Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 135/шш2018/00310

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК /утас *******/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК /утас********-д холбогдох

"97,509,000 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Жамц, хариуцагчийн төлөөлөгч З.Бадрал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“... ******* ХХК нь тус компанитай 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр П/11 тоот Шатахууныг зээлээр худалдах худалдан авах тухай гэрээ байгуулсан ба бид худалдан авагч талын хэрэгцээт захиалгат шатахууныг цаг тухайд нь нийлүүлсээр ирсэн.

Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Худалдан авагч нь “ Худалдан авсан шатахууныхаа үнийг бэлнээр буюу дансаар энэхүү гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлөх үүрэгтэй”, 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт “Худалдан авагч нь Шатахууныг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулна” гэсэн боловч Худалдан авагч буюу хариуцагч ******* ХХК нь гэрээний дагуу үүссэн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироосоор байна.

...Хариуцагч ******* ХХК нь П/11 тоот “Шатахууныг зээлээр худалдах худалдан авах гэрээ”-ий дагуу үүссэн үндсэн төлбөр 65,006,000 төгрөг, 2017 оны 11 сарын 1-ний өдрийн байдлаар тооцсон алданги 74,536,361 төгрөгийг тус тус төлөөгүй өнөөдрийг хүрсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулахаар зохих албан бичгийг хариуцагч талд удаа дараа хүргүүлэх бусад холбооны хэрэгслээр удаа дараа шаардлага тавих мөн гэрээний үүргээ гүйцэтгэх төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч үр дүн гарсангүй.

Иймд гэрээний харилцаанаас үүссэн гүйцэтгээгүй үүргийн үндсэн дүн 65,006,000 төгрөг, гэрээний дагуу тооцсон хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 32,503,000 төгрөг нийт 97,509,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү.”гэв.

Мөн ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан П/10 тоот фидуцийн гэрээний дагуу өмчлөх эрх нь ******* ХХК-ий нэр дээр шилжсэн ******* улсын дугаартай HYUNDAY AERO CITY маркийн автобус,  ******* улсын дугаартай HYUNDAY AERO CITY  маркийн автобус,  ******* улсын дугаартай DAEWOO BS1060 маркийн автобусуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.”гэжээ.

 

Хариуцагч ******* ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...манай компани нь 2015 оноос эхлэн ******* ХХК-тай “Шатахуун зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн билээ.

Энэ хугацаанд манай компаний зүгээс зээлийн гэрээний хугацаа хэтрүүлэхгүй тогтмол төлөлт хийж байхыг хичээн ажиллаж ирсэн бөгөөд жилд дунджаар 500-600 сая төгрөгийн шатахууны төлөлт хийдэг байсан.

Нэхэмжлэлд дурдсан үндсэн төлбөр 65,006,000 төгрөгөөс 2017 оны 11 сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийг ******* ХХК-ий дансад тушаасан, одоогийн байдлаар 50,006,000 төгрөгийн төлөлт хийх үлдэгдэлтэй байгаа.

Манай компани нь Дархан сумын иргэддээ тэр дундаа төвөөс зайдуу оршин суугчиддаа хүрч үйлчлэхийн тулд иргэдийн санал хүсэлт болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу зорчигч үйлчилгээний шугам нэмэгдүүлж ажиллаж эхэлсэн.

Гэтэл аймгийн Засаг даргын тамгын газраас нэмэгдүүлсэн зорчигч үйлчилгээний шугамтай холбогдох төсөв санхүүжилт 2016 оноос хойш орж ирэхгүй хүлээгдэж байгаагаас болоод шатахууны өр төлбөр хуримтлагдсан нөхцөл байдал үүссэн болохыг харгалзан үзэж уян хатан хандахыг хүсч байна.

Үлдэгдэл төлбөр болох 50,006,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-тай эвийн журмаар харилцан тохиролцох боломжтой байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан үндсэн төлбөр 65,006,000 төгрөг, түүний алданги 32,503,000 төгрөг, нийт 97,509,000 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний дагуу үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Жамц “...хариуцагч талын төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж  хариуцагчаас үлдэх үндсэн төлбөр 50,006,000 төгрөг, түүний алданги 25,003,000 төгрөг, фидуцийн гэрээний дагуу үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Хариуцагч тал “ ...үндсэн төлбөр 50,006,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөртөө тооцож барьцаанд байгаа 3 автобусыг нэхэмжлэгч талд өгөхөд татгалзах зүйлгүй. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Хавтас хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн П/11 тоот “Шатахууныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, мөн өдрийн П/10 тоот фидуцийн гэрээ тус тус авагдсан байна.

Дээрх Шатахууныг зээлээр худалдах худалдан авах гэрээгээр “худалдагч ******* ХХК нь шатахууныг өөрийн шатахуун түгээх станцаас худалдан авагч ******* ХХК-нд нийлүүлэхээр, худалдагч нь шатахууныг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор шатахууны үнийг бүрэн төлж барагдуулахаар, хэрэв худалдан авагч тал шатахууны үнийг дээрх хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр...” тус тус тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Зохигч талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон шатахууны үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй бөгөөд хариуцагч ******* ХХК нь шатахууны үлдэгдэл төлбөр 50,006,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Хариуцагч тал “...манай байгууллага нь эдийн засгийн чадамж сул, алданги төлөх боломжгүй байх тул алдангиас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж байх боловч нэхэмжлэгч тал уг хүсэлтийг хүлээж аваагүй ба хариуцагч талын гаргасан дээрх үндэслэлээр алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” 232.6-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд хариуцагч ******* ХХК-иас шатахууны төлбөрийн үлдэгдэл 50,006,000 төгрөг, түүний алданги 25,003,000 төгрөг, нийт 75,009,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй байна.

 

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан фидуцийн гэрээний дагуу хариуцагч ******* ХХК нь дээрх зээлээр худалдах худалдан авах гэрээгээр үүсэх үүргийг зохих ёсоор бүрэн гүйцэтгэх баталгаа болгож өөрийн өмчлөлийн хөдлөх хөрөнгө болох *******, *******, *******улсын дугаартай Huyndai aero city маркын 3 ширхэг автобусыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно”, талуудын хооронд байгуулсан П/10 тоот фидуцийн гэрээний 3 дугаар зүйлд Барьцаалагчийн эрхийг заасан бөгөөд 3.2-т “Барьцаалуулагч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалсан эд хөрөнгө, эрхээс мөнгөн төлбөрийн үүргийг үл маргах журмаар гаргуулах эрхтэй”, 3.6-т “барьцааны зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй”, 3.7-д “ гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй нөхцөлд барьцааны зүйлийг захиран зарцуулах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүхийн журмаар бус, талууд үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах, барьцаа хөрөнгийг захиран зарцуулах, бодитойгоор гаргуулах эрх нэхэмжлэгч талд өөрт нь байна.

Иймээс “фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгах тухай” нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 235 дугаар зүйлийн 235.1, 262 дугаар зүйлийн 262.1-т заасны баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 75,009,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь нийт 97,509,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 22,500,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645,495 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 532,995 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА