Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1784

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 7 сарын 31 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01784                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Ю” ХХК-д холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээний доголдол засварласан зардал 73.694.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээний үлдэгдэл төлбөр 9.873.800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил, гэрч Д.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь Ю ХХК-тай гадна талбайн ажил гүйцэтгэх 015/55 дугаар гэрээг 2015 оны 11 сарын 25-ны өдөр мөн өдрөө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг ханган ажиллах хавсралт гэрээг 015/55-1 дугаар хийж, өөрийн компанийн барьсан Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7 хорооллын /Залуу гэр бүл-2/ 216 айлын орон сууцны барилгын гадна талбайд ажил гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээгээр тохиролцохдоо 1126 м2 талбайг бетондуулахдаа бетон зуурмагийг нь худалдан авч өгөхөөр тохирсны дагуу 27.808.000 төгрөгийн үнэтэй зуурмаг /ЭДТ ХХК/-аас худалдан авч өгсөн. Манайх гэрээний 5-д зааснаар төлбөрийг хугацаанд нь хийсэн. Ю ХХК нь 2015 оны 11 сарын 27-ны өдөр ажлаа эхэлж, манай талд 2015 оны 12 сарын 22-ны өдөр бетондон, мөн гэрээний 4.3-д зааснаар дулааны улирал болох 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 сарын 01-ний хооронд өнгөлөх, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг ирж гүйцэтгэх байсан боловч ямар нэг хүлээлцэх акт үйлдээгүй. Гэрээний хавсралтад заасан 10 ажлаас хөрс хуулалт, тээвэрлэлт, пандус, бродюр суулгах ажлаас бусад огт хийгдээгүй, бетондох ажил нь чанаргүй хийгдсэнээс болж хавар газар гэсэхээр зүгээр л саарал шороо болж хувирсан. Манай компани барилгын ажлаа хийж дуусгаад 2016 оны 4 сарын 20-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгөхөөр комисс ажиллуулсан. Энэ үед Ю ХХК-ийн хийсэн талбай цөмөрч ашиглах аргагүй болсон. Ингээд Ю ХХК-д хандан 2016 оны 4 сарын 22-ны өдрийн 016/64 албан тоот, 2016 оны 5 сарын 26-ны өдрийн 016/95 албан тоот, 2016 оны 7 сарын 05-ны өдрийн 016/280 албан тоот, гэрээний 3.3-д мөн 12.1-д заасны дагуу өөрийнхөө хөрөнгөөр засварлахыг шаардсан албан шаардлагыг тус тус хүргүүлсэн боловч удтал шаардуулж байж ерөнхий захирал Л.Шижирбаатар манай дээр ирээд манайх удахгүй мөнгөтэй болно. Одоо хүн хүч тоног төхөөрөмжөө танай гадаа зөөвөрлөн хүргэж ирэх зардал алга танайх гэрээний 1.3, 5.3-д заасан мөнгөө өгчих бид маргааш л хүрээд ирнэ гэж хэлээд гүйцэтгэлийн баталгааны 5 хувь болох 1.922.300 төгрөгийг 2016 оны 7 сарын 21-ний өдөр авч яваад тэр чигтээ эргэж ирээгүй. Өөрөөр хэлбэл манай компанийн хувьд гэрээгээр нийт тохирсон сүүлийн үлдэгдэл болох 1.500.000 төгрөг өгсөн ч маргаашнаас нь ахиж ирэхгүй өнөөдрийг хүрлээ. Ингээд байр захиалсан айлууд орох болж гарцаагүй байдалд орсноор манай компани дахин /Прайм капитал ХХК/-тай дахин 25.020.000 төгрөгийн Гадна талбай тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, дутуу ажлыг гүйцэтгүүлж, хөрөнгө, цаг хугацаагаар хохироод байна. Иймд хариуцагчаас бетон зуурмагийн үнэ 27.808.000 төгрөг, хийгдээгүй ажлын хөлс 31.912.000 төгрөг, дахин шинээр хийлгэсэн хөлс 25.020.000 төгрөг, нийт 84.740.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ч нэхэмжлэлийн шаардлагыг давхардуулан нэхэмжилсэн байгаа тул 11.046.000 төгрөгөөр багасгаж, 73.694.000 төгрөгөөр хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2015 оны 11 сарын 25-ны өдөр Э ХХК-тай Гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний хавсралтаар заагдсан ажлуудыг 2015 оны 12 сарын 23-ны өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Харин захиалагч тал гэрээний 5.3-д заасан хугацаанд ажлын хөлсийг өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч дахин хийлгэсэн ажлын хөлс зэргийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Гэрээнд заагдсан ажлуудыг дадлага туршлага бүхий багаар гүйцэтгүүлсэн, хөрс хуулалтыг өөрсдөө машин механизм түрээслэн хийсэн, өвлийн улиралд хөлдүү гарзын хуулалт хийхэд техник хэрэгсэлд эвдрэл гарч гүйцэтгэгч тал ашигтай ажиллах биш харин ч өр төлбөрт орсон. Хөрс хуулалт, бетон хучилт зэрэг ажлуудыг өвлийн улиралд хийж болохгүй талаар сануулсан ч барилгаа хурдан ашиглалтад өгөх хэрэгтэй, тайлбар хэрэггүй гэсэн тул бид захиалагчийн шахалтын дагуу ажлаа эхэлсэн. Гэрээнд заагдсан бетон хучилтын ажил хийгдэхийн тулд зайлшгүй хөрс хуулж, хуулсан хөрсний гадаргыг индүүдэж тэгшилж, бетон хучилтаа хийхдээ майхан хучилт хийж пуужин тень тавьж хатаах, хучилтыг индүүдэж тэгшлэх гэсэн ажлууд хийгддэг. Бид гэрээний дагуу дээрх ажлуудыг /гэрээний 1,2,3,4,9,10/ горимын дагуу хийж 2016 оны 12 сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн. Дээрхээс гадна хогийн сав, сандал зэргийг гэрээний дагуу шаардлага хангасныг хүлээлгэж өгсөн ба хүүхдийн тоглоомын талбайд резин наах, тоглоом угсрах ажлуудыг /5,6,8/ хийж дуусгасан. Харин ажлын явцад гаднах талбайн гэрэлтүүлгийн ажлыг бид хийгээгүй. Манай компани болон ажлын багийг ажил гүйцэтгэх явцад захиалагч тал ажлын хөлсийг тохирсон хугацаанд өгөхгүй чирэгдэл үүсгэж байсан бөгөөд гэрээнд зааснаар ажил эхлэхэд 30 хувь, ажлын 70 хувийг хийхэд 40 хувь, ажил дуусаж хүлээж авснаар үлдсэн төлбөрийг төлөхөөр тохиролцсон ч хуваарьт хугацаанд төлбөрөө төлж чадаагүй. Нэхэмжлэгч барилгаа 2016 оны 4 сарын 20-ны өдөр Улсын комисст өгөх гэтэл талбай цөмөрсөн, үүнийг дахин хийлгэсэн гэж үндэслэлээ тайлбарласан нь өвлийн улиралд хийж болохгүй зүйлийг шахаж шаардаж хийлгүүлчихсэн хүмүүсийн хувьд гаргаж боломгүй зүйл байна. Манай компанид болон ажлыг гүйцэтгэсэн хүмүүст ингэж талбай цөмөрсөн талаар албан шаардлага нэг ч хүргүүлж байгаагүй, засаж сайжруулахыг нэг ч сануулж байгаагүй хэрнээ өнөөдөр шүүх дээр 2 жил болох гэж байгаа ажлын талаар үндэслэлгүй зүйл бичиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлээд байгаа бетон зуурмагийн хувьд материалыг нэхэмжлэгч өөрөө нийлүүлэх үүрэгтэй, энэ тал дээр бид ямар нэгэн оролцоогүй. Ажил хүлээлгэж өгөхдөө талууд хамтарсан акт үйлдэж, хийсэн ажлуудыг нэг бүрчлэн бичиж хяналтын ерөнхий инженер Мөнхсүрэн гарын үсгээ зурж хүлээж авсан. Гэрээний 4.3-т заасан зам талбай өнгөлөх, тэмдэг, тэмдэглэгээ хийх төлбөр 3 сая төгрөг, үүнийг нэмэлт гэрээ байгуулж шийднэ гэж заасан. Захиалагч компани нь манайхтай ямар нэг нэмэлт гэрээ байгуулаагүй байж нэхэмжлэлдээ үүнийг гүйцэтгээгүй гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Тэдний өөрийнх нь сонгосон, өгсөн зуурмагаар л ажлыг гүйцэтгэсэн ба өвлийн улиралд хийх бетон зуурмаг стандартаар 350-400 марктай байх ёстой ч нэхэмжлэгч 250 марктай бетон нийлүүлсэн нь сүүлд мэдэгдсэн. Нийлүүлсэн материалын чанарын шаардлагыг бид хариуцахгүй, тухайн үед маркийг мэдэх боломжгүй байсан. Э ХХК-ийн барилгаа улсын комисст л хурдан өгөх гэсэн шунаг хүслээс нь болсон хариуцлагыг бид зөвшөөрөхгүй байна. Бид нэг ч удаа албан тоот хүлээж аваагүй. Төлбөрийн хувьд дансаар авч байсан 29.912.200 төгрөг, бэлнээр 1.500.000 төгрөг нийт 31.512.200 төгрөг ажлын хөлсөнд авсан тул үүн дээр бид маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 11 сарын 25-ны өдөр талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 1-д тусгасан 10 ажлын төлбөр 38.446.000 төгрөг юм. Бид 10 ажлаас гадна талбайн гэрлийн тохижилтыг нь хийгээгүй. Үүний төлбөр нь 1 сая төгрөг байсан тул нийт төлбөрөөс хасч 37.446.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Үүн дээр хавсралт 2-т зааснаар гадна зам талбайн ажлын үнийн санал гэж тусгаж гэрээнд заагдсанаас өөр илүү ажил хийсэн хөлсөндөө 3.840.000 төгрөг авахаар тохирч талууд хавсралтаар баталсан. Тиймээс гэрээнд заагдсан ажлын хөлс 37.446.000 төгрөг дээр нэмэлт ажлын хөлс 3.840.000 төгрөгийг нэмж 41.286.000 төгрөгийн ажил гүйцэтгэснээс хүлээн авсан 31.412.200 төгрөг манайх хүлээн авсан тул үлдэх 9.873.800 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч тал гэрээнд заагдсан ажлуудыг бүрэн хийж дуусгасан гэж ярьж байх боловч гэрээг цуцлах шаардлага гаргасан байна. Гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл одоогоор тогтоогдоогүй байгаа тул цуцлах боломжгүй юм. Талууд 38.446.000 төгрөгөөр гэрээний үнийг тохирч ба гэрээнд заасан ажлуудаас гэрээний хавсралтад заасан хөрс суулгалт, пандус, том талбайг тойруулж хийсэн бордюр зэрэг нь чанарын шаардлага хангаж эвдэрч гэмтээгүй тул энэ ажлуудын төлбөрийг өгсөн зардлаасаа хасч нэхэмжилсэн. Хариуцагчийн төлөөлөгчийн манайд 41.286.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэж өгсөн мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Ажил гүйцэтгэгч компаний чанаргүй ажлын үр дүнд манайх дахин хохирч байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК гадна талбайн ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас учирсан хохирол 84.740.000 төгрөг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, хийгдээгүй ажлын хөлс 31.912.000 төгрөг гаргуулах шаардлагаа давхардуулсан үндэслэлээр шаардлагаа 11.046.000 төгрөгөөр багасгажээ.

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь бетон хучилтын ажил доголдолтой, хогийн сав, сандал, түлш, майхант хучилт тень, тоглоом угсралт зэргийг хийж гүйцэтгээгүй тул эдгээр ажлыг хийлгэхээр төлсөн 20.866.000 төгрөг,  анх бетон хучилт хийхэд шаардлагатай цемент худалдан авсан үнэ 27.808.000 төгрөг, бетон хучилтыг бусдаар дахин гүйцэтгүүлсэн зардал 25.020.000 төгрөг, нийт 73.964.000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлжээ.

 

Хариуцагч нь бетон зуурмагийн стандартаар 350-400 марктай байх ёстой ч нэхэмжлэгчийн нийлүүлсэн 250 маркийн бетоноор хучилт хийсэн, Актаар талууд ажлыг хүлээлцсэн, хогийн сав, сандал зэргийг Д.Батсайхан жолоочоор хүргүүлсэн, биднээс доголдлын талаар шаардлагыг ирүүлж байгаагүй  тул нээхмжлэл үндэслэлгүй гэж маргав.

 

Талуудын хооронд Гадна талбайн ажил гүйцэтгэх гэрээ 2015 оны 11 сарын 25-ны өдөр байгуулагдсан, гэрээний хавсралтаар 10 ажил гүйцэтгэхээс гэрлийн ажлыг гүйцэтгэхгүйгээр тохирч гэрээний дүнгээс 1 сая төгрөгийг хасч, 37.446.000 төгрөгийн үнэ бүхий ажлыг гүйцэтгэхээр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч дээрх 9 төрлийн ажлаас хөрс хуулалт, тээвэрлэлт, индүү, налуу зам /пандус/, хашлага /бордюр/ зэргийг гүйцэтгэсэн үр дүнг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж, тамга дарснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Гэрээний нөхцөл агуулгаас дүгнэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүсэн байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. 

 

Талууд гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг Захиалагчийг төлөөлж М.Мөнхсүрэн, Гүйцэтгэгчийг төлөөлж Ч.Батжаргал нар хүлээлцэж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гадна зам талбай, тохижилт хийсэн актаар дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана” гэж заажээ.

 

Талууд гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний 12.1-т “барилгыг улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтанд өгөх актаар баталгаажсан өдрөөс эхлэн 24 сарын баталгаат хугацаатай байна. Баталгаат хугацаанд гарсан аливаа эвдрэл, гэмтэл болон оршин суугчдын гомдол зэрэг бүхий л асуудлыг гүйцэтгэгч тал хариуцна” гэж тусгаснаас үзэхэд талууд гэрээгээр гомдлын шаардлага гаргах хугацааг тохиролцжээ. 

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүн М.Мэндсайхан 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гадна талбайн тохижилт, ногоон байгууламж, тоглоомын талбайг хийж дуусгах саналыг гаргасан, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэгч “Ю” ХХК-ийн захирал Ч.Батжаргал гэрээний үлдэгдэл төлбөрөөс 1.500.000 төгрөгийг хүлээн авсан байна.

 

Дээрх саналын дагуу захиалагч нь 2016 оны 4 дүгээр сарын 22, 5 дугаар сарын 26, 7 дугаар сарын 25-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлж, ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг засварлахыг шаардаж байсныг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар доголдлыг арилгуулахаар гүйцэтгэгчээс шаардсан боловч үр дүн гаргаагүй гэж үзэхээр байна.

 

Иймд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д ажил гүйцэтгэгч ямар нэг доголдолгүй үр дүнг захиалагчид шилжүүлэх үүрэгтэй гэж, 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд гүйцэтгэгч ямар нэг арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

 

Гэвч нэхэмжлэгчийн зууурмагийн үнэ 27.808.000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй бөгөөд үүнээс 8.185.000 төгрөгийг хангахаар байна. Учир нь комиссын гишүүн М.Мэндсайхан тохижилтын ажлыг хийж дуусгахаар гаргасан санал, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тухайн зуурмагаар хийсэн талбайн хучилтыг хуулаагүй, харин түүний дээрээс нь давхарлан цутгасан гэж тайлбарласан, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийн хавсралтаар 8.185.000 төгрөгийн ажлыг хийж дуусгахыг мэдэгдсэн, тухайн хучилтыг үе болгон ашигласан байх тул доголдлыг засах зардлыг энэхүү үнийн дүнгээр тооцож хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч талын хийсэн бетон хучилтыг нөхөх замаар хийх боломжгүй тул бусдаар дахин хийлгэсэн гэж тайлбарласныг хүлээн авч, тухайн ажлыг “Прайм капитал” ХХК-иар дахин гүйцэтгүүлж, зардалд 25.020.000 төгрөг төлсөн болох нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 016/03 тоот гэрээ, мөнгө төлсөн болон хүлээн авсан баримтуудаар нотлогдож байна.

 

Хэдийгээр хариуцагч тал хогийн сав, сандал хүргүүлснээ нотлуулахаар гэрч Д.Батсайханыг асуулгасан боловч гэрч нь тухайн үйл баримтын оныг тодорхойлж чадаагүй, хүргэсэн газрын байршлыг зааж чадахгүй байх тул үнэн зөв гэж үзэх боломжгүй, түүнчлэн өөр баримтаар  нотлогдохгүй байх тул 4 ширхэг хогийн сав, 4 ширхэг сандлын зардалд 2.240.000 төгрөгийг хариуцагчаас гаргууллаа.

 

Нэхэмжлэгч талын хогийн сав, сандал, түлш, майхант хучилт тень, тоглоом угсралт зэргийг хийж гүйцэтгээгүй үндэслэлээр нэхэмжилснийг хангах үндэслэлгүй буюу хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байх тул ажлыг хийлгэхээр төлсөн 20.866.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн зүгнэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,  352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч  “Ю” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд /8.185.000+25.020.000+2.240.000/ нийт 35.445.000 төгрөг гаргуулан “Э” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 38.249.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль үндэслэлтэй байна.

 

2. Хариуцагчийн төлбөр гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Талуудын хооронд 2015 оны 11 сарын 25-ны өдөр байгуулагдсан Гадна талбайн ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч буюу нэхэмжлэгч нь гүйцэтгэгч буюу хариуцагчид ажлын гүйцэтгэсний хөлс 37.446.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. 

 

Хэрэгт авагдсан баримтаар дансаар 29.912.200 төгрөг, бэлнээр 1.500.000 төгрөг нийт 31.512.200 төгрөг ажлын хөлсөнд авсан болох нь тогтоогдож байх тул үлдэгдэл ажлыг хөлсийг хариуцагч нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь ажлын олгоогүй хөлс 6.033.800 төгрөг дээр нэмэлт ажил хийсэн 3.840.000 төгрөг, 9.873.800 төгрөг гаргуулахаас 500.000 төгрөгийг хүлээн авсан үндэслэлээр шаардлагаа багасгаж тайлбарлаж байна.

 

Гэрээний нийт ажлын хөлс 37.446.000 төгрөгөөс хариуцагчийн хүлээн авсан 31.412.200 төгрөгийг хасч тооцоход 6.033.800 төгрөг болохоос авснаа хүлээн зөвшөөрсөн 500.000 төгрөгийг хасч, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгчээс 5.533.800 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг шаардлагаас үлдэх 3.840.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581.651 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 335.175 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас төлсөн 188.940 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 111.490 төгрөг гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2,         115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,  352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч  “Ю” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 35.445.000 /гучин таван сая дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулан “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38.249.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 5.533.800 /таван сая таван зуун гучин гурван мянга найман зуу/ төгрөг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг шаардлагаас үлдэх 3.840.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 581.651 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 335.175 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас төлсөн 188.940 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 111.490 төгрөг гаргуулж, хариуцагчид олгосугай. 

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ