Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00251

 

Д.Бат-Энхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/01914 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1651 дугаар магадлалтай,

 Д.Бат-Энхийн нэхэмжлэлтэй,

Б.Б, С.Равдандорж нарт холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 47.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.Равдандоржийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, хариуцагчийн төлөөлөгч М.Аззаяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэнгэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.Бат-Энх нь 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөрийн найз С.Равдандорж, Б.Баяртуяа нартай харилцан тохиролцож 15.000 ам.долларыг 1 жилийн хугацаатай, сард 2.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 10.000.000 төгрөгийг 1 сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээл болон зээлийн хүүг хариуцагч нар хугацаандаа төлөөгүй. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр амаар харилцан тохиролцож, Д.Бат-Энхийн дансанд 7 хоног бүр 500.000 төгрөг төлж барагдуулахаар болсон. Энэ тохиролцооны дагуу 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус 1 удаа 500.000 төгрөг төлсөн. Тухайн үед бичгээр дээрх тохиролцоогоо баталгаажуулаагүй, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өмнөх 2 удаагийн зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг төгрөгт шилжүүлэн 48.500.000 төгрөгийн дүнгээр тооцоо нийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ хугацаанаас хойш хариуцагч нар нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус тус 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг төлсөн. Иймд зээл, хүүгийн төлбөр болох 47.500.000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч нарын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг Д.Бат-Энх өөрөө биш, түүнийг төлөөлж Б.Цэнгэл гаргасан. Төлөөлөгч гэх Б.Цэнгэлд олгосон анхны итгэмжлэлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосон байсан ба сүүлд олгосон итгэмжлэл нь Монгол Улсын стандарт, төрийн албан хэрэг хөтлөх журмыг зөрчсөн, бичвэрийн шаардлага хангаагүй байсан. Зээлийн гэрээ нь 2013, 2014 онд байгуулагдсан тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Түүнчлэн хэргийн 11 дүгээр талд авагдсан бичмэл баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Бат-Энхтэй хариуцагч С.Равдандорж болон Б.Баяртуяа нар зээлийн гэрээ байгуулаагүй, харин Инкомэкс ХХК гэх хуулийн этгээд байгуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 184/ШШ2019/01914 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан С.Равдандорж, Б.Баяртуяа нараас 47.500.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, Д.Бат-Энхэд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Равдандорж, Б.Баяртуяа нараас 395.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бат-Энхэд олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1651 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 184/ШШ2019/01914 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Равдандоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.500 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 Хариуцагч С.Равдандоржийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ нь зээлдүүлэгч Д.Бат-Энх нь зээлдэгч Б.Баяртуяад 15.000 ам.долларыг 1 жилийн хугацаатай, 2,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэтэл тухайн зээлийн гэрээнд хамааралгүй С.Равдандорж надаас 15.000 ам.долларын үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж зааснаар 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10.000.000 төгрөгийг Д.Бат-Энх нь Имкомекс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баяртуяад хүлээлгэн өгсөнөөр зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлдэгч нь Имкомекс ХХК-аас үүргийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Учир нь 10.000.000 төгрөгийн зээлдэгч нь иргэн бус байгууллага учир байгууллагын нэр дээрх зээлийг хувь хүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Д.Бат-Энх нь анх 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Б.Цэнгэлд итгэмжлэл олгохдоо Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон байсан. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд байсан. Энэхүү процессын зөрчлийг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Д.Бат-Энх нь С.Равдандорж, Б.Баяртуяа нарт холбогдуулан 47.500.000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ тайлбарлахдаа ...2 удаагийн гэрээгээр мөнгө зээлсэн,

2019.09.14-ний өдөр тооцоо нийлж 48.000.000 төгрөг төлөхөөр болсон, үүнээс 1.000.000 төгрөг төлөгдсөн, зээлийн мөнгийг тэнцүү хувааж гаргуулна гэсэн байна.

 Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, зээлийг Инкомэкс ХХК авсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч С.Равдандоржийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн тухай шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 С.Равдандорж, Б.Баяртуяа нар Д.Бат-Энхээс 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15.000 ам.долларыг 1 жилийн хугацаатай, 1 сарын 2.5 хувийн хүүтэй, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй тус тус зээлсэн нь тогтоогдсон байна.

 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 Хэрэгт авагдсан баримтаар, зохигч мөнгө зээлэхээр тохирсон нь тогтоогдсон байх тул шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцсэн байна.

 Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул зохигчийн хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 Зээлийн гэрээг хариуцагч нар бус хуулийн этгээд буюу Имкомэкс ХХК байгуулсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан талаар хяналтын шатны шүүхэд гаргасан С.Равдандоржийн гомдол үндэслэлгүй байна.

 Нэхэмжпэгч Д.Бат-Энх гэрээний үүргээ биелүүлж 2 удаагийн зээлийн мөнгийг хариуцагч С.Равдандорж, Б.Баяртуяа нарт шилжүүлэн өгсөн, эдгээр зээлийн гэрээний үүргийг нэгтгэж, хариуцагч нар үлдэгдэл 48.500.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөө 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан, уг хугацаанаас хойш төлбөрт 1.000.000 төгрөг төлөгдсөн нь тогтоогджээ. Уг гэрээнд зээлийг Имкомэкс ХХК авсан агуулга тусгагдаагүй тул гэрээний зээлдэгч талыг тухайн компани гэж үзэхгүй.

 Зохигчийн хооронд байгуулагдсан эхний зээлийн гэрээний 1 жилийн хугацаа 2014 оны 07 сард, хоёр дахь гэрээний хугацаа 2014 оны 03 дугаар сард тус тус дууссан боловч уг хугацаанд зээлийн төлбөр төлөгдөж байсныг зохигч маргаагүй бөгөөд 2018 оны 09 сарын 04-ний өдөр хариуцагч нар төлбөр төлөх баталгаа гаргаж зохигч дахин гэрээ байгуулснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоолох нөхцөл үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг зөрчөөгүй байна.

 Нэхэмжлэгч Д.Бат-Энх нь Б.Цэнгэлд итгэмжлэл олгохдоо анхан шатны шүүхийн нэрийг алдаатай бичсэн хэдий ч хожим нь уг алдааг засч, итгэмжлэлээ дахин ирүүлсэн байх тул эрхгүй этгээд нэхэмжлэгчийг төлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаар хоёр шатны шүүх шийдвэр, магадлалдаа тодорхой дүгнэлтийг хийжээ.

 Дурдсан үндэслэлээр С.Равдандоржийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/01914 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1651 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч С.Равдандоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч С.Равдандорж нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 276.700 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ЦАГААНЦООЖ

                                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Г.АЛТАНЧИМЭГ

                                                                          ШҮҮГЧИД                    П.ЗОЛЗАЯА

                                                                  Х.СОНИНБАЯР

                                                           Д.ЦОЛМОН