Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 158/2016/0013/З |
Дугаар | 105 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 105
Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх албаны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаатар нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0779 дүгээр магадлалтай, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.1.6, 35.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.3.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1, 77 дугаар зүйлийн 77.2-ын 3, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлийг хангаж, Булган сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн Булган аймгийн Булган сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Майдар голд байршилтай албан контор хорих ангийн зориулалттай 30621 м.кв газар, албаны аж ахуйн зориулалттай 3280 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” шаардлагаасаа татгалзсаныг баталсан. 3. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, 102 дугаар зүйлийн 102.1-д зааснаар гуравдагч этгээд Г.Баасандорж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас захиргааны актын улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг дурдсан. 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсан. 5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна. 6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласан байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0779 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.1.6, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.3.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “...татгалзсаныг баталсугай” гэснийг “татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 болон 5 дахь заалтыг хасч, 4 дэх заалтыг 3, 6 дахь заалтыг 4 болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Гуравдагч этгээд Г.Баасандоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалууд нь гуравдагч этгээд Г.Баасандоржийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн. Г.Баасандорж Газрын тухай хуульд заасан эрхийнхээ дагуу төрийн байгууллагын эзэмшилтэй байсан боловч ашигладаггүй газрыг Булган сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар эзэмших эрхтэй болсон нь нэхэмжлэгч, хариуцагч нарын ямар нэгэн эрх ашгийг хөндөөгүй юм. Давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Баатархүү нь уг захиргааны хэргийг урьд шийдвэрлэхэд оролцож байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө сайн дураараа татгалзан гарах үүрэгтэй байтал тэгэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэхэмжлэлтэй энэхүү захиргааны хэргийг Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 74 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд энэхүү захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 221/ШТ2016/0465 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгож буцаасан. Үүнд шүүгч Д.Баатархүү оролцсон атлаа 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд дахин орж хэргийг санаатайгаар нэг талд шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчлөө. Зүй нь, энэ хуульд зааснаар давж заалдах шатны шүүхэд 2 ба түүнээс дээш оролцогч гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх, шүүгч өөрөө татгалзан гарах үүрэгтэй байсан. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг батлахдаа хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, мөн маргаагүй асуудлыг шийдвэрлэсэн, улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх, хуваарилах заалт болон хуулийн заалтыг буруу бичсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн боловч шийдвэрийг хүчингүй болгоогүй, харин өөрчлөлт оруулж засварласныг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн анхан шатны шийдвэрт Булган сумын Засаг даргын 2016 оны сарын 31-ний өдрийн А/141 тоот захирамжийг хүчингүй болгохоор хэлэлцэж эхэлсэн боловч 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 /бүтэн жилийн өмнөх шал өөр захирамжийг/ захирамжийг хүчингүй болгож илтэд алдаатай шийдвэр гарган бичсэн байхад 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснийг хууль буруу хэрэглэсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Иймд, илт алдаатай хууль зөрчсөн буруу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Булган сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0177232, 0177239 тоот гэрчилгээний үндсэн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны “албан контор, аж ахуйн зориулалт”-аар эзэмшиж байсан Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Майдарын гудамжинд байрлах 3280 м.кв, 30621 м.кв газрыг тус аймгийн Булган сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар иргэн Г.Баасандоржид шилжүүлэн эзэмшүүлсэн нь дараах үндэслэлээр хууль бус байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Үндсэн хөрөнгө актлах, худалдах зөвшөөрөл олгох тухай” 564 дүгээр тогтоолоор Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “гараж, сахиулын барилга, тасгийн конторын байр, цагдан хорих байр, сүүдрэвч” зэрэг хөрөнгүүдийг актлах, акталсан хөрөнгөөс ашиглаж болох эд зүйлийг ялган тоолж, үнэ тогтоон эргэлтийн хөрөнгийн бүртгэлд тусган ашиглах, тогтоосон журмын дагуу худалдан борлуулахыг зөвшөөрч, харин үл хөдлөх хөрөнгийн чөлөөлөгдсөн талбайг хорих ангийн зориулалтаар барилга барихаас өөр зориулалтаар ашиглахгүй байхаар тогтоосон байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй:” гээд 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж заасан хэдий ч мөн зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” байхаар зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага эзэмшиж буй газрын эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхгүй байхын зэрэгцээ Төрийн өмчийн хорооноос “актлагдсан үл хөдлөх хөрөнгийн чөлөөлөгдсөн газрыг хорих ангийн зориулалтаар барилга барихаас өөрөөр ашиглахгүй байх”-аар шийдвэрлэсэн байхад Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга /асан Д.Отгонбаатар/ 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Газрын эрх шилжүүлэх гэрээ”-г иргэн Г.Баасандоржтой байгуулж, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/256 дугаар албан бичгээр “газрыг Г.Баасандоржийн эзэмшилд шилжүүлэх тухай” хүсэлтийг гаргаж, хариуцагч Булган сумын Засаг дарга уг хүсэлтийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан шалган тодруулах чиг үүргээ /зохих ёсоор/ хэрэгжүүлэлгүй, төрийн байгууллагын эзэмшиж буй газрыг хууль бусаар иргэн Г.Баасандоржид шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч төрийн байгууллага өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрх зөрчигдсөн /хязгаарлагдсан/ байх тул гуравдагч этгээд Г.Баасандоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаатарын “шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ашигладаггүй байсан газрыг Г.Баасандоржид шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй.
Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “давж заалдах шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.
Учир нь, “хэргийг давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн” гэдэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан “шүүхийн шийдвэр”-ийг давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэж байгаа ажиллагааг ойлгох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан шүүгчийн захирамжийг мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.6-д заасны дагуу хянасан нь “хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж” байгаа ажиллагаа биш болно.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ, найруулгын зохих өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Г.Баасандоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0779 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН