Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
Хэргийн индекс | 101/2019/03066/И |
Дугаар | 001/ХТ2021/00582 |
Огноо | 2021-06-02 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2021/00582
.........ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 04-ний 101/ШШ2019/03010 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 36 дугаар магадлалтай,
.........ы нэхэмжлэлтэй,
“.........” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажигүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ........., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын Дорнод аймгийн Матад суманд байрлах 19 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазад тогоочоор 9 жил ажилласан. 2019.05.29-ний өдөр 2019.05.27-ны өдрийн 19/40 дугаартай Ажилчдыг ур чадвар, давуу талаар нь шигшиж сайжруулах шийдвэрийн тухай гэсэн баримтыг танилцуулсан ба шийдвэрт тодорхой нэр заагаагүй байсан. Уншиж танилцаад ажилтны мэргэжил, мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, ажлын гүйцэтгэл хандлага, хэлтсийн үнэлгээ зэргээс хамаарч шигшинэ гэж ойлгосон. Энэхүү шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангана гэсэн итгэлтэй байсан. Учир нь, хамгийн өндөр мэргэжлийн зэрэгтэй, архи, тамхи, гэмт хэрэг зөрчлийн ямар нэгэн алдаа дутагдалгүй, компанийн дүрэм, үйл ажиллагаанд гомдол, шүүмжлэл гаргадаггүй, үүрэгт ажлаа хийдэг тул дурдсан асуудал хамааралгүй гэж 100 хувь итгэлтэй байсан ч ажлаас халсан. Үндэслэлийн талаар дарга /БНХАУ-ын/ нараас асуухад “... чи ажлаа сайн хийдэг, мэргэжил боловсролын шалгуур хангасан, архи, дарсны зөрчилгүйг мэднэ, танай менежерээс ирүүлсэн нэрс дунд чиний нэр байна, бид мэдэхгүй...” гэсэн. Ингээд М.Наран менежерээс тодруулахад мэдэхгүй гэсэн. Тэрээр өнгөрсөн 9 жилийн хугацаанд үл ялиг шалтгаанаар сахилгын арга хэмжээ авч байсан ч гомдол гаргаж байгаагүй. Түүнээс биш хятад дарга нар дарамт, шахалт үзүүлж байгаагүй. Өнгөрсөн хугацаанд шилдэг ажилтан болж шагнал, урамшуулал авдаг байсан. Одоогийн байдлаар санхүүгийн хувьд маш хүндрэлтэй байна. Сар бүр 1,062,000 төгрөгийн зээл төлөх, өндөр настай аав, ээж, эхнэр бага насны 2 хүүхдийн амьдрал ахуйг авч явах гээд санхүүгийн дарамт ирж байна. Хариуцагч тушаал шийдвэртээ “...хөрөнгө оруулалтын эрчимтэй хөгжлийн үе шатнаас техник технологийн эрчимтэй үе шат руу шилжсэн тул компанийн өнөөгийн үйл ажиллагаанаас хүртэх үр ашиг муу, хөрөнгө оруулалтын хэмжээ багасч, компанийн ажилтны тоо хэт ихээр давсан. Компани ур чадвараар нь 31 ажилтныг шигшин сайжруулсан гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасны дагуу сануулах арга хэмжээ авсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан” гэжээ. Гэтэл тушаал хууль зүйн үндэслэлгүй нь хэргийн баримтуудаар тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 19/19-34 дугаар тушаалд огноо байхгүй, 2019.05.27-ны өдрийн 19/40 тоот тушаал, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.1-ийг үндэслэн бүтэц зохион байгуулалтаар ажилтанг шигшин сайжруулах ажлыг зохион байгуулсан, ажлын байр болон орон тоог цөөрүүлсэн ажилтнуудын ажлыг 2019.07.10-ны өдрөөр тасалбар болгож ээлжийн амралтыг санхүү хариуцсан н.Дашзэвэгт даалгасугай гэсэн байсан. Дотоод журмын 3.4.1-д ажилтантай байгуулсан гэрээг цуцлах тухай зохицуулалт бий. Тушаалд ажлаас халсан үндэслэлийг тодорхой бичнэ гэж заасан байхад үндэслэлээ тайлбарлаагүй, хэдэн орон тоо хасагдаж цөөрсөн нь тодорхойгүй байгаа. Иймд тус байгууллагын 19 дүгээр талбайн үйлдвэрийн баазын тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 2019.07.10-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны 83 хоногийн цалин нийт 12,309,564 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.........” ХХК нь 2005 оноос Монгол улсад бүтээгдэхүүн хуваах гэрээ-ний дагуу газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд тус улсын хууль, тогтоомжийг хүндэтгэн даган биелүүлж орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ зэргээр нийгэм, эдийн засагт зохих хувь нэмрээ оруулж байгаа юм. Компанийн газрын тос олборлож буй 19, 21 дүгээр талбайнуудад нийт ажилчдын 79.2 хувь буюу Монгол улсын 537 иргэн ажилладаг. 2019.05.27-ны өдөр 19/40 дугаартай Ажилчдыг ур чадвар, давуу талаар нь шигжиж сайжруулах шийдвэрийн тухай гэсэн ерөнхийлөгч /гүйцэтгэх захирал/-ийн шийдвэр гарсан. Уг шийдвэрт “.........” ХХК нь хөрөнгө оруулалтын эрчимтэй үе шатнаас технологийн эрчимтэй хөгжлийн үе шат руу шилжсэн байгаа тул компанийн өнөөгийн үйл ажиллагаанаас хүртэх ашиг муу, хөрөнгө оруулалтын цар хэмжээ жилээс жилд багасаж хумигдаж байгаа, 2018 онд дээд шатнаас тогтоосон хөдөлмөр эрхлэх ажилтнуудын хэмжээтэй харьцуулахад компанийн ажилчдын тоо хэт ихээр давсан. Компани нь ажилтны мэргэжил, мэдлэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар ажил олгогч энэ хуулийн 40.1.1. 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэнэ гэсний дагуу хавсралтад заасан 31 ажилчдын жагсаалтад орсон ажилтан тус бүрд 2019.05.27-ны өдөр Мэдэгдэл гардуулж танилцуулсан. Уг мэдэгдэлд 19/40 тоот тушаалд заасны дагуу компани нь ажилтны мэдлэг, мэргэжил, ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, ажлын гүйцэтгэл, хандлага, хэлтсийн ажилчдын үнэлгээ болон Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.4.1 зэрэгт үндэслэн таны ажлын байрны орон тоог цөөрүүлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдэж байна. Хөдөлмөрийн гэрээг 2019.07.10-ны өдрөөр тасалбар болгох бөгөөд компанийн хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд заасны дагуу тэтгэмжийг олгох болно гэж тусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1-т аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтныг тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болдог. Энэ тохиолдолд урьдчилан мэдэгдэж, тэтгэмж олгодог бөгөөд манай байгууллагын хувьд өнөөгийн үйл ажиллагаанаас хүртэх ашиг муу, хөрөнгө оруулалтын цар хэмжээ багасаж байгаатай холбогдуулж ажилтны тоог цөөрүүлсэн. Энэ талаар .........д мэдэгдэж, ажлаас халагдсаны тэтгэмж 6,432,545 төгрөгийг түүний Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансанд шилжүүлэн олгосон. Нэхэмжлэгч .........ы хувьд 2011.09.06-ны өдрөөс ажилласан. Сүүлийн жилүүдэд ажилд хайнга хандаж, удирдлагын тавьсан шаардлагыг үл биелүүлэх зөрчил удаа дараа гаргах болсон. 2016-2019 оны хооронд нийт 6 удаа сахилгын шийтгэл ногдуулсан. 2018.05.23-ны өдөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэж сануулах шийтгэл, мөн оны 5 дугаар сарын 31-нд сахилгын шийтгэл, 2019.03.07-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.6.1-т заасан удирдах ажилтны өгсөн зөвлөмж, зааварчилгааг дагаж мөрдөөгүй гэх зөрчил гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл 131.1.1-т заасан арга хэмжээ авсан. Уг зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 19/40 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэхдээ компани, ажилтны мэргэжил мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн сахилга бат, ажлын гүйцэтгэл, хандлага, хэлтсийн үнэлгээ зэрэгт үндэслэж шударга зарчимч байдлаар 31 ажилчдыг шигшиж халсан. ......... эдгээр үндэслэлүүдэд бусад хамтран ажилладаг ажилтнуудыг бодвол хандлага тааруу, сахилгын зөрчил удаа дараа гаргасан зэрэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас халагдсан тул нэхэмжлэгчийг тогоочийн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.04-ний 101/ШШ2019/03010 дугаар шийдвэр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч .........ыг “.........” ХХК-ийн Дорнод аймгийн Матад сум дахь 19 дүгээр талбайн үйлдвэрийн баазын тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “.........” ХХК-иас 8,744,514 төгрөг гаргуулан .........д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “.........” ХХК-иас 225,062 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.06-ны өдрийн 36 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.04-ний өдрийн 101/ШШ2019/03010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “.........” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хэргийн Анхан болон Давж заалдах шатны шүүх “орон тоо цөөрүүлсэн”-тэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй гэж үзсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 19/19-34 дугааргай түшаалын хавсралтад .........ы албан тушаал нь орон тоог цөөрүүлсэн ажлын байранд хамаарагдаж байгааг тусгасан байна. /хх36-37/. Өөрөөр хэлбэл Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн үүргээ шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...баримтаар тогоочийн орон тоог цөөрүүлсэн гэх байдал тогтоодохгүй байх бөгөөд Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.2.2, 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаагаа хариуцагч баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна” гэж тусгасан байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “.........” ХХК-ний 19 дүгээр талбайд хэчнээн тогооч ажилдаг тэдгээрээс хэдэн тогоочийг орон тооноос хассан болох нотлох баримтыг гаргаж өгөх хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хэрэгт хамааралгүй гэж үзээд хангаагүй болно. Тухайлбал 2019.09.26-ны өдрийн 101/ШЗ2019/15038 дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах тухай, 2019.10.24-ний өдрийн 101/Ш32019/16994 дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжуудад “...19 дүгээр талбайд аж ахуйн хэлтэст хичнээн тогооч ажиллах ёстой байдаг, хичнээн тогоочийг хасч цөөрүүлж байгаа шийдвэр нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй ...” гэж тусгасан. Шүүх хэрэгт хамааралгүй гэж үзсэн үндэслэлээрээ хэргийн хянан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугээр зүйлийн 116.2-т заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй байна. Эвлүүрлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл 65.1.3 дахь хэсэгт “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал хэрэг үүсгэхээс татгалзана” гэж тус тус заасан байна. Анхан шатны шүүх нь хуулиар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхээр заасан, хийгэх боломжтой байсан хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийхгүйгээр хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Харин давж заалдах шатны шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэхийг харгалзаж үзэхгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
........., “.........” ХХК-д холбогдуулан тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тогоочийн орон тоо цөөрүүлсэн гэсэн тайлбар гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх ......... нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргааныг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглэжээ.
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1-д заасныг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн гэж үзлээ.
Хариуцагч “.........” ХХК-ийн ерөнхийлөгч /гүйцэтгэх захирал/ 2019.05.27-ны өдөр 19/40 дугаартай “Ажилчдыг ур чадвар давуу талаар нь шигшиж сайжруулах тухай” гэх тушаал гаргаж, 31 ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар шийдвэрлэн, 2019.07.10-ны өдрөөр тасалбар болгон тэтгэмж олгожээ.
Дээрх тушаалд заасан орон тоо цөөрүүлж буй ажилтны нэг нь нэхэмжлэгч ......... гэх бөгөөд түүний хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр цуцалсан тухай 2019.07.10-ны өдрийн 19/19-34 тоот тушаалыг тусгайлан гаргаж тус компанийн Дорнот аймгийн Матад суманд байрлах уурхайн 19 дүгээр талбайн үйлдвэрийн баазын тогоочийн ажлаас чөлөөлжээ.
......... тус компанид 2011 оноос ажиллаж байгаа нь тогтоогдсон ба ажил олгогч ажилтны орог тоо цөөрүүлэхдээ ур чадвар давуу талыг харгалзан үзсэн, нэхэмжлэгчийн хувьд ажиллах хугацаандаа 6 удаа сахилгын шийтгэл хүлээсэн нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон тухай тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно.” гэж зохицуулсан.
Ажил олгогч 2019.08.26-нд буюу ажилтныг ажлаас чөлөөлснөөс хойш 56 хоногийн дараа тогоочийн ажлын байранд дахин ажилтан авахаар зар гаргасан нь хуулийн дээрх заалтаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэл болно.
Иймд хоёр шатны шүүх нэхэмжлэгч .........ы ажлын байр болох уурхайн 19 дүгээр талбайн үйлдвэрийн баазын тогоочийн орог тоо цөөрүүлсэн үндэслэлийг хариуцагч баримтаар нотлоогүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримт үнэлэх хуульд заасан журам зөрчөөгүй, маргааны зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг зөрчөөгүй тул хуулийн үндэслэл бүхий шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний 101/ШШ2019/03010 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 36 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 225,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН