Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 471

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хушаатын 4-8 тоотод оршин суух, Хатагин овогт Төмөрийн Ганболд /регистрийн дугаар МП59122377, утас 99931834/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 18 дугаар баг, хүйтний голд оршин суух, Боржигон овогт Зөмүүгийн Оюунболор /регистрийн дугаар ТА87050509, утас 94741881/,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар байрны 1а байрны 03 тоотод оршин суух, Цоохор овогт Лхагварагчаагийн Нямсүрэн /регистрийн дугаар ИИ86011901, утас 99371737/ нарт холбогдох

 

“Н.Нэргүйгийн нэр дээр бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1513 мкв талбайтай газрын  хууль ёсны өмчлөгчөөр Т.Ганболд мөн гэдгийг тогтоож, Н.Нэргүйгийн нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, хариуцагч З.Оюунболорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Нэргүйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Би Дархан-Уул аймаг, Дархан сум, хушаатын 4-8 тоотод эхнэр, хүүхдийн хамт ам бүл 6-уулаа амьдардаг. Эхнэр ажилгүй өвчний улмаас группт хүүхдүүд ажилгүй хөдөлж байгаа нь би ганцаар сантехникч хийдэг. 2015 оны 06 сард таньдаг Л.Нямсүрэн нөхөр Эрдэнэбаатарын хамт ирж банкнаас зээл хөөцөлдөж байна та түр үл хөдлөх эд хөрөнгийнхөө гэрчилгээг хэрэглүүлээч гэхээр нь итгээд барьцаанд тавих итгэмжлэл хийж өгсөн.  Хэд хоногийн дараа итгэмжлэлээр болохгүй байна. Манай дүү З.Оюунболорын нэр дээр шилжүүлчих удаахгүй аваад өгчих болохоор санаа зоволтгүй гэсэн учраас зөвшөөрсөн.

З.Оюунболорын нэр дээр шилжүүлээд Л.Нямсүрэн, Г.Нэргүйгээс 5 сая төгрөг зээлж аваад ихэнхийг нь эргүүлж төлөөгүй нэргүй Оюунболороос нэхээд Оюунболор надад хэлэлгүй Нэргүйгийн нэр дээр нууцаар шилжүүлсэн байна.  Одоо би өөрийн хашаа байшиндаа амьдарч байна. 

Анхнаасаа З.Оюунболортой худалдан авах гэрээ гэж дүр эсгэж хийсэн, иргэний хуулийн 56 дугаар бодит байдал дээр би түүнээс нэг ч төгрөг гэж аваагүй, тэр ч миний хашаа байшинг аваагүй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохоор хуульчилсан. 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 1547 тоот шүүхийн шийдвэрт нэгэнт хуулинд хүчин төгөлдөр бусд тооцохоор заасан тул шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцох шаардлагагүй гэж үзсэн. Нэгэнт хуулинд хүчин төгөлдөр бус гэж заасан тул иргэний хуулийн 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл мөн хүчин төгөлдөр бусад тооцохоор заасан байна.  Иймээс Нэргүй, Оюунболор нарын хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр биш байх тул Дархан-Уул аймаг, Дархан сум,  2 дугаар баг, хушаатын 4-8 тоот хашаа байшингийн хууль ёсны өмчлөгчөөр Т.Ганболд мөн гэж тогтоож Нэргүйгийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагч З.Оюунболорын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Т.Ганболд нь Л.Нямсүрэнгийн нөхрийн ах гэж надад танилцуулж уг хашаа байшинг миний нэр лүү шилжүүлж надаар Н.Нэргүй гэдэг хүнээс зээл авахуулж авсан зээлийн мөнгийг Л.Нямсүрэндээ өгүүлсэн. Гэрээ хэлцэл хийж шилжүүлж байх үедээ эрсдлийг өөрөө тооцож бүх нөхцөл байдлыг ойлгож байсан. 

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Л.Нямсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Дархан-Уул аймаг, Дархан сум,  2 дугаар баг, хушаатын 4-8 тоот хашаа байшингийн хууль ёсны өмчлөгчөөр Т.Ганболд мөн. Хариуцагч Л.Нямсүрэн миний бие Н.Нэргүй гэдэг иргэнээс 5,000,000 төгрөг зээлсэн гэдгийг Н.Нэргүй, З.Оюунболор нар мэдэж байгаа.  Би зээлсэн мөнгөнийхөө 1,500,000 төгрөгийг эргүүлэн төлсөн.  Н.Нэргүйд 3,500,000 төгрөг надаас гаргуулж Т.Ганболдын хувийн сууц өмчлөлийн газрыг Т.Ганболдын өмчлөлд шилжүүлж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Л.Нямсүрэн миний бие 3,500,000 төгрөг төлөхөд татгалзах зүйл байхгүй.  Т.Ганболд уг газар,  хувийн сууцны хууль ёсны өмчлөгч мөн.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Нэргүйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...маргааны зүйл болж буй газар,  үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Н.Нэргүй юм.

Н.Нэргүй тус газар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шилжүүлэн авсан болно.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ганболд нь хариуцагч З.Оюунболор, Л.Нямсүрэн нарт холбогдуулан Н.Нэргүйгийн нэр дээр бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1513 мкв талбайтай газрын  хууль ёсны өмчлөгчөөр Т.Ганболд мөн гэдгийг тогтоож, Н.Нэргүйгийн нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч З.Оюунболор, Л.Нямсүрэн нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Нэргүйн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Т.Ганболд, З.Оюунболор нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус бичгээр байгуулан Т.Ганболд нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1513 мкв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг З.Оюунболорт худалдсан бөгөөд улсын бүртгэлийн хэлтсээс З.Оюунболорт Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  00312133 дугаартай гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000427682 дугаартай гэрчилгээг тус тус олгосон байна.

З.Оюунболор, Н.Нэргүй нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “Н.Нэргүйгээс З.Оюунболор нь 5,000,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 03-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаагаар өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээлж авсан ба гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд  З.Оюунболор нь өөрийн өмчлөлийн  Дархан сум, 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1513 мкв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар” тохиролцож, хуульд заасны дагуу дээрх зээлийн болон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

З.Оюунболор нь дээрх зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул З.Нэргүй нь З.Оюунболорт холбогдуулан зээлийн төлбөр 5,875,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1164 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” захирамжаар “Н.Нэргүйгийн гаргасан зээлийн төлбөр 5,875,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Оюунболор хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн бөгөөд Н.Нэргүйгийн хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 5478 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн өдрийн 666 дугаартай гүйцэтгэх хуудас тус тус олгогдож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр төлөгч З.Оюунболор, төлбөр авагч Н.Нэргүй нар нь хоорондоо тохиролцон Дархан сум, 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1513 мкв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрт тооцон өгч, авахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, дээрх хувийн сууц, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ Н.Нэргүйгийн нэр дээр шилжиж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтээс Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000429040 тоот гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000367226 тоот гэрчилгээг тус тус 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Н.Нэргүйд олгосон байна.

Нэхэмжлэгч Т.Ганболд нь З.Оюунболор, Ч.Эрдэнэбаатар, Л.Нямсүрэн нарт холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1547 дугаартай шийдвэрээр Т.Ганболдын гаргасан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч тал нь хариуцагч З.Оюунболор, нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “...Анхнаасаа З.Оюунболортой худалдах, худалдан авах гэрээг дүр эсгэж хийсэн, бодит байдал дээр Т.Ганболд нь хашаа байшин, газрын үнэд нэг ч төгрөг аваагүй, худалдах зорилгогүй байсан, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч түүнээс хойш өдийг хүртэл тухайн хашаа байшиндаа амьдарч байгаа. З.Оюунболорт бодитоор шилжүүлээгүй, З.Оюунболор нь Т.Ганболдод  мэдэгдэлгүйгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Нэргүйгийн нэр дээр шилжүүлсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар Н.Нэргүй, З.Оюунболор нарын хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул дээрх үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Т.Ганболд мөн болохыг тогтоож, Н.Нэргүйгийн нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарласан болно.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар Т.Ганболд, З.Оюунболор нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн худалдах худалдан авах гэрээний дагуу дээрх үл хөдлөх хөрөнгө болох газар, хувийн сууц нь З.Оюунболорын өмчлөлд шилжиж, өмнөх өмчлөгч Т.Ганболдын өмчлөх эрх дуусгавар болсон байна.

Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1164 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” захирамжийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад З.Оюунболор нь  төлөх төлбөртөө тооцон өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг Н.Нэргүйгийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан  “...хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэсэн үндэслэлээр Н.Нэргүйгийн нэр бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Т.Ганболдыг дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй”, 29 дүгээр зүйлийн 29.3-т “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж тус тус заасан боловч нэхэмжлэгч Т.Ганболд нь  өөрийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ сэргээхийн тулд бие даасан шаардлага гаргаагүй Н.Нэргүйгийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан байна.

Өөрөөр хэлбэл Т.Ганболдын гаргасан  Н.Нэргүйгийн нэр дээр бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1513 мкв талбайтай газрын  хууль ёсны өмчлөгчөөр Т.Ганболд мөн гэдгийг тогтоож, Н.Нэргүйгийн нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай маргааны хариуцагч болох этгээд нь Л.Нямсүрэн, З.Оюунболор нар биш байна.

Иймд нэхэмжлэгч Т.Ганболдын гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Ганболд нь өөрт учирсан гэх хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй бөгөөд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ганболдын хариуцагч З.Оюунболор, Л.Нямсүрэн нарт холбогдуулан гаргасан Н.Нэргүйгийн нэр дээр бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1513 мкв талбайтай газрын  хууль ёсны өмчлөгчөөр Т.Ганболд мөн гэдгийг тогтоож, Н.Нэргүйгийн нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 зааснаар нэхэмжлэгч Т.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Ганболд улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байх тул түүнээс 69,400 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч З.Оюунболороос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА