Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2019/00627/И |
Дугаар | 001/ХТ2021/00074 |
Огноо | 2021-01-26 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2021/00074
В.Бат-Очирын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01203 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1141 дугаар магадлалтай,
В.Бат-Очирын нэхэмжлэлтэй,
Г.И холбогдох,
Гэм хорын хохиролд 1.256.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.Идэрбаяр, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Бат-Очирын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 174 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 744 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаар тогтоолтой 201625011041 дугаартай эрүүгийн хэргийн холбогдогч Байчууд овогт Гонгорболдын Идэрбаяраас Монгол Улсын Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлийн дагуу эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжилж байна. Г.Идэрбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гадна авто машины зогсоол дээр зогсож байхад 84-83 УНЗ улсын дугаартай миний машины араар мөргөчхөөд миний зогсоол яв зайл гээд хэл амаар доромжлон хэрүүл маргаан үүсгэн, намайг /хөгжлийн бэрхшээлтэй/ санаатайгаар зодож миний бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс тогтоогдсон. Гэтэл Г.Идэрбаяр үйлдсэн гэм буруугаа хүлээхгүй биднээс уучлал хүсээгүй бие махбодод учирсан гэмтлийг эмчлэх эмчилгээний зардлыг сайн дураараа барагдуулахгүй намайг хохироож байна. Түүнд зодуулснаас хойш байнга толгой өвддөг нойргүйдэн уналт таталт удаа дараа өгч эмчилгээ хийлгэж ухаан алдсанаас эм байнга уух шаардлагатай болсон. В.Бат-Очир миний бие эмчийн хяналтад уналт таталтын эм байнга уух нойрны ЭЭГ 3 сар тутамд нэг удаа хийлгэх МRI хийлгэх мөн нойрны ЭЭГ-г хийлгэх шаардлагатай, санхүүгийн боломжгүй тул хийлгэх чадахгүй байна. Иймд Г.Идэрбаяраас 1.256.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Идэрбаярын шүүхэд гаргасан тайлбарт: ...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 174 дугаар шийтгэх тогтоолын 6 дугаар талд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3331 дугаар дүгнэлтэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Хохирогч В.Бат-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Г.Идэрбаяраас нийт 1.035.000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 180.000 төгрөг хасч үлдэх 855.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч тэрээр нотлох баримтаа шүүхэд гарган өгөөгүй тул, түүнчлэн хохирогч В.Бат-Очир нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй хэмээн бичигдсэн байна. 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зогсоол дээр тавих гэж байгаад иргэн В.Бат-Очирын машиных нь арын куперийг шүргэсэн. Үүнээс үүдэн бидний дунд маргаан үүсэж В.Бат-Очир бид 2 хоорондоо барилцан авсан. Тухайн үедээ В.Бат-Очир надаас 250.000 төгрөг нэхэж байсан. Учир нь барилцаж байхдаа В.Бат-Очирын цамцных нь зах урагдсан байсан. Бөөгийн толь тасарч алга болсон зүйл байгаа. Миний куртикны энгэрийн халаас урагдсан байсан. Тухайн үед хэн хэндээ хүлээцгүй хандсанаас болоод ийм зүйл боллоо гээд энэ хүмүүсээс уучлалт гуйсан. Тухайн үед замын цагдаа дуудсан. В.Бат-Очирын эхнэр эрүүгийн цагдаа дуудсан. Энэ хүн надаас үндэслэлгүйгээр их мөнгө нэхэж байгаа. Хөнгөн зэргийн зулгаралт гэмтэл гарсан. Би В.Бат-Очиртой уулзаж эмнэлэгт үзүүлсэн зардлыг төлсөн. В.Бат-Очирын найз Буянхишиг нь надаас 3.500.000 төгрөг нэхээд нэхэмжлэл гаргасан байгаа. Би уг нь түүнтэй муудаагүй. В.Бат-Очир нь эмнэлгийн хяналтад байдаг групптэй хүн юм байна лээ. Тэр үед би мэдээгүй дараа нь мэдсэн. Энэ нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01203 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Г.Идэрбаярт холбогдох гэм хорын хохиролд 1 256 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.Бат-Очирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.Бат-Очир нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1141 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01203 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Идэрбаяраас гэм хорын хохиролд 850 000 төгрөгийг гаргуулж В.Бат-Очирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 406 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.Бат-Очир нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Г.Идэрбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг өөрчлөн 2016 оны 08 сарын 01, 03 сарын 15-ны өдрүүдэд эм тариа авсан зарлагын баримтуудыг үндэслэн 850.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж В.Бат-Очирт олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3331 дугаар Шүүх эмнэлгийн дүгнэлтээр В.Бат-Очирын доод уруулд няцарсан шарх, эрүүнд зулгаралттай гэсэн дүгнэлт гарсан бөгөөд тархи болон бусад гэмтэл илрээгүй. Үүнийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зардлууд нь дээрх дүгнэлтээр илэрсэн гэмтлийг хэвийн байдалд орууллахад зарцуулагдсан байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэртээ үндэслэл болгосон 2016 оны 08 сарын 01-ний болон 2016 оны 3 сарын 15-ны өдрүүдийн эм, тарианы зарлагын баримт бичигдсэн эм, тариаг судлахад тархины цус харвалт, тархины судасны болон бодисын солилцооны өөрчлөлтөд хэрэглэдэг эм, эмийн бүтээгдэхүүн байгаа нь хэрэгт хамааралгүй бөгөөд мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дүгнэлтээс зөрүүтэй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй буюу Улсын Ерөнхий Прокурорын газрын архивын ХУУЛБАР ҮНЭН" гэсэн дардастай байхад нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр Г.Идэрбаяраас 850.000 төгрөг гаргуулахаар щийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
В.Бат-Очир нь Г.Идэрбаярт холбогдуулан гэм хорын хохиролд 1.256.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдсон тул хариуцагчийн гомдлын агуулгаар хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, В.Бат-Очирын нэхэмжлэлтэй Г.Идэрбаярт холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон нэг шүүгч магадлалд гарын үсэг зураагүй байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэрэг шийдвэрлэхэд оролцсон шүүх бүрэлдэхүүн бүгд гарын үсэг зурах ба аль нэг шүүгч нь гарын үсэг зураагүй нь магадлалыг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасан үндэслэл болж байна.
Мөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.4, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т зааснаар хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах шүүх хуралдаанд тэмдэглэл хөтөлнө, тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлж, шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. гэжээ.
В.Бат-Очирын нэхэмжлэлтэй Г.Идэрбаярт холбогдох хэргийг хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зураагүй байна.
Шүүх хуралдааны тэмдэглэл нь давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хэрхэн явагдсныг тогтооно. Давж заалдах шатны шүүхийн тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зураагүйгээс тус шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1141 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.Идэрбаярын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.900 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ