Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1669

 

    2018 оны 07 сарын 05 өдөр

               Дугаар 183/ШШ2018/01669

                  Улаанбаатар хот

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И.З ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Б.Гт холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 135.458.450 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Г нь “И.З” ББСБ-тай 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2017/36 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 110.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, хд-101 байр, 2 тоот хаягт байршилтай, 79.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 байр, 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй. Цаашид ч уг зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй нь тодорхой байгаа. Иймд зээлдэгч Б.Гаас үндсэн зээлд 109.879.435,61 төгрөг, зээлийн хүү 27.286.356,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.457.271,38 төгрөг, нийт 142.623.064,09 төгрөгийг түүний барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, багасган, үндсэн зээлийн үлдэгдэлд 109.879.435 төгрөг, зээлийн хүүд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацааны үлдэгдэл 144.657 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 4.339.726 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 1.907.352 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүү нийт 23.556.029 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.022.986 төгрөг, нийт 135.458.450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагч төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү. Зээлийн гэрээний дагуу 110.000.000 төгрөгийг Б.Гт шилжүүлсэн бөгөөд түүний хүсэлтээр 2 сарын хүү буюу 8.800.000 төгрөгийг урьдчилж авсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 142.623.064 төгрөг нь хэднээс хэднийг хүртэл тасалбар болгон тооцсон болох нь тодорхойгүй байна. Нэхэмжлэл гаргахаас 1 хоногийн өмнө буюу 5 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Б.Гт өгсөн байдаг. Уг мэдэгдлийн дагуу үндсэн зээлд 109.879.435 төгрөг, зээлийн хүүд 15.175.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 745.790 төгрөг, нийт 125.401.320 төгрөгийн төлбөртэй байна гэж тооцоо гаргаж өгсөн. Тэгэхээр нэхэмжлэлд дурдсанаар хэрхэн 142 сая болсон нь тодорхойгүй байна. И.З ХХК-ийн зүгээс Б.Гтай 110 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл бодитоор Б.Гын ХААН банкны дансанд гэрээ байгуулсан өдөр 100.900.000 төгрөг орсон байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, үйл ажиллагааны тухай хуулийн 21.4-т зааснаар Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан байдаг. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1-т зааснаар зээл гэж тодорхой төлөх хугацаа, хүүтэй эргэн төлөх мөнгөн хөрөнгийг ойлгоно гэж заасан байдаг. Мөн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохыг зээл гэнэ гэжээ. Тэгэхээр бодитоор 100.900.000 төгрөгийг зээлээд Б.Гт олгосон байдаг. Б.Г нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зээлийн төлбөрт 4.484.400 төгрөг төлсөн байдаг ба үүний 4.363.835,61 төгрөг нь тухайн сарын зээлийн хүүд татагдаад, үлдсэн 120.560 төгрөг нь үндсэн зээлд суутгагдсан байдаг. Ингээд үндсэн зээлийн төлбөрт 100.779.436 төгрөг үлдсэн бөгөөд үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зааснаар зээлийн хүү гэж зээлдэгчийн ашигласан гэрээнд заасан хугацааны төлбөрийг ойлгоно. Тэгэхээр 100.900.000 төгрөг авсан бөгөөд зээлдэгч Б.Г нь өөрийн үйл ажиллагаандаа энэ мөнгийг зарцуулсан. Бодитоор олгосон 100.900.000 төгрөгт ногдох хүүг төлөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэлд 100.779.436 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэлд 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны 10.820.500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 797.585 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

И.З ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Гт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 135.458.450 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

И.З ХХК болон Б.Г нар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ИЗ/ЗГ-36 дугаар “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч И.З ХХК нь 110.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй зээлдэгч Б.Гт зээлдүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг байгуулжээ.

 

Зээлийн гэрээний 2.1, 3.1, 5.2.9-т заасны дагуу зээлдүүлэгч И.З ХХК-иас зээлдэгч Б.Гт 110.000.000 төгрөгийг шилжүүлэхээс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 100.900.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, Хаан банкин дахь Б.Гын 5022861899 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон тул талуудын хооронд 100.900.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээр байна.

 

1. Гэрээний дагуу зээлдэгч Б.Гаас үндсэн зээл, зээлийн хүүд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4.484.400 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан И.З ХХК-ийн Зээлийн хүү тооцсон хүснэгтээр нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

Иймд гэрээний дагуу үндсэн зээл 100.900.000 төгрөгийг хариуцагч Б.Гаас гаргуулан нэхэмжлэгч И.З ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасантай нийцэх юм.

 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч И.З ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд нийт 6 сар, 15 хоногийн зээлийн хүүд /нэг сарын зээлийн хүү 4.036.000 төгрөгийг 6 сар, 15 хоногт тооцоход” нийт 26.233.999 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 4.484.400 төгрөгийг хасаж тооцоход 21.749.599 төгрөгийг шаардах эрхтэй хэдий боловч нэхэмжлэгчийн “...зээлийн хүүд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацааны үлдэгдэл 144.657 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 4.339.726 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 1.907.352 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацааны зээлийн хүүгийн үлдэгдэл 144.657 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүү 4.339.726 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны зээлийн хүү 1.907.352 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүү 12.108.000 төгрөг, нийт 18.499.735 төгрөгийн зээлийн хүүг хариуцагч Б.Гаас гаргуулан нэхэмжлэгч И.З ХХК-д олгох нь үндэслэлтэй байна.

 

3. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3, 3.17, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар нэхэмжлэгчийн “...нэмэгдүүлсэн хүүд 2.022.986 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, нэмэгдүүлсэн хүү 2.022.986 төгрөгийг хэрхэн тооцсон болох нь ойлгомжгүй байх бөгөөд шүүх хуралдааны үед нэхэмжлэгч талд тодруулах боломжийг олгосон хэдий боловч энэ талаар тайлбар гаргаагүй тул хариуцагчийн “...нэмэгдүүлсэн хүүд 797.585 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн хариу тайлбарын хүрээнд хариуцагч Б.Гаас зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүд 797.585 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Гаас үндсэн зээлд 100.900.000 төгрөг, зээлийн хүүд 18.499.735 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 797.585 төгрөг, нийт 120.197.320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.261.130 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ИЗ/ЗГ-36 дугаар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож И.З ХХК болон Б.Г, Б.Днар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ИЗ/БГ-36 дугаар “Барьцааны гэрээ”-г байгуулж, Б.Гын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр хд-101 дүгээр байр, 2 тоот хаягт байршилтай, 79.68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Б.Дынөмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 дүгээр байр, 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан талаар талууд маргаагүй болно.

 

Иймд хариуцагч Б.Г нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан уг барьцааны гэрээний зүйлээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хангахыг дурдах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Гаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 120.197.320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.261.130 төгрөгийг хэрэгсэхгүй болгож

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Б.Гын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр хд-101 дүгээр байр, 2 тоот хаягт байршилтай, 79.68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Б.Дынөмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 дүгээр байр, 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.З ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 941.265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 758.936 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.З ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Ж.СЭМЖИД