Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00524

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 23ы өдрийн 102/ШШ2019/02485 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04ий өдрийн 2025 дугаар магадлалтай,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Тайгын булаг авто ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 9,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн төлөөлөгч Я.Мягмарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх худаг гаргах ажил эрхэлдэг тул хөдөө худаг гаргах мотор ачиж явах машин худалдаж авахаар******* ХХК-ийн Сайн авто ломбардаас 2018.10.13 өдөр Мицубиши Фусо маркийн машиныг 9,500,000 төгрөгөөр худалдан авсан. Уг автомашиныг аваад Сонгинохайрхан дүүрэгт байрлах, аж ахуйн хашаанд аваачиж, кузов нь цөмөрхийг 10 сарын 14-ний өдөр засаж, шалгасан. Дараачийн 15-ны өдөр худаг гаргах өрмийн мотороо ачиж явуулсан боловч Айдсын даваа хүрээд тос масло нь холилдож эвдэрсэн, худалдагч талаас маргааш засварчнаа авч очоод янзлаад өгье гэсэн. Маргааш нь утасдтал засварчин ажилтай болчихлоо, өөрсдөө янзал гэсэн тул задлуулсан, техникээ хариуцсан нэг залуутай уулзаж, моторын зургийг үзүүлсэн. Маргааш ир гэсэн. 2018-10-16 өдөр 99116996 утсаар ярихад өөрөө зас, 1,500,000 төгрөг өгье гэсэн. Моторын арлын дугаараар нь сэлбэг захих гэтэл 6 цилиндртэйг 8 цилиндэртэй болгож өөрчилсөн байсан шалтгаанаар таарах сэлбэг захиалах боломжгүй болсон. Уг автомашинд доголдол илэрч, ашиглах боломжгүй болсон тул худалдах-худалдан авах гэрээнээс биет байдлын доголдлын улмаас татгалзаж, машиныг буцааж өгч, үнэ 9,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч******* ХХК тайлбартаа: ******* ХХК нь 2018-10-13 өдөр Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 11-р гудамжинд байрлах Сайн авто ломбардны зогсоолоос улсын 33-04 УБК дугаартай Митсубиши Пусо маркийн автомашиныг худалдаж авсан. Манай компанийн зогсоолд ойролцоогоор 50 орчим хүнд даацын автомашин худалдаалагдаж байдаг. Эдгээр автомашинуудаас Ц.Амарбаяр болон жолооч Г.Баянбат нар манай компанийн ажилтан Д.Мөнхжаргалтай уулзаж, тухайн автомашиныг тос, масло солих болон зохих засварыг хийнэ гэж хэлээд автомашины үнийг төлж, авч явсан. Худалдаж авсан автомашины талаар манай компанийн ажилтан Д.Мөнхжаргал хангалттай мэдээлэл өгч, автомашины копуд болон кузовыг сөхөж үзэж шалгаж авахыг санал болгосон боловч Ц.Амарбаяр, Г.Баянбат нар нь эндээс гараад зохих үйлчилгээг нь хийх учир үзэх шаардлагагүй гэж хэлээд аваад явсан. Манай компанийн худалдсан автомашины хувьд зориулалтын дагуу ашиглах боломжтой, эд хөрөнгө буюу Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасан биет байдлын доголдолгүй хөрөнгө. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.23ы өдрийн 102/ШШ2019/02485 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 205 дүгээр зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Тайгын булаг авто ХХК-иас 9,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор тогтоож, улсын 33-04 дугаартай, Мицубиши Фусо маркийн автомашиныг хариуцагчид шилжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 166,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.04ий өдрийн 2025 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.23-ны өдрийн 102/ШШ2019/02485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Я.Мягмарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учир дараах үндэслэлээр энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Үүнд: 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ******* ХХК-ийн захирал болон ажилтнууд******* ХХК-иас 33-04 УБК улсын дугаартай, Мицубиши Фусо маркийн тээврийн хэрэгслийн бодит анхны үнийг буулгаж, 9 500 000 төгрөгөөр худалдан авах мөн шаардлагатай засвар үйлчилгээг өөрсдийн зардлаар хариуцах санал гаргасны үндсэн дээр хүлээн зөвшөөрч худалдсан байдаг. Гэрээний дагуу дээрх 33-04 УБК улсын дугаартай, Мицубиши Фусо маркийн тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглахын тулд худалдан авагч шаардлагатай засвар, үйлчилгээг хийсний үндсэн дээр ашиглах талаар талууд харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг бүрэн шалгаж, зохих засварыг хийж гүйцэтгэн ашиглах ёстой байсан боловч уг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй мөн ашиглалтын журам зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон. Шүүх уг талуудын тохиролцоог анхаарч үзээгүй, дээрх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй хэдий ч шилжүүлж буй тээврийн хэрэгсэл хуучин болохыг мөн засвар үйлчилгээ хийх шаардлагатай болохыг нэхэмжлэгч мэдэж байсан буюу хүлээн зөвшөөрсөн байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд: Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар талууд гэрээндээ эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгө эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Нэгэнт талууд гэрээндээ гэрээний зүйлийн чанарын талаар заагаагүй тул ачаа ачих зориулалтаар ашиглах боломжтой авто машин байх шаардлагатай юм" гэжээ. Нэхэмжлэгч нь автомашиныг ачаа тээвэрлэх зориулалтаар худалдаж авсан боловч уг зориулалтаар ашиглахын тулд засвар үйлчилгээг хийх үүргийг хүлээсэн төдийгүй хуучин авто машин шилжүүлэн авч буй талаар мэдэж байсан тул үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар талууд харилцан тохиролцсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэн 2018.10.13-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 9,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч ИХШХШтХ-ийн 25.2.2, 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаар нотолж чадаагүй. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасны дагуу гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн тул 247 дугаар зүйлийн 247.1-д Худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж зааснаар тухайн тээврийн хэрэгслийн эрсдэл, үр шим худалдан авагчид шилжсэн. Нөгөө талаар худалдсан эд хөрөнгө болох 33-04 УБК улсын дугаартай, Мицубиши Фусо маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлж өгснөөс хойш доголдол илэрсэн гэж үзэж байгаа бол худалдан авагч ******* ХХК нь илэрсэн доголдол тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөх үед үүссэн байсан гэдгийг нотлох ёстой. . Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 9,500,000 төгрөгийг гаргуулж, тухайн тээврийн хэрэгслийг хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл дээр дурдсанчлан хариуцагч нь ердийн журмаар ашиглах боломжтой тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн атлаа одоо ашиглах боломжгүй тээврийн хэрэгслийг буцаан авах нөхцөл бүрдээд байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйд дүгнэлт хийгээгүйн улмаас нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлж, нэхэмжлэгчийг хариуцлагаас бүрэн чөлөөлсөн шийдвэр гаргасан юм. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

******* ХХК нь******* ХХК-д холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 9,500,000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч Я.Мягмарсүрэн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргажээ.

Хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдах явцад буюу 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Амарбаяр нэхэмжлэлээсээ татгалзаж, татгалзлыг батлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгчийн татгалзал бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Тайгын булаг авто ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23ы өдрийн 102/ШШ2019/02485 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04ий өдрийн 2025 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Тайгын булаг авто ХХК-д холбогдох Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 9,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Тайгын булаг авто ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  

                                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Х.ЭРДЭНЭСУВД

                                                                        ШҮҮГЧИД                                           Б.УНДРАХ

                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                      Х.СОНИНБАЯР

                                       Д.ЦОЛМОН