Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00127/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч О.Нарангэрэл, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1183 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Б- овогтой Д-гийн Б-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

         “Албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 24.053.000 төгрөгөөр үнэлсэн “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэхийг  хүссэн гомдлын шаардлага бүхий” иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнээс:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 87 дугаар шүүгчийн захирамжаар Г.Мөнхцэцэгт 13.982.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжийг гүйцэтгэх ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хийж байна. Тус албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийхдээ Г.Б- миний өмчлөлд байдаг үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-2003013306 улсын бүртгэлийн дугаартай, Дархан сум 5-р баг, 5-72 тоотод байрлах, 42,0 мкв талбайтай хувийн сууц, Г-2003000317 дугаарт бүртгэгдсэн 700,0 мкв талбайтай газрыг хураан авч, дуудлага худалдаанд оруулах болсон. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа уг орон сууцны зах зээлийн үнэ нь доод тал нь 35.000.000 төгрөгийн үнэтэй тул энэ үнээр дуудлага худалдаанд оруулах тухай саналыг өгсөн.

 Харин төлбөр авагч Г.Мөнхцэцэг 25.000.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах тухай саналыг өгсөн. Үнийн санал зөрсөн тул үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгч гаргасан. Гэтэл үнэлгээний “Капитал зууч” ХХК нь миний үл хөдлөх эд хөрөнгийг 24.053.000 төгрөгөөр үнэлсэн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба миний үл хөдлөх эд хөрөнгийг 16.837.100 төгрөгөөр үнэлгээ тогтоон дуудлага худалдаанд оруулах болсон талаарх саналыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр танилцуулсан. “Капитал зууч” ХХК нь миний үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн саналаар буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэнд миний бие гомдолтой байна. Иймд “Капитал зууч” ХХК-ийн  үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгончимэгээс:

Дархан-Уул аймаг дахь сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 87 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс 13.982.000 төгрөгийг гаргуулж иргэн Г.Мөнхцэцэгт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Д.Б-оос оршин суугаа хаягаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж сайн дураар биелүүлэх мэдэгдэл гардуулан 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эд хөрөнгийн мэдүүлэг авч төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул Д.Б-ын өмчлөлийн эд хөрөнгө болох Ү-2003013306 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Дархан сумын 5 дугаар багт байрлах Хүнсчдийн 5 дугаар гудамжны 72 тоот 35,0 мкв талбайтай хувийн сууц, Г-2003000317 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Дархан сум 5-р багт байрлах Хүнсчдийн 5 дугаар гудамжны 72 тоотод байрлах 700,0 мкв талбайтай өмчлөлийн газар зэргийг хураан авч талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул үнэлгээчнээр “Капитал зууч” ХХК-ийг  томилон үнэлүүлэхэд 24.053.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлснийг талуудад танилцуулсан. Манай алба хууль тогтоомжийн дагуу ажиллагааг хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1183 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Д.Б-ын Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албанд холбогдуулан гаргасан “Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

   Нэхэмжлэгчийн өмчлөлийн 42.0 мкв талбайтай хувийн сууц, Г-2003000317 дугаарт бүртгэгдсэн 700 мкв талбайтай газрыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албан хураан авч, үнэлгээний “Капитал зууч” ХХК-аар үнэлгээ тогтоолгосон. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ доод тал нь 35.000.000 төгрөгийн үнэтэй гэж төлбөр төлөгч өмчлөгчөөс үзэж байгаа боловч үнэлгээний компани 24.053.000 төрөг буюу зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн тул үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч анхан шатны шүүх гомдлын шаардлагыг хангаагүй байна. Иймд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэлгээ тогтоох эрх бүхий өөр хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэх боломж олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 24.053.000 төгрөгөөр үнэлсэн “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгахыг хүссэн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Дархан-Уул аймаг Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж  дүгнэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 87 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Мөнхцэцэг, хариуцагч Д.Б- нарын хооронд үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар 13.982.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн эвлэрлийн гэрээ байгуулсаныг баталгаажуулсан байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба  2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах акт, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж, мөн өдрийн 304 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Д.Б-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003013306, Г-2003000317 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг Хүнсчдийн 5 дугаар гудамж 72 тоотод байрлах  700.0 м/кв талбайтай газар 35.0 м/кв талбайтай хувийн сууцыг битүүмжилж, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/39 дугаартай Эд хөрөнгө хураасан тогтоолоор эд хөрөнгө хурааж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн эдгээр ажиллагаанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад төлбөр авагч Г.Мөнхцэцэг 25.000.000 төгрөгөөр, төлбөр төлөгч Д.Б- 35.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд талуудаас ирүүлсэн үнийн санал зөрүүтэй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай “үнэлгээчин томилох тухай” тогтоолоор “Капитал зууч” ХХК-ийг  үл хөдлөх эд хөрөнгө үнэлүүлэх шинжээчээр томилсон байна.

Шинжээчээр томилогдсон “Капитал зууч” ХХК 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Үнэлгээний тайлангаар  дээрх эд хөрөнгүүдийг нийт 24.053.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэхүү үнэлгээг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн  03/47 дугаартай албан бичгээр талуудад мэдэгдэж,  2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр биечлэн танилцуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас  шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар гүйцэтгэж, талуудад мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн нь хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Төлбөр төлөгч Д.Б- “Капитал зууч” ХХК-ийн үнэлсэн 24.053.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэх ямар үндэслэл байгаа, тухайн үл хөдлөх эд хөрөнгө 35.000.000 төгрөгийн үнэтэй гэдгээ өөрөө нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд төлбөр төлөгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн эд хөрөнгийн үнэлгээ тогтоох эрх бүхий өөр хуулийн этгээдээр дахин үнэлгээ хийлгүүлэх тухай давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Гомдол гаргагч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХЖАРГАЛ            

                                    ШҮҮГЧИД                                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                        Л.АМАРСАНАА