамааруулахаар зохигч нар тохиролцсон байна. 

      Ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ зохигчийн тайлбар, үйл баримтыг хооронд харьцуулж, нотлох баримтыг өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцжээ. 

    А.Ө-ыг хариуцагч 2017-08-22-ны өдөр бус, харин 2017-07-06-ны өдөр ажлаас нь халсан гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул “...ажил олгогч ажлаас халсан тушаалыг нөхөж гаргасан...ээлжийн амралт эдлээгүй...” гэх гомдол нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй байна. Нэхэмжлэгч 2017-08-21-ний өдөр ажилдаа очиж, ажлын цагаа бүртгүүлсэн, 2017-08-22-ны өдөр ажилдаа ирээгүй шалтгаанаа нотлох зорилгоор ажил олгогчид эмнэлгийн магадлагаа өгсөн зэрэг нь 2017-07-06-ны өдөр ажилтныг халсан гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байна.   

     Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2017-07-06-ны өдөр ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэх боловч энэ тухай гомдлоо 2017-09-18-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл болохыг дурдах нь зүйтэй. “...ажил олгогч ажлаас халж байгаа талаараа амаар  хэлсэн... бичгээр тушаал гаргахгүй байсан...” гэх тайлбар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл биш юм. Ажил олгогч шийдвэрээ бичгээр гаргаагүй нь шүүхэд нэхэмжлэл гаргах ажилтны эрхийг хязгаарлахгүй.

     Хоёр шатны шүүх талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/02270 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2418 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ