Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 02291

 

2018 оны 07 сарын 23 өдөр

     Дугаар 102/ШШ2018/02291

Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  дүгээр хороо, энхтайваны өргөн чөлөө гудамж,  байр,  тоотод оршин суух, Б овогт Н.Э /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол, жалханц хутагт Дамдинбазар гудамж, хд  байр,  тоотод оршин суух, Б овогт Б.У /РД:/-д холбогдох,

 

орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр № тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан “Т.Г.к” ББСБ-аас бизнесийн зориулалттайгаар 5 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй 30,000,000 төгрөгийг зээлсэн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж эргэн төлөлтийг хийхгүй байсан аргагүйн эрхэнд шүүхэд хандаж улмаар гурван шатны шүүхээр Б.У ас 39,589,819 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн  дугаар хороо,  дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж,  байрны  тоот хаягт байрлах 40м2 хоёр өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шийдвэрлэсэн. Гэвч Б.У нь дахин шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж уг орон сууцыг албадан борлуулах гэж байхад төлбөр төлөгч Б.У нь уг орон сууцыг төлбөрт санал болгож үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Т.Г.к” ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э ын нэр дээр шилжүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож хаасан юм.

Б.У нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэл уг орон сууцанд түр амьдарч байхаар хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийн дагуу дээрх хугацаанд амьдрах боломж олгосон боловч тогтсон хугацаанд орон сууцыг чөлөөлж өгөхөөс зайлсхийж, холбоо барих хэрэгслээ авахгүй очихоор хаалгаа тайлж өгөхгүй Н.Э ын өмчийг хууль бусаар эзэмшиж байх тул аргагүйн эрхэнд дахин шүүхэд хандаж байна. Иймд Б.У ийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, байрны  тоот хаягт байрлах 40м2 хоёр өрөө орон сууцыг чөлөөлж, Б.У ийг албадан гаргаж өгнө үү.

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний бие хариуцагч Б.У болон шийдвэр гүйцэтгэгч нартай уулзсан. Ингээд Б.У өөрөө зөвшөөрсөн тул зээлийг эргэн төлөх хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгаж, тохирсон хугацаанд зээлийг эргэн төлөхгүй бол орон сууцыг шилжүүлж авахыг талууд харилцан зөвшөөрсөн. Нотариат дээр хамтдаа очиж гэрээг байгуулсан. Б.У нь өнөөдөр насанд хүрсэн, өөрийнхөө хийж, ярьж буй зүйлдээ бүрэн хариуцлага хүлээх чадвартай хүн. Хэн ч түүнийг хүчээр хүсэлт бичүүлж, хууран мэхлээгүй. Шүүх хуралдаан дээр ингэж худлаа ярьж байгааг зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Хариуцагч Б.У шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 09 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Идэрчулуун намайг “өрөөндөө байж байгаарай” гэж хэлсэн. Ингээд өрөөнд нь нэхэмжлэгч Н.Э орж ирсэн. Шийдвэр гүйцэтгэгч н.Идэрчулуун нь бидэнд “одоо та хоёр эвлэр” гэж хэлсэн. Би түүнд “би өмгөөлөгчтэйгөө ярилцмаар байна” гэж хэлсэн боловч тэрээр “...өмгөөлөгчтэйгөө ярих цаг байхгүй, одоо цаас аваад бич. Миний өмчлөлийн орон сууц хуучин учир албадан дуудлага худалдаанд орох боломжгүй, 3 сарын хугацаа авч энэ хооронд өөрөө зарж борлуулна, хэсэг хэсгээр хуваан өгч болно” гэж бичүүлсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4 дэх хэсгийг унш гэж тулган шаардсан. Тэрээр мөн “...та хоёртой удаан зууралдмааргүй байна, наад бичсэн зүйлээ хурдан нотариатаар батлуулж ир, Н.Э та тушаах мөнгөө авчирсан уу” гэж асуусан. Ингээд үндсэндээ намайг хууль мэдэхгүйг далимдуулж, өмгөөлөгчтэйгөө ч ярилцах боломжийг олголгүй миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэдхэн цагийн дотор нэхэмжлэгч Н.Э т шилжүүлсэн гэжээ.

 

Хариуцагч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх “Т.Г.к” ББСБ-аас зээл авч өөрийн орон сууцыг барьцаалсан. Ингээд төлбөрийг төлж чадахгүй явсаар шүүхэд дуудагдсан. Шүүхэд намайг итгэмжлэлээр төлөөлж явсан өмгөөлөгч маань миний эрх ашгийг хамгаалж чадалгүй ялагдсан. Ингэж явсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эхэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний бие Н.Э болон шийдвэр гүйцэтгэгч нартай уулзаж зээлийг эргэн төлөх хугацаа олгохыг хүссэн. Ингээд би 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд зээлийг эргэн төлөх, төлөхгүй бол орон сууцыг нэхэмжлэгч шилжүүлж авахыг зөвшөөрсөн. Ингээд л миний өмчлөлийн байрыг Н.Э т шилжүүлсэн. Гэхдээ би энэхүү ажиллагаанд ямар нэг гомдол гаргаж амжаагүй. Би одоогоор төлбөрөө төлж чадахгүй байгаа. Гэхдээ мэдээж бусдаас зээлж авсан мөнгөө төлнө. Надад хугацаа хэрэгтэй. Харин би өөрийн орон байрыг чөлөөлж өгч чадахгүй. Би өрх толгойлсон эмэгтэй бөгөөд энэ байрандаа би хүүхдийн хамт оршин суудаг, энэ байрнаас өөр зүйл надад байхгүй. Нэхэмжлэгч болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтан нар нийлж намайг бараг хууран мэхэлж, хүчээр шахуу байрны нэрийг шилжүүлж өгөх талаарх тайлбарыг бичүүлж авсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн тайлбарыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00906 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.У ас 39,165,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т.г.к ББСБ”-д олгож, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.У шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол /16064/,  дугаар байрны  тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ /хх 18-21 хуудас/.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00906 дугаар шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна /хх 21-25 хуудас/.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШЗ2017/15766 дугаар захирамжаар албадан гүйцэтгэхээр болжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Т.Г.к ББСБ”-ыг төлөөлж Н.Э болон Б.У нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргажээ. Уг хүсэлтээр Б.У нь 39,589,819 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд бүрэн төлж дуусгахаар, төлбөрийг төлөх хүртэл хугацаанд  өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол /16064/, дугаар байрны  тоот хаягт байршилтай, 40 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр “Т.г.к ББСБ”-д шилжүүлэн өгөхөөр, хэрэв тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй нөхцөлд орон сууцыг чөлөөлөх тухай нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. 

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч болон төлбөр авагч нар эвлэрсэн гэж үзээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.4 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болгожээ /хх 5, 6, 26-28 хуудас/.

 

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/31080 тоот “өмчлөх эрх шилжүүлэх тухай” албан бичгийг үндэслэн Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол /16064/, дугаар байрны  тоот хаягт байршилтай, 40 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Н.Э т шилжүүлсэн үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна /хх 7, 28 хуудас/. 

 

Дээр дурдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хариуцагч Б.У ямар нэг гомдол гаргаагүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. 

 

2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дээрх орон сууцыг хариуцагч Б.У н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч Н.Э нь шүүхэд хандсан ба тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Б.У нь 39,589,819 төгрөг төлөх үүрэгтэй. Хэрэв тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй нөхцөлд тэрээр нэхэмжлэлд дурдагдсан орон сууцыг үл маргах журмаар чөлөөлөх учиртай. Нэгэнт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй учир нэхэмжлэл хангагдах нөхцөл бүрдсэн” гэж тайлбарлаж байна.

 

Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэйг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасан.

 

Хариуцагч Б.У нь 39,589,819 төгрөгийг төлөөгүй байгаа талаар маргаагүйгээс гадна  хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч Н.Э ыг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч биш гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.

Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол /16064/, дугаар байрны  тоот хаягт байршилтай, 40 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч Б.Уянгын эзэмшилд байгааг  хариуцагч үгүйсгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Уянгын хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол /16064/, дугаар байрны  тоот хаягт байршилтай, 40 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У ас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ