Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 323

 

С.Б, Н.Э, Н.Н нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, З.Уянга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүгдэгч Н.Нийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, З.Уянга нарын давж заалдах гомдлоор С.Б, Н.Э, Н.Н нарт холбогдох эрүүгийн 1802001280101 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1............, 1974 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл тауны 801-1204 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................./;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

2. ................., 1986 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны менежмент мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл тауны 801-1204 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....................../;

 

3. ....................., 1989 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Чингүнжавын гудамжны 58 дугаар байрны 30 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....................../;

 

С.Б нь Н.Этай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.1 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, уг бодисоо 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

мөн Н.Этай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.1 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристалл таун” хотхон хүртэл тээвэрлэсэн, хадгалсан,

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны орчим НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.1 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг Н.Нид худалдсан гэмт хэрэгт,

Н.Э нь С.Бтэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.1 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, уг бодисоо 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

мөн 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 1.1 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристалл таун” хотхон хүртэл тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэгт,

Н.Н нь 2018 оны 4 дүээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олимп” хотхоны гадна Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 0.4 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Прокуророос ................ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Бт 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Бт 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Эд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийи ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Эд 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Нид 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийи 1 дэх хэсэгт зааснаар С.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн С.Бийн бүгд биечлэн эдлэх ялыг нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийи 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийи 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Н.Эгийн бүгд биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Б, Н.Э, Н.Н нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бийн урьд цагдан хоригдсон нийт 60 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №15 гэж дугаарласан цагаан өнгийн таганд гуурс шургуулсан дотроо өнгөгүй шингэнтэй хуванцар сав /бортого мэт зүйл/, №16 гэж дугаарласан дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, №17 гэж дугаарласан дотор нэг үзүүрт нь хуванцар гуурс мэт зүйл шургуулсан дотор хэсэг нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, №19 гэж дугаарласан 2.5 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, №18 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уут, №14 гэж дугаарласан бор өнгийн модон гаанс, №10, №11 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар гуурс, №13 гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар гуурс, №12 гэж дугаарласан цайвар өнгийн хуванцар гуурс, “Parlament” гэсэн бичиглэлтэй тамхины хайрцаг, №2 гэж дугаарласан хар өнгийн хуванцар гуурс шургуулсан шилэн гаанс мэт зүйл, №3 гэж дугаарласан дээд орой хэсэгт нь цэнхэр өнгийн гуурс шургуулсан “Shoe deo special” гэсэн бичиглэл бүхий хуванцар сав, №1 гэж дугаарласан цэнхэр өнгийн хуванцар гуурсанд хийсэн цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 0.4 грамм, №4 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 0.3 грамм, №7 гэж дугаарласан дотор хэсэг нь бохирлогдсон тарианы усны шил, №8 гэж дугаарласан 10 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, №6 гэж дугаарласан 2.5x2.5 см-н хэмжээтэй 3 талыг хайлуулж наасан уутанд савлас, цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.4 грамм зэрэг эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, №5 гэж дугаарласан АМ7584113 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэртийг устгахыг Монгол банкинд даалгаж, Н.Эгийн Е1278339 дугаартай гадаад паспортыг өөрт нь буцаан олгож, нууц ажиллагааны магадлагаа 5 хуудастай, Сиди 2 ширхэг зэрэг эд мөрийн баримтыг хэрэгт тус тус хавсаргахаар шийдвэрлэж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д зааснаар С.Б, Н.Э нарын насанд хүрээгүй гурван хүүхэд болох Б.Үен, Б.Уян, Б.Урин нарын асрамжийг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, Н.Э, Н.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, С.Б, Н.Э, Н.Н нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Б, Н.Э, Н.Н нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

                                                                                             

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 140 тоот шийтгэх тогтоолыг дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д яллах дүгнэлтэд бичигдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэддүгээр зүйлийн хэд дэх хэсэгт заасан зүйлчлэлийг яаж өөрчилсөн нь ойлгомжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тухайн шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг заавал тогтоосон байх гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоогоогүй, тогтоогоогүй байж Эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль бус зүйл гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй. Мөн шүүхийн шийдвэр нь өөрөө ойлгомжтой байх ёстой би ойлгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэж байна гэж ойлгож байна. Энгийн хүн ч уншаад ойлгомжтой байх ёстой байдал ойлгомжгүй байна. Анхан шатны шийтгэх тогтоолд улсын мөнгөн тэмдэгтийг устгахаар даалгасан байдаг, улсын мөнгөн тэмдэгтийг устгаж болохгүй харин Монгол банкинд шилжүүлэх ёстой. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэхийг хориглоно гэсэн мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй энэ эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж Үндсэн хуульд заасан байхад шүүгдэгч Батбилэгээс өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан, эхнэрийнх нь эсрэг мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа хэд хэдэн удаа хууль зөрчиж өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан, мөн ёс зүйгүй хуурч мэхлэх маягаар мэдүүлэг авсан тал байдаг. Эхнэр чинь ингэж ярьсан байна гэхээр Батбилэг би ингэж ярих ёстой юм байна гэх маягаар мэдүүлэг өгсөн байгаа. Ингэж хууль зөрчиж мэдүүлэг авсан байхад анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэж миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон. Өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан нь хавтаст хэргийн 112 дугаар хуудсанд байдаг. Батбилэгийн биеэс гарсан гэх 1.1 гр мөсийг Батбилэгээс гарсан гэдэг боловч мөн чанартаа 0.5 гр мөс Бямбацогт гэж хүний машинаас гарсан байдаг. Бямбацогт нь хэнийх юм мэдэхгүй гэх байдлаар мэдүүлэг өгдөг. Гэтэл уг мөсийг Батбилэг биедээ хадгалаж байсан улмаар уг мөсийг Энхтуяа хилээр оруулж ирсэн гэж тайлбарладаг гэтэл үүнийг бичгэн хэлбэрээр нотолсон баримт хавтаст хэрэгт байдаггүй. Ийм нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцсон байдлыг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Бямбацогт гэх хүний эзэмшлийн машинаас мөс гарч ирж байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй үүнд анхан шатны шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой гэж үзэж байна. Энэ хэрэгт холбоотой Ганболд, Бямбацогт гээд эдгээр хүмүүсээс шээсний шинжилгээ авахаар мөс хэрэглэсэн байна гээд гараад байдаг. Гэтэл уг хүмүүст арга хэмжээ аваагүй. Энэ хүмүүс хууль завших ёсгүй гэж бодож байна. Үүнийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлж байсан боловч үүнийг хүлээж аваагүй. Шүүгдэгч Батбилэг Улсын хилээр нэвтрээгүй энэ нь лавлагаагаар тодорхой байдаг. Энхтуяа нь Батбилэгтэй үгсэн тохиролцоод бүлэглэж Улсын хилээр мөс гэх бодис оруулж ирсэн гэх нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байгаа. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хэд хэдэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Үндсэн хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасан байдаг энэ заалтыг зөрчсөн. Мөн эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг хэрэглээгүй. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Н.Эгийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нь Н.Э, С.Б нарт холбогдох хэргийг зөвхөн нэг талын яллах байр сууринаас хандаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор хянаж дүгнэлт хийгээгүй гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Н.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогдоогүй. Зөвхөн түүний анхны өгсөн мэдүүлгийг нь үндэслэсэн байдаг. Хэргийг тал бүрээс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу нотолбол зохих бүх ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Энхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг энэ нь Энхтуяа тухайн нөхцөлд Бээжин рүү явсан байдаг. Хил гаалиар гарсан бичлэг бүх зүйлийг хэрэгт хавсаргасан. Энхтуяа хил гаалиар гарахдаа ямар хэмжээтэй мөс, яаж авч гарсан гэдэг нь нотлогдож тогтоогдсон зүйл байхгүй. Тухай үед хүүхдийн хувцасны тасаг ажиллуулж байсан үүнийхээ бараанд явж байсан гэж хэлдэг. Бараагаа ачуулаад наашаа гарч ирсэн ямар нэгэн мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодис авч орж ирээгүй тийм боломж ч байгаагүй гэдэг. Тухайн нөхцөлд Энхтуяатай хамт Одгэрэл гээд түүний найз хамт явж байсан байдаг Одгэрэл мэдүүлэхдээ Энхтуяа нь ямар нэгэн хүнтэй уулзаж байгаагүй гэдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Энхтуяагаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн цагдаагийн хар тамхитай тэмцэх газарт аваачиж танай нөхөр ийм мэдүүлэг өгсөн чи одоо мэдүүлэг өгөхгүй бол чамайг шийтгэнэ, нөхрийг чинь бас хорино гэж 2-3 том залуучууд намайг дарамталж нөхөр чинь ингэж ярьсан гэх маягаар мэдүүлэг өгүүлсэн гэж ярьдаг. Дараа нь өмгөөлөгчтэйгээ мэдүүлэг өгөхдөө мэдүүлгээ залруулаад ийм асуудал болоогүй гэж мэдүүлэг өгсөн. Хавтаст хэрэгт хоёр мэдүүлэг байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөвхөн сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгээр хэргийг нотлохгүй, яллах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Гэтэл Энхтуяагын өөрийнх нь анхны мэдүүлгээр яллах үндэслэл болгож байдаг. Энхтуяагын биенээс болон гэр орноос нь хураагдсан зүйл байхгүй. Нотолбол зохих ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах гомдол бичсэн. Мөн анхан шатны шүүхээс Энхтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангиар ял шийтгэл оногдуулсан. Яг хэдэн грамм бодисыг хэнд борлуулсан нь ойлгомжгүй хэрэгт цугларсан нотлох баримтад байхгүй. Энхтуяагын хувьд энэ хоёр зүйл ангиар ял шийтгэл хүлээх хангалттай нотлогдсон нотлох баримт байхгүй гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгч Н.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Мөрдөгчид найдан, сэтгэхүйн дарамтанд орж нөхрийгөө хамгаалах зорилгоор миний мэдүүлсэн бодит бус мэдүүлгээр намайг буруутгган ялласан юм. Энэ мэдүүлэг нь бодитоор тогтоодоогүй. Цагдаа нар анх Батбилэгээс мэдүүлэг авахдаа миний өгсөн бодитой биш мэдүүлгийг Батбилэгт тулган мэдүүлэг авсан байсан. Миний мөрдөн байцаалтын явцад өгсөн дараа дараагийн мэдүүлэг нь үнэн зөв байсан. Би Хятадаас дэлгүүрийнхээ барааг авч ирэх зорилгоор явсан. Энэ үедээ өөрийн найз Одгэрэл, орчуулагч Мандах нарын хамт явсан. Тэд миний үнэн зөв болохыг нотлох гэрчлэх боломжтой. Тэдгээр хүмүүсийг гэрчээр байлцуулж асуулгах хүсэлтэй байна. Шийтгэх тогтоолд нотлох баримтаар авагдсан тагнуулын нууц ажиллагааны магадлагаа, камерын бичлэгт миний бие мөс тээвэрлэсэн тухай яриа, дүрс огт байхгүй. Гэрт үзлэгээр хар тамхи илрээгүй. Биедээ хар тамхи авч яваагүй нь нотлогдож байна. Энэ байдлыг үнэлж үзсэнгүй. Шийтгэх тогтоолын 12 дугаар хуудсанд “...шүүгдэгч Н.Э, Н.Н нар нь санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно” гэжээ. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Э миний гомдлыг хүлээн авч миний холбогдох хэргийг нарийвчлан шалгаж, мөрдөн байцаалтын шат руу буцааж, дахин хуулийн дагуу зөв шударгаар шалган өгч, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. Миний бие нөхөр, бага насны 3 хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг. Хэрэгт холбогдож хоригдсоноос хойш 3 хүүхдээ ээжийнхээ асрамжинд үлдээсэн. Хувиараа бэлэн хувцасны дэлгүүр болон Солонгос хоолны ресторан ажиллуулдаг. Дээрх нөхцөл байдал, бага насны хүүхдүүд, өндөр настай ээжийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, асран халамжлах боломж олгон, миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон хувийн байдлыг минь харгалзан үзэж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Н.Нийн өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралд Н.Н нь өмгөөлөгчгүй оролцсон байдаг. Н.Нийн хувьд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Н.Нийн үйлдэлд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн байна. Мөн Нямдорж Энхтуяа нар нь санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Нямдоржийн хувьд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад гэм буруугаа хамгийн түрүүнд хүлээсэн, хэргийг илрүүлэхэд саад учруулаагүй байх тул хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрэн тогтоогдож байдаг. Мөрдөн байцаалтын хугацааны нэгдүгээр шатанд мөс гэх бодисыг ямар зорилгоор авсан, хэнээс аваад хэдэн төгрөг хаашаа шилжүүлсэн талаар бүх зүйлийг ярьсан байтал үүнийг анхан шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж буруу дүгнэсэн. Улсын яллагч яллах дүгнэлт дээрээ Нямдоржийг зөвхөн худалдаалах зорилгогүйгээр мөсийг биедээ авч явсан учраас 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн байхад шийтгэх тогтоолын 12 дугаар хуудсанд яллах дүгнэлтэд байхгүй зүйлийг дурдсан байдаг. Нямдорж, Энхтуяа нар нь хоёр удаа санаатай гэмт хэргийг үйлдсэн учраас хүндрүүлэх нөхцөл байдал гэж зааж хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Гэхдээ миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж байгаа учраас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах буюу нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэл оногдуулах боломжтой байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д заасан нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдсон учраас хорих ял оногдуулахгүйгээр, хувийн байдлыг харгалзан тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд албадлагын арга хэмжээг давхар авах боломжтой.” гэв.

 

Шүүгдэгч Н.Нийн өмгөөлөгч З.Уянга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Сайнгэрэл өмгөөлөгчтэй санал нэг байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа. Энэ гэмт хэргийг үйлдсэнээрээ өөрөө ямар нөхцөл байдалд орсоноо ухамсарлаж хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон. Өөрөөр хэлбэл төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцож, өөртөө үүссэн нөхцөл байдалд гэмшиж төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон талаар 3 дугаар хавтаст хэргийн 197 дугаар талд авагдсан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хувьд эрх зүйн зөрчил түүний аюултай хэлбэрийн сөрөг үр дагаварыг ойлгодог. Нямдорж нь гэм хорыг арилгахын тулд гэм буруутай болохоо мөрдөн байцаалтын нэгдүгээр шатнаас ухамсарлаж олон нийтийн байгууллагад зөвлөгөө өгөх, таниулах талаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Н.Н нь өөрт холбогдох хэргийг шалгуулахдаа анх 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Цагдаагийн албан хаагчид саатуулан шалгаж эхлэх үеэс эхлэн мөрдөн шалгах ажиллагаанд ямар ч саад учруулаагүй, болсон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ямар зорилгоор явж хаанаас авч хэрэглэсэн талаар бүгдийг үнэн зөвөөр ярьж бүх гэм буруугаа эхнээсээ хүлээсэн байгаа. Түүнд гардуулсан прокурорын яллах дүгнэлтэд тусгасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн улсын яллагч нь ял шийтгэлийн хурал дээр Н.Нийг хэргийг эхнээсээ үнэн зөв мэдүүлсэн, түүний гэм буруугаа гэмшсэн байдал болон хувийн байдлыг харгалзаж түүнд 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил хорих ялыг санал болгосон байдаг. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулинд ял шийтгэлийн бодлогын хувьд өмнөх хуулиудаас ялын бодлогыг илүү зөөлрүүлэх, уян хатан болгох, ялтнуудын эрх зүйн байдлыг дээрдүүлэх бодлого баримталсан. Тодруулбал гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, тухайн хүнийг гэр бүл, хамт олны дунд нийгэмшүүлэх энэрэнгүй ёсны зарчмыг шингээж хорихоос өөр сонгох олон төрлийн ял шийтгэлийн хэлбэрүүдтэй зохицуулалт хийж шоронжуулах явдлыг эрс багасгах, хорих ял эдэлж байгаагүй анх удаа шүүхээр орж байгаа хүмүүст хорих ял оногдуулах явдлаас аль болох зайлсхийж хорих ялыг дангаар бус харин албадан ажил хийлгэх, торгох болон бусад хөнгөн төрлийн ялыг сонгох байдлаар хослуулан тогтоон эрс шинэчлэл хийсэн хуулийг баталсан. Одоогийн хэрэгжүүлж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам зарчмыг хуульчлан тогтоосон байх бөгөөд энэ бүлэгт Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ялын бодлогыг үндэслэн урьд өмнөх эрүүгийн хуулинд байгаагүй цоо шинэ заалтууд болох 6.7 зүйлийн 1.2 дах хэсгийн заалтуудыг хууль тогтоогч нар оруулж өгсөн хэдий ч шүүхийн практикт янз бүрээр хэрэгжүүлж байгаа нь ялтны эрх зүйн байдалд нөлөөлж байна. Нэг дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, хоёр дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” хэмээн заасан байна. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах, хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх заалтад дараахи нөхцлүүдийг заасан. 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон байгааг хэлэх бөгөөд Н.Нийн нотлох баримтуудын хувьд болон үйл баримтуудаа мөрдөн шалгах ажиллагааны нэгдүгээр хугацаанд хамгийн түрүүнд хүлээсэн байгаа. Шүүхийн шатанд аль алинд нь хүлээн зөвшөөрсөн. Миний үйлчлүүлэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон боловч шүүхээс Н.Нид ял оногдуулахдаа хорих ялыг 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт нийцүүлэн оногдуулсан хорих ялыг тэнсэх бүрэн боломжтой, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд 6.7 дугаар зүйл гэм буруугаа хүлээсэн тохиолдолд ял шийтгэлийг хөнгөрүүлэх хэмээн хуульчилсан байгаа нь хууль тогтоогч нь ялын бодлогыг хөнгөрүүлж аль болох хорих ялаас илүүтэйгээр бусад төрлийн ялыг сонгож хамтад нь эсвэл тус тусад нь эдлүүлэхээр хэрэглэж болохоор хуульчилсныг анхааран үзэхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. Шүүхийн практикт гэмт хэргийг санаатай үйлдсэн хэрэгт 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг өөр, өөр байдлаар хэрэглэж байгаа боловч шүүгдэгч нь нэгэнт гэм буруугаа хүлээсэн мөн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан зарчмын дагуу ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлж Н.Нид оногдуулсан 1 жилийн хорих ялыг давж заалдах шатны шүүхийн эрх мэдлийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан хуульд заасан доод хэмжээгээр тэнсэн харгалзаж үүрэг хүлээлгэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Амьдралдаа хийсэн хамгийн том алдаа байсан. Дахиж хэзээ ч гэмт хэрэгт орооцолдохгүй. 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсадаг. Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

 

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэгт яллагдагч нарыг өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан, тулган шаардаж авсан мэдүүлэгт үндэслэж ялласан гэж өмгөөлөгч нар хэлж байна. Энэ хэрэгт яллагдагч нараас мэдүүлгийг авахдаа өмгөөлөгчтэй авсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд дээр өмгөөлөгч нь танилцсан, хамт байсан гээд гарын үсэг зурсан нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Дан ганц яллагдагч нарын хэлсэн үгээр буруутгаад байгаа биш. Яллагдагч нарын мэдүүлсэн мэдүүлгийг шалгах явцад бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон учраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийг зөв зүйлчилж, тохирсон ялыг оногдуулсан байна гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд буруу бичигдсэн зүйл байгаа үүнийг Давж заалдах шатны шүүхээс залруулж, зөвтгөөд гаргах бүрэн боломжтой. Шүүгдэгч Нямдоржийн хувьд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь бичиг техникийн алдаа гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээд гаргасан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцоогүй атлаа тэдэнд ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана”, 1.1-д “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох” гэж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн дээрх хуулийн заалтуудыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа учир шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүгдэгч Н.Нийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, З.Уянга нарын давж заалдах гомдолд шүүх бүрэлдэхүүн энэ удаа үнэлэлт дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Б, Н.Э, Н.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүх дахин хянан хэлэлцэх хүртэл С.Б, Н.Э, Н.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                          ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН

 

                                          ШҮҮГЧ                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

      ШҮҮГЧ                                          Д.МЯГМАРЖАВ