Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 680

 

 

 

 

 

 

 

2019          7              04                                            2019/ДШМ/680

 

Н.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Соёмбо,

хохирогч С.Отгонбаяр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Н.Мд холбогдох 1705008780300 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Өөлд овгийн Нийн М, 1997 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахим техникийн засварчин мэргэжилтэй, “Рояал” харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Н.М нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хамгаалагчаар ажиллаж байхдаа эмнэлгийн хүлээн авах өрөөнд С.Отгонбаярыг эмч доромжиллоо гэсэн шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Н.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өөлд овогт Нийн Мийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Н.М цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Мэс 169.000 төгрөг гаргуулж хохирогч С.Отгонбаярт олгож, Н.Мийн “хувийн баталгаа гаргах тухай” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч С.Отгонбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх 2017 оны 9 дүгээр сарын 21-нээс 2017 оны 12 дугаар сарын 28-ыг хүртэлх хугацааны нотлох баримтуудыг устгасан гэдгийг хүлээн зөвшөөрч “...нотлох баримтууд ...алга болсон гомдлуудтай нийцэж байна” гэсэн атлаа “...баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн” гэж дүгнэсэн нь алдаатай байна. Нотлох баримтууд алга болсныг хүлээн зөвшөөрсөн атлаа алга болсон “...аль эмнэлгийн хэн гэдэг эмчийн заавраар эмчилгээ хийлгэсэн баримт...” байхгүй гэсэн нь ойлгомжгүй байна. ...Шүүх хуралдаан мэтгэлцээний зарчмаар явагдаагүй. Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийг басамжилсан. ...Шүүгчийн дотоод итгэл үнэмшил “хүн ёсноос гадуур” ойлгомжгүй байна. Шүүх эрх мэдлийн нэр хүндийн нэг гол шалгуур нь шүүгчийн дотоод итгэлд тулгуурлаж тухайн үйл баримтад өгч буй эрх зүйн шинжлэх ухааны онол, хуулийн хэрэглээг хослуулан гаргасан хууль зүйн дүгнэлт байх ёстой. Гэтэл шүүгчийн дотоод итгэл нь хүний ёсноос гадуур, хуульчийн байтугай жирийн иргэдийн итгэл үнэмшил, мэдээллийн эсрэг цагдаа, прокурорын чиглүүлсэн байдалд хөтлөгдсөн илт нэг талыг барьсан шийдвэрээ гаргахын төлөө зүтгэсэн шинжтэй байсан. ...Хэрэг бүртгэгчид шүүгчийн анзааргагүй, нотлох баримт, хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж чаддаггүй байдлыг далимдуулан басамжилж эрүүгийн гэмт хэргийг хэрэг бүртгэлийн явцад замхруулдаг, энэ үйлдлийг шүүгч мэддэггүй, эсвэл мэдээгүй мэт авирлаж “шүүхийн шийдвэрээр” хамгаалж байгаа энэ үйлдэлд гомдолтой байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирлын тооцоог алга болсон гэдэгт Дөлбадрах мөрдөгчид өөрийн хохирлын тооцоог өгсөн, үүнээс тодорхой хэмжээний хохирлын тооцоо хавтас хэргээс алга болсон гэж яригдсан. Хэргээ хаа гэсэн байдлаар зодсон гэх асуудал нь Авлигатай тэмцэх газарт өөрийнх нь хүсэлтээр холбогдох ажиллагааг хийж хариу өгсөн байдаг. Баримт алга болсон гэх асуудлаар шүүхэд шилжүүлсэн хавтас хэргийн хүрээнд “байхгүй байна” гэж  шүүгч хэлснийг хохирогч буруу ойлгож, байсан баримтыг байхгүй мэтээр ойлгож, шүүхийн шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Хэргийн үйл явц удааширсан гэх асуудал нь тухайн хэрэгт гэрчүүд байхгүй биш, байгаа. Гэхдээ гэрчүүд нь өөр зүйлийг мэдүүлдэг. Энэ талаар гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож тогтоогдохгүй байгаа талаар прокурорын шийдвэр гарсан. Хохирогчийн өөрийн зүгээс хэргийн үйл явц удааширсан нөхцөл байдал хавтас хэргээс тодорхой харагддаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих бүхий л ажиллагаа хийгдэж, шүүгдэгч Н.Мөн-Эрдэнийг гэм буруутайд тооцож, түүнийг хохирогчид учирсан хохирлыг хавтас хэрэгт авагдсан баримтаар гаргаж өгч, цаашид гарах хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг дурдаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.М нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Тэнгисийн шуурга” ХХК-ийн хамтран ажиллах гэрээний дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэрээт хамгаалагчаар ажиллаж байхдаа эмнэлгийн хүлээн авах өрөөнд хохирогч С.Отгонбаярыг “Эмчилгээ хийж байгаа эмчийг доромжилж заналаа” гэх шалтгаанаар харилцан маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь биед тархи доргилт, баруун сарвуунд цус хуралт зулгаралт бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Отгонбаярын “...гэтэл Отгончимэг эмч гаргүй залуутай хамт орж ирсэн хамгаалалтын албаны ажилтанг дуудаад “энийг зайлуулаад алаад өгөөч ээ” гэтэл хар хувцастай Н.М гэх хамгаалалтын албаны ажилтан ирээд намайг “гар, зайл” гээд хөөгөөд байхаар нь “би энд үйлчлүүлэх гэж ирсэн. Энэ эмч чинь надад нэрээ хэлэхгүй байна” гэтэл намайг дотогш нь түлхээд байхаар нь би “чи нэрээ хэлэхгүй бол зургийг чинь авч байгаад дарга дээр чинь орж гомдол гаргана” гээд утсаа гаргаж ирээд зураг авах гэтэл хамгаалалтын албаны ажилтан Н.М миний гар руу цохиод утас газар унагасан. Би “чи намайг зодоод утас газар унагачихлаа” гэж хэлээд доошоо тонгойгоод утсаа авах гэтэл миний баруун талын далан дээрээс гараараа цохисон. Би дээшээ өндийгөөд “чи хүн зоддог хэн бэ, чамтай ярьдаг газраар нь ярина” гэтэл шууд намайг багалзуурдаж боохоор нь би гарыг нь тавиулаад “гэмтлийн эмнэлэг дотор байдаг цагдаад очиж хэлнэ” гээд цааш явтал араас дахиж боогоод хана руу толгойгоор минь 2-3 удаа мөргүүлсэн. Хоолой боогоод байхаар нь би хүчтэй хашхираад цагдаа дээр гүйгээд очтол нэг хошууч хүнтэй юм яриад сууж байхаар нь “би эмнэлэгт үйлчлүүлэх гэж ирээд хүнд зодуулчлаа” гэхэд араас Н.М орж ирээд миний урдаас багалзуурдаж зууртал бид хоёрыг цагдаа салгаад өрөөнөөсөө гаргасан. ...гэтэл Отгончимэг намайг явуулахгүй гээд дахиад Н.Мийг дуудаад “наадахаа гаргаачээ, наадах чинь хэл ам хийгээд яваад байна” гэтэл Н.М дахин миний зүүн гарыг мушгиад гарах хаалга руу чирээд түлхээд байхаар нь “чи дуугүй бай, би эмчид үзүүлж гомдол гаргаж байж явна” гэтэл дахиж багалзуурдаад байсан чинь тэнд байсан хүмүүс “одоо болиоч ээ, үзүүлэх гэж ирсэн хүнээ яагаад зодоод байгаа юм бэ” гэхэд Н.М намайг тавьсан. ...” гэх /1хх-9-10, 38-39/,

шүүгдэгч Н.Мий “...Уг хүний мэдүүлсэн шиг зүйл огт болоогүй. Тэр хүн над руу дайраад ирэхээр нь би тэр хүний цээж рүү нь хоёр гараараа түлхсэн. Тэр үед уг хүн эмчийн хажууд зогсож байсан ба ойр орчимд хана байгаагүй. Цагдаагийн байр руу оруулахад хана дагаад зүгээр хамт алхаад явсан. Түүнээс хана мөргүүлсэн зүйл огт болоогүй. ...Эмчийг хэл амаар доромжилж орилж, хашхираад байхаар нь би “боль” гэдэг шаардлага тавихад, над руу хашхирч дайраад хэл амаар доромжлоод байсан. Энэ байдлаас болж бид хоёр маргалдсан. Түүнээс бид хоёр зодолдоод байсан зүйл байхгүй. ...” гэх /1хх-121/,

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “...Хохирогч С.Отгонбаярын биед үзлэг хийх үед хохирогчийн биед дагзны булчингийн хөшингө 1 хуруу байсан ба толгойн зовиур дээр нүдний алимны чичирхийлэлттэй зэрэг зовиур илрүүлсэн. Түүнээс уг хүний биед ил харагдах гэмтлүүд шархны хувьд дээр цус хуралтууд байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх, сорви илрээгүй. Дээрх асуултанд асуусан хохирогчийн мэдүүлэгт үйлдлийг хийхэд дээрх гэмтлүүд шинээр үүсэх боломжтой. Заавал хана мөргүүлж, хоолой бооход ил харагдах гэмтэл шарх үүсэх шаардлага байхгүй ба иргэн С.Отгонбаярын биед үзлэг хийх явцад толгойд, хүзүүнд шинээр үүссэн зовиур илэрсэн байна. Хана мөргөх нь хатуу мохоо зүйлд орно. ...” гэх /1хх-96/,

гэрч Т.Мөнхтуяагийн “...Миний харснаар Н.М тэр хүнийг, нөгөө хүн нь Н.Мийг заамдаж харилцан барьж бие биенээ чирээд цагдаагийн өрөө рүү орсон. Тэр хоёр хоорондоо 5-7 минут орчим маргалдсан. Тэр үед үйлчлүүлэгч нар их байсан. Тэгтэл нөгөө үйлчлүүлэгч эмчийг хэл амаар доромжилж, орилж хашхираад байсан учир Н.М их хурдан цагдаагийн өрөө рүү авч орсон. Миний харснаар Н.М нөгөө эрэгтэй хүнийг цохиж, зодож гар утсыг нь унагаасан үйлдэл гаргаагүй. ...Тэр хоёр хэн хэн нь ил харагдах гэмтэл, бэртэлгүй байсан. ...” гэх /1хх-98/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “1. С.Отгонбаярын биед тархи доргилт, баруун сарвуунд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх 12048 дугаартай шинжээчийн дүгнэлт /1х-41/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Мийн хохирогч С.Отгонбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч С.Отгонбаярын гаргасан “...анхан шатны шүүх нотлох баримтуудыг буруу үнэлсэн. ...Шүүх хуралдаан мэтгэлцээний зарчмаар явагдаагүй. ...шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх хохирогч С.Отгонбаярыг цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн хохирогч С.Отгонбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримт алга болгосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа алдаж шалгасан, иргэний хариуцагчаар татвал зохих хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх гомдлоо прокурорын байгууллагад зохих журмын дагуу гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Иймд С.Отгонбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолд зохих нэмэлт заалт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч С.Отгонбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс болон гэм хорыг хариуцан арилгавал зохих этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч С.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ