Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2686

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/02686

Улаанбаатар хот

                                              

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:БНХАУ-ын Хөх хот Сайхан тойрог, Ван шин юань 7 дугаар байрны 3 орц 1 тоотод оршин суух,  эмэгтэй, регистрийн дугаар G 35660002, Ch.G  нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 23-Б байрны 6 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧП 46031832, Бэсүд овогт Сэнгийн  Балжинд  холбогдох

Гэрээний үүрэгт 17 657 930 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, Э.Түвшинбаяр, хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг, гэрч Б.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул  нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Орхон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Нэхэмжлэгчээс хариуцагч нь олон жилийн турш эм, эм үйлдвэрлэх түүхий эд болон бусад бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 50 448, 347 юанийг төлөхгүй байна.Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хариуцагчтай тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээг хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан эм, эм үйлдвэрлэх түүхий эд болон бусад бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 50 448, 347 юанийг 2016 оны 10 дугаар сараас эхлэн сард 3000 юанаас багагүй юанаар төлж төлбөрийг барагдуулахаар тохиролцсон боловч төлбөрийг төлөөгүй байна.Иймд хариуцагчаас төлбөр барагдуулах гэрээний үүрэг болох 50 448, 347 юань буюу 17 657 930 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд тайлбарлахдаа:БНХАУ-ын иргэн Ч 2004 оноос хойш С.Бд эм үйлдвэрлэх түүхий эд, шошго, лого зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байсан тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба хуульд заасны дагуу талууд тооцоо нийлсний үндсэн дээр 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.7Энэ гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид 50 448, 347 юанийг сард 3000 юаниар төлөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй байна.Хариуцагч С.Б мөнгийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байсан боловч шүүхэд өгсөн тайлбартаа зөвшөөрөхгүй, зарим барааг аваагүй гэсэн байна.Талууд уг гэрээг хийхдээ бусдын хүчинд болон нөлөөнд автсан зүйл байхгүй, өөрсдөө зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.Иймд төлбөр барагдуулах гэрээнд заасны дагуу С.Бгээс 17 657 930 төгрөгийг гаргуулан  Ch.G-д олгож өгнө үү гэв.                

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа:БНХАУ-ын “И-Ань” нэртэй компаниас эм, витамины савалгааны матерал авч Баатар, Баянсан, Гэрлээ, Баяраа гэдэг хүмүүстэй төлбөр тооцоо хийж байсан ба сүүлийн жилүүдэд хаяг  шошгыг Монголдоо хийлгэх болсон тул И-Ань компанитай харилцаагүй.Гэтэл 2016 оны 8 дугаар сард И-Ань компанийн төлөөлөгч гэж Гэ төлбөрийн жагсаалт өгч авлагаа барагдуулахыг шаардаж үгүй бол цахим хэвлэлээр нэр хүндэд чинь халдана, яаралтай буцах болсон тул төлбөр барагдуулах гэрээ хэлцэл хийхийг шаардсанаар гэрээ хийсэн болно.Тэр үед И-Ань гэдэг компанийн Баянсантай харилцаж байсан манай хүү Б.Баянмөнх Улаанбаатар хотод байгаагүй тул зөвхөн нийлүүлэгч И-Ань компанийн гаргасан жагсаалт тооцоог үндэслэсэн тухай тэмдэглэж хэлцэл хийж төлбөр төлж эхлэх гэрээ хийсэн.Нэхэмжлэгч Гэгийн ирүүлсэн жагсаалтад бичигдсэн сүүлийн 4 удаагийн витамины хаяг 767,9 кг-ийг манайх хүлээж аваагүй юм.Энэ тухай 2017 оны 6 дугаар сард Гэтэй утсаар ярьж витамины хаягийг хэдийд манайд яаж явуулсан тухай баримт мэдээлэл өгөхийг хүссэн.Гэгийн нэхэмжилж байгаа 50 448, 347 юаниас 767,9 кг хаягний үнэ 29 367 юанийг хасч 21 081 юаниар тооцох, манай нэртэй, манай мөнгөөр хийсэн хийгдсэн эм, витамины хэвлэлийн эхийг цаашид ашиглагдахгүй болгосон тухай баримт нотолгоог И-Ань компаниас авах, төлбөр тооцоо үүссэн үе буюу 2012 оны 9 дүгээр сарын юань, төгрөгийн дундаж ханш 1 юань 210-222,8 төгрөгтэй тэнцэж байснаар бодож төлбөр тооцоог эцэслэхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч С.Бгийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа.С.Б 4 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд шүүх хурлаас өмнө 750 000 төгрөгийг төлсөн байгаа одоо үлдсэн 3 250 000 төгрөгийг өгөхөд татгалзахгүй, С.Б  Ch.G-гийн аав Баатартай харилцаж витамины хаяг, шошго зэргийг 2002 оноос хойш авдаг байсан, 2012 оноос хойш Б.Баянмөнх Баатартай харьцаж шошго авдаг байсан.Нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Б.Баянмөнх, С.Б нарыг гэрээ хийе гээд төлбөр барагдуулах гэрээ хийсэн.Тухайн үед Б.Баянмөнх, С.Б нарын өр нийлээд 17 000 000 төгрөг боллоо, гарын үсгээ зур гэхэд нь С.Б өөрт ногдох хэсгээ төлөх юм байна гэж бодоод зурсан, Б.Баянмөнх таны хүүхэд юм чинь гээд зуруулсан байдаг.Энэ төлбөр барагдуулах гэрээний дагуу хоёр хүний төлбөрийн асуудал яригдаж байгаа бөгөөд С.Б, Б.Баянмөнх нарын өрийг нийлүүлээд бараа нийлүүлэгчийн тооцоогоор төлбөр барагдуулах гэрээг хийсэн байгаа, энэ 50 448, 347 юань нь юуны мөнгө болох, хэзээний өр төлбөр болох нь тодорхойгүй, зөвхөн нийлүүлэгчийн тооцоогоор хийгдсэн байна.Энэ тооцоонд Б.Баянмөнхийн авсан зүйлийн тооцоо орсон байна.Энэ тооцоог хийхэд Б.Баянмөнх ирээгүй учраас С.Бгаар гарын үсэг зуруулсан.

Хариуцагч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ch.G энэ тооцоог гаргаж ирсэн, би зохих хэмжээний төлбөрийг төлж эхэлнэ гэсэн ойлголтоор гэрээ байгуулсан.Ch.G эхлээд та нар энэ тооцоог зөвшөөрч бай гэсэн, нилээд удсан учир зохих хэмжээний төлбөрийг төлнө гэсэн хүсэлт тавиад байсан, олон жил харилцсан учир нэхэмжлэгчийн бичээд ирсэн гэрээн дээр ойлгосон гэдэг санаагаар гарын үсэг зурсныг шүүхийн үндсэн баримт болгон ашиглана гэж бодоогүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Chin Gerile хариуцагч С.Бд холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүргийн 17 657 930 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч С.Б нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгийг төлнө, үүний 750 000 төгрөгийг шүүх хуралдаанаас өмнө төлсөн, одоо 3 250 000 төгрөгийг төлөхөд бэлэн, үлдсэн шаардлагыг төлөхгүй гэж маргаж байна.

Зохигчдын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд “бараа материал худалдан авч байсан төлбөр тооцооны үлдэгдлийг нийлүүлэгчийн тооцсон 50 448,34 юань төлж барагдуулахын тулд боломжийг тооцож, хугацаа тогтоон, төлбөрийг цувуулан /хэсэгчлэн/ төлөхөөр тохиролцов.Төлбөрийг 2016 оны 10 дугаар сараас эхлэн юаниар сард 3000-аас багагүй юаниар төлж байхаар үүрэг хүлээв.Хэрэв энд дурдсанаар төлбөр төлөх явцад төлбөр хүлээн авагч тал төлсөн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх болно” гэжээ.

Хариуцагч С.Б нь дээрх гэрээнд дурдсан 50 448,34 юанийн дүнг гаргасан тооцооны баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулахыг хүссэн боловч нэхэмжлэгч тал ийм баримт байхгүй гэж тайлбарласан болно.

Хариуцагч С.Б нь 2012 оноос хойш Chin Gerile-тэй би харилцаагүй, дээрх 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан гэрээнд дурдсан үнийн дүнг ямар тооцоог үндэслэж гаргасан нь тодорхойгүй байна гэж маргаж байхад нэхэмжлэгч тал энэхүү шаардлагаа нотлох үүрэгтэй болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нь зохигчдын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хийгдсэн хэлцэлд дурдсан үнийн дүн хариуцагч С.Бгийн  хэдийд хүлээн авсан, ямар барааны үнэ өртөг болохыг тодорхой баримтаар нотлоогүй байна.

Нэгэнт хариуцагч тал би 2012 оноос хойш нэхэмжлэгчээс бараа аваагүй гэж тайлбарлаж байхад дээрх хэлцэлд дурдсан үнийн дүн буюу 50 448,34 юанийг бодож гаргасан баримт эсхүл С.Бд бараа материал хүлээлгэн өгсөн тухайгаа нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй байна.

Нөгөө талаар талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хийгдсэн хэлцэлд Б.Баянмөнхийн нэр бичигдсэн байх боловч гарын үсэг зурагдаагүй байх бөгөөд С.Б нь 2012 оноос хойш Chin Gerile-тэй харилцаагүй гэж тайлбарлаж байна.

Мөн дээрх хэлцэлд дурсан төлбөрийг нэхэмжлэгч тал 2012, 2013, 2014 оны төлбөр гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Энэхүү нэхэмжлэлд дурдсан 50 448,34 юанийн төлбөр нь талуудын хооронд хэзээ үүссэн өр төлбөр болох нь баримтаар нотлогдоогүй, тодорхой бус байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

Гэхдээ хариуцагч С.Б нь төлбөрийн зохих хэсгийг төлнө гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан үндэслэлд нийцэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.Бгийн зөвшөөрч байгаа хэсгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Б-аас 3 250 000 /гурван сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан Ch.Ge-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 14 407 930  /арван дөрвөн сая дөрвөн зуун долоон мянга есэн зуун гучин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 240 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-аас 78 950 /далан найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ch.G-д олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ                              З.ДОРЖНАМЖИН